Хятад-Монголын хамтарсан ОУ-ын экспо үзэсгэлэн 2019.09.06-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Улаан цав, Хөх хот, Тунглю хотод зохион байгуулагдаж байна. Тус хоёр орноос гадна Орос, БНСУ, Япон, Израил зэрэг улс орнууд оролцож, Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны форум, Хятад-Монголын технологи дамжуулалт, инновацийн 2-р их хурал зэрэг олон улсын хурлууд, шинжлэх ухааны үзэсгэлэн худалдаа, соёлын арга хэмжээ бүхий томоохон арга хэмжээ болж байна. Энэ үеэр шинжлэх ухааны хамтарсан төслүүдийг танилцуулах, хамтран ажиллах гэрээ байгуулах зэрэг ажил зохион байгуулагдаж, Анагаах ухааны хүрээлэн нь Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтын ажиллагааны гэрээ байгуулж, захирал, АУ-ны доктор, дэд профессор П.Эрхэмбулган гарын үсэг зурлаа. Гэрээнд зааснаар тус хоёр байгууллага нь шинжлэх ухааны шинэ мэдлэг, инноваци, ололт амжилтыг ашиглан хамтарсан судалгаа, шинжилгээний төсөл хийж гүйцэтгэх, байгууллагын хүний нөөцийг чадавхижуулж хөгжүүлэхэд хамтран ажиллах юм.