Дэлхийд анх удаа нярай хүүхдэд зүрхний
хэсгүүдийг хэсэгчлэн шилжүүлэн суулгалаа
Америкийн нэгдсэн улсын Дьюкийн их сургуулийн мэс засалчид артерийн ерөнхий багана оноштой дөнгөж төрсөн хүүхдэд дэлхийд анх удаа донорын гол судас ба уушигны багана судсыг хавхлагын хамт шилжүүлэн суулгажээ. The Journal of the American Medical Association-д 2024 оны1 сарын 2-ндмэдээлснээр шилжүүлэн суулгасан зүрхний хавхлага ба судсууд нь хүүхдийн өсөлтийг даган хамт томорсон нь хамгийн чухал ололт юм гэжээ. Томрон ургадаг зүрхний хавхлагын имплант байдаггүй тул зүрхний хавхлага, артерийн нэг баганатай хүүхдийн мэс заслын эмчилгээ шийдэгдээгүй асуудал байсан юм. Ийм хүүхдэд амьгүй донороос хавхлага суулгадаг боловч хүүхэд томрох тусам түүнийг нь дахин солих шаардлага тулгардаг. Төрсний дараа хүүхдэд зүрх шилжүүлэн суулгахад хагалгааны дараа 15% энддэг ба 20 нас хүртэл амьдрах магадлал 50% байдаг байна.
Зураг 1. Мэс засал хийлгэсэн хүүхэд
Профессор Джозеф Турек (Joseph Turek)-ийн удирдсан Дьюкийн их сургуулийн эмнэлгийн төвийн мэс засалчид энэ хагалгааг гардан хийсэн бөгөөд хүүхэд дээрх гажгуудаас гадна ховдол хоорондын таславчийн цоорхойтой байсан. Төрсний дараа 18 дах хоногт төрөх үед тархины ишеми-гипоксийн оноштой, төрөөд 2 хоноодэндсэн тохирох донор олдсон байна. Эцэг эх нь хүүхдээ нас барангуут охиныхоо зүрхийг өгөхийг зөвшөөрчээ. Ингээд 2022 оны хавар зүрх хэсэгчлэн шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн бөгөөд тодорхой хугацаанд, үе шатлалтай хийсэн зүрхний эхо шинжилгээгээр шилжүүлэн суулгасан хавхлага, судаснууд хэвийн ургаж байгааг тогтоож, 14 сарын дараа хүүхдийн зүрхний эход шилжүүлэн суулгасан хавхлагын дутагдал ба нарийсал илрээгүй тул олон нийтэд мэдээлсэн юм. Хүүхэд хэвийн тоглож, тоглоомоо эрж, дуу гаргаж өсөлт хөгжил хэвийн явагдаж байгаа ба анхны энэ хагалгаанаас хойш дэлхий дээр зүрх судасны 4 төвд 13 ийм хагалгаа хийсний 9 нь Дьюкийн их сургуулийн эмнэлэгт хийжээ.
Эх сурвалж:
Partial Heart Transplant in a Neonate With Irreparable Truncal Valve Dysfunction
Joseph W. Turek, Lillian Kang, DouglasM. Overbey, Michael P. Carboni, Taufiek K. RajabJAMA. 2024;331(1):60-64. doi:10.1001/jama.2023.23823
https://www.newsobserver.com/news/local/article283823708.html#storylink=cpy
Мэдээлэл бэлтгэсэн: ЗСМС-ын ЭША Т.Баяраа
Хянасан: Эрдэмтэн нарийн бичгийн дарга, АУ-ны доктор Б.Батболд
Recent Comments