Секторын товч түүх

АУХ-ийн мэс заслын секторт хавдрын чиглэлээр судалгаа хийж байсан хоёр орон тоог өргөтгөж 1983 онд Хавдар судлалын сектор байгуулагдсан үеэс хавдар судлалын судалгаа шинжилгээний ажил бие даан хөгжих нөхцөл бүрдэж, секторын эрхлэгч, АУ-ны дэд доктор Б.Доржготов, эрдэм шинжилгээний ажилтан АУ-ны доктор Д.Самбуупүрэв, эрдэм шинжилгээний ажилтан Д.Авирмэд, туслах ажилтан Л.Жавзандулам, Д.Гэрэл нарын бүрэлдхүүнтэй байгуулагдаж судалгааныхаа ажлын гарааг эхэлсэн юм.

Тус сектор 1983-1990 оны хугацаанд манай оронд зонхилон тохиолдох ходоод, улаан хоолой, элэг, уушги, умайн хүзүүний хорт хавдрын тархвар зүй, хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг хийхийн зэрэгцээ социалист орнуудын хамтын үйл ажиллагааг зохицуулдаг байсан ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын “Хорт хавдар” төсөлтэй хамтран хорт хавдрын тархвар зүй, эрт илрүүлэлт, эмчилгээний чиглэлээр судалгаа явуулж зарим эрхтний хорт хавдрыг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх олон аргуудыг эмчилгээнд нэвтрүүлжээ. Дээрх судалгааны үр дүнд манай оронд ходоод, улаан хоолой, элэг, уушги, умайн хүзүүний өмөн нийт хорт хавдрын 80 гаруй хувийг эзэлж байгааг тогтоосон байна.

1990 оноос Хавдар судлалын сектор “Хорт хавдар” төсөл нэртэй болж төслийн удирдагчаар (1990-2003) доктор Д.Самбуупүрэв ажилласан. 1990-1999 оны хугацаанд тус төслийн судалгааны цар хүрээ нэмэгдэж хорт хавдар үүсгэх хүчин зүйлсийг илрүүлэх, анхдагч, хоёрдогч урьдчилан сэргийлэх арга боловсруулах асуудлыг шийдвэрлэх судалгааны ажил давамгайлан хийж байсан. Тухайлбал Монгол дахь хорт хавдрын тархалт, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тогтоох ялангуяа ходоод, элэг, умайн хүзүүний өмөнгийн урьдчилан сэргийлэлт, ходоод, элэгний өмөнгийн өвчлөлд бүс нутгийн хөрс, ургамал, усны бичил элементийн агууламж, хүнсний бүтээгдэхүүний бохирдол нөлөөлдөг эсэхийг судлах судалгааны ажил амжилттай хийсний зэрэгцээ ходоод, элэг, умайн хүзүүний өмөнг эрт илрүүлж олон шинэ арга эмчилгээний практикт нэвтэрсэн байна.

Хавдар судлалын эрдэм шинжилгээний ажлын хүрээнд “Хорт хавдрын эпидемиологи, урьдчилан сэргийлэх, онош, эмчилгээ”, “БНМАУ дахь хорт хавдрын эпидемиологи”, “БНМАУ дахь элэгний анхдагч өмөнгийн чухал асуудал”, “Элэгний анхдагч, хоёрдогч хорт хавдрын цитологи оношлогоо”, “Хүзүү толгойн байрлалтай хорт хавдрын өвчлөл, нас баралтын нэмэгдэх, буурах хандлага ба хэтийн таамаглал”, “Хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг зохион явуулах үр ашигтай арга боловсруулах” төслийн судалгааны ажлуудыг амжилттай хэрэгжүүлж, хорт хавдрын зарим байрлалын онош, эмчилгээний чанар сайжирч, манай орны хорт хавдрын өвчлөл, нас баралтын түвшин, өмөн (улаан хоолой, ходоод, элэг, уушиг, умайн хүзүү) үүсэхэд нөлөөлдөг үндсэн хүчин зүйлийг тогтоожээ.

Манай орны хүн амд тохиолдох хорт хавдрын өвчлөлийн бүтэц бусад орныхоос нилээд ялгаатай ба хорт хавдрын өвчлөлд эзлэх хувийн жингээр нэгдүгээрт ходоодны өмөн, хоёрдугаарт элэгний анхдагч өмөн, гуравдугаарт уушигны өмөн, дөрөвдүгээрт улаан хоолойн, тавдугаарт умайн хүзүүний өмөн орж байгааг тогтоож Монгол улсын эрүүл мэндийн салбарын хавдрын эсрэг авах арга хэмжээг сайжруулахад чухал нөлөө үзүүлсэн.

Сектороос төрөн гарсан алдартнууд

Анагаахын шинжлэх ухааны доктор-2, Анагаах ухааны доктор-5 төрж гаран секторын эрдэмтдийн удирдлага, зөвлөгөө, дэмжлэгтэйгээр, гадаад дотоодын 20 гаруй судлаач эрдмийн зэрэг хамгаалж, 20 гаруй ном, товхимол, 300 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл туурвигдан, 20-д завар зөвлөмж боловсруулан эмнэлзүйн практикт нэвтрүүлсэн.

БАРСЫН ДОРЖГОТОВ, АШУ-ны доктор, хавдар судлалын секторын анхны эрхлэгч /1983 -1989он/

Б.Доржготов нь хавдар судлалын секторын анхны эрхлэгч, хавдар судлалын албыг хөгжүүлэхийн төлөө бүтээлч үйл ажиллагаагаа зориулсан хавдар судлалын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн, анхны шинжлэх ухааны доктор юм.

 

 

ДАРМААГИЙН САМБУУПҮРЭВ, МАУА-ийн гишүүн академич, АШУ-ны доктор, профессор, Монгол Улсын Хүний Гавьяат эмч, хавдар судлалын секторын эрхлэгч /1990-2003он/

Д.Самбуупүрэв нь манай орны эрүүл мэндийн салбарт хорт хавдрыг, түүний эрт үе, урьтал эмгэгийг бусад олон төрөл архаг өвчнүүдээс ялган оношлодог хамгийн бодит, сонгодог арга-амьд үеийн эд сорьцын болон эсзүйн оношлолын мэргэжлийн албыг анх үүсгэн байгуулж, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.

 

 

 

 

 

 

 

  1. Барсын Доржготов, АШУ-ны доктор, хавдар судлалын секторын анхны эрхлэгч (1983-1989 он)
  2. Дармаагийн Самбуупүрэв, МАУА-ийн гишүүн академич, АШУ-ны доктор, профессор, Монгол улсын хүний гаяьяат эмч, хавдар судлалын секторын эрхлэгч (1990-2003 он)
  3. Зинамидарын Норсмаа, АУ-ны доктор
  4. Дамдингийн Авирмэд, АУ-ны доктор, профессор, монгол улсын гавьяат эмч
  5. Намхай-Очирын Нямдаваа, АУ-ны доктор, монгол улсын гавьяат эмч, клиникийн профессор, хавдар судлалын алба, хавдрын судалгааны ажлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.
  6. Хатанбаатарын Гэрэлээ, АУ-ны доктор
  7. Жазагийн Амарсанаа, АУ-ны доктор
  8. Энхтөрийн Амарсанаа, АУ-ны доктор

Одоогоор тус сектор нь Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан-3, гэрээт ажилтан-2 хүний бүрэлдэхүүнтэй судалгаа шинжилгээний ажилаа явуулж байна. 2017 онд Шинжлэх ухаан технологийн сангийн суурь төслөөс “Ходоодны хожуу үеийн хорт хавдрын эрсдлийн судалгаа”, Шинжлэх ухаан технологийн сангийн захиалгат төслөөс “Улаан хоолой, ходоодны хорт хавдрын тархварзүй”, “Монгол хүний ийлдэст Пепсиноген үзэж, ходоодны хавдрын маркер болох нь” ШУТС-ийн суурь төслийг Анагаах ухааны хүрээлэнгийн Дотор судлалын сектортой хамтран амжилттай гүйцэтгээд байна.

Үзлэг, мэргэжлийн чиглэл

  1. Хавдрын өвчний үзлэг, оношилгоо
  • Хавдар судлал (ерөнхий)
  • Хавдрын хөнгөвчлөх эмчилгээний зөвлөгөө
  • Улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэсний байрлалын хавдрын мэс засал

Туршлага, онцлог: Хавдрын нарийн мэргэжил эзэмшсэн их эмч Б.Анхзаяа, Д.Номин-Эрдэнэ, Ц.Юмчинсүрэн, гэрээт ажилтан Э.Эрхэмбаяр, М.Чинзориг нар олон улсын болон үндэсний эмнэлзүйн заавар, удирдамжийн дагуу хоол боловсруулах эрхтний хавдар судлалаар голлон ажиллаж байна.

 

Эмнэлзүйн үйл ажиллагаа.

Улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэсний байрлалын хорт хавдрын хагалгаа

 

 

 

Хавдар судлалын сектор.

Мэдээлэл солилцох, танилцуулах үйл ажиллагаа

 

 

 

Анагаах Ухааны Хүрээлэнгийн Хавдрын сектор,

өмөн төсөл, эрдэм шинжилгээний ажилтан Л.Чойжоохүү (1991-2014 он)

 

 

 

Анагаах Ухааны доктор, профессор,

Монгол Улсын Гавьяат эмч Д.Авирмэд удирдагчтай Хорт хавдар төслийн хамт олон (2010-2014 он)