Хятадын Ухань хотод 2019 оны 12 сараас эхлэн гарсан Covid-19 вирусын халдварын эпидемиологи, эмнэлзүйн шинжүүдийн талаар судалгааг хийсэн. Энэхүү судалгааг орчуулж тоймлон бичлээ.

Судалгааны аргазүй. Судалгааг ретроспектив, нэг агшингийн аргаар Wuhan Jinyintan эмнэлэгт 2020.01.01-ээс 01.20 хооронд хэвтэн эмчлүүлсэн тохиолдлуудыг хамруулсан. Өвчтөнүүдийн Covid-19 вирусын илрүүлэг RT-PCR  болон лаборатори, радиологи шинжилгээ, эпидемиолог, хүн амзүйн асуумж, эмнэлзүйн шинжүүдэд анализ хийж дүгнэсэн. Эмнэлзүйн үр дүнг 2020 оны 01 сарын 25-ны өдөр хүртэл дагаж судалсан. Мөн томуугийн А вирус (H1N1, H3N2, H7N9), томуугийн В вирус, амьсгалын замын синцит вирус, параинфлюзи вирус, аденовирус, SARS коронавирус (SARS-CoV), MERS коронавирус (MERS-CoV) зэрэг бусад амьсгалын замын вирусуудын RT-PCR шинжилгээ хийсэн. Болзошгүй бактери, мөөгөнцрийг тодорхойлохын тулд өвчтөний цэрийг шинжилсэн. Бүх өвчтөнд цээжний рентген зураг, цээжний CT хийсэн.

Үр дүн.

Совид-19 вирусын халдвартай 99 өвчтөнийг судалгаанд хамруулсан ба 49% нь Huanan далайн амьтны хүнсний захаар үйлчлүүлжээ. Өвчтөнүүдийн дундаж нас 55.5 (SD 13.1), 67 эрэгтэй, 32 эмэгтэй. 49 өвчтөн нэг дор бөөгнөрсөн байсан буюу Huanan далайн амьтны захаас илэрсэн байна. Тэдгээрээс урт хугацааны илрүүлэлт шаардсан 47 өвчтөн нь тухайн захын худалдагч болон менежер байсан бөгөөд богино хугацааны илрүүлэлт шаардсан 2 хүн нь худалдан авагчид байжээ. Өвчтөнүүд дунд эрүүл мэндийн ажилтан байгаагүй. 50 өвчтөн нь зүрх судас, дотоод шүүрэл, хоол боловсруулах, амьсгалын замын өвчин, үсэрхийлсэн хавдар болон мэдрэлийн тогтолцооны архаг өвчтэй байсан.

Өвчний эмнэлзүйн шинжүүд  халууралт 83%, ханиалгах 82%, амьсгал давчдах 31%, булчин өвдөх 11%, сандрах, айх, будилах 9%, толгой өвдөх 8%, хоолой хөндүүрлэх 5%, нус гоожих 4%, цээж өвдөх 2%, гүйлгэх, суулгах 2%, бөөлжис цутгах болон бөөлжилт 1% зэрэг эмнэлзүйн шинжүүд илэрсэн. Соронзон резонанст томографи шинжилгээгээр өвчтнүүдийн 75% уушигны хоёр талын хатгаа, 14% уушгинд тархмал цоохортсон, тодорхой бус бүдэг хүрээтэй өөрчлөлтүүдтэй, 1% пневмоторакс илэрсэн, 17% амьсгалын хурц дутагдлын хам шинж даамжирч байгаа, 11% хурдан хугацаанд биеийн байдал огцом муудаж олон эрхтэн тогтолцооны дутмагшлын улмаас нас барсан байна.

Өвчтөнүүдийн цусны шинжилгээнд лейкоцит 9 өвчтөнд хэвийн хэмжээнээс доогуур байсан бол 24 өвчтөнд хэвийн хэмжээнээс өндөр байв. 38 өвчтөнд нейтрофил өндөр. Лимфоцит ба гемоглобин олон өвчтөнд хэвийн хэмжээнээс бага байсан. Тромбоцит 12 өвчтөнд хэвийн хэмжээнээс бага үзүүлэлттэй байсан ба 4 өвчтөнд хэвийн хэмжээнээс өндөр үзүүлэлт илэрсэн. 43 өвчтөнд элэгний үйл ажиллагааны үзүүлэлт өөрчлөгдсөн байсан ба аланин аминотрансфераза (ALT) эсвэл аспартат аминотрансфераза (AST) нь хэвийн хэмжээнээс өндөр, нэг өвчтөнд элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлт ажиглагдсан (ALT 7590 U / L, AST 1445 U / L). 13 өвчтөнд креатинкиназын түвшин, 75 өвчтөний лактатын дегидрогеназын түвшин өндөр, нэг өвчтөнд креатинкиназ (6280 U / L) ба лактатын дегидрогеназа (20 740 U / L) өөрчлөлт илэрсэн. 7 өвчтөнд бөөрний үйл ажиллагааны алдагдал тодорхойлогдож цусан дахь мочевин азот, сийвэнгийн креатинины үзүүлэлт ихэссэн. 6 өвчтөнд прокалцитонин хэвийн хэмжээнээс өндөр ажиглагдсан. Ихэнх өвчтөнүүдэд сийвэнгийн ферритин хэвийн хэмжээнээс өндөр, 73 өвчтөнд C-реактив уураг хэвийн түвшнээс дээш байв. Бүх өвчтөнд амьсгалын замын 9 эмгэг үүсгэгчийг шалгаж, томуугийн А ба В бактери, мөөгөнцрийн өсгөвөрлөлтийг нэгэн зэрэг хийжээ. Өвчтнүүдэд амьсгалын замын бусад вирус илрээгүй. Нэг өвчтөнд Acinetobacter baumannii, Klebsiella pneumoniae, Aspergillus flavus бүгд илрэв. Бауманни нь антибиотикт өндөр тэсвэртэй болсон байлаа. Мөөгөнцрийн халдварын 1 тохиолдол Candida glabrata, 3 тохиолдол мөөгөнцрийн халдвар Candida albicans гэж оношлогджээ.

Эмчилгээ.  Бүх өвчтөнүүдийг тусгаарлан эмчилсэн. 76% вирусын эсрэг эмчилгээ хийлгэсэн бөгөөд үүнд, остеламивир (12 цаг тутамд 75 мг, уухаар), ганцикловир (12 цаг тутамд 0-25 г судсаар), лопинавир ба ритонавир шахмалыг (өдөрт 2 удаа 500 мг) уухаар хэрэглэсэн. Вирусын эсрэг эмчилгээний үргэлжлэх хугацаа 3-14 хоног байсан (3 хоногийн медиан [IQR 3-6]).

Ихэнх өвчтөнд буюу 25 өвчтөнд нэг антибиотик эмчилгээ, 45 өвчтөнд хавсарсан эмчилгээ хийжээ. Зонхилон тохиолддог бактери болон зарим атипийн бактерт үйлчлэх өргөн хүрээний антибиотикуудыг хэрэглэсэн ба хоёрдогч халдварын үед бактерийн өсгөвөр, эмийн мэдрэг чанарыг харгалзан антибиотикийг сонгон эмчилсэн.

Антибиотик эмчилгээний үргэлжлэх хугацаа 3–17 өдөр байв (5 өдөр дунджаар [IQR 3-7]). 19%өвчтөнийг мөн метилпреднизолон натрийн сцинцинат, метилпреднизолон, дексаметазоноор 3-5 хоногийн турш эмчилсэн (медиан 5 [3-7]).

13 өвчтөн инвазив бус амьсгалын аппаратыг 4-22 хоногийн турш хэрэглэв (медиан 9 хоног [IQR 7–19]). Амьсгалын аппаратын P-SIMV горимыг ашигласан, амьсгалсан хүчилтөрөгчийн концентраци 35-100%, амьсгалах эерэг даралт 6-12 см H2O байв. Түүнээс гадна есөн өвчтөн бөөрний дутагдлын улмаас тасралтгүй гемодиализэд орж, 3 өвчтөн ECMO аппаратанд эмчлэгдсэн.

Нас баралт. 1 өвчтөн амьсгалын замын хүнд хэлбэрийн дутагдал, зүрхний дутагдал, сепсис болсоноос 11 дэх өдөр гэнэт зүрхний шигдээс болж нас барсан. Өөр 1 өвчтөн уушгины хатгалгаа, ARDS өвчтэй байсан.

Бусад 9 өвчтөний 8-д нь цусны шинжилгээнд лимфопени илэрсэн, 7 хоёр талын уушигны хатгалгаатай, 5 нь 60-аас дээш насны, 3 нь артерийн даралт ихэсдэг, 1 нь архаг тамхичин байжээ.

Хэлэлцүүлэг

Энэхүү судалгаа нь шинэ корона вирус 2019 -ын тархвар судлал ба эмнэлзүйн шинж чанарын талаархи Wuhan-ийн бусад эмнэлгүүдээс Жиньинтан эмнэлэгт шилжүүлсэн 99 өвчтөний дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан болно. Хүний коронавирус нь амьсгалын замын халдварын гол эмгэг үүсгэгч юм. SARS-CoV ба MERS-CoV нь хүний амьсгалын замын хүнд хэлбэрийн эмгэг үүсгэгчид бөгөөд бусад 4 төрлийн хүний коронавирус (HCoV-OC43, HCoV-229E, HCoV-NL63, HCoV-HKU1) нь амьсгалын дээд замын өвчин үүсгэдэг.

8422 хүн өвчилсөн SARS-CoV-ийн томоохон дэгдэлт 2002–03 онд тохиолдож, дэлхийн 29 оронд тархжээ. 2019-nCoV-ийн дараалал нь бусад 6 коронавирусын дэд зүйлүүдээс харьцангуй ялгаатай боловч тэдгээрийг бетакоронавирус гэж ангилж болно. SARS-CoV ба MERS-CoV нь хүнээс болон тэмээнээс хүнд халдварладаг бөгөөд сарьсан багваахай эдгээр 2 вирусын тээгч юм. 2019-CoV-ийн гарал үүсэл нь цаашдын судалгаануудыг шаардаж байна. 2019-nCoV РНХ-ийн геном нь ойролцоогоор 50-200 нм диаметртэй вирионуудтай, титэм хэлбэртэй хүнээс хүнд дамждаг халдвар юм. Бидний судалсан 99 өвчтөний аль нь ч эмнэлгийн ажилтан биш боловч энэхүү судалгаанд ороогүй 15 эмнэлгийн ажилтан 2019-nCoV-ийн халдвар авсан гэж бүртгэгдсэн бөгөөд тэдний 14 нь нэг өвчтөнөөс халдвар авчээ. SARS-CoV-ийн нас баралт 10% -иас их, MERS-CoV 35% -иас их байна гэж мэдээлж байсан. 2019-nCoV-ээр халдварласан 99 өвчтөний нас баралт 11% байсан нь өмнөх судалгааныхтай ижил байна. Гэсэн хэдий ч эмнэлэгт хэвтсэн хүмүүст бусад шалтгаант  нас баралт тохиолдож болзошгүй юм. 2019-nCoV халдварын 99 тохиолдлын хувьд эрэгтэйчүүд илүү зонхилон өвчилсөнийг ажигласан. MERS-CoV ба SARS-CoV-ууд нь эмэгтэйчүүдийг бодвол эрчүүдэд илүү их халдварладаг болохыг мөн тогтоосон байна.

X хромосом ба бэлгийн даавруудтай холбоотойгоор эмэгтэй хүний вирусын халдвар авах эрсдэл бага байх магадлалтай байна. Нэмж хэлэхэд 2019-nCoV-ээр халдварласан өвчтөнүүдийн тал орчим хувь нь архаг суурь өвчтэй, ялангуяа ихэвчлэн зүрх судасны болон тархины судасны өвчин, чихрийн шижин өвчтэй байсан; энэ нь MERS-CoV.19-тэй төстэй юм. Бидний үр дүнгээс харахад дээрхи өвчтэй хүмүүсийн дархлаа суларсанаас болж 2019-CoV-ын халдвар авах магадлал өндөр байна.

A baumannii бактер эмэнд тэсвэртэйн улмаас халдварын эсрэг эмчилгээ хийхэд хүндрэл учруулж септик шок үүсэх магадлал өндөр байсан. Вирусын тоосонцор нь амьсгалын замын салст бүрхэвчээр дамжин тархаж, бусад эсүүдэд халдвар тарааж, бие махбодид цитокины шуургыг өдөөж, дархлааны хариу урвалыг үүсгэдэг ба цусны цагаан эс, лимфоцит гэх мэт дархлааны эсүүд өөрчлөгддөг. Тиймээс өвчнийг эрт илрүүлэх, цаг алдалгүй эмчлэх нь маш чухал ач холбогдолтой юм. Хүнд өвчтөнүүдэд иммуны чадварыг сайжруулах зорилгоор судсаар иммуноглобулиныг хэрэглэхийг зөвлөж байна, стероид (метилпреднизолон өдөрт 1-2 мг / кг)-ыг ARDS (Acute respiratory distress syndrome) бүхий өвчтөнүүдэд зөвлөсөн бөгөөд эмчилгээний хугацаа аль болох богино байх хэрэгтэй. Зарим судалгаагаар лимфоцитын нийт тоо мэдэгдэхүйц буурч байгаа нь коронавирус дархлааны үйл ажиллагааг дарангуйлдаг болохыг харуулж байна. Т лимфоцитыг гэмтээх нь өвчтөнд хүндрэл гарах чухал хүчин зүйл болж магадгүй юм. Лимфоцитын үзүүлэлт ихээхэн буурч байгааг шинэ коронавирусын халдварыг оношлоход лавлагаа индекс болгон ашиглаж болно. Ерөнхийдөө нас барсан өвчтөнүүдийн анамнез, эмнэлзүйн байдал нь бидний урьдчилж судалж байсан вирусын гаралтай уушигны үрэвслээр нас баралтыг урьдчилан таамаглах эрт сэрэмжлүүлгийн загварт (MuLBSTA – Score- амьсгалын цочмог халтай хам шинжийн үнэлгээ) нийцэж байв. MuLBSTA-ийн онооны систем нь 6 үзүүлэлтээр дүгнэх бөгөөд цусанд лимфопени болох, бактерийн хавсарсан халдвар, тамхи таталт, цусны даралт ихсэлт, нас зэргийг агуулдаг. 2019-nCoV-ийн халдвараар нас барах эрсдлийг урьдчилан таамаглахдаа MuLBSTA-ийн онооны үзүүлэлтийг хэрэглэхийн тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатай байна. Учир нь бидний судалгаа хэд хэдэн хязгаарлалттай байсан. Нэгдүгээрт, зөвхөн 2019-CoV батлагдсан 99 өвчтөн хамрагдсан; сэжигтэй боловч оношлогдоогүй тохиолдлыг оруулаагүй болно. 2019-CoV-ийн талаар илүү дэлгэрэнгүй ойлголттой болохын тулд олон өвчтөнийг хамруулах, Ухань, Хятадын бусад хотууд, бусад улс орнуудад судалгаа хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, өвчтөний зарим нарийвчилсан мэдээлэл, ялангуяа эмнэлзүйн үр дүнгийн талаарх дүн шинжилгээ хийх  боломж дутмаг байсан. Гэвч энэхүү судалгаа Хятадын Ухань хотын хүн амын дунд илэрсэн 2019-nCoV-ийн халдварын тархвар судлал болон эмнэлзүйг эрт үед үнэлэх боломжийг олгосон. Шинэ корона вирус 2019-ын халдвар нь кластер маягаар илэрсэн бөгөөд өндөр настай, хавсарсан өвчтэй эрэгтэйчүүдийг илүү хамарч амь насанд халтай уушигны хатгалгаагаар хүндэрч байсан (жишээлбэл: амьсгалын цочмог халтай хам шинж). MuLBSTA үнэлгээ нь вирусын гаралтай уушигны хатгалгаа өвчнөөр нас барах магадлалыг эрт тооцож анхааруулах үнэлгээний систем бөгөөд 2019-nCoV-ийн халдварын улмаас нас барсан хүмүүсийн оноо өндөр байсан. 2019 шинэ корона вирусын халдварын улмаас нас барах магадлалыг урьдчилан таамаглах MuLBSTA онооны системийн талаар цааш дэлгэрүүлэн судлах шаардлагатай байна.

Орчуулсан: АУХ-ийн мэдрэлийн секторын ЭШТА, АУ-ны доктор Я. Эрдэнэчимэг

Эх сурвалж:

The Lancet, Volume 395, Issue 10223, 15-21 February 2020, pages 507-513

Epidemiological and clinical characteristics of 99 cases of 2019 novel coronavirus pneumonia in Wuhan, China: a descriptive study

https://www.thelancet.com/journals/lancet/article/PIIS0140-6736(20)30211-7/fulltext