Австрали улсын “Жорж Институт”-ийн тархины эрүүл мэндийн хөтөлбөрийн захирал,
профессор Крайг Андерсонтой хийсэн ярилцлага
- Та өөрийгөө бидэнд танилцуулнауу?
Намайг Крейг Андерсон гэдэг. Би Австралийн Сиднейхотын “UNSW (University of New South Wales)” их сургуулийн харьяа “Жорж Институт” анагаах ухааны судалгааны хүрээлэнгийн мэдрэлийн эмч, мэдрэлийн болон тархвар судлалын чиглэлээр судалгаа хийдэг юм.
2. Монголд ирсэн сэтгэгдлээ хэлнэ үү? Монголд өмнө нь ирж байсан уу?
Би сүүлийн 10 жилийн хугацаанд Монголд хэд хэдэн удаа ирсэн. Монголын түүх, соёл маш баялаг бөгөөд сонирхолтой байдаг учраас энд ирэх нь надад үргэлж таатай байдаг. Түүнчлэн, Монгол хүн шаргуу хөдөлмөрлөж, өөрийгөө улам сайжруулах хүсэл эрмэлзэлтэй байдаг нь таалагддаг. Судлаач хүний хувьд Монгол улсын хүн амын дундах цус харвалт, мэдрэлийн эмгэгийн талаар судалгаа хийж, Монголын судлаач нартай хамтран ажиллах хүсэлтэй байдаг.
3. TACRIM-2023 олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцана уу?
Жорж институт болон Австрали улсыг төлөөлөн уг хуралд оролцсондоо баяртай байна. Мөн бусад орноос ирсэн мэргэжил нэгт хүмүүстэй хамт уулзаж танилцсан нь сайхан байсан. Ковид-19 цартахлын улмаас хэдэн жилийн хугацаанд хил хаагдан явж чадахгүй байсан ч бид одоо аялж чадаж байгааг харахад таатай байгаа билээ. Анагаах ухааны хүрээлэнгээс зохиосон олон улсын эрдэм шинжилгээний хурал болон гадны байгууллагуудтай нээлттэйгээр хамтарч ажиллах гэрээ хийж байгааг харахад мөн таатай байлаа. Шинжлэх ухаан болон судалгаа шинжилгээ нь өөрөө олон улсын чанартай учраас бид бие биенээсээ суралцаж, санал бодлоо хуваалцдаг. Хэлний бэрхшээл, газарзүйн байрлал, мөн Ковид-19 гээд олон асуудал байдаг ч хамтарч ажиллах чин хүсэл, урам зориг, боломжууд биднийг нэгтгэдэг.
4. Өөрийн ажлын чиглэл болон хэтийн төлөвлөгөөгөө танилцуулна уу?
Би сүүлийн 30 жил цус харвалтаас урьдчилан сэргийлэх, хянах арга замыг судалж байгаа билээ. Дундаж орлоготой орнууд, тэр дундаа Азийн орнуудын хүн амын дунд цус харвалт түгээмэл байгаа бөгөөд эдгээр орнуудад цус харвалтыг хэрхэн хянаж болох талаар онцгой анхаарал хандуулж байна. Үүнд хүн амд хүртээмжтэй байдлаар цус харвалтыг хянаж болох энгийн аргуудад түлхүү анхаарал хандуулсан бөгөөд хамгийн чухал нь цусны даралтыг хянах юм. Би Улаанбаатар хот дахь тархины цус харвалт хэр зэрэг хүндрэлтэй байдгийг тодорхойлох судалгаа хийхийг хүсдэг байсан ба танай Анагаах ухааны хүрээлэнгийн Мэдрэл судлалын секторын судлаачидтай хамтарч ажиллах боломж олдсон. Тиймээс бид 2019-2021 онуудад Улаанбаатар хотод харвалтын тандалт хийж 2 жилийн хугацаанд цус харвасан хүн бүрийн амьдралын чанарыг тодорхойлж, тухайн хүний ар гэрт хэрхэн нөлөөлж байгааг 12 сарын турш судалсан. Бидний хамтарсан судалгааны үр дүнгээс харахад хүн амын дунд тархины цус харвах харвалтын хэлбэр их тохиолдож байсан нь маш харамсалтай. Энэ нь цусны даралт ихсэх, хоол тэжээлийн хүчин зүйлүүд болох давсны хэт их хэрэглээ болон цаг агаарын байдал буюу температурын хэлбэлзэл зэрэг нь цусны даралтыг нэмэгдүүлж, өвлийн улиралд цус харвалтын тохиолдлыг ихэсгэдэг. Бид энэхүү судалгааны үр дүнгээ “The Lancet, Global Health” сэтгүүлд хэвлүүлж чадсан.
5. Өөрийн байгууллага болон АУХ-ийн хамтын үйл ажиллагааны цаашдын ажлын чиглэл, төлөвлөгөө юу вэ?
Дараачийн судалгаандаа бид Улаанбаатар хотын хүн амын дунд цус харвалтыг хянах боломжийг судалж үзэхийн тулд олон улсаас санхүүжилт авахыг хичээж байна. Мөн хүмүүсийн дундах цус харвалтын эдгэрэлтийн байдлыг сайжруулахын тулд бид хувь хүнд зориулсан стратегиудыг судалж байгаа.
Нэмж хэлэхэд хувь хүн өөрөө чанартай судалгаа хийнэ гэдэг маш хэцүү. Харин хүрээлэн чадна. Улаанбаатар хотод Анагаах ухааны хүрээлэн байгаа нь сайн хэрэг. Учир нь судалгаа хийх хүсэл эрмэлзэлтэй хүн бүхэнд хүрээлэн өөрөө сайн, чанартай судлагаа хийх боломжийг олгож, орчныг бүрдүүлж өгөх чадамжтай байдаг.
Мөн Анагаах Ухааны Хүрээлэн нь Жорж институт болон бусад байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр туршлага, нөөц бололцоогоо ашиглан илүү чанартай судалгаа хийх боломж бүрдэнэ. Миний нэг эрхэм зорилго бол хүрээлэнгийн чадавхийг нэмэгдүүлэх юм. Ингэснээр тэд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд чанартай судалгаа хийж, улмаар солилцоогоор судлаач явуулах, мөн магистр, докторын зэрэг хамгаалах сургалтад хамрагдах зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой билээ.
Ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.
Ярилцсан: Т.Одончимэг
Recent Comments