Омега-3 тосны хүчлүүд ба уушгины үйл ажиллагаа

Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэн (National Institutes of Health)-гийн санхүүжилттэй эрүүл, насанд хүрсэн хүмүүсийн дунд хийгдсэн судалгаанд загас болон загасны тосны нэмэлт бүтээгдэхүүнүүдэд элбэг байдаг омега-3 тосны хүчлүүд уушгины үйл ажиллагааг дэмжиж байгааг харуулав. Энэхүү судалгаа нь бусад судалгаануудын үр дүнтэй харьцуулахад мэдэгдэхүйц холбоо хамаарлыг харуулж байгаа бөгөөд омега-3 тосны хүчлийг хоолны дэглэмд нэмэлтээр оруулахын ач холбогдлыг онцолсон байна.

АНУ-ын Нью-Йорк хотод байрлах Корнеллийн их сургуулийн хоол тэжээлийн шинжлэх ухааны тэнхимийн захирал, доктор Патрисия А.Кассано “Бид хорт хавдар, зүрх судасны өвчлөлийг хоолны дэглэмтэй харьцуулан судалдаг ч уушгины архаг өвчин болон хоолны дэглэмийн харилцаа холбоог хангалттай хэмжээнд судалдаггүй. Энэхүү судалгаа нь эрүүл хооллолтын нэг хэсэг болох омега-3 тосны хүчил уушгины эрүүл мэндэд чухал ач холбогдолтой болохыг уг судалгаагаар нотолж байна.” гэв.

Судалгаа нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт 2018 онд Элизабет О нарын судалгаанд хамрагдсан 15,063 Америкчуудын дунд когорт судалгааг явуулсан ба оролцогчдын дундаж нас 56 (55% эмэгтэйчүүд) байв. Судалгаа эхлэхэд судалгаанд хамрагдсан оролцогч нарын дийлэнх нь уушгины архаг өвчний шинж тэмдэггүй байсан ба 7-20 жилийн турш дагаж судлажээ. Урт хугацаанд хийгдсэн энэхүү судалгаагаар хүний цусан дахь омега-3 тосны хүчлийн хэмжээ ихсэх нь уушгины үйл ажиллагааны алдагдалыг багасгаж байгаа болохыг харуулсан юм. Мөн судлаачид омега-3 тосны хүчлийн нэг болох докозагексаенойн хүчил (DHA)-ийг салмон, туна, сардин зэрэг загаснууд их хэмжээгээр агуулдаг болохыг илрүүлсэн байна.

Судалгааны хоёр дахь хэсэгт Их Британийн Биобанкнаас Европын хүн амыг хамарсан (500,000 гаруй оролцогч) генетик өгөгдөлд дүн шинжилгээ хийж омега-3 тосны хүчлийн түвшинг шууд бус хэмжүүрээр буюу цусанд эргэлддэг тодорхой генетик маркеруудыг ашиглан уушгины үйл ажиллагаатай хэрхэн уялдаж байгааг судалжээ. Үр дүнд DHA зэрэг омега-3 тосны хүчлүүдийн түвшин өндөр байх нь уушгины үйл ажиллагааг сайжруулдаг болохыг харуулсан байна.

Судалгааны багийн гишүүн, хоол тэжээлийн мэргэжилтэн, доктор Бонни К. Патчен “Бид хоол тэжээлийн судалгаанд эргэлт хийж, уушгины өвчнийг эмчлэх тухайн өвчтөнд чиглэсэн хооллолт буюу ирээдүйд уушгины архаг өвчнөөр өвчлөх эрсдэлтэй хүмүүст зориулсан хоолны дэглэм, хувь хүний ​​зөвлөмжийг бий болгох боломж бүрдэх юм.” гэжээ.

АНУ-ын Зүрх, уушиг, цус судлалын институт (NHLBI)-ийн уушгины өвчний хэлтсийн захирал, доктор Жеймс П. Кили үрэвслийн эсрэг шинж чанартай хоол хүнс нь уушгины хэвийн үйл ажиллагааг хадгалахад тустай болохыг энэхүү хүн амд суурилсан томоохон судалгаа харуулж байна. Уг судалгаанаас гарсан үр дүн омега-3 тосны хүчлүүд болон уушгины үйл ажиллагааны хоорондын уялдаа холбооны талаар сонирхолтой асуултуудыг дэвшүүлж байгаа бөгөөд цаашид судлах шаардлагатайг цохон тэмдэглэсэн байна.

Та судалгааны үр дүнг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл:

https://www.atsjournals.org/doi/abs/10.1164/rccm.202301-0074OC

Эх сурвалж:

https://www.nih.gov/news-events/news-releases/omega-3-fatty-acids-appear-promising-maintaining-lung-health

 

Анагаах Ухааны Хүрээлэн

Эрдэм Шинжилгээний Төв Лаборатори

Мэдээлэл бэлтгэсэн: ЭША Б.Батчимэг

Хянасан:  АУ-ны доктор, ЭНБД Б.Батболд