Өнөө үед тус байгууллага судалгааны тэргүүлэх чиглэлээр хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Ходоодны хорт хавдрын эрсдэлийн судалгаа” нэртэй суурь судалгааны төсөл юм. Уг төслийн хүрээнд ходоодны хорт хавдраас сэргийлэх зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна. Энэхүү зөвлөмж нь ходоодны хорт хавдрын чиглэлээр бодлого боловсруулах, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд болон олон нийтийн мэдлэгийн цар хүрээг тэлж ур чадвар, амьдралын зөв дадал, хэвшлийг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна.  Энэхүү гарын авлага нь манай орны хүн амын дундах нас баралтын томоохон шалтгаан болж буй ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, эрүүл зөв дадал хэвшүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сүүлийн үеийн ойлголтуудыг хүргэх, орчин үеийн судалгааны ажлын үр дүнг мэдээлэх, төрийн болон захиргааны төв байгууллагыг ходоодны хорт хавдрын эсрэг үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд татан оролцуулах, төлөвлөхөд мэргэжил аргазүйгээр хангах зорилготой.