Анагаах ухааны хүрээлэнгийн Хавдар судлалын сектор

ДЭМБ–аас жил бүрийн 5 сарын 29-ний өдрийг “Дэлхийн хоол боловсруулах эрхтний эрүүл мэндийн өдөр” (WDHD) болгон тэмдэглэж ирсэн билээ. Энэ жил бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх хүрээнд зохион байгуулж байна.

2020 оны байдлаар дэлхий нийтэд бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын тохиолдлын тоо 100 000 хүн амд 19.5, нас баралтын тоо 100 000 хүн амд 9.0 ногдож байна. Манай улсын хувьд нийт хорт хавдрын өвчлөлийн 6 дугаарт бүдүүн, шулуун гэдэсний хавдар ордог ба үүний 81 орчим хувь нь хожуу шатандаа оношлогдож, нас баралт өндөр байна.

Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар нь удамшлын болон орчны халдварын олон хүчин зүйлсийн хавсарсан нөлөөлөл дор үүсдэг. Ихэнх тохиолдолд эрт үедээ эмнэлзүйн шинж тэмддэг илэрдэггүй бөгөөд ихэвчлэн хавдраас шалтгаалсан хүндрэлүүд үүссэнээр оношлогддог. Үүнд:

  • Гэдэсний түгжрэл үүсэх
  • Цус алдах, шалтгаан тодорхойгүй цус багадалт үүсэх
  • Шалтгаан тодорхойгүй жин буурах, ядарч сульдах
  • Хэвлийгээр үе үе мушгирч өвдөх
  • Суулгах, гэдэс дүүрэх
  • Өтгөн хатах, дутуу баасан мэт санагдах

Дээрх шинж тэмдгүүд илрэх үед өвчтөнүүдийн 20 орчим хувь нь бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын хожуу үедээ орж, алсын эрхтний үсэрхийлэл өгсөн байдаг.

Урьдчилан сэргийлэлт:

  • 45-аас дээш насныхан жилд 1 удаа өтгөнд далд цус илрүүлэх сорил өгөх
  • 2 жилд 1 удаа бүдүүн шулуун гэдэс дурандуулах үзлэгт тогтмол хамрагдах

Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлцгээе!

Эх сурвалж:

  • worldgastroenterology.org
  • Global cancer observatory http://gco.iarc.fr/ 2020
  • Эрүүл мэндийн үзүүлэлт, 2021, Эрүүл мэндийн хөгжлийн төв
  • Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын оношилгоо, эмчилгээний заавар, ХСҮТ