2022 оны 04-р сарын байдлаар дэлхийн хүн амын 65% нь Ковид-19 вакцины 1-р тунд хамрагдаад байна. Дэлхий даяар нийт 11.49 тэрбум тун вакцин хэрэглэсэн бөгөөд одоогийн байдлаар өдөрт 10.66 сая тун вакцин хийгдэж байна. Бага орлоготой орнуудын зөвхөн 15.2% нь 1-р тунд хамрагдсан байна. 2020 оны 12-р сард АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар (ХЭЧХГ-FDA) Ковид-19-ийн Файзер ба Модерна вакциныг яаралтай үед хэрэглэх зөвшөөрөл (EUAs) олгосон бол 2021 оны 2-р сард Жансен вакцинд зөвшөөрөл олгожээ. Дархлаажуулалтын практикийн зөвлөх хороо (ДПЗХ-ACIP) вакцин хэрэглэх түр зөвлөмжийг гаргасан.  Одоогоор Файзер вакцинийг ≥12 настай хүмүүст, Модерна болон Жансен вакцинийг ≥18 настай хүмүүст (1-3 тун) ашиглахыг зөвшөөрч, хэрэглэхийг зөвлөмж болгосон. Файзер, Модерна зэрэг 2 тунтай вакцинууд Ковид-19-ийн мРНХ-д суурилсан, харин Жансен нэг тун бүхий Ковид-19-ийн рекомбинант хуулбарлах чадваргүй аденовирүс-вектор вакцин юм. Канад улсын Онтарио мужийн Нийгмийн эрүүл мэндийн төвөөс 2020 оны 12 сараас 2022 оны 04 сар хүртэлх хугацаанд вакцины дараах гаж нөлөөг ажиглан судалжээ. Тус хугацаанд нийт 31’555’465 тун Ковид-19-ийн вакцины дараах 20’033 гаж нөлөөтэй холбоотой тохиолдол бүртгэгдсэн буюу 100’000 тун вакцинд 63.5 тохиолдол бүртгэгджээ. Нийт тохиолдлыг хүндрэлийн зэргээр авч үзэхэд 94.4% (18912) нь ноцтой бус шинж тэмдэгтэй, 5.6% (1121)-ийн ноцтой шинж тэмдэг илэрчээ. Гаж нөлөөний илрэлийг вакцины төрлөөр авч үзвэл хүүхдийн Файзер 10мкг вакцины 100.000 тунд 20.6 (2.3%), Файзер 30мкг насанд хүрэгчдийн вакцины 100.000 тунд 57.8 (5.3%), Модерна вакцины 100.000 тунд 70.9 (5.8%), Астразенека вакцины 100.000 тунд 151.2 (7.7%), Жансен вакцины 100.000 тунд 369.8 (8.3%) тус тус тохиолдол бүртгэгджээ. Эдгээр тохиолдлыг хүйсээр авч үзэхэд 100.000 тун вакцинд эрэгтэй 33.9, эмэгтэй 89.9 тохиож, насны бүлгийн хувьд 40-49 насны бүлэгт хамгийн өндөр 94.2, 5-11 насны бүлэгт 20.3 хамгийн бага давтамжтай гаж нөлөө бүртгэгджээ. Жансен вакцины дараах гаж нөлөө өндөр хувьтай тохиолдож буй нь тус вакцинд хамрагдагсдын тоо 3245 буюу цөөн үзүүлэлттэй байгаа учир үр дүнг тайлбарлахад болгоомжтой хандах хэрэгтэй гэжээ. Вакцины дараах aюулгүй байдлын хяналтын ажиглалтаар Ковид-19 вакцин хийлгэсний дараах ноцтой шинж тэмдэг илрэх нь ховор тохиолдож байна гэж мэдээллэсэн. Ковид-19 вакцин хийлгэсэнтэй холбоотой дараах шинж тэмдгүүдээс хоёр нь (тромбоцитопенийн  тромбоз [TTS], артери болон венийн судасны тромбоз, тромбоцитопенийн хэвшинж бүхий ховор тохиолдох хам шинж бүхий тромбоз, Гийен-Баррегийн хам шинж [GBS] ) Ковид-19-ийн Жансен вакцины дараах шинж тэмдгээр бүртгэгдсэн байна. Харин нэг нь Ковид-19-ийн Файзер эсвэл Модерна вакцин хийлгэсний дараа (миокардит, зүрхний үрэвсэл) илрэх  өөрчлөлт, ялангуяа 2-р тунгийн дараа ажиглагдсан гэж үзэж байна.  Дархлаажуулалтын практикийн зөвлөх хороо (ДПЗХ-ACIP) эдгээр вакцинтай холбоотой тэмдэглэгдсэн сөрөг үр дагаврын талаарх мэдээллүүдийг хэлэлцэхээр гурван удаа хуралдаж, эдгээр вакциныг хүлээн авахтай холбоотой үр ашиг, эрсдэлийг  бүрэн үнэлжээ. Хэлэлцүүлгээр ДПЗХ-ны зүгээс Ковид-19-ийн өвчлөл, нас баралтаас урьдчилан сэргийлэхэд Ковид-19 вакцинжуулалтын ашиг тус ≥18 насанд хүрэгчдэд илрэх эдгээр ховор тохиолдол бүхий эмгэг үүсэх эрсдэлээс давж байгааг тогтоосон. Түүнчлэн ДПЗХ-оос цаашид ≥12 насны бүх хүмүүст Ковид-19 вакцин хийлгэхийг зөвлөсөөр байна. Мөн Өвчний хяналт урьдчилан сэргийлэлтийн төв (CDC) болон ХЭЧХГ-аас вакцинтай холбоотой ноцтой, сөрөг үр дагаврын талаарх мэдээллийг нарийвчлан хянаж байгаа бөгөөд нэмэлт мэдээллийг Дархлаажуулалтын практикийн зөвлөх хороонд танилцуулан, шийдвэрлэх болно гэжээ.    Нас, хүйс, вакцины төрлөөс хамааран илрэх өөрчлөлт ялгаатай учир эрсдэлийн талаарх мэдээллийг вакцин нийлүүлэгч, вакцинд хамрагдагсад болон олон нийтэд мэдээллийг түгээн дэлгэрүүлэх ёстой хэмээжээ.

Бэлтгэсэн: АУ-ны магистр Б.Пунсалдулам

Хянасан: АУ-ны доктор, дэд профессор Б.Чимэглхам

Эх сурвалж:

  1. Rosenblum HG, Hadler SC, Moulia D, Shimabukuro TT, Su JR, Tepper NK, et al. Use of COVID-19 vaccines after reports of adverse events among adult recipients of Janssen (Johnson & Johnson) and mRNA COVID-19 vaccines (Pfizer-BioNTech and Moderna): Update from the Advisory Committee on Immunization Practices – United States, July 2021. MMWR Morb Mortal Wkly Rep. 2021;70(32):1094–9.
  2. Ontario Agency for Health Protection and Promotion (Public Health Ontario). Focus on: how vaccine safety is monitored in Canada. Toronto, ON: Queen’s Printer for Ontario; 2020.