2022 оны 01 сарын 21-22-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Инноваци, технологийн төвийн нээлт, шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аян зохион байгуулагдлаа. Өмнөговь аймгийн Инноваци, технологийн төв нь аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гадаад, дотоодын дэвшилтэт технологийг судлан Өмнөговь аймагт нэвтрүүлэх, аж үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгын хүрээнд байгуулагдсан юм. Шинжлэх ухаан, технологи, инновацийн үзэсгэлэнд Монгол эрдэмтдийн бүтээл, инновацийн бүтээгдэхүүнүүдийг орон нутгийн иргэдэд танилцуулсан бөгөөд манай хүрээлэнгийн Гарааны Дермалаб ХХК-ны бүтээгдэхүүн болох “Ганган бренд”-ийн үс хуйхны эмчилгээний багц бүтээгдэхүүнийг танилцуулан оролцлоо. Түүнчлэн нээлтийн арга хэмжээнд Өмнөговь аймагт нэвтрүүлж болох шинжлэх ухааны бүтээлүүдийн талаарх эрдэм шинжилгээний анхны хурал зохион байгуулагдсан. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Анагаах Ухааны Хүрээлэнгийн ЭША, АУ-ны магистр Д.Ганчимэг, ЭША, АУ-ны магистр Ө.Хулан нар “Зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлгийн ийлдсийн шинэ биомаркерийн судалгаа” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Уг үйл ажиллагаа нь шинжлэх ухааны төлөө ажиллаж буй доктор, профессор, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан зэрэг салбар бүрийн эрдэмтэд, нутгийн удирдлагуудтай Монгол эрдэмтдийн бүтээлийг хэрхэн Өмнөговь аймгийн хөгжил, цэцэглэлтэнд ашиглах, тэдгээрийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар оюун дүгнэлтээ солилцсон үр өгөөжтэй арга хэмжээ болон өндөрлөлөө. Та бүхэн энэхүү төвийн нээлтийн мэдээлэл болон эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийг Өмнөговь аймгийн фэйсбүүк хуудаснаас бүрэн эхээр нь үзэх боломжтой юм.
Recent Comments