Нойрны эмгэгийг бууруулахад гадил жимсний нөлөө
Гадил жимс нь триптофан, мелатонин дааврын нийлэгжилтийг сайжруулж нойрны эмгэгийн шинж тэмдгийг бууруулдаг байна. Ялангуяа шөнийн цагаар гадил жимс хэрэглэх нь триптофаны түвшнийг нэмэгдүүлдэг ба триптофан нь мэдрэлийн дохио дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг серотин болон мелатонин даавруудын нийлэгжилтийг сайжруулдаг. Триптофан нь хүний нойрны эмгэгийг бууруулдаг серотонин дааврын урьдал бодис бөгөөд хүний бие махбодод триптофан хангалттай байх нь серотонин дааврын нийлэгжилтийг сайжруулж мелатониний түвшин нэмэгдэх боломжийг бий болгодог. Өөр нэг тэжээллэг бодис болох Витамин В6 нь мелатониний биосинтезийн урьдал бодис бөгөөд нүүрс ус болон амин хүчлүүдтэй хамтран ажиллаж мелатонин дааврын нийлэгжих процесст оролцдог байна. Ийнхүү цусны сийвэнд мелатониний агууламж нэмэгдсэнээр сэтгэл санааны тайван байдлыг бий болгох, биеийн температур бууруулахад нөлөөлдөг тул нойрны чанар сайжирдаг ажээ. Гадил жимс мелатонин дааврын нийлэгжилтийг 4 дахин нэмэгдүүлж, нойрны чанарыг сайжруулж байгаа нь эмнэлзүйн туршилт судалгаагаар нотлогдсон байна. Цусны сийвэнд мелатониний түвшин хангалттай байх нь агонистуудыг идэвхжүүлснээр нойрны чанарыг сайжруулж, урт удаан бат бөх нойрсоход нөлөөлдөг. Хүний биед мелатониний хэмжээ 21 цагаас эхлэн шөнийн турш нэмэгддэг бол өглөө 9 цаг орчмоос буурч алга болдог. Цаашилбал: Мелатониний нийлэгжилт нэмэгдсэнээр хэд хэдэн төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг ба ялангуяа хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг болохыг судалсан олон тооны судалгаанууд байдаг. Мөн түүнчлэн гадил жимсэнд кали, магнийг их хэмжээгээр агуулдаг ба “Жимс, хүнсний ногооны хэрэглээ ба зүрхний өвчнөөр өвдөх эрсдэл” сэдэвт Шанхай дахь хятад насанд хүрэгчдийн дунд хийгдсэн судалгааны үр дүнгээс үзэхэд гадил жимс нь зүрх судасны эрсдэлийг хамгийн сайн бууруулж байсан бөгөөд өдөрт 38 грамм ба түүнээс дээш грамм гадил иддэг эмэгтэйчүүд зүрхний өвчнөөр өвдөх магадлал 40%-аар бага байсан нь энэхүү судалгаагаар нотлогдсон байна. Ингэхдээ уг судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн эрсдэлийн хувьд өөрчлөлт ажиглагдаагүй ба эмэгтэйчүүдтэй харьцуулахад өдөрт 2 дахин бага гадил жимс иддэг байсантай холбоотой гэж үзжээ.
Та судалгааны үр дүнг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл:
https://www.proquest.com/doi.org/10.5455/jmas.134020
Эх сурвалж:
- https://www.proquest.com/scholarly-journals/effect-banana-dose-duration-on-decrease-sleep/docview/2549296114/se-2
- Basler M, Jetter A, Fink D, Seifert B, Kullak-Ublick GA, Trojan A. Urinary excretion of melatonin and association with breast cancer: meta-analysis and review of the literature. Breast Care (Basel). 2014 Jul;9(3):182-7. doi: 10.1159/000363426.
- Yu D, Zhang X, Gao YT, Li H, Yang G, Huang J, Zheng W, Xiang YB, Shu XO. Fruit and vegetable intake and risk of CHD: results from prospective cohort studies of Chinese adults in Shanghai. Br J Nutr. 2014 Jan 28;111(2):353-62. doi: 10.1017/S0007114513002328. Epub 2013 Jul 19. PMID: 23866068
Хянасан: АУХ, ЭНБД Б.Батболд
Бэлтгэсэн: АУХ, ЭША Ж.Буяндэлгэр
Recent Comments