МУ-ын Эрүүл мэндийн яам, Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэн, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль хамтран 2023 оны 06 дугаар сарын 28-ний өдрөөс 07 дугаар сарын 01 хооронд “Translational and clinical research in Mongolia-2023” (TACRIM-2023) олон улсын хурлыг зохион байгууллаа. Сүүлийн 20 жилд дэлхий дахины эрүүл мэндийн тогтолцоог сайжруулахад чухал түлхэц болсон шийдэл бол байгалийн ухааны бүхий л салбаруудын хүний эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн судалгааны үр дүн, шинэ мэдлэг, туршлага, технологийг нэгтгэн зангидаж урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт аргыг эмнэлзүйд нэвтрүүлэх зорилготой “дамжин нэвтрүүлэх судалгаа” (translational research) юм. Тиймээс бид байгалийн шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, тэдний судалгааны үр дүнг эрүүл мэндийн салбарт өргөнөөр нэвтрүүлэх боломжийг хэлэлцэх, инновацийг хөгжүүлэх, анагаахын шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санаачлага, эрэлхийллийг нэмэгдүүлэх, судалгааны чанар, үр өгөөжийг сайжруулах зорилгоор уг хурлыг зохион байгууллаа. Энэ удаагийн олон улсын хуралд Австралийн Жорж институт, Өмнөд Солонгосын Конянг их сургууль, Жэжүгийн үндэсний их сургууль, Тайваний Каошунгийн анагаах ухааны их сургууль, ХБНГУ-ын Улмын их сургууль, Оросын Зүүн Сибирийн анагаах ухаан, экологийн судалгааны хүрээлэн, Эрхүү хотын анагаах ухааны их сургууль, Монгол улсын Анагаах ухааны хүрээлэн, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Биологийн хүрээлэнгийн нэрт профессорууд урилгаар оролцлоо.
Хурлын эхний өдөр хепатитын вирусийн шалтгаант элэгний үрэвслийн чиглэлээр Монгол-Тайваний хамтарсан симпозиум, хоёрдахь өдөр “Тархи мэдрэлийн эрүүл мэнд” сэдэвт симпозиум, эмч мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулагдсанаас гадна Монгол улсын Анагаах ухааны хүрээлэн Тайваний Каошунгийн их сургууль, Оросын Зүүн Сибирийн анагаах ухаан, экологийн судалгааны хүрээлэн, Австралийн Жорж институттэй цаашдын үйл ажиллагаа, хамтарсан судалгааны талаар хэлэлцэж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 6 сарын 30-ны өдөр олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, орчин үеийн анагаах ухааны тулгамдсан асуудал, тэдгээрийн шийдэл, ололтын талаар 6 улсын 12 зочин профессорууд лекц уншин, бид бүгдэд шинэ мэдлэг, шинэ санаа төрүүлсэн, өгөөжтэй хурал болсон юм. Мөн тус эрдэм шинжилгээний хуралд нийтдээ 120 гаруй хүн оролцож, Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүд, Анагаахын шинжлэх ухааны их сургуулиуд, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн эрдэмтэн, судлаачдийн шилдэг 10 аман илтгэл, 10 ханын илтгэл хэлэлцэгдсэн. Хурлын сүүлийн өдөр залуу судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулсан сургалт, дадлага зохион байгуулагдлаа. Хуралд хэлэлцүүлсэн илтгэл, өгүүллүүдийг “Клиникийн лекц”, “Онош” сэтгүүлүүдэд хэвлэн нийтлүүлж гаргалаа.
Хурлыг хамтран зохион байгуулсан ЭМЯ, АШУҮИС болон ивээн тэтгэгч Экспресс оношилгооны төв, New varemed ХХК, Мед Монгол ХХК нарт гүн талархал илэрхийлье.
Recent Comments