Элэг шилжүүлэн суулгах жагсаалтад орсон, архины шалтгаант элэгний хатууралтай 47 настай эрэгтэй ухаан санаа самуурсан байдалтай эмнэлэгт ирсэн. Тэрээр өдөрт спиронолактон 100mg, фуросемид 80mg-аар уудаг. Үйлчлүүлэгчид бодит үзлэг хийхэд халуунгүй, цусны даралт 99/73 mmHg. Хэвлий цардгар, шингэн цалгих шинж (+). Нэг долоо хоногийн өмнөх лабораторийн шинжилгээнд ийлдсийн креатинин 1.1mg/dl. Эмнэлэгт ирэхэд нь хэвлийн хөндийн хэт авиан шинжилгээ хийхэд асцит (+), үүдэн венийн урсгал хэвийн, элэгний хорт хавдрын шинж тэмдэг илрээгүй байв. Яаралтай түргэн тусламжийн тасагт хийсэн лабораторийн шинжилгээнд ийлдсийн креатинин 2.6mg/dL, кали-4.9mEq/L хэмжээтэй байсан. Оношилгооны зорилготой парацентез хийхэд 550 neutrophils/мм3 илрэв. Шээсний гаралт 10 ml/hr. Шээсний ерөнхий шинжилгээнд улаан эс харах талбайд 75 RBC/hpf, эсүүд хоорондоо наалдсан байдалтай харагдана.

Шээс хөөх эмээс татгалзах, антибиотик эмчилгээг эхлэхээс гадна энэ үйлчлүүлэгчид хийх менежментийн дараагийн зөв алхам юу вэ?

A. Судсаар альбумин хийж эхлэх

B. Диализ эмчилгээг эхлэх

C. Элэг, бөөрийг нэгэн зэрэг шилжүүлэн суулгах жагсаалтанд оруулах

D. Үндсэн эмчилгээтэй цуг терлипрессин эмчилгээг судсаар эхлэх

E. Үндсэн эмчилгээнд мидодрин болон октреотид нэмэх

Хариу тайлбар

Үйлчлүүлэгчид бөөрний хурц гэмтлийн (AKI) 1a үе шат оношлогдсон. Шинжилгээнд креатининий түвшин ихэссэн болон каст гематури тодорхойлогдсон нь бөөрний сувганцрын гэмтэл байгааг харуулж байна. Бодит үзлэг, шинжилгээнд элэг бөөрний хам шинжийн (HRS) илрэлгүй тул D болон E хариулт буруу юм. Одоогоор өвчтөний калийн хэмжээ диализ эмчилгээнд яаралтай орохоор түвшинд хүрээгүй байна. Тиймээс хамгийн эхэнд авах арга хэмжээ бол альбумин эмчилгээ бөгөөд үйлчлүүлэгчийн биеийн байдлыг тогтмол, тасралтгүй хянах юм. Элэг/бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг 4 долоо хоногийн турш бөөрний түүдгэнцрийн шүүлтийн хурд (GFR) ≤35 ml/min байгаа, бөөр орлуулах эмчилгээг 4 долоо хоногоос дээш хугацаагаар хийлгэсэн бөөрний хурц дутагдалтай үйлчлүүлэгчид зөвлөдөг.

Зарим үгийн товчлол болон тодорхойлолт:

1. mEq/L – Milliequivalents per liter – Литр тутамд ногдох миллиэквивалент

Тодорхойлолт: Тодорхой тооны устөрөгчийн ионтой урвалд орох бодисын хэмжээг эквивалент гэнэ. Миллиэквивалент нь эквивалентийн мянганы нэг юм.

 2. hpf – High power field – Харах талбай

Тодорхойлолт: Гэрлийн микроскопоор өндөр хүчин чадлаар харагдах слайдны талбай (ойролцоогоор 500Х)

3. AKI – Acute kidney injury – Бөөрний хурц гэмтэл

Тодорхойлолт: Бөөрний хурц гэмтэл гэдэг нь бөөрний үйл ажиллагааны огцом бууралтын улмаас мочевин болон азотын бусад бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн бөөрөнд хуримтлагдаж, эсийн гаднах шингэний хэмжээ болон электролитийн зохицуулалт алдагдахыг хэлнэ.

4. HRS – Hepatorenal syndrome – Элэг бөөрний хам шинж

Элэг бөөрний хам шинж нь элэгний цочмог болон архаг өвчтэй өвчтнүүдийн бөөрний цочмог гэмтлийн олон шалтгааны нэг юм.

5. GFR – Glomerular filtration rate – Түүдгэнцрийн шүүлтийн хурд

Тодорхойлолт: Түүдгэнцрийн шүүлтийн хурд (ТШХ) гэдэг нь бөөрөөр дамжих цуснаас нэг минутанд шүүгдэн гарах креатининий хэмжээг хэлнэ. Цусны креатинины хэмжээ, нас, яс үндэс зэрэг үзүүлэлтийг томьёонд оруулж тодорхойлдог ба өвчтний бөөрний үйл ажиллагааг үнэлэхэд хамгийн түгээмэл ашигладаг үзүүлэлт юм. Ерөнхийдөө бөөрний үйл ажиллагааг илэрхийлэх хамгийн чухал индекс гэж тооцогддог бөгөөд ТШХ-ын бууралт нь бөөрний өвчний хүндрэлийн шинж тэмдэг юм.

Эх сурвалж:

  1. EASL Clinical Practice Guidelines for the management of patients with decompensated cirrhosis. J Hepatol. 2018 Aug; 69(2):406-460.
  2. The relevant reading material related to this quiz can be found in the below interactive PDF, highlighted in yellow (publication: page 431; interactive PDF: page 26).
  3. https://easlcampus.eu/quiz/results/q23?token=NVR6NBJtxB3DmDgzHC6ELljkzZMME-_8d4uU-XxTimc
  4. https://myhealth.alberta.ca/Health/Pages/
  5. https://medical-dictionary.thefreedictionary.com/high-power+field
  6. https://www.uptodate.com/contents/definition-and-staging-criteria-of-acute-kidney-injury-in-adults
  7. https://www.uptodate.com/contents/hepatorenal-syndrome
  8. https://mohs.gov.mn/uploads/files/1b029790b2612bbf92143dc782bd9b2a.pdf
  9. https://www.uptodate.com/contents/definition-and-staging-of-chronic-kidney-disease-in-adults?search=GFR&source=search_result&selectedTitle=2~150&usage_type=default&display_rank=2

Мэдээлэл бэлтгэсэн: Б.Өлзийсайхан, ЭША, НЭМУ-ны магистр

Хянасан: Б.Батболд, ЭНБД, АУ-ны доктор