S.F. Lumley et.al,
n engl j med 384;6 nejm.org February 11, 2021
Үндэслэл
SARS-COV-2 халдварын дараа дархлааны хариу урвал үүсдэг нь тодорхой хэдий ч уг үүссэн хариу урвалын үр дүнд тухайн хүн удаах халдвараас хамгаалагддаг эсэх нь тодорхойгүй байгаа билээ. Халдварын дараа тогтох дархлаа хэр удаан тогтох, халдвараас хэр зэрэг хамгаалах эсвэл халдварын хүндрэлээс хамгаалдаг эсэхийг судлах нь цар тахлын үед чухал ач холбогдолтой билээ.
Халдварын дараах дархлаа нь эсийн болон шингэний дархлаагаар тогтож болно. Халдварын дараах дархлааг судлахад анхаарах гол зүйлүүд нь хамгаалалтын үйл ажиллагааны хамаарлыг тодорхойлох, хэмжигдэхүйц тодорхой маркерыг тодорхойлох болон өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмнэлэгт хэвтэх, нас барах, цааш дамжих зэрэг эцсийн цэгүүдийг тодорхойлох явдал юм.
SARS-CoV-2 вирусын эсрг эсрэгбиеийн шинжилгээгээр титэм уураг, нуклеокапсидын эсрэг эсрэгбиеийг тодорхойлсон. Титэм уургийн рецепторт холбогдох хэсгийн эсрэг саармагжуулах эсрэгбиеүүд халдварын дараах дархлаа үзүүлж байгааг тогтоосон. Гэвч эсрэгбиеийн хэмжээ ба сийвэнгийн саармагжуулах идэвхийн хоорондох хамаарал бол шинжилгээ, цаг хугацаанаас шалтгаална.
Дэлхийд 76 гаруй сая хүн уг вирүсээр халдварлагдаж цааш халдварыг тарааж байгаа хэдий ч халдвар авсан хүн дахин халдвар авсан тохиолдол ховор байгаа бөгөөд халдвар авсан тохиолдлууд нь ихэвчлэн хөнгөн эсвэл шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсний дараагаар дахин халдвар авч байгаа нь халдварын дараах дархлаа ихэнх хүмүүст тодорхой түвшинд үүсч байгааг баталж байна. Түүнчлэн жижиг хэмжээний судалгаагаар саармагжуулах эсрэгбиес халдварын эсрэг хамгаалалт үүсгэж байж магадгүй гэж үзэж байна.
Бид эрүүл мэндийн ажилчдын дунд SARS-CoV-2 вирусын ПГУ-ын шинжилгээгээр эерэг гарсан болон эсрэгбие ийлдэс-эсрэг ба ийлдэс-сөрөг шинж тэмдэг бүхий тохиолдлуудын харьцангуй өвчлөлийг проспектив кохорт загвараар судлалаа.
Материал арга зүй
Кохорт
Оксфорд их сургуулийн эмнэлэгт шинж тэмдэг илэрсэн болон илрээгүй эмнэлгийн ажилчдад SARS-CoV-2 халдвар илрүүлэх ПГУ шинжилгээ хийсэн. 2020 оны 3 сарын 27-ны өдрөөс эхлэн шинж тэмдэг бүхий (ханиалгах, халуурах, үнэр амт алдагдсан) хүмүүст хамар болон ам залгиурын арчдасын шинжилгээ авсан. Шинж тэмдэггүй ажилчдаас хамар болон ам залгиурын арчдасыг 2 долоо хоног тутам, серологийн шинжилгээг 2 сар тутам авч, ажилчдыг 2020 оны 10 сарын 30 хүртэл дагаж судалсан.
Лабораторийн шинжилгээ
Титэм уургийн эсрэг эсрэгбие (ELISA), нуклеокапсид уургийн эсрэг эсрэгбиеийг ийлдсийн шинжилгээгээр тогтоов.
Статистик тооцоолол
Эрүүл мэндийн ажилчдыг эсрэгбиеийн суурь үзүүлэлтэд үндэслэн ангилсан. Эсрэгбие эсрэг оролцогчдыг эсрэгбиеийн эхний шинжилгээнээс судалгаа дуусах хүртэл эсвэл ПГУ-ын шинжилгээгээр эерэг гарах хүртэл халдвар авах эрсдэлтэй, эсрэгбие эерэг оролцогчдыг эсрэгбие эерэг гарсан өдрөөс хойш 60 хоногийн дараагаас судалгаа дуусах хүртэл эсвэл ПГУ-ын шинжилгээгээр эерэг гарах хүртэл халдвар авах эрсдэлтэй гэж үзсэн. Оролцогчдын хүйс, насыг ижилсүүлэн эсрэгбиеийн суурь үзүүлэлтийн дагуу ПГУ-ыг шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлын өвчлөлийг загварчлахад Пойссон регрессийн аргыг ашигласан.
Анхан шатны шинжилгээнд титэм уургийн эсрэг эсрэгбиеийн үр дүнг халдвараас хамгаалах болон саармагжуулах идэвхитэй хамгийн ойр хамаарах, судалгаа эхлэхээс өмнөх үеийн байдлаар авч үзсэн. Мөн нуклеокапсид уургийн эсрэг эсрэгбиеийн шинжилгээний үр дүн ба үндсэн 3 эсрэгбиеийн хавсарсан загварыг (хоёул сөрөг, хоёул эсрэг,зөвхөн нэг нь эерэг) судалсан.
Үр дүн
Титэм уургийн эсрэг IgG суурь үзүүлэлт болон ПГУ шинжилгээ
Нийт 12,541 эрүүл мэндийн ажилтнууд оролцож, титэм уургийн эсрэг эрсэгбие IgG тодорхойлсноос эсрэгбие сөрөг 11,364, эсрэгбие эерэг 1265 хүнийг дагаж судалснаас 88 тохиолдолд сероконверц (антиген ба эсрэгбиеийн хэмжээ тэнцүү болох) ажиглагдсан. Ийлдэс-эерэг 1265 эрүүл мэндийн ажилчдаас 864 (68%) тохиолдолд Ковид-19 өвчний шинж тэмдгүүд илэрч байсан бол 466 (37%) тохиолдол өмнө нь ПГУ шинжилгээгээр эерэг батлагдаж байсан ба үүний 262 тохиолдолд нь шинж тэмдэг илэрч байжээ. Ийлдэс-сөрөг цөөн тохиолдолд (2860 [11.364 ийлдэс сөрөг тохиолдлын 25%]) шинж тэмдэг илэрч байсан ба мөн 24 тохиолдол ийлдэс сөрөг шинж тэмдэг өгсөн тохиолдолд ПГУ эерэг гарч байсан. Ийлдэс эерэг ба сөрөг эмнэлгийн ажилчдын дундаж нас 38 (29-49 нас) байлаа. Ажилчдыг эсрэг биеийн шинжилгээ сөрөг гарснаас хойш дунджаар 200 өдөр (180-207 өдөр), эерэг гарснаас хойш дунджаар 139 (117-147 өдөр) дагаж судалсан.
Титэм уургийн эсрэг IgG байдал ба ПГУ эерэг тохиолдол
Титэм уургийн эсрэг эсрэгбиеийн шинжилгээ эерэг гарсан тохиолдолд ПГУ эерэг тохиолдол батлагдах магадлал багатай байв. Сөрөг гарсан 11,364 ажилчдын 223 тохиолдолд ПГУ шинжилгээ эерэг гарсан бөгөөд үүний 100 тохиолдол нь шинж тэмдэггүй байсан бөгөөд скрийнингийн үед батлагдсан бол үлдсэн 123 тохиолдолд шинж тэмдэг илэрч байжээ. Титэм уургийн эсрэг IgG эерэг 1265 ажилчдын 2 тохиолдолд ПГУ эерэг тохиолдол батлагдсан бөгөөд хоёул шинжилгээ өгөх үед шинж тэмдэггүй байжээ. Ийлдэс эерэг ажилчдад ПГУ эерэг илрэх магадлал 0.12 (95% ИХ, 0.03-0.47; P=0.002) байлаа. Харин ийлдэс сөрөг ажилчдад ПГУ эерэг тохиолдол батлагдах магадлал 10,000 өдөрт 0.6 байв. Ийлдэс-эерэг ажилчдад шинж тэмдэг бүхий ПГУ эерэг тохиолдол тохиолдоогүй байна. Өмнө нь ПГУ эерэг батлагдаж байсан ийлдэс-сөрөг 24 тохиолдолд ахин ПГУ хийхэд дахиж эерэг гараагүй бөгөөд дагах судалгааны явцад эдгээрийн 5 тохиолдолд сероконверц тохиолдсон байна.
Нуклеокапсид уургийн эсрэг IgG статус
Нуклеокапсид уургийн эсрэг IgG-г 12666 ажилчдад өмнөх халдварын маркер болгон ашигласан бөгөөд 11543 ийлдэс-сөрөг ажилчдын 226 тохиолдолд ПГУ эерэг гарсан ба 1172 эсрэг бие эерэг илэрсэн ажилчдын 2 тохиолдолд ПГУ эерэг илэрсэн. Нуклеокапсид уургийн эсрэг IgG хэмжээ ихсэхийн хэрээр ПГУ эерэг тохиолдол буурч байсан. 12479 ажилчдад титэм уургийн эсрэг ба нуклеокапсид уургийн эсрэг эсрэгбиеийн титрийн хэмжээг хоёуланг үзсэн. 11182 ажилчдад уг хоёр эсрэгбие хоёул сөрөг гарсан бөгөөд 218 тохиолдолд шинжилгээний дараа SARS-CoV-2 вирусын халдвараар халдварласан байна. Харин 1021 ажилчдад уг хоёр эсрэгбие илэрсэн бөгөөд 1 тохиолдолд ПГУ эерэг тохиолдол батлагджээ (өвчлөлийн түвшингийн харьцаа, 0.06; 95% ИХ, 0.01-0.46). Мөн холимог эсрэгбиеийн титр бүхий 344 ажилчдын 2 тохиолдолд ПГУ эерэг тохиолдол батлагджээ (өвчлөлийн түвшингийн харьцаа, 0.42; 95% ИХ, 0.10-1.69).
ПГУ-ын шинжилгээ эерэг, ийлдэс эерэг үр дүн
Ийлдэс эерэг 3 оролцогдын ПГУ-ын шинжилгээ эерэг гарсан (титэм уургийн эсрэг эсрэгбие 1, нуклеокапсид уургийн эсрэг эсрэгбие 1, хоёул илэрсэн 1). Анхны шинэ тэмдэг илэрснээс эсвэл ийлдэст эсрэгбие эерэг гарснаас ПГУ-ын шинжилгээ эерэг гарах хүртэлх дундаж хугацаа 160-199 өдөр байсан. Харин хоёр эсрэгбие хоёул эерэг 1 оролцогчид ПГУ-ын шинжилгээ 5 удаа сөрөг гарсны дараа 6 дахь шинжилгээгээр (халдвар авснаас 190 хоногийн дараа, шинж тэмдэггүй байсан) батлагдсан байна. Дөрөв дэх хоёр эсрэгбие хоёул эерэг тохиолдлын ПГУ-ын шинжилгээ эерэг үр дүн халдварын шинж илэрснээс 231 дэх өдөрт тодорхойлогдсон боловч давтан шинжилгээгээр 2 удаа сөрөг гарсныг лабораторийн алдаа гэж үзсэн. Дараагийн ийлдсийн шинжилгээнүүдээр нуклеокапсид уургийн эсрэгбиеийн үр дүн тодорхойгүй харин титэм уургийн эсрэг эсрэгбиеийн шинжилгээ тогтвортой эерэг гарсаар байсан.
Дүгнэлт
Нуклеокапсид уургийн эсрэг эсвэл титэм уургийн эсрэг эсрэгбие илрэх нь 6 сарын хугацаанд SARS-COV-2 вирусын халдвараар дахин халдварлах магадлал багатай байдаг байна.
Эх сурвалж:
Lumley SF, O’Donnell D, Stoesser NE, Matthews PC, Howarth A, Hatch SB, Marsden BD, Cox S, James T, Warren F, Peck LJ, Ritter TG, de Toledo Z, Warren L, Axten D, Cornall RJ, Jones EY, Stuart DI, Screaton G, Ebner D, Hoosdally S, Chand M, Crook DW, O’Donnell AM, Conlon CP, Pouwels KB, Walker AS, Peto TEA, Hopkins S, Walker TM, Jeffery K, Eyre DW; Oxford University Hospitals Staff Testing Group. Antibody Status and Incidence of SARS-CoV-2 Infection in Health Care Workers. N Engl J Med. 2021 Feb 11;384(6):533-540. doi: 10.1056/NEJMoa2034545. Epub 2020 Dec 23. PMID: 33369366; PMCID: PMC7781098.
https://www.nejm.org/doi/pdf/10.1056/NEJMoa2034545?articleTools=true
Орчуулсан: Мэдрэл судлалын секторын ЭША Д.Болормаа
Хянасан: АУ-ны доктор Б.Чимэглхам
Recent Comments