-Сайн байна уу? Та урд нь Монголд ирж байсан уу?
-Би Монголд хэд хэдэн удаа ирсэн. 2010, 2011, 2012 онд хүрэлцэн ирж Д.Атармаа захирлын удирдаж байсан Мэргэжлээс шалтгаалах өвчний төвтэй хамтарсан хурал, судалгааны ажил хийсэн. Уг судалгааг Академийн ерөнхийлөгч В.С.Лукавишкин идэвхтэй дэмжиж байсан. Бидний хамтран хийсэн мэргэжлээс шалтгаалах өвчний талаарх судалгааны бүтээл хэвлэгдэн гарсан. Энэ ажил нь Монгол улс дахь мэргэжлээс шалтгаалах өвчний байдлыг харуулж тухайн үед Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны тэргүүний ажилтан тэмдгээр шагнагдаж байлаа. Хамгийн сүүлд ноднин 10 сард Монголын ШУА-ийн урилгаар ОХУ, Монгол улсын эрдэмтдийн хамтарсан хуралд Эрхүүгийн АУИС-ийн ректор нарын хамт оролцож Сибирийн экологийн байдлын талаар илтгэл тавьсан.
-Та TACRIM 2023 ОУ-ын хурлын талаарх сэтгэгдлээ хэлнэ үү?
-Уг хурлын хөтөлбөр, арга хэмжээ их сонирхолтой юм. Өнөөдөр мэдрэл судлалын чиглэлийн хуралд оролцлоо. ОХУ, Австралийн мэргэжил нэгт судлаачид оролцож мөн оролцож байна. Ерөнхийдөө өнөөдөр болон маргааш хэлэлцэх асуудлын түвшинг харахад Монгол улсад анагаахын шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж, танай хүрээлэн маш чухал асуудлуудыг хөндөн илтгэл хэлэлцүүлж байна. Танай хүрээлэнгийн секторуудын дотрын өвчин, хавдрын чиглэлийн судалгаа, төв лабораторийн хийж байгаа молекул биологи-генетикийн судалгаанууд их сонирхолтой ажлууд байна. Манай хүрээлэн эрүүл ахуй, мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар танай хүрээлэнтэй шинжлэх ухааны хамтарсан судалгаа хийх сонирхолтой байна. Танай хүрээлэнгийн захирал Л.Тулгаад энэхүү олон улсын хуралд урьсанд талархлаа илэрхийлж байна, мөн түүнчлэн Тайван, Австрали болон бусад улсуудын профессоруудтай танилцсандаа баяртай байна. Энэ хурал нь Оросын талаас ч тэр, Монголын талаас ч ихээхэн ач холбогдолтой хурал боллоо.
-Та өөрийнхөө талаар болон хүрээлэнгийнхээ талаах хэдэн үг хэлнэ үү?
-Би Эрхүүгийн АУИС төгсөөд ординатураа (танайхаар бол резидентээ) мэдрэл судлалаар дүүргэн, тухайн үеийн Ангарскийн хөдөлмөрийн эрүүл ахуй ба мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын хүрээлэн, одоогийнхоор Дорнод Сибирийн анагаах -экологийн хүрээлэнд ажиллаж бна. Энд ажилласны ачаар вибраци өвчний оношилгоо эмчилгээний асуудлаар дэд эрдэмтний зэрэг, 2004 онд мэргэжлээс шалтгаалсан мэдрэлийн хордлогын чиглэлээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Сүүлийн ажил нь 1992 онд ОХУ-д гарсан томоохон түймрийн дараа мэргэжлийн шалтгаант мэдрэлийн хордлогод нэрвэгдсэн 100 гаруй өвчтөнийг хамруулсан судалгаа байсан. 2008 онд профессор, 2015 онд ОХУ-ын ШУА-ийн гишүүн академич болсон. 22 жил Улаан-Үдэд эмнэлэг удирдсан. Сүүлийн 10 жил хүрээлэнгийн захирал хийж байна. Манай хүрээлэнгийн эмнэлэг нь хэвтэх эмчилгээ, амбулатори хавсарсан, олон төрлийн өвчний эмчилгээ, судалгаа хийж, өндөр технологийн эмчилгээнүүд нэвтрүүлж байна. Хүрээлэн шинжлэх ухааны олон төрлийн лабораторитой, биохими, молекул биологи, генетикийн судалгаанаас гадна ОХУ, Сибирь, Алс Дорнодыг хамарсан байгаль орчны асуудлын шинжилгээ судалгаа, цаашлаад биотрансформацийн судалгаа, ксенобиотик, янз бүрийн антибиотик бэлдмэлийн судалгаа, өөрийн судалгааны амьтны лабораторидоо янз бүрийн өвчний туршилтын судалгаа, ялангуяа хорт бодисын судалгаа, нано эмийн туршилт хийж, түүнээс гадна хөрс, агаар, хүнсний судалгаа хийж байна. Хамгийн сүүлд эмнэлгийн ажилчдын мэргэжлийн шаталтын судалгаа хийлээ.
-Манай хүрээлэнтэй хамтран ажиллах талаар таны бодол юу вэ?
-Танай хүрээлэнгийн төлөөлөгчид 2018 онд Байгал Сибирийн эрдэм шинжилгээний хуралд оролцож, судалгааны үр дүнгээ хэлэлцүүлснээс хойш бид харилцан хамтын ажиллагаа эхлүүлсэн. Одоо бид коронавирусийн хөл хорионы дараа дахин харилцаа холбоогоо сайжруулж, шинэ шатанд гаргах гэж байна. Өнөөдрийн хурлын үеэр ямар чиглэлээр шинжлэх ухааны судалгаа хийх чиглэлээ ярилцаж, хамтын ажиллагааны тунхаглалд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээг байгуулснаар эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхээс гадна эрдэм шинжилгээний ажилтнууд, судлаачдыг харилцан солилцох, анагаах ухааны салбарт гаргасан ололт амжилт, туршлагаа хуваалцах, сургалт явуулах зэрэг үйл ажиллагаа явуулахаар тохиролцлоо. Танай хүрээлэнгийн ажил үйлсэд өндөр амжилт хүсье.
Ярилцсан: Т.Саранцэцэг, Т.Баяраа
Recent Comments