Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах Ухааны Хүрээлэн нь эрдэм шинжилгээ-эмнэлзүй- сургалт  гэсэн гурвалсан чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Монгол улсын анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын эрдэм шинжилгээний ууган, тэргүүлэгч байгууллага юм.

Анагаах Ухааны Хүрээлэн улиран одож буй 60 жилийн хугацаанд олон сорилт бэрхшээлийг амжилттай даван туулж чадсан, арвин их түүхтэй, үнэт соёл, уламжлалтай ууган хүрээлэнгүүдийн нэг билээ.

АУХ байгуулагдсан нь манай орны анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн зангидаж, шинжлэх ухааны нэгдмэл удирдлагаар хангах, эрдэм шинжилгээний хүний нөөцийг бэлтгэн сургах, материаллаг баазыг бэхжүүлэх, гадаад харилцааг өргөтгөн хөгжүүлэх зэрэгт нэн чухал үүрэг гүйцэтгэсэн, гүйцэтгэсээр ч байна.

Эрүүл мэндийн байгууллагуудтай эрдэм шинжилгээний ажил хамтран гүйцэтгэх; төгсөлтийн өмнөх, дараах, мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтанд оролцох; эрдэм шинжилгээ, эмнэлзүйн үйл ажиллагаанд зөвлөх; эмч эмнэлгийн мэргэжилтэн, магистр, докторант, олон нийтэд зориулсан сургалт семинар зохион байгуулах; эрүүл мэндийн үзлэг, хяналт үнэлгээ хийх зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэж байна.

Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 27 тоот тогтоолоор Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах Ухааны Хүрээлэнг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн харъяанд шилжүүлсэн.

Анагаах Ухааны Хүрээлэн дэргэдээ гарааны компани байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэн, өөрийн орны ургамал, амьтны гаралтай түүхий эдийг ашиглан лабораторийн туршилт судалгаагаар баталгаажсан шинжлэх ухааны үндэслэлтэй үс арчилгаа, үсний уналтын эсрэг импортыг орлох, экспортын нөөцийг нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор “Гарааны Дерма лаб” ХХК-г 2016 оны 6 сард байгуулсан. “Гарааны Дерма лаб” ХХК-ны захирлаар АУ-доктор С.Мөнхбаяр ажиллаж байна.