Витамин Д + Омега3 + Дасгал = Хорт хавдрын эрсдэлийг бууруулж чадна

Швейцар, Франц, Герман, Австри, Португал зэрэг 5 улсын 70-аас дээш насны 2,157 хүнд (дундаж нас 74.9 жил; 61.7% эмэгтэйчүүд; 40.7% 25-OH витамин D 20/мл-ээс бага, 83% дунд зэргийн идэвхтэй хөдөлгөөнтэй) санамсаргүй судалгааны аргаар хийгдсэн энэхүү судалгаагаар өдөр бүр өндөр тунгаар витамин Д3, нэмэлтээр далайн гаралтай омега 3 хэрэглэж, гэрийн нөхцөлд энгийн дасгал хөдөлгөөн (simple home strength exercise (SHEP)) хийдэг хүмүүс аливаа хорт хавдраар өвдөх эрсдэл 61% буурч байгааг баталсан. Уг эмнэлзүйн судалгааг насжилттай холбоотой хорт хавдрын эрсдэл өндөр, харьцангуй эрүүл, идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой ахмад настануудын дунд хийгдсэн бөгөөд 2.99 жилийн хугацаанд хорт хавдрын 81 тохиолдлыг оношилж, баталгаажуулсан байна.

Дэлхий нийтэд цусны сийвэн дэх Д аминдэмийн хэмжээ ≥30 нг/мл байхыг хэвийн гэж үздэг бол <20 нг/мл-аас бага хэмжээтэй удаан хугацаагаар явбал Д аминдэмийн дутагдал гэж оношилдог. Д аминдэм 2 төрөл байдаг бөгөөд D2 ergocalciferol нь ургамалд агуулагддаг бол D3 cholecalciferol амьтны гаралтай хүнсэнд агуулагддаг. Бид наранд биеэ ээх үед арьсны эпидермис давхаргад байгаа 7 дегидрохолестерол нарны UVB туяаны нөлөөгөөр D3 cholecalciferol идэвхиждэг байна. Элэг, бөөрний эсээс ялгардаг ферментүүдийн нөлөөгөөр Д аминдэм нь кальцитриол болж хувирдаг ба энэ нь кальци, фосфорын шимэгдэлтийг өдөөдөг билээ. Кальцитриол нь яс, үе мөч, дархлаа, зүрх судас, таргалалт, хавдрын эсрэг гэх зэрэг хүний биед явагддаг бүхий л урвалуудад голлох үүрэг гүйцэтгэдэг. Мөн Д аминдэм нь A, C, E бүлгийн витаминуудтай нийцдэг бөгөөд бие биенээ нөхөж, биед бүрэн шимэгдэлтийг дэмждэг.

Булчин хөгжихөд уураг зайлшгүй хэрэгцээтэй байдагтай адил тархи хөгжихөд олон ханаагүй тосны хүчил зайлшгүй хэрэгтэй юм. Олон ханаагүй тосны хүчил нь гиппокамп хэсгийн мэдрэлийн эсийг хөгжүүлдэг бөгөөд хүний биед нийлэгждэггүй тул зайлшгүй нэмэлтээр хүнсээр авна. Олон ханаагүй тосны хүчил буюу Омега 3 нь эсийн хананд калийн сувгийг идэвхижүүлсэнээр хүний мэдрэлийн нейроны мембранд гиперполяризаци явагдаж глутаматаар үүсгэгдсэн нейроны NMDA рецептортой холбоотой кальцийн сувгийн блокийг нэмэгдүүлж транскрипцийн хүчин зүйл болох каппа В (NF-kB) идэвхижүүлнэ. Ингэснээр тархинд тархсан нейротрофийн хүчин зүйлийн brain-derived neurotrophic factor (BDNF) түвшинг нэмэгдүүлдэг бөгөөд тархинд мэдрэлийн эсийн нөхөн сэргэлт, санах ой, мэдрэлийн эсийн оршин тогтнох гэх мэт маш олон төрлийн үйл ажиллагааг гүйцэтгэдэг.

Хөдөлгөөн гэдэг нь бие болон түүний хэсгүүд булчингийн тусламжтайгаар тодорхой орон зайд байрлалаа өөрчлөхийг хэлдэг. “The Lancet Psychiatry Journal”-д нийтлэгдсэн судалгаанд өгүүлснээр долоо хоногт 3-5 удаа 45 минутын турш тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь сэтгэцийн эрүүл мэндэд сайн нөлөөтэй аж. Судалгаанд 1.2 сая хүн хамрагдсан бөгөөд тэдний 1 сард хийдэг дасгал хөдөлгөөний давтамж, хугацааг судалж, сэтгэцийн эрүүл мэндэд нь үнэлгээ өгчээ. Хоёр долоо хоногт нэг буюу сард 2-оос доош удаа дасгал хийдэг хүмүүсийн стрессийн төвшин огт дасгал хийдэггүй хүмүүсээс 1.5-аар бага байсан байна. Харин тогтмол буюу сард 5-аас дээш удаа дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүсийн сэтгэлээр унах, стресстэх магадлал хоёр дахин бага байжээ. Судлаачдын үзэж буйгаар долоо хоногт 4-3 удаа, 30-60 минутын хугацаанд дасгал хөдөлгөөн хийх нь сэтгэл зүйн болон,  бие махбодод шаардлагатай илчлэг шатааж, бодисын солилцоог сайжруулахад хангалттай.

Дүгнэж хэлэхэд хүний биед нийлэгждэггүй хэрэгцээт бодисуудыг нэмэлтээр ууж хэрэглэх, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, идэвхтэй амьдрах нь хорт хавдраас сэргийлэх боломжийг олгодог ажээ. Та бүхэн судалгааны ажилтай бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл доорх холбоосыг дагаарай.

Ашигласан материал

Blondeau N, Lipsky RH, Bourourou M, Duncan MW, Gorelick PB, Marini AM. Alpha-linolenic acid: an omega-3 fatty acid with neuroprotective properties-ready for use in the stroke clinic? Biomed Res Int. 2015;2015:519830. doi: 10.1155/2015/519830. Epub 2015 Feb 19. PMID: 25789320; PMCID: PMC4350958.

 

https://www.frontiersin.org/articles/10.3389/fragi.2022.852643/

Мэдээлэл бэлтгэсэн: ДЭСС-ийн ЭША Н.Отгонгэрэл

Хянасан: Секторын эрхлэгч, АУ-ны доктор Б.Батболд