Энерги сорогч уураг архаг сульдлын хамшинжийг үүсгэдэг үү?

 Wang P-y нарын судлаачид булчин өвдөлттэй энцефаломиелит буюу архаг сульдлын хамшинжтэй хүний булчинд нэгэн уураг их хэмжээгээр агуулагдаж, энэ нь эсийн энерги үйлдвэрлэх үйл явцыг саатуулж байгааг олж тогтоожээ. Тэд анх уг хамшинжийн онош албан ёсоор тавигдаагүй ч удаан хугацаанд ядарч сульдсан, хүнд дасгал хөдөлгөөн хийх чадваргүй гэсэн өгүүлэмжтэй 38 настай эмэгтэйд хорт хавдрыг өдөөгч TP53 генийн мутаци, эмгэг замыг судлахаар зорьсон. Гэтэл судлаачид эмэгтэйн булчингийн эд эсэд WASF3 (Wiskott-Aldrich Syndrome Protein Family member-3) хэмээх уураг их хэмжээгээр агуулагдаж байгааг илрүүлжээ. Wang P-y нар WASF3 уургийн өндөр агууламж нь митохондрийн уураг болон бусад молекулууд нэгдэж, харилцан үйлчлэхэд хөндлөнгөөс оролцож, эсийн хэвийн энерги үүсэлтийг саатуулж байна гэж үзсэн. Тиймээс эдгээр судлаачид генийн инженерчлэлийн аргаар тус уургийн агууламж өндөртэй туршилтын хулгана гарган авч, туршилт хийсэн байна. Туршилтын хулганууд митохондрийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан байсан бөгөөд энгийн хулганатай харьцуулахад гүйлтийн зам дээр хоёр дахин бага зайд гүйж байжээ. Судлаачид цаашид булчин өвдөлттэй энцефаломиелит/архаг сульдлын хамшинжийн оноштой 14 хүний булчингийн дээжийг 10 эрүүл хүнийхтэй харьцуулан судалж, тус өвчтэй хүмүүст WASF3 уургийн дундаж түвшин өндөр, холбогдох митохондрийн уургийн нэгдлүүдийн түвшин доогуур байгааг илрүүлжээ. Хамгийн гол нь яагаад WASF3 уургийн түвшин ихэссэн нь тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд тус багийн судлаачид эндоплазмын торлог бүрхэвчийн стресс үүсч, энэ нь эсийн мембраны үйл ажиллагааг алдагдуулсантай холбоотой байж болох юм гэж үзэж байна. Лабораторийн хэд хэдэн туршилт, шинжилгээнүүд энэ тайлбарыг дэмжиж байгаа юм. Тухайлбал, 38 настай эмэгтэй болонбулчин өвдөлттэй энцефаломиелит/архаг сульдлын хамшинж оношлогдсон хүмүүст эндоплазмын торлог бүрхэвчийн стрессийн үед илрэх биохимийн шинжилгээний өөрчлөлтүүд илэрсэн, эмэгтэйг эндоплазмын торлог бүрхэвчийн стрессийг хориглох эмээр эмчлэхэд WASF3 уургийн түвшин буурч, митохондрийн үйл ажиллагаа сэргэсэн, өсгөрлөсөн эс болон хулгануудад эндоплазмын торлог бүрхэвчийн стрессийг зохиомлоор өдөөхөд WASF3 уургийн түвшин нэмэгдэж байсан үр дүнгүүд судалгаанд гарчээ. Анх судалгаанд оролцсон 38 настай эмэгтэй өсвөр насандаа мононуклеоз өвчнөөр өвдөж, түүнээс хойш ядрах болсон гэх өгүүлэмжтэй байсан нь аливаа вирусийн халдвараар өвдөх үедэндоплазмын торлог бүрхэвчийн стресс үүсч, халдварын дараа булчин өвдөлттэй энцефаломиелит/архаг сульдлын хамшинж үүсэх эрсдэл нэмэгддэгийг харуулж байна. Судалгааны баг цаашид энэхүү уураг болон өвчний хоорондын хамаарлыг судлах илүү нарийвчилсан судалгааг хийж гүйцэтгэх ба эндоплазмын торлог бүрхэвчийн стрессийг дарангуйлах эсвэл WASF3 уургийн митохондрт үзүүлэх нөлөөг бууруулах эмийн судалгааг хийх зорилготой байгаа ажээ.

Эрдэмтэд эдгээр судлаачид нь хэдийгээр Ковид-19-ын дараах хамжинж (Long Covid)-ийг судлаагүй ч энэ үр дүн нь Ковид-19-ийн дараах хамшинж, архаг ядаргаатай холбоотой нийтлэг эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.Ковид-19 цар тахлын дараа хүмүүст ядрах, танин мэдэхүй алдагдах, тархи манантах шинжүүд удаан хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд эрдэмтэн судлаачид тэдгээр шинж тэмдгүүдийн шалтгааныг эрж хайх, эмчлэх талаар судалсаар байгаа билээ. Колумбын Их Сургуулийн Нийгмийн Эрүүл мэндийн сургуулийн эмч-судлаач Mady Hornig 2020 оноос хойш удаан хугацааны турш Ковид-19-ын дараах хамшинжээр өвдөж байгаа ба тэрээр хэлэхдээ цаашдын судалгаа маань WASF3 болон тархины үйл ажиллагаанд нөлөөлж байгаа эсэхийг судлахад чиглэх бөгөөд тархины эсийн энергийн алдагдал танин мэдэхүйн үйл ажиллагааны алдагдалд хүргэж байж болзошгүй юм гэжээ.

Мэдээний эх сурвалж:

Бэлтгэсэн: АУ-ны магистр Д.Ганчимэг

Хянасан: АУ-ны доктор Б.Батболд