Мэдрэл судлалын сектор

АУХ-ийн захирал, академич Т.Шагдарсүрэнгийн санаачлагаар 1969 оны 6 сараас тэр үед Улсын нэгдсэн II тусгай эмнэлэгт тархины цахилгаан бичлэгийн шинжилгээний аппарат (электро-энцефалографи) ажиллуулж байсан их эмч Д.Баасанжавыг тус хүрээлэнгийн  мэс засал, дараа нь дотрын секторт шилжүүлэн ажиллуулснаар мэдрэл-судлалын чиглэлээр судалгаа эхэлсэн түүхтэй. 

Мэдрэл судлалын сектор нь эрдэм шинжилгээ-эмнэлзүй-сургалт гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Судалгааны төсөлт ажлын хүрээнд тархины судасны эмгэг, тархины харвалт, эпилепси, паркинсонизм, түгмэл хатуурал, сэтгэц, мэдрэл булчингийн өвчин, мэдрэлийн удамшлын болон мэдрэлийн мэс заслын өвчин, эрт өтлөлтийн шалтгаан, түүнээс сэргийлэх чиглэлээр судалгаа явуулж, олон арван үр дүнг хүлээлгэн өгч, практикт нэвтрүүлсэн.  

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлүүд:

    • Тархины судасны эмгэгүүдийн судалгаа
    • Мэдрэл булчингийн удамшлын эмгэгийн судалгаа
    • Мэдрэлийн удамшлын зонхилон тохиолддог өвчин эмгэгийг нөхцөлдүүлэгч ген, геномын хэсгийн судалгаа

Гадаад хамтын ажиллагаа:

    • 1970-1980 онд ЗХУ, Чехословак, Болгар, Куба улсын эрдэмтэдтэй тархины судасны эмгэгийн зарим хэлбэрийн тухай хамтын судалгааг хэрэгжүүлсэн. 
    • 1973-1993 онд ЗХУ-ын АУА-ийн мэдрэл судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран тархины судасны эмгэгийн үед тархины биоцахилгаан идэвхжилийн өөрчлөлтүүдийн талаарх судалгааг хийсэн нь Монгол хүн амын дунд тархины судасны эмгэгийн судалгааны суурийг тавьж энэ чиглэл одоо ч үргэлжилж байна. 
    • 1997-2000 онд АНУ-ын Бетасда дахь Эрүүл мэндийн хүрээлэнгийн мэдрэлийн өвчин судлалын болон генетикийн салбаруудтай хамтран Монгол орны нийт хүн амын дунд тохиолдож буй 20 орчим нэршлийн МУӨ-ний тархалтын давтамж, эмнэлзүйн онцлог, удамших хэвмаягийн онцлогийг тогтоосон. Энэ нь МУӨ-ний мэдээллийн бааз санг үүсгэн, онош баталгаажуулах үзлэг хийх, хяналтанд бүртгэж авах, гэр бүлийн төлөвлөлт, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр зөвлөгөө, хяналт эмчилгээ явуулдаг байнгын тогтолцоо бүрдүүлэх боломжийг олгосон онцлогтой. 
    • 2000 онд ДЭМБ-ын мэдрэлийн эмгэгийн тусламжийн байдлын үнэлгээний үзүүлэлтүүдэд Монгол орны мэдрэлийн тусламжийн хүрэлцээний үзүүлэлт зэргийг гаргаж оролцсон.                                                                                                                                                                                                                                                                                                                                                         
    • 2003 онд Дэлхийн мэдрэлийн холбоонд гишүүнээр элссэн.
    • 2011-2013 онд ХБНГУ-ын Халле хотын Хүний удамзүйн хүрээлэнгийн генетикчидтэй хамтран “Мэдрэлийн зонхилон тохиолдох эмгэгийн молекул-генетикийн судалгаа”  (мэдрэлийн удамшлын миотонийн дистрофи өвчний эпидемиологийн болон молекул генетикийн судалгаа)-гаар  монгол орны зарим аймгийн хүн амын дунд мэдрэлийн удамшлын зонхилон тохиолдох өвчний дэд хэвшинжүүдийн ялган оношилгоо, эмгэг генийн байрлал, түүний мутаци,  нуклеотидын давтагдалтын өөрчлөлтийг судлан тогтоосон. Монгол хүн амд тохиолдож байгаа миотонийн дистрофи өвчний үед CTG (цитозин-тимин-гуанин) 3 төрлийн нуклеотидийн дарааллын давтагдалтын хувиралтуудыг илрүүлсэн төдийгүй өвчтөнд эмнэлзүйн  эрт үед нь болон эмнэлзүйн шинж илрээгүй байхад эмгэг генийг илрүүлэх генетикийн арга нэвтрүүлсэн үр дүнтэй судалгаа болсон юм.  
    • 2015-2017 онуудад ХБНГУ-ын Улмын Их сургуультай “Монгол орны хүн амын дунд булчин хатангирших хажуугийн хатуурал (БХХХ) өвчний өвчлөл, тархалт, нас баралт, шалтгаан-хүчин зүйлс, молекул-генетикийн зарим шинж байдал“  сэдэвт суурь судалгааг гүйцэтгэж, европчуудын дунд зонхилон илэрдэг c9ORF72 генийн гексануклеотидын давтамж болон SOD1 генийн D90A хэсгийн мутацийг монгол орны БХХХ-тэй өвчтөний дунд илрүүлсэн бөгөөд цаашид эдгээр генийн хувилбаруудыг нарийвчлан судлах шаардлагатай болохыг тогтоосон.
    • 2018 оноос Австрали улсад төвтэй Дэлхийн эрүүл мэндийн төлөөх Жорж институт, профессор Г.Андерсоны судалгааны багтай хамтран “Улаанбаатар хотын хүн амын дундах тархины харвалтын регистр судалгаа-өвчлөл, нас баралтын мониторинг аргыг туршин нэвтрүүлэх” сэдэвт судалгааг хийж байна. 

Эрдэм шинжилгээний ажлаас гарсан нээлт: 

    • Эмнэлзүй ба нейрофизиологийн илрэлээр хоорондоо ялгаатай  БНДАV (булчингийн нугасны гаралтай дистал атрофи V)  ба ШМТ2D дэд хэвшинж гэсэн 2 төрлийн өвчин цусан төрлийн буюу 1 гэр бүлийн гишүүдэд шинэ нөхцөлдүүлэгч генийн мутаци илэрсэн. Үүсгэгч нөхцөлдүүлэгч ген нь 7р15 хромосомын 3сМ бүст байрласан байна.
    • Удамшлын доод хос мөчний хөшингө саа өвчтэй монгол гэр бүлийн генийн шинжилгээгээр протеолипид уургийн генийн 3В экзон дахь Н147 шинэ мутаци илэрсэн. 
    • Булчин хатингарт хажуугийн хатуурал (БХХХ) өвчтэй Монгол хүмүүст хийсэн генетикийн шинжилгээгээр Европчуудын дунд зонхилон илэрдэг c9ORF72 генийн гексануклеотидын давтамж  болон  SOD1 генийн D90A гетерозигот мутаци 2 тохиолдолд, гомозигот мутаци 1 тохиолдолд илэрсэн байна.

Зохион байгуулалтын талаар: 

Секторын зөвлөх: Д.Баасанжав, АШУ-ны доктор, профессор, ЭШТА, ШУГЗ

Секторын эрхлэгч: Б.Чимэглхам, АУ-ны доктор, дэд профессор, ЭШАА

Судлаачид: 

    • Б.Оюунгэрэл, АУ-ны магистр, ЭША
    • Т.Саранцэцэг,АУ-ны магистр, ЭША
    • Д.Болормаа, АУ-ны магистр, ЭША
    • Б.Хандсүрэн, АУ-ны магистр, ЭША
    • Б.Пунсалдулам, ЭША
    • М.Мандахнар, ЭШДаА
    • T.Төгөлдөр, ЭШДаА

Мэдрэл судлалын сектороос төрөн гарсан төрийн соёрхолт, гавьяат цолтон, АШУ-ны болон АУ-ны доктор цолтон:

    1. Төрийн соёрхолт эмч -1 (А.Нота)
    2. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн-1 (Д.Баасанжав)
    3. Монгол улсын  хүний гавьяат эмч -2  (А.Нота, Г.Долгор)
    4. АШУ-ны доктор-2 (Д.Баасанжав, А.Нота)
    5. АУ-ны доктор-6 (Д.Баасанжав, А.Нота, Г.Долгор, Д.Цагаан, Я.Эрдэнэчимэг, Б.Чимэглхам) төрөн гарсан байна.

Секторын зөвлөх:  Д.Баасанжав, АШУ-ны доктор, профессор, ШУГЗ

Д.Баасанжав нь Москва хотод 1969-1972 онуудад эчнээ аспирантурт суралцаж дэд эрдэмтний, 1990-1993 онуудад докторантурт  суралцаж,  Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Д.Баасанжав нь тус хүрээлэнг анх байгуулагдахад дотрын секторт ажиллаж байгаад  1978 онд мэдрэлийн секторыг үүсгэн байгуулж,  2015 оныг  хүртэл секторын эрхлэгчээр ажилласан.

Д.Баасажав профессор нь Монгол хүн амын дунд зонхилон тохиолддог мэдрэлийн өвчнүүдийн тархалт, өвчлөл, нас баралт, эмнэлзүйн онцлог, нөлөөлөх хүчин зүйлс, эмчилгээ, урьдчилан сэргийлэх чиглэлээр тархварзүй, эмнэлзүйн судалгаа хийдэг тогтолцоог бий болгож, олон арван шинэ санаа, судалгааны шинэ чиглэл, арга зүйг санаачлан анагаах ухаан-эмнэлгийн практикт нэвтрүүлсэн ба эрдмийн бүтээлүүд нь Монголын шинжлэх ухаанд төдийгүй дэлхийн мэдрэлийн шинжлэх ухаанд дорвитой хувь нэмэр оруулсан, мэдрэл судлалын салбарын шинжлэх ухааны үндэсний анхны доктор, Монголын анагаах ухаанд мэдрэл судлалын салбарыг шинжлэх ухаанчаар хөгжүүлж, удирдаж явсан  манай нэрт эрдэмтэн-эмч-багш юм. Мөн түүний мэдрэл судлалын шинжлэх ухаанд зориулсан 40 гаруй жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүнг  үнэлж 2010 онд “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнасан билээ.

Д.Баасанжав профессор  нь УГТЭ-ийн Мэдрэлийн клиник, Мэдрэлийн төв, Харвалтын төвийн  мэдрэлийн зөвлөх эмчээр ажиллаж, тойрон үзлэгийг 1975 оноос хойш 40 гаруй жилийн турш хийж,  резидент болон тасгийн  эмч нарт  онолын болон практик үйл ажиллагааг байнга зааж сургаж ирсэн төдийгүй, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршлага, онолын мэдлэг нь эмч нар, залуу судлаачид, оюутан сурагчдад  нөмөр түшиг  болж  байдаг билээ. 

Секторын эрхлэгч: Б.Чимэглхам, АУ-ны доктор, дэд профессор

Банзрай овогтой Чимэглхам нь тус хүрээлэнд 2008 онд эрдэм шинжилгээний ажилтнаар орж, 2016 онд Япон улсын Токушима их сургуульд мэдрэл судлалын чиглэлээр АУ-ны докторын зэрэг хамгаалж, 2017 оны 7 сараас мэдрэл судлалын секторын эрхлэгчээр ажиллаж байна.

Энэ хугацаанд нэг сэдэвт бүтээл 2, эрдэм шинжилгээний төсөлт ажил 5-ыг боловсруулах, гүйцэтгэх, үр дүнгийн тайлан бичихэд оролцож, зохиогчийн эрхийн гэрчилгээ 7, эрдэм шинжилгээний өгүүлэл 20 гаруй, үүнээс гадаадад 6,  эрдэм шинжилгээний илтгэл 25, үүнээс гадаадад 9 тус тус туурвих, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг ажлыг хийсэн.

Мэдрэл судлалын чиглэлээр “Ач” анагаах ухааны их сургуулийн оюутнуудад онолын болон дадлагын хичээл зааж байна.

Төрийн бус байгууллага Монголын Мэдрэлийн Эмч нарын Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, ЭМЯ-ны мэдрэлийн салбар зөвлөлийн гишүүн, Дэлхийн Мэдрэлийн Холбооны гишүүн, Дэлхийн Мэдрэлийн Холбоонд Монгол улсыг төлөөлөгч,  АУХ-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, “Ач” АУИС-ийн Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт ажлыг хийж байна.

Монголын мэдрэл судлалын шинжлэх ухаанд шийдвэрлэсэн асуудал, шинэ бүтээлүүд:

1970-1980 онд:  Хуучин социалист орнуудын хамтын ажиллагааны хүрээнд анагаах ухааны тэргүүлэх чиглэлүүдээр хамтын судалгааг хэрэгжүүлж, “Тархины судасны эмгэгийн эхний хэлбэрүүд” чиглэлийн судалгаанд улсаа төлөөлөн оролцож хамтын бүтээл туурвисан  (Д.Баасанжав).

1978 он: Тархины харвалттай хүмүүст анхны тусламж үзүүлэх 24 цагийн “Инсульт бригад”-ыг яаралтай түргэн тусламжийн төвд санаачлан байгуулсан (Д.Баасанжав)

1982он: Анхны тархины цахилгаан бичлэг (ЭЭГ)-ийн аппаратыг суурилуулж, практик болон судалгааны ажилд нэвтрүүлсэн  (Д.Баасанжав).

1984 он: ШУГТЭ дээр анхны инсультын блокийг үүсгэн байгуулсан.. 

1985 он: Реограф (тархины судасны бичлэг)-ийн шинжилгээг Монгол улсад нэвтрүүлж, клиникт хэрэглэх болсон  (Д.Баасанжав).

1986 он: Уураг тархины биоцахилгаан идэвхжлийн шинж байдлыг тоон үзүүлэлтээр тодорхойлох арга. Шинэ бүтээл,№375, 1986 он (Д.Баасанжав).

2002-2003 он: Монголын Мэдрэлийн Эмч нарын Нийгэмлэгийг санаачлан байгуулж Ази болон Номхон далайн мэдрэлийн нийгэмлэг, Дэлхийн Мэдрэлийн Холбоонд гишүүнээр элссэн (Д.Баасанжав, Я.Эрдэнэчимэг).

2003  он: “Тархины цусны эргэлтийн цочмог хямралын оношлогоо, эмчилгээ”. МУ-ын стандарт, МNS 5291: 2003

2004 он: Дижитал ЭЭГ шинжилгээг клиник болон судалгаанд анх нэвтрүүлсэн (Я.Эрдэнэчимэг)  “Эпилепсийн уналтын бус үед ЭЭГ шинжилгээнд илрэх өвөрмөц ба өвөрмөц бус өөрчлөлтүүд” Ашигтай загварын гэрчилгээ №272 (Я. Эрдэнэчимэг Д. Баасанжав)

2010 он: Монгол орны хөдөөгийн хүн амын дунд эпилепси, мэдрэлийн удамшлын өвчин, түгмэл хатуурал өвчний тархалтын түвшинг тогтоосон (Д.Баасанжав ба бусад).

2011-2013 он:

    • Хожуу эхлэлтэй спастик параплеги 2-р хэвшинжийн шалтгаан протеолипид уургийн генийн шинэ экзон 3В мутацийг илрүүлсэн;
    • Монголын хүн амын дунд удамшлын миотонийн дистрофи өвчний 2 дэд хэвшинж (МД 1, МД 2) –ийг илрүүлсэн;
    • Булчингийн нугасны гаралтаЙ дистал атрофи V (БНДА V) ба Шарко-Мари-Тут өвчин 2D(ШМТ 2Д) хэвшинжүүдийн эмнэл зүйн ялган оношилгоог нэвтрүүлсэн.

2015-2017 он:

    • Булчин хатангирших хажуугийн хатуурал (БХХХ) өвчтэй Монгол хүмүүст хийсэн генетикийн шинжилгээгээр Европчуудын дунд зонхилон илэрдэг c9ORF72генийн хексануклеотидын давтамж  болон  SOD1 генийн D90A гетерозигот мутаци 2, гомозигот мутаци 1 тохиолдолд илэрсэн байна.
    • БХХХ өвчний өвчлөл, тархалт, нас баралтын давтамж, шалтгаан хүчин зүйлс, эмнэлзүйн хэлбэрүүд, түүний онцлогуудыг судлан тогтоосон.

Мэдрэл судлалын сектор:  Гүйцэтгэсэн төсөл, тайлан – 37, эрдэм шинжилгээний өгүүлэл-100, эрдэм шинжилгээний илтгэл-140, ном товхимол- 13, зохиогчийн эрхийн гэрчилгээ-8, аргачилсан зөвлөмж, стандарт-35, ашигтай загвар–17, дээрх бүтээлүүдээс гадаадад -30 хэвлэгдсэн байна.