2021 оны 06 сарын 25-ны өдөр

Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэнгийн 60 жилийн ойн хүрээнд “ЭРДМИЙН ТҮЛХҮҮР–2021” залуу судлаачдын эрдэм шинжилгээний цахим хурал 6 дугаар сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Энэхүү хурлыг нээж Боловсрол шинжлэх ухааны яамны инноваци технологийн газрын дарга, техникийн ухааны доктор Д.Одгэрэл, АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн захирал АУ-ны доктор, профессор Н.Сүмбэрзул, Анагаах ухааны хүрээлэнгийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Л.Тулгаа нар тус тус үг хэллээ.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь анагаахын шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухааны бусад салбарууд, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр судалгааны ажил хийж буй докторант, магистрант оюутан болон залуу судлаачдын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд хуралд нийт 68 илтгэл ирүүлснээс шүүгчдийн баг 10 илтгэлийг шалгаруулан аман илтгэл хэлэлцүүллээ. Бидний хурлын шигтгээ болсон хоёр зочин илтгэгч нар болох Мэндсайханы Анармаа нь Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний төв лабораторит эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад Шигагийн Анагаах ухааны их сургуульд суралцан докторын зэрэг хамгаалж, зочин судлаачаар ажиллаж байна. М.Анармаа “Лизосомын уургууд болох програнулин болон просапосины Алцхеймерийн өвчний эмгэг бүтцэд оролцох нөлөө” сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн мөн Батсайханы Саруулжавхлан нь Япон улс, Оита их сургууль, АУ-ны факультет, Хүрээлэн буй орчин ба УС анагаах ухааны тэнхимийн Докторантаар суралцаж байгаа залуу судлаач бөгөөд “Микробиом ба Helicobacter pylori-ийн халдвар” сэдвээр бусад залуу судлаачдад үр өгөөжтэй, үлгэр дууриалал бүхий сайхан илтгэлүүдийг хэлэлцүүлсэн.
Хурлын даргаар МЭСС-ын эрхлэгч, АУ-ны доктор Б.Чимэглхам, ЭШТЛ-ийн эрхлэгч, АУ-ны доктор С.Мөнхбаяр нар ажиллан илтгэгчдийн илтгэлийг удирдан, хурлын дэгийг сахиулсан. Хурлын хугацаанд цаг үеэ олсон, сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлэгдсэнээс хурлын эрхэм шүүгчдийн бүрэлдэхүүн болох хурлын ерөнхий шүүгч АШУ-ны доктор, профессор Б.Мөнхбат, Монгол улсын хүний гавьяат эмч АУ-ны доктор, профессор Ц.Бадамсэд, АУХ-ийн ЭНБД, АУ-ны доктор Б.Батболд нар 3 шилдэг илтгэлийг (Тэргүүн, дэд, тусгай байр) шалгаруулсан. Тэргүүн байрны шагналыг АУХ-ийн ЭША, АУ-ны магистр Д.Ганчимэгийн хэлэлцүүлсэн “Ходоодны хорт хавдар, түүний урьдал эмгэгийн эрсдлийг хеликобактерийн эсрэг бие болон ийлдсийн пепсиноген биомаркераар үнэлэх нь” сэдэвт илтгэл эзэлж, дэд байрыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны ЭШДэА, Боловсрол судлалын ухааны докторант Х.Бямбасүрэнгийн туурвисан “Монгол улсын 18-69 насны хүн амын дасгал, хөдөлгөөнөөр хичээллэх талаар мэдлэг, хандлагыг тогтоох үндэсний судалгаа” сэдэвт илтгэл эзлэн, Тусгай байрны шагналыг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн докторант Sarengaole судлаачийн туурвисан “Development Technology of Synbiotic Yogurt With Cholesterol Lowering Ability” сэдэвт илтгэл тус тус эзэллээ. Энэхүү ЭРДМИЙН ТҮЛХҮҮР-2021 эрдэм шинжилгээний хурлыг АУХ-ийн ЭНБД, АУ-ны доктор Б.Батболд  жаргааж үг хэллээ.

Мэдээ бичсэн: ЭШТЛ-ийн ЭША, АУ-ны магистр Ө.Хулан, Э.Билгүүн