Тэжээлийн доройтол антибиотикийн тэсвэржилтэд нөлөөлдөг үү?

Микробиот гэдэг нь бүх олон эст организм, түүний дотор агуулагдах харилцан хамааралтай эсвэл эмгэг төрүүлэгч шинж чанартай бичил биетний хүрээг хэлдэг бөгөөд эзэн биеийн дархлаа, дааврын болон бодисын солилцооны гомеостазын хувьд чухал ач холбогдолтой. Микробиом гэдэг нь тэдгээр бүх бичил биетний геномын нийлбэрийг буюу орчинг хэлдэг.

Гэдэсний бичил биетнүүд (microbiota) хүний эрүүл мэндэд хэр чухал болохыг сүүлийн үед эрдэмтэн судлаачид онцолж байгаа билээ. Гэдэсний бичил биетний тэнцвэргүй байдал нь халдвар, үрэвсэл болон таргалалттай холбоотой байдаг.

Хүний гэдэсний бичил орчин (microbiome) хэдэн зуугаас хэдэн мянган бичил биетний төрөл зүйлийг агуулдаг. Хоол боловсруулах замд буй бичил биетний төрөл зүйлийн тоо толгой хүний амьдралын явцад байнга өөрчлөгдөж байдаг. Хувь хүн бүрийн удамшил, хооллолт, хүрээлэн буй орчин, амьдралын хэв маяг, дархлаа эрүүл мэндийн байдлаас хамаарч хоол боловсруулах замын бичил орчин түүнд агуулагдах бичил биетний төрөл зүйл ялгаатай байдаг билээ.

Гэдэсний хэвийн бичил биетний тоо толгой буурч тэнцвэр алдагдахыг дисбактериоз гэж нэрлэдэг бөгөөд энэ нь хэд хэдэн гадаад хүчин зүйлээс шалтгаалж болох бөгөөд магадгүй хамгийн чухал нөлөөтэй нь нянгийн эсрэг эм хэрэглэх явдал юм. Дисбактериоз нь цаашид дархлааг сулруулж өвчлөлд хүргэх бөгөөд тэсвэржилт сайтай эмгэг төрүүлэгчдийн тоог ихэсгэдэг.

Хамгийн сүүлд 2023 оны British Columbia их сургуулийн судлаачдын хийсэн судалгаагаар микроэлементийн дутагдал гэдэсний бичил орчинд нөлөөлж нянгийн эсрэг эмд тэсвэржилт үүсгэж байгааг баталжээ. Микроэлементүүд болох витамин А, В12, фолийн хүчил, төмөр болон цайрын дутагдал гэдэсний бактери, вируст хэрхэн нөлөөлж буйг судлаачид судалжээ. Эдгээр микроэлементүүдийн дутагдал хулганы гэдэсний дотоод орчинг өөрчилж оппортунист эмгэг төрүүлэгчийн тоо толгой өсөж антибиотикийн тэсвэржилтэд хүргэж байгааг олж тогтоосон байна.

Дэлхий даяар тав хүртэлх насны 340 сая орчим хүүхэд микроэлементийн олон төрлийн дутагдалтай байдаг нь тэдний өсөлтөд сөргөөр нөлөөлдөг төдийгүй гэдэсний микробиомыг ихээхэн өөрчилдөг.Түүнчлэн шим тэжээлийн дутагдалтай хүүхдүүд ихэвчлэн өвчлөмтгий байдаг бөгөөд антибиотикийн хэрэглээ нэмэгддэг. Энэ нь эргээд гэдэсний бичил биетний тоог цөөрүүлж антибиотикийн тэсвэржилтэд хүрэгэдэг.

Микроэлементийн дутагдал нь хэвийн бичил биетнүүдийн орчинг өөрчилж улмаар оппортунист халдвар өвчлөл үүсгэн цаашид антибиотикийн тэсвэржилт даамжирсаар байна.

Тус судалгааг дэлгэрүүлэн уншихыг хүсвэл https://www.sciencedaily.com/releases/2023/11/231117134925.htm

Мэдээлэл бэлтгэсэн: ЗСМС-ын ЭША И.Анударь

Хянасан: Эрдэмтэн нарийн бичгийн дарга, АУ-ны доктор Б.Батболд