1. Харшлын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
  • Амьсгалын замын шинж тэмдэг: Нүд, хамар, хоолой загатнах, хамар битүүрэх, нус гоожих, найтаах, нулимс гарах, ханиалгах, цээж бачуурах, хэржигнэх, шуугиантай амьсгалах гэх мэт.
  • Арьсны шинж тэмдэг: Хэсэг газарт улайлт бүхий арьсны түвшнээс дээш өргөгдсөн тод улаан ягаан өнгийн загатнаа ихтэй бэлцрүүт тууралт гардаг. Энэхүү тууралт нь арьсны аль ч хэсэгт гарч болох ба 24-48 цагийн дотор бүрэн арилдаг. Уруул, хэл, зөөлөн тагнай, цаашилбал амьсгалын зам, залгиурын салстыг хамарч гарвал ханиалгах, амьсгал боогдох хүртэл хүндэрч болно.
  • Бусад шинж тэмдэг: Ихэнхдээ ямар нэгэн хоол хүнс хэрэглэсний дараах хэвлийн шинж тэмдэг (гэнэтийн хүчтэй өвдөлт, гүйлгэх), шавьжинд хатгуулсны дараах улайлт, загатнаа, хавдар гэх мэт.

  1. Харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Анхдагч урьдчилан сэргийлэлт гэдэг нь тухайн хүнийг анхнаас нь харшлаар өвчлүүлэхгүй байх орчин нөхцлийг бүрдүүлнэ. Жишээлбэл, агаарын бохирдлыг бууруулах хэрэгтэй. Дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангах, байгаль орчиндоо ойр амьдарч ашигтай хүчин зүйлүүдийг хүний бие авч байх гэх мэт.

Хоёрдогч урьдчилан сэргийлэлт гэдэг нь нэгэнт харшилтай болчихсон бол, яг юуны харшилтай гэдгийг тодорхойлоод харшил өгдөг зүйлээс хол байх, хэрэглэхгүй байх юм. Эмэнд харшилтай, хүнсэнд харшилтай бол түүнийгээ хэрэглэхгүй байх шаардлагатай.

Гуравдагч урьдчилан сэргийлэлт нь нэгэнт тухайн хүн харшилтай болоод эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байгаа бол хүндрэлээс нь хамгаалахад чиглэгдэх ёстой. Жишээлбэл, ургамлын тоосны харшилтай хүн хамар битүүрээд, нүд загатнаад байна гээд тоохгүй явж болохгүй бөгөөд астма, амьсгалын доод замын үрэсвэл болж хүндэрнэ.

  1. Харшлыг хэрхэн оношлох вэ?

Харшлын төрлийг тодорхойлохын тулд сорилын аргаар шинж тэмдэг илрээгүй үед эмчийн зааврын дагуу хийлгэж ямар төрлийн харшилтай байна гэдгээ тодорхойлуулна.

Сорил нь дараах хэдэн төрөл байна:

  1. Хатгах сорил: Хамгийн нийтлэг, хялбар сорил. Гарын шуун дээр харшлын тестерүүдээс дусаан, арьсны өнгөн хэсгийг хөнгөн хатгаж, тухайн тестерт хариу урвал үзүүлж буйг ажиглана.

Давуу тал: 15 минутын дотор хариугаа авах боломжтой.

Анхаарах зүйл: 24 цагийн хугацаанд сорил тавьсан хэсэгт ус хүргэж болохгүй. Жирэмсэн хүн, хүүхэд, эм тариа хэрэглэж буй хүмүүсээс гадна харшил нь хөдөлсөн болон арьсан дээр тууралт өгсөн үед уг сорилд хамрагдах боломжгүй.

  1. Цусанд харшил төрүүлэгч тодорхойлох: Цуснаас сорьц авч, харшлын тестерүүдээр шалгах сорил.

Давуу тал: Ямар ч үед өгөх боломжтой тул хатгах сорил өгөх боломжгүй хүмүүс хамрагдаж болно.

Анхаарах зүйл: Хариу нь 2-3 өдрийн дотор гарна.

  1. Бигнэх сорил: Одоогоор цөөн газруудад хийж байгаа. Нуруун дээр харшлын сорил бүхий наалтыг нааж хавьтал харшлын шалтгаант харшил төрүүлэгчийг илрүүлдэг.

Давуу тал: Илүү нарийн хариу гарах боломжтой. Арьсыг хатгахгүй, хөндөхгүй, өвтгөхгүй.

Анхаарах зүйл: Хариу нь 2-3 өдрийн дотор гарна. Сорил наасан хэсэгт ус хүргэхгүй.

  1. Харшлыг хэрхэн эмчлэх, харшил бүрэн эмчлэгддэг үү?

Эмчилгээний дөрвөн зарчим бий.

Нэгд, өвчтөний сургалт. Мэргэжлийн эмчид хандан харшил гэж юу болох, яагаад харшилтай болдог, яаж эмчилж, сэргийлж болох талаар зөвлөгөө авч, харшлын тухай ойлголтоо зөв болгох хэрэгтэй. Эмч, өвчтөн хоёр нийлээд харшлын өвчний эсрэг хамтдаа тэмцэх ёстой. Эмч эмчилгээ хийж зөвөлгөө өгөөд, өвчтөн хэрэгжүүлэхгүй бол харшлын эсрэг тэмцэл үр дүнгүй болно. Хоёулаа тэмцээд, эмчийн зөвлөгөө заавраар эмчилгээг хийх юм бол харшлыг дийлж болно.  

Хоёрт, харшил төрүүлэгчээс зайлсхийх. Яг юунд харшилтай гэдгээ оношлуулж шалтгаанаа мэдээд түүнээс зайлсхийх арга. Үүнийг эмч зааж өгнө. Харшлын шалтгааныг илрүүлэх цусны шинжилгээ, арьсны сорилын аргууд байдаг. Харшлын шалтгаанаа найдвартай мэдрэг сайн аргаар тогтоолговол харшлын сэдрэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ эмчилгээ хийхэд үр дүн сайтай байдаг.

Гуравт, эмэн эмчилгээний арга. Зовиур шинж тэмдгийн хүнд хөнгөний байдал, ямар эрхтэн тогтолцоог хамарч байгаагаас хамаарч эмч эмийн сонголтоо хийж ямар тунгаар, хэр удаан эмчлэх эмчилгээний тактикаа боловсруулж аюулгүй, үр дүнтэй эмчилгээ хийх ёстой.

Дөрөвт, дархлаа эмчилгээ гэж байдаг. Харшил төрүүлэгчид мэдрэгшсэн зүйлээр нь дархлаа эмчилгээ хийгээд хэт их идэвхжсэн байгаа дархлаа тогтолцоог тэнцвэржүүлж эмчлэх арга юм. Өвөрмөц дархлаа эмчилгээг зөв сайн хийвэл 10 гаруй жил зовиур шаналгаа багатай байж болно.

Харшил эмчилгээний энэ дөрвөн зарчмаар харшлыг эмчлээд хянаад явах юм бол тухайн хүн харшлын зовиур шинж тэмдэггүй явж болно.

  1. Оношлуулах болон эмчилгээ хийлгэхэд хаана хандах вэ?
  • Арьсны өвчин судлалын үндэсний төв
  • Аллерги мед эмнэлэг
  • Эффект эмнэлэг
  • Астма эмнэлэг гэх мэт эмнэлгүүдэд хандаж мэргэжлийн эмчид үзүүлэн зөвлөгөө авч, оношилгоо хийлгэн өөрт тохирсон эмчилгээг хийлгэх боломжтой.

                                          Мэдээ бэлтгэсэн: ЭШТЛаборатори, ЭША, арьс гоо заслын эмч Б.Мөнхцэцэг