2021 оны 10 сарын 4-ний байдлаар дэлхий дахинд 235 сая орчим хүн Ковид-19 оношлогдож, 4.8 сая хүн уг өвчний улмаас нас барж, 212 сая хүн эдгэрсэн тоо баримт байна. Манай улсад 310 мянган хүн халдвар авч, 1300 хүн нас барж, 291 мянган хүн эдгэрээд байна. Ковид-19 нь шинэ төрлийн коронавирус (SARS-CoV-2)-аар үүсэж, амьсгалын замын цочмог хам шинжээр илэрч, зүрх, тархи, уушги, элэг, бөөр болон цус бүлэгнэлтийн тогтолцооны хүндрэл үүсгэдэг өвчин юм. Ковид-19 халдварын дараа ихэнхи хүмүүс бүрэн эдгэрч байгаа хэдий ч зарим хүмүүст эмнэлзүйн шинж тэмдэг үргэлжлэн илэрсээр байна. АНУ, Англи, Швед улсын 4 сая хүнд хийсэн Ковид-19 халдварын эмнэлзүйн судалгаанд  SARS-CoV-2 вирус эерэг оношлогдсон өвчлөгсдийн 10%-д эмнэлзүйн шинж тэмдэг 3 долоо хоног өнгөрсөн ч илэрсээр байсан бөгөөд цөөн тооны хүмүүст шинж тэмдэг хэдэн сар хүртэл хугацаанд үргэлжилжээ.

Зураг 1. Ковид-19 халдварын хугацааны схем (хо.дараа- хоногийн дараа)

АНУ, Европ болон Хятадад цочмог Ковид-19-өөр өвдөж эмнэлэгт хэвтээд гарсан хүмүүсийн халдварын дараах цочмогдуу (шинж тэмдэг үргэлжилж байгаа) болон архаг (ковид-19-ын дараах хам шинж) хэлбэрийн үед илрэх шинж тэмдгийг судалсан судалгаанууд нилээдгүй байна (Хүснэгт 1). Ковид-19 халдварын дараа урт хугацаанд амьсгал давчдах, ханиалгах, цээжний өвдөлт, зүрх дэлсэх , ядарч сульдах, халуурах, танин мэдэхүй буурах (толгой манарах, анхаарал төвлөрөл, ой санамж буурах), толгой өвдөх, толгой эргэх, нойрны хямрал, захын мэдрэлийн эмгэг, дэмийрэх (өндөр настай хүмүүст), гүйлгэх, дотор муухайрах, хэвлийн өвдөлт, хоолны дуршил буурах, үений өвдөлт, булчингийн өвдөлт, сэтгэл гутрал, сэтгэл зовнил, тууралт гарах, үс унах, чих өвдөх, хоолой өвдөх, амтлах үнэрлэх чадвар алдагдах зэрэг шинжүүд илэрч болно. Хамгийн түгээмэл шинжүүд нь ядарч сульдах, амьсгаадах, ханиалгах, үений өвдөлт, амт үнэр алдагдах зэрэг байна.

Хүснэгт 1. Ковид-19-ын дараах хам шинжийг судалсан судалгаанууд

Бэлтгэсэн: ЗСМЗ, ЭША Д.Долгион

Хянасан: ЗСМЗ, секторын эрхлэгч АУ-ны доктор Б.Содгэрэл
Эх сурвалж: https://doi.org/10.1038/s41591-021-01283-z