Түлхүүр утга:

КT шинжилгээгээр уушгины дэлбэнцэр хоорондын таславчийн зузаарал (75%), агаар агуулсан гуурсан хоолойн зураглал (70%), гялтангийн шүүдэсжилт (40%) нь COVID-19 халдвартай хүнд өвчтнүүдэд хөнгөн өвчтнүүдээс (28%, 32% ба 14%) илүү тохиолдож байна.

“Сүүн шилний шинж” тод илрэх нь хөнгөн зэргийн өвчтнүүдэд зонхилж (38%), харин хүнд хэлбэрийн өвчтнүүдэд нэвчдэст сүүдрийн өөрчлөлт илүү тодорхойлогдож байна (20%).

Дүгнэлт: Дэлбэнцэр хоорондын таславчийн зузаарал, агаар агуулсан гуурсан хоолойн зураглал, гялтангийн шүүдэсжилт, нэвчдэст сүүдрийн өөрчлөлт гарах нь эмнэлзүйн хүнд хэлбэрийн үед илүү байсан бол COVID-19 халдварын хөнгөн хэлбэр бүхий өвчтнүүдэд ихэвчлэн “сүүн шилний шинж” тод илэрч байна.

Хураангуй

Зорилго: Коронавируст халдварын үеийн уушгины үрэвслийн КT шинжилгээний дүрслэлийн шинжийг өмнө нь нийтэлсэн боловч өвчний хөнгөн ба хүнд хэлбэр хоорондын өвөрмөц дүрслэлийн онцлог шинжүүдэд анхаарал бага хандуулсан байна. Иймд өвчний хөнгөн ба хүнд хэлбэр бүхий өвчтнүүдэд нимгэн зүслэгт цээжний КT шинжилгээнд COVID-19 халдварын уушгины үрэвслийн рентген шинж чанарыг харьцуулан судлах шаардлагатай байна.  

Материал ба аргачлал: Тус судалгаанд 2020 оны 1 сарын 20-оос 1 сарын 27-ны хооронд Ухань их сургуулийн Zhongnan эмнэлэгт үйлчлүүлсэн уушгины үрэвсэл бүхий 70 өвчтөн хамрагдсан.  ДЭМБ-ын удирдамжид үндэслэн 50 өвчтнийг хөнгөн хэлбэрийн ангилалд, эмнэлзүйд үндэслэн 20 өвчтнийг хүнд хэлбэрийн ангилалд хамруулжээ. Зургийн онцлог, эмнэлзүй, лабораторийн шинжилгээг шалгаж, харьцуулан үнэлсэн.

Үр дүн: Хүнд өвчтний дундаж нас (дундаж нас, 65.00; IQR: 54.75-75.00) хөнгөн хэлбэрийн өвчтнүүдээс өндөр байсан (дундаж нас, 42.5; IQR: 32.75-58.50) (P <0.001). Хүнд хэлбэрийн өвчтнүүдэд уушгины сүүдэржилт олон сегментийг хамарсан (сегментүүдийн дундаж тоо: 7.5 ба 17.5, P= <0.001), сүүдэржилтийн хэмжээний хувьд (уушгины сегментийн <50%, 3 см хэмжээтэй сүүдэржилт бүхий сегментийн дундаж тоо : 5.5 vs. 2.0, P = 0.006;  уушгины сегментийн 50%≤: 7.5 vs. 0.0, P <0.001) байна. Мөн дэлбэнцэр хоорондын таславчийн зузаарал (75% vs 28%, P <0.001), агаар агуулсан бронхын зураглалын тархалт (70% vs 32% P = 0.004), гялтангийн шүүдэсжилт (40% vs 14%, P =0.017) шинжүүд илэрч байв.

Дүгнэлт: “Сүүн шилний шинж” нь захын болон суурийн хэсгийг давамгайлсан тархалттай байх нь COVID-19 халдварын уушгины хатгалгааны хамгийн түгээмэл шинж юм. Хүнд хэлбэр бүхий өвчтнүүдэд уушгины паренхимийн сүүдэржилт хөнгөн хэлбэрийн өвчтнүүдтэй харьцуулахад илүү өргөн тархсан байв. Хүнд хэлбэрийн COVID-19 халдварын үед дэлбэнцэр хоорондын таславчийн зузаарал, агаар агуулсан бронхын зураглал, гялтангийн шүүдэсжилт илүү тохиолдож байна.

Үндэслэл

2019 оны 12 сараас хойш SARSCoV-2-ээс үүдэлтэй Коронавирусын халдвар 2019 (COVID-19) нь анх Хятадын Ухань хотод гарч, дараа нь дэлхийн бусад орнуудад хурдтай тархсан (1, 2). Коронавирус нь амьтдад янз бүрийн эрхтэн тогтолцооны өвчин үүсгэдэг ба хүний амьсгалын замын халдварууд болох хүнд хэлбэрийн амьсгалын замын цочмог хам шинж (SARS), Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж (MERS) (2) зэргийн шалтгаан болдог. COVID-19 халдварын шалтгаан болох SARS-CoV-2-ийн генетик шинж бета коронавирусын төрөлд багтдаг 60-140 нм диаметртэй РНХ вирус юм. Түүний генетик шинж чанар нь SARS-CoV ба MERS-CoV-ээс эрс ялгаатай. Bat SARS CoV (bat-SL-CoVZC45)-ийн шинж чанартай (2) 85%-иас илүү тохирч байгаа юм. Guan et al, үзэж байгаагаар халдвар авсан өвчтнүүдийн 84.3% нь хүнд хэлбэрийн COVID-19 халдвартай байсан ба өвчтнүүдийн 5.0% нь эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн, тэдний 2.3% нь инвазив механик агааржуулалттай, 1.4% өвчний улмаас нас барсан байна.

SARSCoV-2 халдварын үед бодит хугацааны полимеразын гинжин урвал (RT-PCR)-ын шинжилгээ нь оношилгооны баталгаажуулах (4) стандарт юм. Гэхдээ КT шинжилгээ нь сэжигтэй тохиолдлыг илрүүлж, өвчний явцыг үнэлэх болон эмнэлзүйн оношилгоо, өвчний үнэлгээнд чухал хувь нэмэр оруулж байна (5). Хэд хэдэн судалгаагаар COVID-19 (1, 6-8) халдварын тархварзүй болон эмнэлзүйн мэдээллийг тэмдэглэсэн бөгөөд үүнд дүрс оношилгооны онцлогийн (9-12) талаар багтаасан байна. Гэхдээ өвчний өөр өөр хүндийн зэрэг хооронд КТ-ийн харьцуулсан дүн шинжилгээ хомс бичигджээ. Тиймээс бидний энэ судалгааны зорилго бол хөнгөн, хүнд хэлбэр бүхий өвчтнүүдийн хооронд нимгэн зүслэгт КT шинжилгээгээр COVID-19 халдварын уушгины үрэвслийн рентген шинж чанарыг харьцуулах явдал байв. Бид COVID-19 халдварын уушгины үрэвслийн үед эмнэлзүйн хүнд байдлыг илэрхийлэх КT дүрслэлийг тодорхойлохыг зорьсон болно.

Материал, арга зүй

Судалгааны хүрээ

Энэхүү ретроспектив судалгаанд 2020 оны 1 сарын 20-27-ны хооронд Ухань их сургуулийн Жонгнан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан COVID-19 халдвартай уушгины үрэвсэл бүхий 70 өвчтөнг хамруулсан ба өвчтнүүдэд эмнэлэгт хэвтсэний дараа тодосгогчгүй нимгэн зүслэгт цээжний КT шинжилгээ хийсэн байна. Судалгаанд хамруулах шалгуур: (a) залгиурын арчдаст RT-PCR шинжилгээгээр SARS-CoV-2 эерэг байх; (б) уушгины үрэвслийг илтгэсэн нимгэн зүслэгт цээжний КT шинжилгээ; (в) эмчилгээнд байгаа эсвэл тусгаарлан хэвтүүлсэн өвчтнүүд.

ДЭМБ COVID-19 (13) халдварын эмнэлзүйн удирдамжийг үндэслэн өвчний зэргээс хамааран хоёр бүлэгт хуваасан. 1-р бүлэгт хөнгөн хэлбэрийн өвчтнүүдийг хамруулсан бөгөөд эдгээр нь (а) амьсгалын дээд хэмжээ минутанд <30 амьсгал, б) тайван үед оксигемоглобины ханалт (SpO2)> 90% , в) амьсгалын дутагдлын шинжгүй, амьсгал дутлын цочмог хам шинж (ARDS) болон шокын үеийн шинж тэмдэггүй. 2-р бүлэгт хүнд хэлбэрийн өвчтэй хүмүүсийг хамруулсан. Энэ нь (а) амьсгалын дээд хэмжээ мин тутамд 30≤ амьсгал, (б) тайван үед SpO2 ≤ 90% , эсвэл (c) амьсгалын дутагдалтай механик агааржуулалт шаардлагатай, (d) амьсгал дутлын цочмог хам шинж бүхий эсвэл (д) шокын байдалтай (13).

КT шинжилгээ

КT шинжилгээг (Discovery 64, GE Medical Systems, Milwaukee, Вис ба SOMATOM Definition, Siemens Healthcare, Erlangen, Germany) хийж гүйцэтгэв. Мэдээллийг нэгтгэх, боловсруулалт хийх параметрүүд нь дараахь байдалтай байв: 120 кВ-ын хоолойн хүчдэл бүхий автомат гүйдлийн модуляци (100-350 мАс), 1мм зүслэг бүхий зузаантай, FBP шүүлтүүр (SOMATOM Definition), холимог FBP / давталт ашиглан боловсруулалт (Discovery 64). Зургийн боловсруулалтыг 1 мм-ийн зузаан зүсэлт бүхий кораналь ба сагиттал тэнхлэгээр хийв. Зургийг уушгины цонхнууд дээр (цонхны түвшин -700HU, цонхны өргөн 1500HU) үзүүлэв.

КT зургийг тоймлох

Нийт 70 өвчтний халдвар батлагдсанаас хойш 1 өдрийн дотор хийсэн КТ-ийн шинжилгээг үнэллээ. Аксиал, кораналь, сагиттал тэнхлэгээр КT зургуудыг эмнэлэг хоорондын дотоод сүлжээ (PACS) ашиглан 6-7 жилийн эмнэлзүйн туршлагатай 3 радиологич эмч бие даан шалгасан. Аливаа санал зөрөлдөөнийг хэлэлцүүлэг, зөвшилцлөөр шийдвэрлэв. Бүх радиологич эмч нар өвчтнүүдийн эмнэлзүйн байдлыг хараагүй ба КT-ийн үр дүнд байршил, тархалт, хэмжээ, төрлийг (14) харуулсан. Тархалтыг захын (уушгины захын байрлалын 1/3), төв (төвийн 2/3), эсвэл төв ба захын аль аль нь гэж тодорхойлсон. Сүүдэржилтийг жижиг (диаметр <1см), дунд зэргийн (диаметр нь 1-3см), том (диаметр 3см, сегментийн <50% хамарсан), эсвэл сегментийг хамарсан (хэмжээ нь сегментийн 50% ба түүнээс дээш хамарсан) гэж ангилсан ба өвчтөн тус бүрийн сүүдэржилтийн тодорхой шинжийг агуулсан сегментийн тоог тоолж, бүлгийн хооронд харьцуулсан болно.

КT-ийн сүүдэржилтийн тодорхойлолт

Судас болон гуурсан хоолойн зах ирмэг хадгалагдсан уушгины тунгалаг дүрслэл бүдгэрэхийг “сүүн шилний шинж” (GGO) хэмээн тодорхойлов (15). Уушгины паренхимийн нягт нэгэн төрлөөр ихэсч судас болон амьсгалын замын гуурсан хоолойн зах ирмэг тодорхой бус болохыг (15)  нэвчдэст сүүдрийн өөрчлөлт (consolidation) гэж тодорхойлсон. Дэлбэнцэр хоорондын таславчийн зузаарал бүхий “сүүн шилний шинж”-ийг “чулуун шигтгээний шинж” (crazy-paving pattern) хэмээн тодорхойлов (15). Уушгины нягтрал ихэссэн суурин дээр (15) агаар бүхий гуурсан хоолойн зураглал тодорхойлогдохыг агаар агуулсан гуурсан хоолойн шинж (air bronchogram) гэж тодорхойлсон. Паренхимийн холбоос (parenchymal band) шинж нь ихэвчлэн висцерал плевр (15) хүртэл үргэлжилсэн шугаман сүүдэржилтийг тодорхойлов. Гялтангийн жигд бус зузаарлыг плевро паренхимийн жигд бус сүүдэржилт (pleuroparenchymal irregularity) гэж тодорхойлсон (16). Уушгины талбайд үүссэн дугуй хэлбэртэй, нягтрал бүхий 3 см-ээс их диаметртэй (15) сүүдэржилтийг бөөгнөрөл төст сүүдэржилт (mass-like opacity) гэж тодорхойлсон. Үүнээс гадна дэлбэнцэр хоорондын болон дэлбэнцэр доторхи эдийн нягтрал, бронхоэктаз болон шигтгэмэл сүүдэржилт (mosaic attenuation), торлог хэлбэрийн сүүдэржилт, тунгалгийн булчирхай (богино тэнхлэгийн диаметр 1 см-ээс их), гялтангийн шүүдэсжилт зэрэг шинжүүд бүртгэгдсэн байна.

Статистик боловсруулалт

Тасралтгүй хувьсагчдыг медиан (IQR) хэлбэрээр илэрхийлсэн бөгөөд Mann-Whitney U тесттэй харьцуулсан; категорийн хувьсагчдыг тоогоор илэрхийлсэн (%) бөгөөд бүлгийн хоорондох χ2 тест эсвэл Фишерийн тестээр харьцуулсан болно. P-утгыг <0.05 (хоёр талтай) нь статистикийн ач холбогдолтой гэж үзсэн. Бүх өгөгдлийг SPSS ашиглан шинжилсэн (хувилбар 23.0, SPSS Inc., Чикаго, IL, АНУ).

Үр дүн

Эмнэлзүйн шинж

Энэхүү судалгаанд COVID-19 халдварын уушгины үрэвсэл батлагдсан 70 өвчтөн хамрагдсан ба хоёр бүлгийн хүн ам зүйн болон эмнэлзүйн шинж чанарыг 1-р хүснэгтэд үзүүлэв. 2-р бүлгийн өвчтнүүд (дундаж, 65.00; IQR: 54.75-75.00) 1-р бүлгийнхээс ахмад настай (дундаж, 42.5; IQR: 32.75-58.50) (P <0.001)) байв. 2-р бүлгийн бүх өвчтөнд (20/20) амьсгаадах шинж давамгайлж байсан бол 1-р бүлгийн ердөө 10% (50/5) нь амьсгаадах шинж илэрсэн (P <0.001) ба халуурах шинж бүлгүүдэд ялгаагүй байлаа. 2-р бүлгийн өвчтнүүдийн амьсгалын дээд хэмжээ (медиан, 30.5; IQR: 26.25-34.25) нь 1-р бүлгийн өвчтнүүдээс өндөр байсан (медиан, 19.0; IQR: 18.0-20.0) (P <0.001). Цагаан эсийн дундаж тоо хоёр бүлэгт хэвийн хэмжээнд байсан боловч 1-р бүлгийн өвчтнүүдээс (0.94×109/L; IQR: 0.68-1.11) (P = 0.031) 2-р бүлгийн өвчтнүүдэд лимфоцитын дундаж хэмжээ харьцангуй буурсан (0.62×109/L; IQR: 0.46-0.93) бага түвшинд байна. Эмнэлэгт хэвтэх дундаж хугацаа 1-р бүлгийн өвчтөн 7 хоног, 2-р бүлгийн өвчтөн 14 хоног байсан (P = 0.003). COVID-19 халдварын хүнд хэлбэр бүхий нэг өвчтөн эмнэлэгт хэвтээд 11 хоногийн дараа шокын улмаас нас баржээ.

Шинж тэмдгийн эхэн үе ба дүрслэлийн шинжилгээ хийлгэсэн хугацааг авч үзэхэд 2-р бүлгийн өвчтнүүд 1-р бүлгийн өвчтнүүдээс хойш цээжний КT шинжилгээ хийлгэсэн байна. Өвчний эхэн үед КТ шинжилгээнд хамрагдсан өдрийн дундаж нь 1-р бүлгийн өвчтөнд 4 өдөр, 2-р бүлгийн өвчтөнд 7 хоног (P = 0.024) байв.

Эмгэг сүүдэржилт уушгины талбайг хамарсан байдал

1 ба 2-р бүлгийн өвчтнүүд уушгины сүүдэржилт бүхий сегментүүдийн тоо болон байршлын хувьд ялгаатай байсан. Гэмтсэн уушгины сегментийн тоо 2-р бүлэгт (дундаж, 17.50; IQR: 15.25-18.00) 1-р бүлгээс харьцангуй их байсан (дундаж,7.50; IQR: 3.00-13.50) (P<0.001, Хүснэгт 2). Гэмтсэн сегментүүд ихэвчлэн уушгины доод дэлбэнг (389/741, 52.5%) хамарсан, 2-р бүлэгт 54.1% (421/231), 1-р бүлэгт 50.3% (314/158) хамарсан байв. Энэ нь COVID-19 халдварын уушгины үрэвслийн үед 2-р бүлгийн өвчтнүүдэд 1-р бүлгийн өвчтнүүдтэй харьцуулахад гэмтсэн сегментийн тархалт өндөр байгааг харуулж байна (Хүснэгт 2).

Уушгины сүүдэржилтийн тархалт

Уушгины сүүдэржилтийн байрлал, тархалт 1 ба 2-р бүлгийн өвчтнүүдийн хооронд мэдэгдэхүйц ялгаатай байв (P=0.043) (Хүснэгт 3). Ерөнхийдөө ихэнх өвчтөнд хоёр талын уушгийг хамарсан байсан (70/58, 82.9%) ба доод дэлбэнг хамарсан сүүдэржилт бүхий өвчтний тоо (60/70, 85.7%) дээд дэлбэнг хамарсан сүүдэржилт бүхий өвчтний тоотой ( 46/70, 65.7%) (P=0.006) харьцуулахад илүү байсан (Хүснэгт 3). Сүүдэржилтийн тархалт 1-р бүлгийн өвчтөнд захын болон төв ба захын аль алинд нь байрлалтай (49/50, 98%), харин хүнд хэлбэрийн өвчтөнд төв ба захын (19/20, 95%) байрлалд давамгайлсан байв. Цэвэр төвийн байрлалтай сүүдэржилт бүхий өвчтөн ховор тохиолдож байсан (1/70, 1.4%).

 

Уушгины сүүдэржилтийн хэмжээ

Хүснэгт 4-т үзүүлснээр бүлгүүдэд уушгины сүүдэржилтийн хэмжээ мэдэгдэхүйц ялгаатай байв. 2-р бүлгийн өвчтнүүд 1-р бүлгийн өвчтнүүдтэй харьцуулахад 3 см-ээс дээш хэмжээтэй (P = 0.006) буюу сегментийн эзэлхүүний 50%≤ (P <0.001) харьцангуй их байв.

Сүүдэржилтийн төрөл

Уушгины сүүдэржилтийн янз бүрийн хэлбэр, төрлийн хувьд хоёр бүлгийн хооронд ялгаа байсангүй (P=0.286). 1 (27/50, 54%) ба 2-р бүлгийн (11/20, 55%) ихэнх өвчтөнд “сүүн шилний шинж” болон нэвчдэст сүүдрийн өөрчлөлтүүд илэрсэн (Хүснэгт 3 ба Зураг 1, 2). Нэвчдэст сүүдрийн өөрчлөлт дангаараа ховор байсан бөгөөд хоёр бүлгийн зөвхөн 4 өвчтөнд ажиглагдсан (Зураг 3). Бүх өвчтөнд дэлбэнцэр хоорондын болон дэлбэнцэр доторхи эдийн нягтрал ажиглагдаж байлаа (Зураг 2, 4). Дэлбэнцэр хоорондын таславчийн зузаарал 1-р бүлгийн 14 (28%), 2-р бүлгийн 15 (75%) -д ажиглагдсан (P <0.001). Дэлбэнцэр доторхи эдийн нягтрал 1-р бүлгийн 34 (68%), 2-р бүлгийн 17 (85%) (P=0.148) өвчтөнд ажиглагдсан (Хүснэгт 3).

Зураг 1: 51 настай эрэгтэй, COVID-19 халдвар батлагдсан. Халуурах, ядрах, амьсгаадах зовуурьтай. КT шинжилгээ, аксиал тэнхлэг. A, B. 2020 оны 1 сарын 20-ны өдөр тодосгогчгүй нимгэн зүслэгт цээжний КT хоёр уушгины хажуугийн дэлбэнг хамарсан захын байрлалтай “сүүн шилний шинж”-ийг цагаан сумаар тэмдэглэлээ. Хамгийн том эмгэг өөрчлөлт зүүн уушгины доод хэсэгт байрласан байна. C, D. 14 хоногийн дараа цээжний КT шинжилгээнд хоёр уушгины доод дэлбэнгийн сүүдэржилт мэдэгдэхүйц нэмэгдэж нэвчдэст сүүдрийн өөрчлөлт (богино хар сум) болон паренхимийн холбоос (урт хар сум) шинж харагдаж байна.

Зураг 2: 65 настай, эмэгтэй. Халуурах, амьсгаадах, ядрах зовуурьтай. COVID-19 халдвар батлагдсан. A, B. Тодосгогчгүй нимгэн зүслэгт цээжний КT шинжилгээнд COVID-19 халдварын сонгомол дүрслэлийн шинжүүдийг харуулсан байна. Хоёр уушгины хажуугийн дэлбэнг хамарсан “сүүн шилний шинж” (цагаан сум), нэвчдэс бүхий “сүүн шилний шинж” (богино хар сум), дэлбэнцэр хоорондын завсрын эдийн зузаарал (чулуун шигтгээний шинж) (од), агаар агуулсан гуурсан хоолойн зураглал (урт хар сум) тодорхойлогдож байна.

3-р зураг: 39 настай, эрэгтэй. COVID-19 батлагдсан тохиолдол. 5 өдрийн турш халуурч, ядарч сульдсан, тодосгогчгүй нимгэн зүслэгт КT шинжилгээнд зүүн доод дэлбэнгийн “сүүн шилний шинж” A (цагаан сум). B, 5 хоногийн дараах цээжний КT шинжилгээнд нэвчдэс бүхий “сүүн шилний шинж” (богино хар сум) ба паренхимийн холбоос (урт хар сум) шинжүүд илэрсэн байна.

Зураг 4: 61 настай, эмэгтэй COVID-19 батлагдсан тохиолдол (A, B: аксиал; C: коронал; D: сагиттал) халуурах, амьсгаадах зовуурьтай. Энэхүү зурагт дэлбэнцэр хоорондын таславчийн зузаарал (хар сум), чулуун шигтгээний шинжийг (од) харуулж байна. Сүүдэржилтүүд хоёр уушгины захын хэсэгт гол төлөв байрлаж байна.

Бронхоэктаз ба мозайк сүүдэржилт ховор байсан бөгөөд 4 өвчтөнд бронхоэктаз, нэг өвчтөнд мозайк сүүдэржилт ажиглагдсан. Бусад ховор шинж тэмдгүүд болох том, торлог сүүдэржилтийн хэлбэр (8/70, 11.4%), бөөгнөрөл төст сүүдэржилт (6/70, 8.6%), лимфаденопати (13/70, 18.6%), гялтангийн шүүдэсжилт (15/70, 21.4%) тохиолдсон (Хүснэгт 3). Ерөнхийдөө COVID-19 халдварын уушгины үрэвслийн үед цээжний КT шинжилгээнд илрэх нийтлэг шинжүүд нь “чулуун шигтгээний шинж” (31/70, 44.3%) (Зураг 2, 4), агаар агуулсан бронхын зураглал (30/70, 42.9%) (Зураг 2), плевропаренхимийн жигд бус зузаарал (31/70, 44.3%), паренхимийн холбоос (31/70, 44.3%) байна. (Хүснэгт 3) (Зураг 3). Эдгээрээс агаар агуулсан бронхын зураглал 1-р бүлгийн өвчтнүүд (16/50, 32%) (P=0.004)-тэй харьцуулахад 2-р бүлэгт (14/20, 70%) илүү ажиглагдсан. Хоёр бүлгийн хооронд “чулуун шигтгээний шинж” (P=0.254), плевропаренхимийн жигд бус зузаарал (P=0.648) (Зураг 5), паренхимийн холбоос (P=0.254) шинжүүдэд мэдэгдэхүйц ялгаа байсангүй.

Зураг 5: 53 настай, эрэгтэй. COVID-19 халдвар батлагдсан. Халуурах зовуурьтай. Тодосгогчгүй нимгэн зүслэгт цээжний КТ шинжилгээнд плевропаренхимийн жигд бус сүүдэржилт (хар сум) ба нэвчдэст сүүдэр (од) -ийг харуулж байна.

Хэлцэмж

Цээжний КТ-ийн шинжилгээг COVID-19 халдварын уушгины үрэвсэл оношлогдсон хөнгөн ба хүнд хэлбэрийн өвчтнүүдэд харьцуулан судалсан. Хүнд хэлбэрийн өвчтнүүд хөнгөн хэлбэрийн өвчтэй хүмүүсээс ахимаг настай байсан нь SARS-CoV-2-ийн эмгэг төрүүлэгчид MERS-CoV(17)-тэй төстэй дархлааны хариу урвал өрнүүлдэгтэй холбоотой гэж үзэж байна. Халуурах нь хамгийн түгээмэл эмнэлзүйн шинж тэмдэг байсан бол амьсгаадах шинж ихэвчлэн хүнд хэлбэрийн өвчтнүүдэд тохиолдож байсан ба энэ нь өмнөх үр дүнд нийцэж байна (7). Лимфоцитын тоо буурах нь COVID-19 халдварыг оношлоход ач холбогдол өндөртэй, ялангуяа хүнд хэлбэрийн үед ихээхэн буурч байгаа нь үүнийг нотолж байна. Хүнд хэлбэрийн шинж бүхий бүх өвчтөнг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчлэх хугацаа нь удаан байв. Хүнд хэлбэрийн өвчтнүүд өвчний явцдаа хөнгөн хэлбэрийн өвчтнүүдтэй харьцуулахад цээжний КТ шинжилгээнд илүү хожуу хамрагдсан байдаг. Хүнд хэлбэрийн зарим өвчтөнд анхны шинж тэмдгүүд нь өвөрмөц бус, тодорхойгүй шинж чанартай байсан тул хожим эмнэлэгт үзүүлэхэд хүргэсэн байна.

КT шинжилгээний зураг дээрх дүрслэлийн хувьд COVID-19 халдварын уушгины үрэвсэл нь уушгины сегментийн хамрагдалт болон эмнэлзүйн хүнд хэлбэрийн үед илүү өргөн хүрээтэй байна. Сегментийн хамрагдалтын тухайд хүнд хэлбэрийн өвчтөнд 9 буюу түүнээс дээш сегментийг хамрах магадлал өндөр байсан. Ихэнх сүүдэржилтүүд уушгины доод дэлбэнг хамарч байсан бөгөөд энэ нь бусад вирусын шалтгаант уушгины үрэвслийн үед ажиглагддаг, тухайлбал, Influenza(18)-аас үүдэлтэй уушгины үрэвслийн үед доод дэлбэнг түлхүү хамардаг байна. Ихэнх өвчтөнд сүүдэржилтийн тархалт хоёр уушгийг хамарсан ба төвийн болон захын байрлалтай байв. Нэг талыг хамарсан, цэвэр төвийн сүүдэржилт ховор байсан бөгөөд энэ нь өмнөх судалгаануудтай нийцэж байсан (12,19). Wong et al (14) SARS-ийн сүүдэржилтийн онцлог уушгины хоёр хажууг хамарсан захын байрлалтай бол MERS-ийн сүүдэржилт уушгины суурийн хэсгийг давамгайлсан перибронхиваскулар болон субплеврал(20) байрлалтай байна хэмээн тодорхойлжээ.

Нийтлэг дүрслэлийн шинжүүдэд өмнөх судалгаанд дурьдсан “сүүн шилний шинж” тод илрэх, нэвчдэс бүхий “сүүн шилний шинж”, завсрын эдийн зузаарал, чулуун шигтгээний шинж, агаар агуулсан гуурсан хоолойн шинж, плевропаренхимийн жигд бус сүүдэржилт, паренхимийн холбоос зэрэг шинжүүд багтаж байна (10,12). Энэ дүрслэлийн шинжүүд нь бусад вирусын шалтгаант уушгины үрэвслийн үед ажиглагдах боломжтой юм; жишээлбэл, H1N1 томуугийн уушгины үрэвслийн үед “сүүн шилний шинж”, нэгэн төрлийн бус сүүдэржилт болон таславчийн зузаарал, нэвчдэст сүүдрийн шинжүүд илэрдэг (21). Гэхдээ H7N9 томуугийн уушгины хатгалгааны хувьд нэвчдэст сүүдрийн шинж нь хамгийн түгээмэл шинж тэмдэг болдог (22). Нэвчдэст сүүдэр дангаараа, бронхоэктаз ба шигтгэмэл сүүдэржилт, бөөгнөрөл мэт харагдах цуллаг сүүдрийн шинжүүд нь COVID-19 халдварын уушгины үрэвслийн үед ховор тохиолдож байсан. Хөнгөн хэлбэрийн өвчтөнд хүнд хэлбэрийн өвчтнүүдээс “сүүн шилний шинж” илүү их байсан бол нэвчдэст сүүдрийн өөрчлөлт нь хүнд хэлбэрийн өвчтөнд илүү байна. Тиймээс ”сүүн шилний шинж” тод илрэх нь өвчний эрт буюу хөнгөн зэргийн үе шаттай холбоотой бол нэвчдэст сүүдэр илрэх нь эмнэлзүйн хүнд хэлбэрийн үед илүү ажиглагдаж байгаа ба энэ нь өмнөх үр дүнтэй нийцэж байгаа төдийгүй эдгээр шинжүүд нь өвчний илүү давшингуй шатанд гарч болзошгүй гэж бид таамаглаж байна (9). Таславчийн зузаарал болон агаар агуулсан бронхын зураглал бүхий сүүдэржилт хүнд хэлбэрийн өвчтнүүдэд харьцангуй их тохиолдож байсан ба эдгээр шинжүүд COVID-19 халдварын уушгины үрэвсэл давшингуй буюу хожуу үе шаттай холбоотой байж болохыг харуулж байна, энэ нь уушгины хаван зэрэг эмнэлзүйн хүнд нөхцөлийн үед ажиглагддаг. Гэхдээ дэлбэнцэр хоорондын таславчийн зузаарал ба агаар агуулсан гуурсан хоолойн  зураглал нь COVID-19 халдварын уушгины үрэвслийн өвөрмөц шинж биш юм. Гялтангийн шүүдэсжилт нь ховор тохиолдож байсан бөгөөд ихэвчлэн хүнд хэлбэрийн өвчтөнд илэрсэн ба энэ нь парапневмоник шүүдэсжилт эсвэл шингэний хэт их ачааллыг илтгэдэг. Лимфаденопати нь вирусийн шалтгаант уушгины үрэвслийн үед ховор тохиолддог ба бидний судалгаанд ихэвчлэн хүнд хэлбэрийн өвчтнүүдэд тохиолдсон.

Уг судалгаанд хэд хэдэн хязгаарлалт байсан. Нэгдүгээрт, энэхүү судалгааг зөвхөн тухайн эмнэлэгт үзүүлж, эмчилгээнд хамруулж, тусгаарласан өвчтнүүдэд гүйцэтгэсэн нь хязгаарлагдмал байв. Тиймээс бидний судалгааны дүгнэлт нь зөвхөн өвчин халдварласан нийт хүмүүсийн багахан хэсэгт л хамаарна. Хоёрдугаарт, бид COVID-19 (23) халдварын лабораторийн батлагдсан тохиолдлыг хамруулсан ба хавсарсан халдвар болон хавсарсан оноштой тохиолдлыг энэ ретроспектив судалгаанд хамруулаагүй болно. Өвчний хүнд болон хөнгөн хэлбэрийн хооронд үүссэн зарим ялгааг зүрх судасны болон бөөрний эмгэгүүдтэй холбоотой гэж таамаглав. Жишээлбэл, дэлбэнцэр хоорондын таславчийн зузаарал, гялтангийн шүүдэсжилт, лимфаденопати нь вирусын шалтгаант уушгины үрэвслийн эмгэг жамын шууд хүчин зүйл биш харин шингэний хэт их ачааллын шинж тэмдэг байж болно. Цаашдын хяналтат судалгаа нь халдварын шууд нөлөөлөл эсвэл эмнэлзүйн бусад нөлөөнөөс ялгахад тусална. Эндээс үзэхэд, хүнд болон хөнгөн хэлбэрийн өвчтнүүдийн шинж тэмдэг илрэх хугацааны хувьд статистикийн хувьд мэдэгдэхүйц ялгаатай байгааг тайлбарлах шаардлага урган гарч байна. Өвчний явцаас хамааран бүлэг хоорондын дүрслэлийн ялгаа өвөрмөц байдлаар тодорхойлогдож байгаа тул цаг хугацааны системчилсэн үнэлгээ шаардлагатай байна.

Эцэст нь дүгнэхэд, “сүүн шилний шинж”, нэвчдэс бүхий “сүүн шилний шинж”, завсрын эдийн зузаарал, чулуун шигтгээний шинж, агаар агуулсан гуурсан хоолойн зураглал, плевропаренхимийн жигд бус сүүдэржилт нь манай судалгааны COVID-19 халдварын үеийн КT дүрслэлийн гол шинжүүд байв. Нэвчдэст сүүдэр нь дангаараа ховор тохиолддог бөгөөд ихэвлэн хүнд хэлбэрийн өвчтөнд тохиолдож байсан бол “сүүн шилний шинж” тод илрэх нь хөнгөн хэлбэрийн өвчтөнд илүү тохиолдож байв. Эмнэлзүйн хүнд хэлбэрийн үед дэлбэнцэр хоорондын таславчийн зузаарал, агаар агуулсан гуурсан хоолойн зураглал, гялтангийн шүүдэсжилт илүү тохиолдож байна. Сүүдэржилтийн байрлал уушгины хоёр талыг, ялангуяа доод дэлбэнг хамарч байна. Сүүдэржилтүүд ихэвчлэн захын байрлалтай байсан ба төв болон захын сүүдэржилт нь хавсран тохиолдож болох боловч захын байрлалыг хамрах нь илүү байна. Хүнд хэлбэрийн өвчтнүүдэд уушгины паренхимийн томоохон талбайг хамарсан сүүдэржилтүүд тодорхойлогдож байна.

Эх сурвалж:        https://pubs.rsna.org/doi/10.1148/ryct.2020200126   https://doi.org/10.1148/ryct.2020200126

Онлайнаар нийтлэгдсэн: 2020 оны 4 сарын 23

Бэлтгэсэн: АУХ, Хавдар судлалын секторын ЭША А.Дашмаа