Б.Өлзийсайхан, Б.Тэгшжаргал, Д.Баяр, Б.Анхзаяа, Д.Ганчимэг, Т.Насанжаргал,

Ө.Болор, Б.Оюун-Эрдэнэ, Б.Батболд, Л.Тулгаа

Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэн

E-mail: tulgaa.ims@mnums.edu.mn

Утас: +97699011565

Үндэслэл

Сүүлийн 2 жилийн хугацаанд дэлхийн эрүүл мэнд болон эдийн засагт шинэ коронавируст халдвар ноцтой аюул учруулсаар байна. Коронавирусын халдварын тархалт 2019 оны 12 сард БНХАУ-ын Ухань хотоос эхэлж улмаар дэлхий дахинд тархсан билээ.1,2 2021 оны 04 сарын 13-ны өдрийн байдлаар дэлхийн 216 улсад нийт 136 сая хүн SARS-CoV-2 вирусын халдвар авч, 2.9 сая хүн нас барж, 733 сая тун вакцин хийгээд байна.3 Үр дүнтэй эмчилгээгүй энэхүү халдварын улмаас үүссэн цар тахлын үед эх үүсвэрийг хянах хамгийн сайн арга бол зай барих, хөл хорио тогтоох арга хэмжээг хэрэгжүүлэх явдал байсан.4 Тиймээс бараг бүх улсын Засгийн газар, тухайлбал БНХАУ, ХБНГУ, АНУ, Франц зэрэг улс онц байдал зарлаж, хөл хорионы дэглэмээ чангатгаж байв.5,6 Сургууль, цэцэрлэгийг хааж, зайлшгүй шаардлагатай бус төрийн болон хувийн үйлчилгээг зогсоож, ажилчдыг гэрээс нь ажиллуулахаар шилжүүлэв. Монгол улс (МУ)-ын ЗГ ч энэхүү арга хэмжээг 2020 оны 01 сараас хэрэгжүүлж халдвар тархаагүй цөөн улс орны нэг байсан ч, 2020 оны 11 сарын 12-ны өдрөөс дотоодод халдвар гарч онц байдал зарлаж, хатуу хөл хорионы дэглэм тогтоосон.7 Дотооддоо халдвар алдсанаас хойших нийт 143 хоногийн хугацаанд хамгийн их тохиолдол 575 бүртгэгдсэн ба дээрх хугацаанд нийт 3 удаа гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 50 хоног хөл хорио тогтоожээ.8 2021 оны 04 сарын 06-ны өдрийн байдлаар 414’382 гаруй хүн шинэ коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтанд хамрагдаад байна.9 Нэмж дурдахад, МУ-ын засгийн газрын шийдвэрийн дагуу 2020 оны 01 сараас 2020 оны хичээлийн жил дуустал хүүхдүүд цахим хичээлд сууж, үзвэр үйлчилгээний газраар үйлчлүүлэх боломжгүй болсон. Мөн 2020 оны 09 сараас шинэ хичээлийн жил эхэлсэн боловч 11 сарын 12-ны өдрөөс эхлэн хүүхдүүд дахин цахимаар хичээллэж байгаа билээ. ДЭМБ болон АНУ-ын идэвхтэй хөдөлгөөний зааварт эрүүл амьдралын хэв маягийг баримтлахын тулд хүүхдүүд өдөр тутам дунджаар 60 минутын идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, дэлгэц ширтэх цагийг багасгахыг зөвлөсөн байдаг. Технологи, дижитал харилцаа холбооны хөгжил хүмүүсийн ажиллах, сурах, аялах, амьдрах хэв маягт нөлөөлж, ихэнх улс оронд хүүхэд, өсвөр үеийнхний суугаа өнгөрүүлэх хугацаа нэмэгдэж байна.10,11 Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь халдварт бус өвчин, ялангуяа таргалалт, зүрх судас, хорт хавдраас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.12 Олон улсын сүүлийн үеийн судалгаанаас харахад Ковид-19 цар тахлын хөл хориотой холбоотойгоор хүүхдүүдийн дунд дэлгэц ширтэж өнгөрүүлж буй хугацаа ихсэж байна.13,14

Зорилго

Ковид-19 цар тахлын хөл хорионы үед гэртээ байгаа 5-13 насны хүүхдийн биеийн идэвхтэй хөдөлгөөний байдлыг үнэлэхэд оршино.

Зорилт

  1. Хөл хорионы үед 5-13 насны хүүхдийн биеийн хөдөлгөөний идэвхийг үнэлэх
  2. Хөл хорионы үед 5-13 насны хүүхдийн биеийн хөдөлгөөний идэвх, дэлгэц ширтэлт хоорондын хамаарлыг тогтоох

Арга, аргачлал

Судалгааг нэг агшингийн загвараар, асуумжийн аргаар хийж гүйцэтгэлээ. Судалгаанд Ковид-19 цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед 628 гэр бүлийн 5-13 насны 1005 хүүхдийн асран хамгаалагчаас зөвшөөрөл авч, мэдээллийг олон нийтийн сүлжээ ашиглан 2021 оны 02 сарын 05-ны өдрөөс 03 сарын 09-ний өдрийн хооронд цуглуулав. Судалгааны асуумж ерөнхий мэдээлэл, хүүхэд тус бүрийн өдөрт гэртээ хийж буй дасгал хөдөлгөөн, дэлгэц ширтэж өнгөрүүлсэн хугацаа болон нойрны зан үйлтэй холбоотой нийт 33 асуултаас бүрдсэн. Хөдөлгөөний идэвхийг судалгаанд оролцогчдын нас, хүйс, дасгал хөдөлгөөн хийх талбай, дэлгэц ширтэх хугацаатай харьцуулсан.

●     Идэвхтэй хөдөлгөөний шалгуур

Хүүхэд боловсрол, олон нийт, ахуйн хүрээнд амрах, алжаал тайлахдаа (тоглоом, тэмцээн, спорт, дасгал), биеийн тамирын хичээл дээрээ, зорчихдоо (алхах, дугуй унах г.м.), гэрийн ажил хийхдээ хийж буй дасгал хөдөлгөөнийг хамруулсан.

●     Хөдөлгөөнгүй идэвхгүй байдлын шалгуур

Амьдралын суугаа хэв маягт амрах, ажиллахдаа хөдөлгөөн багатай суух, дэлгэц (зурагт, компьютер, утас, таблет г.м)-ийн урд өнгөрүүлэх хугацааг хамруулсан.

●     Дэлгэц ширтэлт

“Дэлгэц ширтэлт” гэж зурагт үзэх, компьютерээр ажиллах, видео тоглоом тоглох гэх мэт дэлгэцийн өмнө хийдэг үйл ажиллагаанд зарцуулж буй цагийг хэлнэ. Энэ нь хөдөлгөөний идэвхгүй буюу энерги маш бага зарцуулдаг байдлыг бий болгоно.

●     Хөдөлгөөний идэвхийн онооны үнэлгээ

Хөдөлгөөний идэвхийг үнэлсэн нийт 7 асуултыг тийм бол 1, үгүй бол 0 гэсэн оноогоор үнэлсэн. Үүнд: <2 оноо – муу, 3-5 оноо – дунд, 6-7 оноо – сайн

Статистик боловсруулалтыг SPSS (version 22.0, SPSS Inc., Chicago, IL, USA) программ ашиглан хийж гүйцэтгэлээ. Категори үзүүлэлт хоорондын ялгааг Chi- square тестээр шинжилсэн. Мөн хоёроос дээш бүлэг хоорондын хамаарлыг ANOVA шинжилгээгээр тодорхойлов. Дэлгэц ширтэж өнгөрүүлж буй хугацааг биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийж буй хугацаатай шугаман регрессийн шинжилгээгээр тодорхойлсон. Бүх статистик анализийг 2 талт байдлаар хийж p утга <0.05 байх тохиолдлыг статистик ач холбогдолтой гэж үзэв.

Үр дүн

Судалгаанд нийт 5-13 насны 1005 хүүхэд хамрагдсан. Судалгаанд оролцогчдын дундаж нас 8.12±2.56, хүйсийн хувьд эрэгтэй 566 (51.9%), эмэгтэй 481 (44.1%) байлаа. Орон байрны төрлөөр авч үзвэл амины байшинд 163 (15.0%), гэрт 117 (10.7%), орон сууцанд 779 (71.5%) тус тус амьдардаг байв (Хүснэгт 1). Хөл хориотой холбоотой нийт 658 (60.4%) хүүхдийн биеийн идэвхт хөдөлгөөн буурсан гэж хариулжээ (Хүснэгт 2). Хөл хорионы үед хүүхдүүдийн биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийсэн медиан 30 минут [min, max: 0, 180] байв. Судалгааны 5-6 насны бүлгийн 187 (59.9%), 7-11 насны бүлгийн 318 (60.6%), 12-13 насны бүлгийн 76 (52.1%) нь Ковид-19 цар тахлын хөл хорионы үед зурагт эсвэл цахимаар дасгал хөдөлгөөн дагаж хийж байгаа гэж тус тус хариулжээ. Судалгааны 5-6 насны бүлгийн 195 (62.3%), 7-11 насны бүлгийн 315 (59.9%), 12-13 насны бүлгийн 95 (65.1%) хүүхдийн эцэг, эхчүүд Ковид-19 цар тахлын хөл хорионы үед зурагт болон цахимаас хүүхдийнхээ нас, биед тохирсон дасгал хөдөлгөөн олж хийлгэж чаддаггүй гэжээ. Судалгааны 5-6 насны бүлгийн 279 (87.7%), 7-11 насны бүлгийн 439 (83%), 12-13 насны бүлгийн 89 (60.5%) нь Ковид-19 цар тахлын хөл хорионы үед биеийн идэвхтэй хөдөлгөөнт тоглоомоор тоглож байгаа гэжээ. Судалгааны 5- 6 насны бүлгийн 282 (88.4%), 7-11 насны бүлгийн 432 (81.5%), 12-13 насны бүлгийн 89 (60.5%) нь Ковид-19 цар тахлын хөл хорионы үед гүйж тоглож байгаа гэж тус тус хариулсан. Харин 12-13 насны бүлгийн 79 (53.4%) хүүхэд Ковид-19 цар тахлын хөл хорионы үед гүйж тоглохгүй байгаа гэж хариулжээ. Судалгааны 5-6 насны бүлгийн 168 (52.7%) хүүхэд алхалтын дасгал хийж байгаа гэж хариулсан бол, 7-11 насны бүлгийн 266 (50.5%), 12-13 насны бүлгийн 56 (57.7%) хүүхэд Ковид-19 цар тахлын хөл хорионы үед алхалтын дасгал хийхгүй байгаа гэжээ.  Судалгааны  5-6  насны  бүлгийн  285  (91.1%),  7-11  насны  бүлгийн 478 (90.5%), 12-13 насны бүлгийн 131 (89.7%) нь Ковид-19 цар тахлын хөл хорионы үед төхөөрөмжтэй дасгал хөдөлгөөн хийхгүй байгаа гэж тус тус хариулжээ. Судалгааны 5-6 насны бүлгийн 209 (66.1%), 7-11 насны бүлгийн 320 (61%), 12-13 насны бүлгийн 93 (62.8%) нь Ковид-19 цар тахлын хөл хорионы үед бусад дасгал хөдөлгөөн хийхгүй байгаа гэж тус тус хариулсан байв. Хүүхдүүдийн хөдөлгөөний идэвхийг 1-7 оноогоор үнэлэхэд нийт хүүхдийн 55 (5%) нь 0 оноотой, 62 (5.7%) нь 1 оноотой, 193 (17.7%) нь 2 оноотой, 194 (17.8%) нь 3 оноотой, 194 (17.8%) нь 4 оноотой, 154 (14.1%) нь 5 оноотой, 127 (11.7%) 6 оноотой, 29 (2.7%) нь 7 оноотой байв. Нийт судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн хөдөлгөөний идэвхийн дундаж оноо 3.5±1.7 буюу хөдөлгөөний идэвх дунд зэрэг байлаа. Хүүхдийн нас нэмэгдэхэд хөдөлгөөний идэвхийн оноо буурч байв (Зураг 1). Хөдөлгөөний идэвхийг өдөрт гар утас, таблет, зурагт үзэж, компьютер тоглоом тоглон, интернет, олон нийтийн сүлжээнд өнгөрүүлж буй хугацаатай харьцуулахад статистик ач холбогдол (p<0.001, p<0.0001, p<0.0001, p<0.0001) бүхий ялгаатай байсан (Зураг 2). Нийт 934 (85.4%) хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн (ЕБС) хичээлээ цахимаар үзэж байгаа бол 74 (6.8%) нь үзэхгүй байгаа гэж хариулжээ. Хөл хорионы үед хүүхдүүдийн дэлгэц ширтсэн медиан хугацаа 300 минут [min ,max: 0, 1260] байв. Үүнээс хүүхдүүдийн зурагт үзсэн медиан хугацаа 180 минут [min, max: 0, 420] байсан ба 43 (3.9%) хүүхэд 30 минут ба түүнээс бага хугацааг, 279 (25.6%) хүүхэд 60 минут хүртэлх хугацааг, 127 (11.7%) хүүхэд 120 минут хүртэлх хугацааг, 213 (19.5%) хүүхэд 180 минут хүртэлх хугацааг, 225 (20.6%) хүүхэд 300 минут хүртэлх хугацааг, 139 (12.8%) хүүхэд 420 минут хүртэлх хугацааг тус тус зурагт үзэхэд зарцуулж байлаа (Хүснэгт 2). Өдөрт гар утас, таблет, зурагт үзэж, компьютер тоглоом тоглон, интернет, олон нийтийн сүлжээнд өнгөрүүлж буй хугацааг насны бүлгээр авч үзэхэд дундаж хугацаа 5-6 насны бүлэгт 5.2 ± 5.5 цаг, 7-11 насны бүлэгт 7.4 ± 6.85 цаг, 12-13 насны бүлэгт 11.38 ± 8.78 цаг тус тус байлаа. Насны бүлгүүдийг өдөрт гар утас, таблет, зурагт үзэж, компьютер тоглоом тоглон, интернет, олон нийтийн сүлжээнд зарцуулсан, хөгжим сонсож болон утсаар ярьж буй хугацаатай харьцуулахад бүх бүлэгт статистик ач холбогдол (p<0.0001, p<0.0001, p<0.0001, p<0.0001, p<0.0001, p<0.011) бүхий ялгаатай байв (Зураг 3). Дэлгэц ширтэлт болон дасгал хөдөлгөөн хоорондын хамаарлыг шугаман регрессийн аргаар шинжлэхэд сул эерэг хамааралтай (r2=0.005, p<0.0001) байлаа. Дэлгэцээр контент үзэж өнгөрөөх цаг ихсэхэд хөдөлгөөний идэвх багасаж байв. Судалгаанд оролцогчдын 575 (52.8%) нь 12м2- аас бага, 514 (47.2%) нь 12м2-аас их тоглох талбайтай байсан ба хөдөлгөөний идэвхийг, хөдөлгөөн хийх талбайтай харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаагүй (p<0.31) байв. Мөн нийт судалгаанд оролцогчдын 633 (58.1%) нь 1, 262 (24%) нь 2, 44 (4%) нь 3, 5 (0.5%) нь 4 тооны насанд хүрсэн асран хамгаалагчтай хөл хорионы үед гэртээ байсан бол 137 (12.6%) хүүхэд насанд хүрсэн асран хамгаалагчгүй гэртээ байжээ. Хөл хорио тогтоохоос өмнө хүүхдүүд ойролцоогоор 22 (медиан) цагт унтдаг байсан бол хөл хорионы үед ойролцоогоор 24 (медиан) цагт унтдаг болсон байв (Хүснэгт 2).

Хэлцэмж

Бидний энэхүү судалгаа нь Ковид-19 цар тахлын хөл хорионы үед гэртээ байгаа 5-13 насны хүүхдийн биеийн идэвхтэй хөдөлгөөнийг үнэлэх зорилготой байв. Судалгаанд 5-13 насны 628 гэр бүлийн 1005 хүүхэд оролцсон ба үүнээс эрэгтэй 51.9%, эмэгтэй 44.1% байсан. Нийт оролцогчдын 71.5% орон сууцанд амьдарч байна. Хөдөлгөөний идэвхийг хүйсийн хувьд авч үзэхэд статистикийн ялгаагүй байв (p<0.301). Хүүхэд, өсвөр насныхан хөдөлгөөнгүй байх нь өвчин эмгэг, бие бялдрын хөгжлийн хоцрогдол, зан үйл, нийгмийн харилцаанд оролцоо багасах болон нойрны эмгэгтэй болоход нөлөөлдөг. Иймээс ДЭМБ 7 хоногт эрчимтэй хөдөлгөөн дунджаар 60 минут хийхийг хүүхэд, өсвөр насныханд (5-17 нас) зөвлөдөг ба хөдөлгөөний идэвх шаардахгүй дэлгэцтэй холбоотой зан үйлд хязгаарлалт хийх нь зүйтэй гэж үздэг. Хөдөлгөөнгүй зан үйлийн байдлыг сургууль, гэр, олон нийтийн газар болон тээврийн хэрэгсэлд энерги бага зарцуулж сууж хэвтэж өнгөрүүлж буй хугацаа гэж тодорхойлдог.9 Судалгаанд оролцсон нийт хүүхдүүдийн 60.4%-д биеийн идэвхт хөдөлгөөн хөл хорионы үед буурсан байсан нь бусад улсын судалгааны үр дүнгүүдтэй төстэй байлаа.14-16 Бид судалгаанд оролцогчдыг насны 3 бүлэгт хуваасан ба 7-11 насны бүлгийн хүүхдүүд хамгийн өндөр буюу 60.6% нь зурагт болон цахимаар дасгал хөдөлгөөн хийдэг байв. Бүх насны бүлгийн хүүхдүүдийн эцэг эхчүүд зурагт болон цахим орчноос хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөн олж хийлгэж чаддаггүй гэсэн нь ЕБС-ийн биеийн тамирын цахим хичээл хангалтгүй байгааг харуулж байлаа. Хөл хорионы үед хүүхдүүдийн насны бүлэг ахих тусам гүйх, алхах дасгал хөдөлгөөн хийх нь багассан зүй тогтол ажиглагдав. Биеийн тамирын ямар нэг төхөөрөмжтэй дасгал хөдөлгөөн хийж буй хүүхдийн тоо маш бага байгаа нь Монгол гэр бүлийн дунд орон байрандаа дасгал хөдөлгөөн хийх хэвшил тогтоогүй байгааг илэрхийлж байна. Мөн бусад төрлийн дасгал хөдөлгөөн хийж буй хүүхдийн тоо бага байв. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдүүдийн хөдөлгөөний идэвхийн дундаж оноо 3.5±1.7 буюу хөдөлгөөний идэвх дунд зэрэг байсан ч 6 ба 7 оноотой буюу хөдөлгөөний идэвх сайн байгаа хүүхдүүдийн эзлэх хувь (11.7% ба 2.7%) бага байлаа. Хүүхдийн нас нэмэгдэхэд хөдөлгөөний идэвхийн оноо буурч байгаа нь бүх насныханд, ялангуяа 12-13 насны хүүхдүүдэд илүү ажиглагдсан (Зураг 1). Cудалгаанд оролцогчдын 52.8% буюу 575 хүүхэд 12м2-аас бага талбайд дасгал хөдөлгөөн хийж байсан ч хөдөлгөөн хийх талбайн хэмжээ ба хөдөлгөөний идэвх хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй (p<0.31). Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 11 сарын 01-ний өдрийн A/179 дүгээр тушаалын IV хавсралтын “Сургалт-хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”-д бичгийн хичээл нь хүүхдийг амархан ядраадаг тул бага ангийн сурагчдад тасралтгүй бичих үйл ажиллагааг 8-10 минутаас хэтрүүлэхгүй гэжээ.17 Гэсэн хэдий ч цар тахлын хөл хорионы үед хүүхдүүдийн хичээл цахимаар явагдаж байгаа болон гэртээ байх хугацаа ихэссэнтэй холбоотойгоор зурагт үзэж буй медиан хугацаа 180 минут [min,max:0,420] байв. Энэ нь нэг цахим хичээлийн үргэлжлэх хугацаанаас (20 минут) 3-5 дахин их байсан ба хүүхдийн ангиас хамаарч өдөрт 1-3 хичээл цахимаар ордог байна.18 Дээрх дүрэм Ковид-19 цар тахлын өмнө гарсан тул одоогийн нөхцөл байдалд хэрэглэхэд зарим нэг шинэчлэлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Дэлхийн зарим улс орнууд Ковид-19 цар тахлын улмаас хүүхдийн идэвхтэй хөдөлгөөнд гарсан сөрөг өөрчлөлтийн үр нөлөөнөөс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор хүүхэд гэртээ дасгал хөдөлгөөн хийх боломжтой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлжээ.19 Тухайлбал Канад улс шинэ коронавируст халдвараас хойш үүлэн технологид суурилсан “PLAYBuilder” болон “Appetite to Play” хэмээх хүүхдийн бие, сэтгэцийн эрүүл мэндэд зориулсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөр нь бага насны хүүхдийн эрүүл хооллолт, биеийн тамирын дасгал хөдөлгөөний талаар сурталчлах зорилготой ажээ. “Appetite to Play” хөтөлбөр нь эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан өөрийгөө үнэлэх, төлөвлөлт хийх, зөвлөмж унших, хоолны жор авах, тоглоом тоглох болон бусад үйл ажиллагааг багтаажээ.20,21 Харин Нэгдсэн Вант улсаас хэрэгжүүлж буй “SIMPLE Movement” хөтөлбөр нь хүүхэд бүрт унших, бичих, спортоор хичээллэх, тоглох зэрэг чадваруудыг олж авахад туслах зорилготой юм. Энэхүү дагаж мөрдөхөд хялбар хөдөлгөөнт хүүхэлдэйн цахим хөтөлбөр нь бие махбодийн өсөлт хөгжилд шаардлагатай чадваруудыг хөгжилтэй, тааламжтай байдлаар төлөвшүүлэх зорилготой байна.22 Бид судалгаанд оролцогчдыг насны 3 бүлгээр өдөрт гар утас, таблет, зурагт үзэж, компьютер тоглоом тоглон, интернет, олон нийтийн сүлжээнд зарцуулсан, хөгжим сонсож болон утсаар ярьж буй хугацаатай харьцуулахад бүх бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан нь бусад судалгааны үр дүнтэй дүйж байв.13-15,23 Судалгаанд оролцогчдын насны бүлэг ахих тусам дэлгэц ширтэх хугацаа нэмэгдэж байв (Зураг 3). Гэсэн хэдий ч дэлгэц ширтэх хугацааг биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх хугацаатай шугаман регрессийн аргаар шинжлэхэд сул эерэг хамааралтай (r2=0.005, p<0.0001) байсан. Мөн нийт судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 12.6% буюу 137 хүүхэд хөл хорионы үед насанд хүрсэн асран хамгаалагчгүй гэртээ байжээ. Бид асран хамгаалагчгүй хүүхдүүдийг цахим хичээлийн хамрагдаж буй байдалтай харьцуулахад статистикийн хувьд ач холбогдолгүй байсан (p<0.85). Гэвч хөл хорионы үед цөөнгүй тооны хүүхэд гэртээ насанд хүрсэн асран хамгаалагчгүй байгаа нь ахуйн осол, гэмтэлд өртөх, хоол тэжээл, нойрны дутагдалд ороход нөлөөлөх магадлалтай юм. Судалгаанд оролцогчдын унтдаг цаг хөл хорионоос өмнө дунджаар 22 цаг байсан бол хөл хорионоос хойш 24 цаг болсон байв (Хүснэгт 2). Бидний судалгааны үр дүнгээс харахад Ковид-19 цар тахлын хөл хорионы үед 5-13 насны хүүхдийн биеийн идэвхт хөдөлгөөн буурч, орой унтдаг болжээ. Энэ нь орчин үеийн техник, тоног төхөөрөмж, олон нийтийн сүлжээ, компьютер тоглоомын хэрэглээ, хүртээмж ихэссэнтэй мөн хөл хорионы улмаас гэртээ өнгөрүүлэх хугацаа ихсэж, ЕБС-ийн хичээл цахимаар орж байгаатай холбоотой байж болзошгүй байна.

Дүгнэлт

  1. Хатуу хөл хорионоос шалтгаалан 5-13 насны хүүхдийн хөдөлгөөний идэвхгүй байдал нэмэгджээ. Хүүхдийн нас нэмэгдэхэд хөдөлгөөний идэвхийн оноо буурч байв.
  2. Дэлгэц ширтэж өнгөрөөх хугацаа буюу гар утас, таблет, зурагт үзэж, компьютер тоглоом тоглон, интернет, олон нийтийн сүлжээнд өнгөрөөх хугацаа нэмэгдэхэд хөдөлгөөний идэвх багасаж байлаа.

Зөвлөмж:

  1. 5-13 насны хүүхдийн дэлгэц ширтэх хугацааг багасгах (цахим хичээлийн хугацаа, агуулгыг багасгах, боловсролын бус дэлгэц ширтэх хугацааг хязгаарлах)
  2. 5-13 насны хүүхдийн биеийн идэвхтэй хөдөлгөөнийг идэвхжүүлэх (хүүхдийн нас, бие бялдрын хөгжилд тохирсон идэвхтэй дасгал хөдөлгөөн хийлгэх, эцэг эх, асран хамгаалагчид хүүхэдтэйгээ хамт хөдөлгөөнт тоглоом тоглох гэх мэт)

Талархал

Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэнгийн нийт эрдэм шинжилгээний ажилтнууддаа судалгааны асуумжийг түгээж өгсөнд талархал илэрхийлье.

Ном зүй

  1. Umakanthan S, Sahu P, Ranade AV, et Origin, transmission, diagnosis and management of coronavirus disease 2019 (COVID-19). Postgrad Med J. 2020;96(1142):753-758.
  2. Liu J, Liu The management of coronavirus disease 2019 (COVID-19). J Med Virol. 2020;92(9):1484-1490.
  1. WHO Coronavirus (COVID-19) Dashboard. 2021; https://covid19.who.int/.
  2. Sun P, Lu X, Xu C, Sun W, Pan Understanding of COVID-19 based on current evidence. Journal of Medical Virology. 2020;92(6):548-551.
  1. Alfano V, Ercolano S. The Efficacy of Lockdown Against COVID-19: A Cross-Country Panel Analysis. Applied health economics and health policy. 2020;18(4):509-517.
  2. Cauchemez S, Kiem CT, Paireau J, Rolland P, Fontanet A. Lockdown impact on COVID-19 epidemics in regions across metropolitan France. Lancet (London, England). 2020;396(10257):1068-1069.
  3. Tegshjargal Badamjav, Ganchimeg Dondov, Batchimeg Batbaatar, et al. A cross-sectional study of Knowledge, Attitudes, and Practices towards COVID-19 in Mongolia. 2020;93(3):100-105.
  4. News 2021.
  5. Daily report of COVID-19 2021; https://covid19.mohs.mn/p/cat/post/57/.
  6. Piercy KL, Troiano RP, Ballard RM, et The Physical Activity Guidelines for Americans. JAMA. 2018;320(19):2020-2028.
  1. TEAM WHO guidelines on physical activity and sedentary behaviour. 2020; https://www.who.int/publications/i/item/9789240015128.
  2. Ding D, Lawson KD, Kolbe-Alexander TL, et al. The economic burden of physical inactivity: a global analysis of major non-communicable diseases. 2016;388(10051):1311-1324.
  3. Chambonniere C, Lambert C, Fearnbach N, et Effect of the COVID-19 lockdown on physical activity and sedentary behaviors in French children and adolescents: New results from the ONAPS national survey. Eur J Integr Med. 2021;43:101308.
  4. Cachon-Zagalaz J, Zagalaz-Sanchez Mf, Arufe-Giraldez V, Sanmiguel-Rodriguez A, Gonzalez- Valero G. Physical Activity and Daily Routine among Children Aged 0-12 during the COVID-19 Pandemic in Spain. Int J Environ Res Public Health. 2021;18(2).
  5. Dunton GF, Do B, Wang SD. Early effects of the COVID-19 pandemic on physical activity and sedentary behavior in children living in the U.S. BMC Public Health. 2020;20(1):1351.
  6. Hemphill NM, Kuan MTY, Harris KC. Reduced Physical Activity During COVID-19 Pandemic in Children With Congenital Heart Disease. Can J Cardiol. 2020;36(7):1130-1134.
  7. МХЕГ. Сургалт-хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм. 2017; https://www.legalinfo.mn/annex/details/8263?lawid=13194.
  8. БШУЯ. ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ 2020; https://www.meds.gov.mn/?p=7059.
  9. Shahidi SH, Stewart Williams J, Hassani Physical activity during COVID-19 quarantine. Acta Paediatr. 2020;109(10):2147-2148.
  10. McIntosh K. Sport for Life. https://sportforlife.ca/blog/playbuilder-qa-with-kelsey-mcintosh-of- ringette-canada/.
  11. Appetite to play. https://appetitetoplay.com/.
  12. Simple physical literacy. https://www.simplephysicalliteracy.com/.
  13. Wunsch K, Nigg C, Niessner C, et al. The Impact of COVID-19 on the Interrelation of Physical Activity, Screen Time and Health-Related Quality of Life in Children and Adolescents in Germany: Results of the Motorik-Modul Study. Children (Basel). 2021;8(2).