Хорт хавдартай өвчтөнүүд нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн худал мэдээлэлд хэр их өртдөг вэ?
JNCI онлайн сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаагаар хорт хавдартай өвчтөнүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрийн өвчлөл болон эмчилгээнийхээ талаар тодорхой хэмжээний мэдээлэлтэй болсон байдаг. Үүний 1/3 нь баталгаа нотолгоогүй мэдээлэл байдаг ажээ.
Уг судалгаанд нийгмийн сүлжээн дахь баталгаагүй ташаа мэдээлэл нь хэрэглэгчдийг төөрөгдүүлэх, буруу мэдээлэл түгээх зэргээр нийгмийн эрүүл мэндэд аюул учруулж, эмнэлгийн тусламж үзүүлэхэд саад учруулж, өвчтөн, эмчийн харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа тул аль болох хурдан зогсоох шаардлагатай байгааг онцлон тэмдэглэжээ. Судлаачид (web scraping) (Buzzsumo.com) вэб программ ашиглан хамгийн түгээмэл 4 төрлийн хорт хавдар болох хөх, түрүү булчирхай, уушги, бүдүүн гэдэсний хорт хавдар гэсэн түлхүүр үгсээр 2018 оны 1-р сараас 2019 оны 12-р сарын хооронд Facebook, Reddit, Twitter, Pinterest зэрэг платформ дээр нийтлэгдэж буй шинэ нийтлэл, блогуудыг/сайтуудыг хамруулсан байна.
Хорт хавдрын төрөл тус бүрээс хамгийн их уншсан like, share хийсэн 50 өгүүллийг сонгож авсан ба ихэнх нийтлэлүүд фэйсбүүк дээр нийтлэгдсэн байжээ.
Нийтлэлүүдийн агуулгыг үнэлэхийн тулд хорт хавдар тус бүрийг Хавдрын Үндэсний Цогц Сүлжээний (National Comprehensive Cancer Network -NCCN) хоёр шинжээч ажилласан ба шинжлэх ухааны үүднээс 5 оноотой психометрийн лайкерт (Likert) хэмжигдэхүүнээр үнэлсэн: 1 оноо – үнэн, 2 – ихэвчлэн үнэн, 3 – зөв ба буруу мэдээллийг хослуулсан, 4 – ихэвчлэн буруу, 5 буруу байна.
NCCN-ийн хяналтын багийн гишүүд нийтлэлийг үнэлсэн хоёр шинжээчийн оноог нэгтгэж 6 ба түүнээс дээш оноог ташаа мэдээлэл гэж ангилан, нийтлэл дэх эрүүл мэндийн үндсэн мэдээллийг болзошгүй хор хөнөөлийн зэрэглэлээр үнэлэв: 1 оноо – мэдээж хоргүй, 2 – магадгүй хоргүй, 3 – төвийг сахисан, 4 – магадгүй хортой, 5 – мэдээж хортой. Мөн хоёр шинжээчийн “хортой байж магадгүй” болон “мэдээж хор хөнөөлтэй” гэсэн үнэлгээтэй нийтлэлүүдийг “хортой мэдээлэл агуулсан” гэж ангилахаас гадна “хортой” эсвэл “баталгаагүй мэдээлэл агуулсан” гэж ангилсан байна.
Судалгааны үр дүнд нийтийн сүлжээнд нийтлэгдсэн нийтлэлүүдийн 30.5% нь баталгаагүй мэдээлэл байна. Баталгаагүй мэдээлэл нь баталгаатай эх сурвалжаас илүү өргөн тархсан байна гэжээ.
Эх сурвалж: JNCI: Journal of the National Cancer Institute 22 july 2021 (doi: 10.1093/jnci/djab141).
Хянасан: АУХ, ЭНБД Б.Батболд
Бэлтгэсэн: АУХ, ЭША Д.Номин-Эрдэнэ
Recent Comments