УРТ ХУГАЦААНЫ КОВИД ХАМШИНЖТЭЙ ӨВЧТӨНҮҮДИЙН МЭДРЭЛИЙН ҮЙЛИЙН АЛДАГДАЛ,ТЭДГЭЭРИЙГ ЗАСАХ ЭСИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ АРГУУД: ХЭВЛЭЛИЙН ТОЙМ

 

Энэхүү тоймд Ковидын дараах хамшинж (Long COVID)-ийн тохиолдол,  мэдрэлийн үйлийн алдагдлын  шинж тэмдгүүдийн талаар өнөөгийн ойлголтууд тусгагдсан.

2019 оны сүүлээр Хятад улсад шинэ коронавирусын өвчлөлийн (Ковид-19) талаарх мэдээлэл гарсны дараа SARS-CoV-2 вирусийн шалтгаантай хүнд хэлбэрийн амьсгалын цочмог хамшинж дэлхийн хэмжээнд цар тахал болж тархсан билээ.

Эмнэлзүйн болон лабораторийн туршилт судалгааны мэдээллүүд хуримтлагдахын хэрээр SARS-CoV-2 шууд болон шууд бус замаар төв мэдрэлийн тогтолцоо (ТМТ)-ны гэмтлийг өдөөдөг нь ойлгомжтой болж байна. Халдварын хурц үед өвчтөнүүдийн заримд амьсгалын болон үрэвслийн шинжүүд илрээгүй байхад, мэдрэлийн шинж тэмдгүүд тухайлбал, толгой өвдөх, толгой эргэх, тархины судасны эмгэг зэрэг ажиглагддаг. SARS-CoV-2 вирус мэдрэлийн эсийн гэмтэл үүсгэж, энэ нь удаан хугацааны хүндрэл дагуулах эрсдэлтэй болохыг бид мэддэг болсон. SARS-CoV-2 вирусийн шалтгаантай мэдрэлийн эсийн гэмтэл нь цаашид мэдрэлийн архаг дегенератив өвчнийг үүсгэх хүчин зүйл болдог. Вирус төвийн эсвэл захын мэдрэлийн системд  шууд болон шууд бус нөлөө үзүүлэхээс үл хамааран мэдрэлийн тогтолцоонд эргэшгүй өөрчлөлт үүсч болдог. ТМТ-ны гэмтлийн шинжүүд захын мэдрэлийн системд вирусийн халдвар эдгэснээс хойш 12 долоо хоногийн хугацаанд хадгалагдаж, энэ нь өвчтөний эрүүл мэнд амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлж байна.

Мэдрэлийн тогтолцооны эрхтнүүдийн гэмтлийн механизм бүрэн тогтоогдоогүй, хяналт ажиглалтын хугацаа харьцангуй богино ч гэсэн  Ковид-19 өвчтөнүүдийн мэдрэлийн тогтолцоонд тогтвортой өөрчлөлт илэрсэн популяци бүрдэж байгаа нь илэрхий байна.

Төв мэдрэлийн тогтолцооны эсийн гэмтлийн эмгэг жамын механизм гэмтээж буй хүчин зүйлээс хамаарахгүй нийтлэг шинжтэй байна. Эмгэг процессын эхний үе шатанд мэдрэлийн эс, бичил орчны эсүүд, ойролцоох судсанд  гэмтээгч хүчин зүйлийн шууд нөлөөний илрэл ялгаатай байна. Харин өвчний хожуу шатанд үрэвслийн урвал, эдэд хүчилтөрөгчийн дутмагшил, мэдрэлийн эсийн апоптоз үүсгэдэг. Энэ үрэвслийн процесс удаан хугацаанд үргэлжлэх үед мэдрэл-хордлогын шинж тодорхой түвшинд үүсэх, миелин усгүйжих, глий эдэд сорвижил үүсэх, түүнчлэн олон төрлийн үрэвслийн медиаторууд чөлөөлөгдөх түүн дотроо цитокин (α хавдрын некроз фактор, IL-1b, IL-6, IL-20), хемокин (моноцит хемотаксик фактор-МСР-1) эсийн адгези үүсгэх молекул (иммуноглобулины, кадгерин, интегрин), хүчилтөрөгчийн идэвхтэй хэлбэр, матрикс металлопротеаз багтана.

SARS-CoV-2 нь тархины эсэд шууд бус замаар цус-тархины хоригийг нэвтэрч байгаа шиг системийн үрэвслийн механизмаар митохондрын гэмтэл, улмаар мэдрэлийн хүндрэлийг бий болгож байна. Дээрх хүндрэлд ятроген хүчин зүйлс: стеройд болон  үрэвслийн эсрэг бусад бэлдмэл, цус бүлэгнэлтийн эсрэг эмчилгээ, моноклонт эсрэг бие хэрэглэх нь  мөн нөлөө үзүүлж байна.

Энэ бүлгийн өвчтөнүүдэд эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн байнгын төрөлжсөн тусламж, эрүүл мэнд-сэтгэцийн сэргээн засах эмчилгээ шаардлагатай байгаа ч, авах арга хэмжээ бүрэн боловсруулагдаагүй байгаа төдийгүй одоог хүртэл энэ өвчний  эрсдэлт хүчин зүйлс, шинж тэмдэг, эмгэг жамын механизм, эмчилгээний шинэ аргуудыг хайх, өвчтөний өөрийн гематопоэтик-эсийн эмчилгээг сэргээн засах эмчилгээнд нэвтрүүлэх талаар хэлэлцсээр байна.

Саяхны судалгаагаар ТМТ-ны гэмтлийн үед чөмөгнөөс гаргаж авсан, нас бие гүйцсэн плюропотент эс (CD34+)-д суурилсан эмчилгээг судасны болон гэмтлийн шалтгаант эмгэгийн үлдэцтэй үед хэрэглэж өндөр үр дүнтэй болохыг тогтоосон байна. Үүдэл эсийг хэрэглэх үед гэмтсэн мэдрэлийн эс болон түүний эргэн тойрны эд тухайлбал нейрон, глий эсэд мэдрэлийн импульс дамжилт сайжирснаар мэдрэлийн үйл ажиллагаа нь сэргэдэг байна. Үүний зэрэгцээ үүдэл эсийн эмчилгээний дүнд гэмтсэн мэдрэлийн эсийн орчны эд ялангуяа эс хоорондын зайд нейротрофик фактор ялгарах, эдийн микро орчин өөрчлөгдөх, түүнчлэн холбогч нейронуудын ижил үүдэл эсийн нөлөөгөөр ялгаран хөгжих үйл явц хурдсах, аксон уртсах, шинээр синапс үүсэх, аксон тэлэгдэх, олшрох зэргээр нөлөөлдөг байна.

Сүүлийн жилүүдэд  ТМТ-ны өвчин болон бусад гэмтлийн үеийн эмчилгээнд донор эсээс давуу талтай аутолог СД133+, СД34+ гематопоэтик үүдэл эсүүдийг хэрэглэсэн судалгааны ажлуудад илүү анхаарал хандуулж эхэлсэн.  Үүдэл эсийг шилжүүлэн суулгах явцад мэдрэлийн эс түүний эргэн тойрны эд, нейрон, глиал эс нөхөн төлжих үйл явц сайжирч, мэдрэлийн ширхгийн сэрэл дамжуулалт сэргэснээр мэдрэлийн үйл ажиллагаа хэвийн болох боломжтой болдог.

Үүдэл эсийн эмчилгээ нь апоптоз болон үрэвслийн генийн үйлдлийг дарангуйлах түүнчлэн нейропротектор үйлдэлтэй генийг идэвхжүүлэх ингэснээрээ нугасны нейронууд хоёрдогчоор гэмтэхээс хамгаалдаг. Нас бие гүйцсэн үүдэл эсийг тэр дундаа гематопоэтик үүдэл эсийг (ГҮЭ) ТМТ-ны судасны, халдварын, гэмтлийн шалтгаантай, үлдэц өөрчлөлттэй өвчтөний нөхөн сэргээх  эмчилгээнд ашиглах нь эмчилгээнд үр дүн  үзүүлэх, шинэ бөгөөд ирээдүйтэй чиглэл болно гэж үзэж байна.

Ийнхүү мэдрэлийн үйлийн алдагдлын олон талт шинж тэмдгүүд нь асуудалд нэгдсэн арга барилаар хөгжүүлэх хэрэгцээ байгааг илэрхийлж байна. Үүнийг шийдэх нэг боломжит хувилбар нь урт хугацааны ковид ХШ-ийн  хожуу шатанд  үрэвслийн болон судасны шалтгаантай ТМТ-ны гэмтэлтэй өвчтөнд өөрийн гематопоэтик эсийг нь ашиглан харьцангуй үр дүнтэй,  аюулгүй эсийн эмчилгээний аргаар шийдвэрлэх боломжтой байж болох юм. Мөн “Лонг Ковид” бүхий мэдрэлийн эмгэгтэй өвчтөнүүдэд ГҮЭ-ийн эмчилгээг нөхөн сэргээх хөтөлбөрт оруулах нь онолын болон практик үндэслэлтэй сонирхол татахуйц хувилбар болно.

Та энэхүү мэдээллийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл:

Эх сурвалж: Долгополов И.С., Менткевич Г.Л., Рыков М.Ю., Чичановская Л.В. Неврологические нарушения у пациентов с long COVID синдромом и методы клеточной терапии для их коррекции: обзор литературы. Сеченовский вестник. 2021; 12(3): 56–67. https://doi.org/10.47093/2218-7332.2021.12.3.56-67

Бэлтгэсэн: АУХ, МСС, ЭША, АУ-ны магистр Т.Саранцэцэг

Хянасан: ЭНБД, АУ-ны доктор Б.Батболд