Нийгмийн сүлжээ хүмүүст юу зөвлөж байна вэ?: YouTube сувагт байршсан  батганы эмчилгээний талаархи нэг агшингийн cудалгааны үр дүн

АНУ-д хамгийн нийтлэг тохиолддог арьсны өвчин болох батга ойролцоогоор 45 сая америкчуудад бүртгэгджээ. Өсвөр насныхан энэ эмгэгт илүү өртдөг ба 12-24 насны америкчуудын дунд тархалтын түвшин 85% байна. Энэ насныхан нийгмийн сүлжээг түгээмэл хэрэглэдэг бөгөөд тэдний 73% олон нийтийн мэдээллийн хэрэгслийн платформ ашигладаг байна. Судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн 66.7%-91.7% нийгмийн сүлжээг ашиглан эрүүл мэндийн мэдээлэл авдаг болохыг тогтоожээ.

2020 оны байдлаар YouTube суваг нь 2 тэрбум идэвхитэй хэрэглэгчтэй, хамгийн өргөн хэрэглэгддэг нийгмийн сүлжээний хоёр дахь том платформ болоод байгаа юм. Уг суваг дах мэдээллийн чанар нь арьсны асуудалтай хүмүүс, ялангуяа нийгмийн сүлжээний ташаа мэдээлэлд өртөмтгий өсвөр үеийнхэнд нөлөөлдөг байна. АНУ-ын Чикаго дахь Иллинойсийн их сургуулийн анагаах ухааны салбарын судлаачид олон нийтийн сүлжээгээр санал болгож буй зөвлөгөө, эмчилгээний чанарыг илүү сайн ойлгохын тулд YouTube суваг дах батганы талаархи бичлэгүүдийг судалж үзжээ.

Ингэхдээ Youtube сувгаас 2020 оны 12 сарын 19-нд нэг удаагийн хандалтаар “Батганаас яаж салах вэ” гэсэн түлхүүр үг ашиглан хайлт хийж, хайлтын үр дүнд “түлхүүр үгтэй хамааралтай” болон “видео” гэсэн өгөгдлүүдийг ялган авчээ. Түүнээс нүүрний батгыг эмчлэхэд чиглэгдсэн, англи хэл дээрхи эхний 100 хайлтын үр дүнг бүртгэж авсан бөгөөд хуулбаруудыг оруулаагүй байна. Үүний дараа англи хэл дээр бус 4 видеог хасч, үлдсэн 96 видеонд дүн шинжилгээ хийсэн аж. Бичлэг тус бүрт зөвлөж буй эмчилгээг тэмдэглэж авсан бөгөөд зөвлөмжийн үнэн магадтай байдлыг Америкийн арьс судлалын академийн сэтгүүлээс 2016 онд гаргасан удирдамжийн дагуу А, В, С ангиллаар ангилсан байна. Мөн гэрийн нөхцөлд хийх эмчилгээний аргуудыг тусад нь ялгасан.

Бүх видеоны 65.6% батганы “асуудалтай” хүмүүс эсвэл блог хөтлөгчдийн хэтийн төлөвлөгөөн дээр суурилсан байсан ба 14.6% мэргэжлийн арьс судлаач эмч; 8.3% мэдээний сурвалжлагч, хэвлэл мэдээллийн төлөөлөгч; 7.3% арьсны бус эмч эсвэл бусад эмнэлгийн мэргэжилтэн; 2.1% гоо сайханч болон бусад гоо заслын мэргэжилтнүүд, мөн 2.1% ямар мэргэжилтэн болох нь тодорхойгүй хүмүүсийн бэлтгэсэн видео байсан байна. Мөн видеонуудын 34.4% А ангиллын зөвлөмж агуулж байсан бол 63.5% В; 2.1% С ангиллын зөвлөмжтэй байжээ. Түүнчлэн 36.5% гэрийн нөхцөлд арчлах тухай мэдээлэл байсан аж.

Хамгийн түгээмэл зөвлөдөг батганы эсрэг эмчилгээний аргыг дор дурдвал:

Эмчилгээний ерөнхий чиг хандлага нь үзэгчид гэрээсээ олж болох шүдний ооноос эхлээд зуун настын ханд, зөгийн бал гэх мэт байгалийн найрлагатай бүтээгдэхүүн, арьс арчилгааны аргууд руу чиглэж байсан бөгөөд цайны модны тос зэрэг уламжлалт бус аргууд ч олон видеонд дурьдагдсан байжээ. Чихэр болон сүүний хэрэглээгээ багасгах байдлаар амьдралын хэв маягаа өөрчлөхийг онцолсон зөвлөмж хамгийн их байсан байна. Салицилийн хүчил, бензойл пероксидийн найрлага бүхий идэвхит бодисууд хамгийн олон давтагдсан аж.

Сонирхолтой нь, хорин видеоны гарчиг (20.8%) “хурдан”, “нэг шөнийн дотор”, “түргэн” гэсэн үгсийг агуулж байсан ба хүмүүс аль болох богино хугацаанд үр дүн үзүүлдэг батганы эмчилгээний заавар, зөвлөгөөг авахаар YouTube сувагт ханддаг болохыг онцолсон байна. Түүнчлэн 4 видеоны гарчигт “Амны хаалтны батга” (maskne) гэсэн үг ашигласан байжээ. КОВИД-19 халдвараас хамгаалах зорилгоор амны хаалт хэрэглэсэнээс үүдэлтэй батгыг “Амны хаалтны батга” гэдэг бөгөөд нийгмийн сүлжээ нь цаг үеийн эрүүл мэндийн асуудлуудыг ч тусгадаг болохыг харуулж байгаа юм.  Судлаачид эцэст нь “Өсвөр насныхан болон насанд хүрэгчид гэртээ туршиж үзэж болох батга арилгах бодит эмчилгээний талаархи эдгээр зөвлөгөөг хэн өгч байгааг тодорхойллоо” хэмээн дүгнэсэн байна.

Мөн нийгмийн сүлжээнд нэгдсэн арьс судлаач мэргэжлийн эмч нар Youtube cувгийг ашиглан жинхэнэ “батганы мэргэжилтнүүд” шиг нотолгоонд суурилсан эрүүл мэндийн мэдээллийг түгээхэд анхаарах хэрэгтэй гэжээ.

Хувь хүн өөрийн эрүүл мэнд, гоо сайхны асуудлаа нийгмийн сүлжээг ашиглан богино хугацаанд шийдвэрлэж буй мэт боловч, шинжлэх ухаанаар батлагдаагүй аливаа эмчилгээний арга, зөвлөгөөг сохроор дагах нь эрсдэл дагуулж болох юм. Тиймээс аюулгүй, найдвартай байдлыг эрхэмлэн, зөвхөн мэргэжлийн арьс гоо заслын эмчид хандаж, тусламж үйлчилгээ авах нь чухал билээ.

Эх сурвалж: Nickles MA, Rustad AM, Ogbuefi N, McKenney JE, Stout M. What’s being recommended to patients on social media? A cross-sectional analysis of acne treatments on YouTube. J Am Acad Dermatol. 2021 Mar 20:S0190-9622(21)00605-8. doi: 10.1016/j.jaad.2021.03.053. Epub ahead of print. PMID: 33757799.

Мэдээлэл бэлтгэсэн: АУХ, Дотрын эмгэг судлалын секторын ЭША, Арьс гоо заслын эмч Т.Насанжаргал

Хянасан: АУХ, ЭНБД, АУ-ны доктор, Б.Батболд