Манай орны хувьд агаарын бохирдол нь нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Агаарт тогтож үлдсэн хатуу, шингэн эсвэл холимог төлөвтэй органик болон химийн гаралтай бодисуудыг PM (particulate matter) гэж нэрлэдэг. Эдгээр нь хоорондоо диаметрийн хэмжээгээрээ (мкм) ялгаатай бөгөөд бүдүүн ширхэгт тоосонцор (PM10) нь амьсгалын зам дах намираа хучуур эд, салстад хуримтлагддаг бол нарийн ширхэгт тоосонцор (PM2.5) нь уушгины трахеобронхиал болон цулцанд хуримтлагдахаас гадна агаар цусны хоригоор нэвтэрч биед сөрөг нөлөө үзүүлдэг.

Нарийн ширхэгт тоосонцор (PM2.5) нь амьсгалын замаар дамжин цусанд нэвтэрч орсноор бүх бие махбодиор тархан дархлааны урвал, эсийн доторх дохио дамжилт, амьд эсийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, эмгэг хуримтлал үүсгэх замаар нөлөөлдөг. Түүнд агуулагдах зэс, цайр, төмөр, болон магни зэрэг хүнд металлын ионууд түүнчлэн полицикл, ароматик  гидрокарбон, липополисахарид зэрэг органик нэгдлүүд нь уушгины эдийн гэмтэл үүсгэгч чөлөөт радикалуудыг үүсгэдэг байна. Ингэснээр эсийн мембран, ДНХ-г исэлдүүлж  гэмтэл үүсгэх нэг шалтгаан болдог.

Хятад улсад хийсэн судалгаагаар тогтмол гадаа ажилладаг 16 замын цагдаа болон дотор ажилладаг 16 ажилтныг хамруулсан судалгаа хийжээ. Судалгаанд оролцогчдын захын венийн судаснаас 3 мл цус авч (EDTA) лимфоцит эсийг ялган авч  ДНХ-ийн гэмтлийн тархалтыг илрүүлэхийн тулд нэг эсийн гель электропроз (comet assay) шинжилгээг хийсэн.

Судалгааны үр дүнгээс харахад орчны агаарт буй жижиг ширхэгт тоосонцор нь (PM) бохирдол үүсгэгч гол шалтгаан болж байгаа бөгөөд эдгээр тоосонцорт агуулагдах химийн нэгдлүүд нь хүний биед хор хөнөөлтэй болох нь энэ судалгаагаар батлагдсан байна. PM2.5-д өндөр өртсөн бүлэг буюу гадна ажилласан болон хяналтын бүлгийн (дотор ажилласан) хооронд ДНХ-ийн гэмтлийн ялгаа ажиглагдсан нь РМ2.5 тоосонцортой холбоотой гэж үзжээ. Мөн маш олон судалгаагаар агаарын нарийн ширхэгт PM2.5 тоосонцор нь зүрхний архаг дутагдал, зүрхний хэм алдалт, цус харвалтын шалтгаан болохоос гадна уушгины гэмтэл, элэгний хатуурал, үрэвсэл, хавдар, зүрх судасны өвчин, бодисын солилцооны эмгэг гэх мэт олон төрлийн эмгэг үүсгэдэг болохыг мэдээлжээ.

Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл дараах эх сурвалжаас уншина уу.

Орчуулж бэлтгэсэн: Э.Билгүүн ЭШДаА

Хянасан: ЭШТЛ-ийн эрхлэгч, АУ-ны доктор С.Мөнхбаяр

Эх сурвалж:

    1. Wang C, Tu Y, Yu Z, Lu R. PM2.5 and Cardiovascular Diseases in the Elderly: An Overview. International journal of environmental research and public health. Jul 16 2015;12(7):8187-8197.
    2. Du Y, Xu X, Chu M, Guo Y, Wang J. Air particulate matter and cardiovascular disease: the epidemiological, biomedical and clinical evidence. J Thorac Dis. 2016;8(1):E8-E19.
    3. Mehta M, Chen LC, Gordon T, Rom W, Tang MS. Particulate matter inhibits DNA repair and enhances mutagenesis. Mutation research. Dec 8 2008;657(2):116-121.
    4. https://www.researchgate.net/publication/275585833_Characteristics_and_oxidative_stress_on_rats_and_traffic_policemen_of_ambient_fine_particulate_matter_from_Shenyag