Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэнгийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Л.Тулгаатай ярилцлаа.

– Монгол улсын шинжлэх ухааны салбарын ууган байгууллагын нэг Академич Түндэвийн Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэн үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Тэгэхээр хоёулаа Анагаах ухааны хүрээлэнгийн түүхийн талаар ярилцлагаа эхэлье.

Анх 1961 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид манай оронд Шинжлэх ухааны академи (ШУА)-ийг 5 хүрээлэнтэй байгуулах тухай зарлиг гаргаж, анхдугаар чуулган хуралдаж Анагаах ухааны хүрээлэнг (АУХ) байгуулан захирлаар нь Т.Шагдарсүрэнг томилон ажиллуулснаар Монгол улсад анагаах ухааны эрдэм судлалын байгууллагын суурь тавигдсан бөгөөд өнөөдөр бид хүрээлэн үүсэн байгуулагдсан 60 жилийнхээ ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Түүхт 60 жилийн их ойн энэ өдөр Анагаахын ноён оргилын нэг Академич Түндэвийн Шагдарсүрэнгийн тухай дурсахгүй байж хэрхэвч болохгүй билээ. Т.Шагдарсүрэн багш удирдлага хөтлөлзүйн төрмөл авьяас, зүйрлэшгүй хөдөлмөрч чанар, эгнэшгүй билиг оюунаа түшиж АУХ-г шинээр цогцлоох, дэлгэрүүлэн хөгжүүлэх эцэс төгсгөлгүй их ажилд 20 гаруй жил тасралтгүй, үр бүтээлтэй ажиллаж, нэг насны амьдралаа хүн ардынхаа эрүүл мэнд, амь нас, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө зориулсан юм. Монгол улсын төрийн шагналт, ШУА-ийн гишүүн, академич, “Зууны манлай эмч” Т.Шагдарсүрэнгийн анагаах ухааны салбарт оруулсан хувь нэмэр, нөр их хөдөлмөрийг үнэлж, 1998 онд МУ-ын Засгийн газрын 35 тоот тогтоолоор Анагаах ухааны хүрээлэнг Академич Түндэвийн Шагдарсүрэнгийн нэрэмжит болгож үйлс гавьяаг нь мөнхжүүлсэн түүхтэй.

АУХ анх 12 эрдэм шинжилгээний ажилтан, 8 туслах ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд анхны эрдэмтэн нарийн бичгийн даргаар Р.Пүрэв багш ажиллаж байсан юм. Анх нийгмийн эрүүл ахуй, эрүүлийг хамгаалахын зохион байгуулалт; мэс засал; дотор өвчнийг судлах сектор; хүүхэд эмэгтэйчүүд; хоол судлал; халдварт өвчин, халдвар судлал гэсэн 6 сектортой байгуулжээ. ШУА-ийн харьяанд АУХ байгуулагдсан нь манай орны анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн зангидаж, шинжлэх ухааны нэгдмэл удирдлагаар хангах, эрдэм шинжилгээний боловсон хүчнийг бэлтгэх сургах, материаллаг баазыг бэхжүүлэх, гадаад харилцааг өргөтгөн хөгжүүлэх зэрэгт нэн чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

– Өнөө үед ахмад үеийн буй болгосон ололт амжилтыг тодруулан гаргах, үе үеийн эрдэмтэн мэргэдээ алдаршуулан, хийсэн бүтээснийг нь бусдад таниулах, тэднийхээ захиас сургаалийг сонсохгүй байж хэрхэвч болохгүй бизээ. Анагаах ухааны хүрээлэнд үе үеийн ямар эрдэмтэд, судлаачид ажиллаж байсан юм бол?

Анагаах ухааны хүрээлэн анх байгуулагдсан цагаасаа эхлэн хүн амын эрүүл мэндийг сайжруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний орчин үеийн дэвшилтэт арга, технологийг нэвтрүүлэх шинжлэх ухааны судалгаа боловсруулалтын ажил хийсээр ирсэн бөгөөд 60 жилийн хугацаанд анагаахын шинжлэх ухааны салбарын ололт амжилтыг бүтээлцсэн эрдэмтдийг өндрөөр үнэлж манай хүрээлэнгээс Монгол улсын хөдөлмөрийн баатар 2, төрийн шагналтан 9, ардын эмч 3, хүний гавъяат эмч 18, эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан 6, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн 6, Монгол улсын гавъяат багш 1 төрөн гарчээ. Эрдэмтэн судлаачдаас Академич 6, анагаах ухааны академийн гишүүн 6, профессор 30 гаруй, АШУ-ны доктор 22, АУ-ны доктор 100 гаруй төрөн гарсан юм. АУХ-ийн захирал Т.Шагдарсүрэн Монголын анагаахын анхны эрдэмтэн бөгөөд Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Т.Шагдарсүрэн, Ц.Бундан, Р.Пүрэв, С.Загд, Ё.Бодьхүү, Ж.Моондой нар зүрхний мэс заслыг Монголдоо анх хийж хөгжүүлсэн бүтээлээрээ анхны төрийн шагналыг хүртсэн юм. Мөн анагаахын салбарын анхны “Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн” цолоор профессор Д.Баасанжав шагнагдсан билээ.

АУХ-ийн үе үеийн удирдлагууд захирал Академич Т.Шагдарсүрэн, Төрийн соёрхолт Ё.Бодьхүү, АШУ-ны доктор Ц.Мухар, Академич Н.Баасанжав, АШУ-ны доктор Б.Мөнхбат, АУ-ны доктор П.Эрхэмбулган нар болон эрдэмтэн нарийн бичгийн дарга  болох хүндэт профессор Р.Пүрэв, АУ-ны доктор Но.Дондог, АУ-ны доктор Б.Гомбо, АУ-ны доктор Б.Гонгоржав, Академич Ц.Хайдав, АУ-ны доктор Г.Данзан, АУ-ны доктор Ж.Самданцоодол, АУ-ны доктор С.Ямаахай, Төрийн соёрхолт М.Амбага, Академич Ш.Болд, АУ-ны доктор Л.Содномцогт, Б.Цацралт-Од нар өөрийн ур чадвар, арга барилаар эрдмийн хамт олныг удирдан зохион байгуулж амжилтад хүргэсэн түүхэн үйлсэд талархал илэрхийлье.

Энэ нэгэн жарны түүхэнд Анагаах ухааны хүрээлэнд Монголын анагаахын сор болсон эрдэмтэн мэргэд ажиллаж, эх орондоо зүрхний мэс заслыг анх хийж, хөгжүүлэх, хоол боловсруулах замын болон бусад хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах, эрүүлийг хамгаалахын удирдлага, зохион байгуулалтыг шинэчилж, орчин үеийн түвшинд хүргэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ахиц гаргах, монгол хүний хоол тэжээлийг анхлан судлах, элэг судлал, бодисын солилцооны өвчний судалгаа шинжилгээг хөгжүүлэх, лабораторийн онош зүйн менежментийг сайжруулах, молекул биологийн анхны судалгаануудыг хийх, мэдрэлийн удамшлын эмгэгүүд, тархины харвалтын тархварзүйн судалгааг хийх зэрэг түмэн ололтуудыг буй болгосон билээ.

Хавдар судлаач эрдэмтэд Б.Доржготов, Д.Самбуупүрэв, Н.Нямдаваа, Д.Авирмэд, хоол судлаач эрдэмтэн Ш.Чадраавал, дотрын эмгэг судлаач эрдэмтэд Но.Дондог, Я.Дондог, А.Өлзийхутаг, Г.Дэжээхүү, Академич Б.Цэрэндаш, зүрх судасны мэс засалч эрдэмтэд Н.Баасанжав, Б.Цэгээнжав, З.Лхагвасүрэн, Д.Эрдэнэчулуун, Ч.Төвжаргал,  хүн судлаач нэрт эрдэмтэн Ж.Батсуурь, нийгмийн эрүүл мэндийн нэрт эрдэмтэн В.Гаамаа, Р.Гүр, Н.Чагнаа, нэрт эм зүйч Д.Ням-Осор гэх зэргээр эрдэмтдийн нэрс үргэлжлэх бөгөөд энд бүгдийг оруулж хэлж амжихгүй байгаад хүлцэл өчихийн зэрэгцээ бахархах сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг билээ.

– Анагаах ухааны хүрээлэнгийн үнэт зүйл нь юу вэ?

Бидний эрхэм зорилго бол шинэ мэдлэг буй болгох орчныг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхижуулах, тэргүүлэх чиглэлд хүний нөөцийг түлхүү төвлөрүүлэх замаар АУХ-ийн шинжлэх ухааны судалгаа, боловсруулалтын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинэ технологи, ашигтай загвар зохион бүтээх, суралцаж эзэмших, бүтээлчээр нутагшуулах ажлыг эрчимтэй өрнүүлж эрүүл мэндийн салбарын шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

– Өнгөрсөн 60 жилийн хугацаанд шинжлэх ухаан, анагаах ухааны салбарт хүрээлэнгийн оруулсан хувь нэмэр, бүтээн байгуулалтын гол ажлуудаас онцлон хэлнэ үү?

АУХ-ийн эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг шинэ шатанд гаргах буюу манай улсад хийж эхлээгүй байсан бодисын солилцооны болон удмын ховор өвчнүүдийн молекул биологийн судалгааг ХБНГУ-ын эрдэмтэдтэй хамтран хийж дээрх өвчнүүдийг генийн түвшинд оношлон, судлан тогтоох анхны ажлыг хийж гүйцэтгэсэн билээ. Мөн генетикийн шинжилгээ, оношилгоог хийж нутагшуулах, удамзүйн судалгааны мэдээллийн сан үүсгэх, дотооддоо генетикийн шинжилгээ хийх зэрэг нарийн, ур чадвар шаардсан ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. АУХ-нд хийж буй судалгаа шинжилгээний ажлууд нь шинэ түвшинд хүрч, эрдэмтэд судлаачдын сэтгэлгээний чадамж, эрдэм шинжилгээний ажлын үр дүн жил ирэх тусам сайжирч, боловсронгуй болсоор байна. Манай хүрээлэнд нарийн мэргэжлийн зөвлөлгөө өгөх чадамж туршлагатай, ОХУ, Япон, Өмнөд Солонгос, Тайвань зэрэг оронд суралцаж эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтдийн баг судалгаа шинжилгээний ажил хариуцан гүйцэтгэж байна. Тухайлбал, мэдрэлийн эмгэгийн чиглэлээр дэлхий дахинд өнөөдрийн байдлаар шалтгаан тодорхойгүй байгаа, хоруу чанартай булчингийн хажуугийн хатангиралт өвчин, мэдрэлийн удамшлын өвчнөөр эрүүл мэндийн нэгдсэн сантай болж, улсын хэмжээнд зөвлөлгөө өгөх, олон улсын эрдэм шинжилгээний байгууллага, эмнэлэг болон ХБНГУ-ын Ульм хотын мэдрэлийн хүрээлэн, Австралийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг байгууллагатай хамтран ажиллаж байна. Тархины судасны өвчнүүдийн судалгаа эхэлснээс хойш судалгааны сэдэв хүрээ өргөжсөн.

Дотрын эмгэгийн чиглэлээр вирүсийн ба вирүсийн бус шалтгаант элэгний өөхжилт, элэгний архаг үрэвслийн фиброзын даамжралд эмнэлзүйн болон бодисын солилцооны нөлөөллийг судалж Тайваний Гаошуны анагаахын их сургуультай хамтран ажиллаж байна. Мөн улаан хоолой, ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх, ходоодны хавдрыг эрт үед илрүүлэх шинэ маркерийн судалгаа хийж тодорхой үр дүн гарган аваад байна.

Зүрх судасны мэс заслын болон зүрхний эмгэгийн талаарх судалгаанууд, ECMO хэрэглээ, цусны эргэлтийн механик дэмжлэг эмчилгээний онолын үндэслэлийг судлан тогтоох, эрэгтэйчүүдийн ишеми өвчний онцлог, судасны хатуурал, зүрхний ишеми өвчний эрсдэлт хүчин зүйлсийг судалж, эмчилгээ оношилгооны зөвлөгөө өгөх, дүрс оношилгооны зөвлөлгөө өгөх зэрэг судалгаа, шинжилгээний болон эмнэлзүйн үйл ажиллагаа эрхэлж байна.

Дэвшилтэт технологийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд Монгол угсаатны LDLR генийн хэв шинж, ангиотензиногены ген, PSORS1 генүүд даралт ихсэх, судас хатуурах, арьсны эмгэгт нөлөөлөх нөлөөллийг тогтоосон. Хепатитын В, дельта вирүсийн хавсарсан халдвар ба HLA полиморф хэлбэршлийг судалж В вирүст хепатит, Дельта вирүст хепатитийн илрүүлэг, оношилгоо, эмчилгээний зааварт санал оруулж ЭМС-ын тушаалаар батлагдсанаар эмнэлзүйн практикт хэрэглэгдсээр байна.

Мөн манай хүрээлэн Японы Токай их сургуулийн Молекулын амьдралын тэнхимтэй хамтран 2000-2007 онд хэрэгжүүлсэн “Монголын хүн амын удам зүйн судалгаа” төсөл Японы БСШУЯ-наас шалгаруулсан “Зууны манлай шилдэг” төслөөр шалгарч, уг төслийн хүрээнд эрдэм шинжилгээний төв лабораторийн дэргэд Японы хөрөнгө оруулалтаар 500 сая төгрөгийн өртөг бүхий анхны молекул биологийн лабораторийг байгуулсан нь мэдлэг, мэргэжил, бүтээмжийн чадавхийг нэмэгдүүлэхэд ихээхэн чухал үр дүн өгсөн түүхэн үйл явдал байлаа.

Түүнчлэн өнгөрсөн 60 жилийн хугацаанд Монголын анагаах ухааны эрдэм судлалын чиглэлд шинэчлэл хийж, эх нялхсын эрүүл мэнд, зүрх судасны өвчин судлал, эрүүл ахуй халдвар судлал, хавдар судлал, зүрхний мэс засал, дотор өвчин судлал, мэдрэлийн эмгэгүүд, эрүүл мэндийн удирдлага, лабораторийн онош зүй, эм зүй, хоол судлал зэрэг анагаахын олон салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өгсөн төдийгүй судалгааны олон чиглэлээр шинжлэх ухааны салбарын хөгжлийг хурдасган, үр дүн гаргасан он жилүүд байсныг өнөөдөр дурсан тэмдэглэхэд бахархалтай байна.

Хүрээлэнгийн бодлогын асуудал ер нь юу байсан бэ?

АУХ байгуулсан гол зорилго бол анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлыг төвлөрүүлэн цаашид хөгжүүлэх, хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалт, хэлбэрийг боловсронгуй болгох, аливаа өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын чанар, арга барилыг сайжруулах, орчин үеийн анагаах ухааны ололт, амжилт, бусад орнуудын эмнэлгийн байгууллагын тэргүүн туршлагыг нэвтрүүлэхэд чиглэгдэж байсан. АУХ байгуулагдсан цагаасаа анагаах ухааны онол-практикийн тулгамдсан асуудлыг судлан шийдвэрлэхэд гол ажлаа чиглүүлж ирсэн нь эрүүлийг хамгаалахын практикт үр дүнгээ өгсөн юм.

Бид энэ түүхт ойн жил судалгааны ажлын үндсэн чиглэлээ шинэчлэн эрдмийн зөвлөлөөрөө батлан, шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, эрдэм шинжилгээ-эмнэлзүй-сургалт хослуулсан, анагаах ухааны эрдэм судлалын тэргүүлэгч байгууллага болох зорилго тавьж, хүний нөөцийг хөгжүүлж, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ-судалгаа, төсөлт ажлыг дэмжиж, санхүүгийн тогтолцоог сайжруулах, эрдэм шинжилгээ-судалгааны үр дүнг олон улсын жишигт хүргэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, сургалт сурталчилгааг хөгжүүлэх, эмнэлзүйн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр дунд хугацааны хөгжлийн стратеги боловсруулан үйл ажиллагаагаа явуулж байна.

– Танай хүрээлэнгийн бусдад үлгэр дууриал болсон, эрдэм шинжилгээний ач холбогдолтой, эрдэм шинжилгээний судалгааг ахиулсан судалгааны ямар ямар бүтээлүүд байна вэ, одоо хэрэгжүүлж байгаа ямар төсөл, судалгааны ажил байгаа вэ?

АУХ нь улсын хэмжээнд анагаахын эмнэлзүйн судалгаа хийдэг тэргүүлэх байгууллага юм. Мөн онолын болон био-анагаахын судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийх лабораторийн зохих хүчин чадалтай. Одоо захиргаа, санхүүгийн алба, дотрын эмгэг судлалын сектор, зүрх судасны мэс заслын сектор, мэдрэл судлалын сектор, хавдар судлалын сектор, эрдэм шинжилгээний төв лаборатори гэсэн үндсэн нэгжүүдтэй, дэргэдээ гарааны компанитай, эрдэм шинжилгээ-эмнэлзүй-сургалт гэсэн үндсэн үйл ажиллагаатайгаар эрдэм судлалын судлан шинжлэх их үйлст хүчин зүтгэж байна. 2021 онд АУХ-ийн хамт олон ЭМЯ-ны захиалгат шинжлэх ухаан технологийн төсөл 1, БШУЯ-ны инновацийн төсөл 1, БШУЯ-ны суурь судалгаа 5, ЭМЯ-ны Эрүүл мэндийг дэмжих сангийн төсөл 2, бусад 5 нийт 14 төсөл хэрэгжүүллээ. АУХ-ийн сүүлийн 10 жилийн ололт амжилтуудаас дурьдвал өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын 250 гаруй бүтээл олон улсын болон өөрийн орны нэр хүндтэй сэтгүүлд нийтлэгдэн, олон улсын эрдэм шинжилгээний хуралд 170 гаруй илтгэл хэлэлцүүлсэн төдийгүй 60 гаруй ном, сурах бичиг туурвижээ. Сүүлийн жилүүдэд хэрэгжиж буй төслүүдийн үр дүнгээс заримыг дурдвал, ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэхэд хүний цусны ийлдсийн пепсиноген чухал нөлөөтэй байгааг тогтоож ходоодны дурангийн шинжилгээ хийлгэхээс өмнө ийлдсийн пепсиногенээр оношилгооны шалгуур гаргаж эрт илрүүлэх боломжтой болохыг судлав. Мөн Австралийн Жорж институтын профессор, судлаачидтай хамтран ажиллаж, Улаанбаатар хотын хүн амын дундах тархины харвалтын регистр судалгаа-өвчлөл, нас баралтын тархвар зүйн мониторинг аргыг туршин нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэнээс гадна агаарын бохирдлын РМ 2.5 бодисуудын агууламжийг тогтоож эдгээрийн хүний шугаман эсийн загварт эс хордуулах болон эсийн нүүн шилжилтэд үзүүлэх нөлөөг Монголд анх удаа лабораторийн нөхцөлд хийж үр дүнг тооцооллоо. Чацарганын үрээс витамин Д-ийн агууламж өндөр тос гарган авч эмнэлзүйн туршилт явуулж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг даван туулахад АШУҮИС-ийн багш, судлаачидтай хамтран Ковид-19 халдварыг хүний шүлснээс илрүүлэх оношлуур бүтээх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн зэрэг эрдэм судлалын хөгжлийн ололт амжилт, бүтээлийг дурдаад баршгүй юм.

– Одоо эрдэм шинжилгээ судалгаанаас гадна өөр ямар ажил хийж байна вэ?

Бид хүрээлэнгийнхээ 60 жилийн ойг угтан бүтэн жилийн турш олон арга хэмжээг зохиолоо. Үүнд олон нийтийн телевизээр нэвтрүүлэг хийх, сурталчилгааны материал хэвлүүлж түгээх, цахим “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2 удаа зохион байгуулах зэргээр олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааг явууллаа, анагаах ухааны ноён оргил болсон эрдэмтдийнхээ сургаалийг сонсох “Хүрээлэнгийн индэр” цуврал лекц зохион байгуулж залуу судлаачдыг хамруулсан, хамтын ажиллагаатай гадаадын болон дотоодын байгууллагуудын тоог нэмэгдүүлсэн, залуу судлаачдын дунд “Эрдмийн түлхүүр” нэртэй эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан (TACRIM 2021) олон улсын эрдэм шинжилгээний цахим хуралд Австрали, Беларусь, Герман, Өмнөд Солонгос, Монгол, Тайван, Японы нийт 10 эрдэмтэн профессор уригдан оролцож өөрсдийн судалгааны ажлын ололт амжилтуудыг танилцуулж, гадаад, дотоодын судлаачдын илтгэлийг цахим номд эмхэтгэн 500 гаруй оролцогчдод онлайнаар илгээв. “Монголын анагаах ухаан” сэтгүүлийн 2021 оны №3 дугаарыг эрхлэн хэвлүүлж, “Анагаах ухааны хүрээлэн нэгэн жаран” хэмээх анагаахын шинжлэх ухааны түүхэн ном хэвлүүлэн гаргалаа. Эрүүл мэндийн салбарын 100 жилийн ойд зориулсан эмнэлзүйн анагаах ухааны олон улсын хурлыг хамтран зохион байгууллаа.

– Манай улсад шинжлэх ухаан болон анагаах ухааны салбарын хөгжилд оруулах хувь нэмэр, хүрээлэнгийн цаашдын чиг хандлага ямар байгаа вэ?

Бид цаашдаа технологийн дэвшил тухайлбал, хиймэл оюун ухаан, мобайл болон дижитал технологи зэргийг ашиглан дэлхийн шинжлэх ухааны чиг хандлагатай хөл нийлүүлэн хөгжих, шинэ чиглэл, инновацийг хөгжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг дэмжих, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийг цаг алдалгүй нутагшуулах замаар Монгол улсын эмнэлзүйн салбарын эрдэм шинжилгээг хөгжүүлж, үр дүнг эмнэлзүйн практикт сайтар нэвтрүүлэх их үйлс биднийг хүлээж байна. Мөн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд цахим шилжилтийг эрчимжүүлж шинжлэх ухааны оновчтой санал санаачлага, өгүүлэмж, нийтлэлүүдийг зөвхөн шинжлэх ухааны сэтгүүлүүдээр биш веб хуудсуудаар хүмүүс хоорондоо солилцдог, хуваалцдаг шинэ цахим орчинд дэвших боломжийг эрэлхийлж дэлхийн анагаахын шинжлэх ухааны салбарт ажиллаж буй эрдэмтэн, профессоруудтай цахимаар зайнаас харьцаж монголдоо эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх боломжийг бүрдүүлэн дэлхийн эрдэм шинжилгээний тэргүүлэх байгууллагуудтай хамтран ажилласаар байна.

Танай хүрээлэнгийн ажилтнууд 60 жилийн ойн босгон дээр ямар шагнал хүртэв?

Орчин цагийн шинжлэх ухаан үүсэн хөгжсөний 100 жил, Эрүүл мэндийн алба үүсэж хөгжсөний 100 жил, Академич Түндэвийн Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэн байгуулагдсаны 60 жилийн түүхт ой давхцсан баяраар Монголын эрүүл мэндийн салбар, шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж АУХ-ийн Эрдэм шинжилгээний төв лабораторийн зөвлөх профессор, АУ-ны доктор Н.Мөнхтүвшин “Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн” цол, Анагаах ухааны хүрээлэнгийн Зүрх судасны мэс заслын секторын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, АУ-ны доктор, дэд профессор Л.Галсумъяа “Хүний гавъяат эмч” цол тус тус хүртсэн давхар баяр тохиолоо. Мөн түүнчлэн Алтан гадас одон-2, Хөдөлмөрийн хүндэт медаль-2, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан-3, Боловсролын тэргүүний ажилтан-1, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан-3, ШУА болон яамдын жуух бичиг, Залуучуудын холбооны медаль зэргээр шагнуулсан ажил хөдөлмөрөө үнэлүүлсэн судлаачиддаа дахин баяр хүргэе.

Профессор Н.Мөнхтүвшин нь анагаах ухааны салбарт 50 гаруй жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажиллаж, Монгол улсад шинжлэх ухаан технологи, эрүүл мэнд, лабораторийн тусламж үйлчилгээний талаарх үндэсний бодлого боловсруулах, анагаах ухааны салбарт эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, инновац, технологийг практикт нэвтрүүлэх, лабораторийн оношзүйн тусламжийн албыг хөгжүүлэх, аргазүйн удирдлагаар хангах, технологийн шинэчлэл хийж, олон улсын түвшинд хүргэх зэрэгт өөрийн оюун ухаан, мэдлэг боловсрол, сэтгэл зүрхээ дайчлан ажиллаж, анагаахын шинжлэх ухааны хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн билээ.

Анагаах ухааны доктор Лхаасүрэнгийн Галсумьяа нь Анагаах ухааны салбарт 34 жил үр бүтээлтэй ажиллаж, Монгол улсад эрүүл мэндийн үндэсний бодлогыг хэрэгжүүлэх, анагаах ухааны тэргүүлэх чиглэлийн нэг зүрхний мэс заслын албыг хөгжүүлэх, зүрхний мэс заслын салбарт шинжлэх ухаан, сургалт, эмнэлэг үйлчилгээний нэгдлийг ханган ажиллаж, цусны зохиомол эргэлтийг Монгол оронд нэвтрүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, анхны перфузиолог эмч бөгөөд Академич Түндэвийн Шагдарсүрэнгийн нэрэмжит шагнал хүртсэн бүтээлч эмч, эрдэмтэн юм.

– Ярилцлагын төгсгөлд таныг хүрээлэнгийнхээ 60 жилийн ойг тохиолдуулан хамт олон, салбарынхандаа мэндчилгээ дэвшүүлэхийг хүсэж байна.

Монгол улсын шинжлэх ухааны тогтолцооны нэгэн эд эс болох Анагаах ухааны хүрээлэн үүсч хөгжсөний 60 жилийн ойн мэнд хүргэхийн сацуу эрдэмтэн судлаачид та бүхний мэдлэг оюун мохошгүй хурц, мөхөшгүй бат байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж эрдэм судлалын ажилд бахдам их ололт, бүтээл туурвилын өрнүүн их амжилтыг хүсэн ерөөе.

– Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

Шинжлэх ухааны салбарын үйлс бүхэн дардан байж мэдлэг ухааны суу билиг ашид дэлгэрэх болтугай.

Ярилцсан Б.Анхзаяа