Аmerican Journal of Otolaryngology сэтгүүлийн 2022 оны 1-2 сарын дугаарт хэвлэгдсэн мэдээллийг хүргэж байна.

Үндэслэл

Бамбай булчирхайн цочмогдуу үрэвсэл (ББЦҮ) нь эмчилгээ хийлгээгүй тохиолдолд архаг үргэлжилсэн явцтай тул чих хамар хоолойн эмч нарын анхаарах чухал эмгэгийн нэг юм. Вирусын халдварууд ББЦҮ-ийн хамгийн түгээмэл өдөөгч хүчин зүйл бөгөөд Ковид-19 өвчнөөр эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдэд энэ үрэвсэл үүссэн тухай тохиолдлууд маш олон бүртгэгдсэн байна. Энд харин бид SARS-CoV-2 вирусийн эсрэг вакцинжуулалтаас үүдэлтэй ББЦҮ-ийн тохиолдлыг мэдээлж байна.

Тохиолдол

48 настай эрэгтэй толгой хүзүү чих хамар хоолойн мэс заслын клиникт 3 долоо хоногийн өмнөөс хүзүүний баруун талд хавдсан, хоолой хөндүүрлэнэ, зүрх дэлсэнэ, халуурна, 5 кг турсан гэсэн зовуурьтай ханджээ. Уг шинж тэмдгүүд SARS-CoV-2 вирусийн эсрэг вакцины 2-р тун хийлгэснээс 1 долоо хоногийн дараагаас илэрч эхэлжээ. Бодит үзлэгээр хүзүүний урд хэсэгт бамбай булчирхайн түвшинд тэмтрэхэд эмзэглэлтэй байв. Бамбайн хэт авиан шинжилгээнд бамбай булчирхайн тархмал томрол, эхо ойлт буурсан, гетероген бүтэц тодорхойлогдсон (Зураг 1). Лабораторийн шинжилгээнд C-урвалжит уураг ихэссэн, эритроцитийн тунах хурд ихэссэн, бамбай булчирхайн үйл ажиллагааны шинжилгээнд гипертиреоз (FT4=3.6 ng/dl, TSH=0.01ulU/mL) тодорхойлогдсон. Эмнэлзүйн илрэл болон лаборатори, дүрс оношилгооны шинжилгээнүүдээс дүгнэхэд цочмогдуу бамбай булчирхайн үрэвсэл гэсэн онош тавигдсан.  Өвчтөнд үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл (ҮЭСББ) ба преднизолон 40мг/хоног эмчилгээг 1 долоо хоног хийсэн. Глюкокортикоид эмчилгээг эхлээд 24 цагийн дотор хүзүүний эмзэглэл болон халууралт арилсан. Өвчтөнийг дотоод шүүрлийн клиникт шилжүүлж лабораторийн шинжилгээг давтан хийхэд эритроцитийн тунах хурд, С-урвалжит уураг, T4 хэмжээ хэвийн болсон байна. 2 сарын дараа бамбай булчирхайн давтан шинжилгээ хийхээр төлөвлөв.

Хэлцэмж

Бамбай булчирхайн цочмогдуу үрэвсэл бол вирүсийн халдвараар сэдээгддэг ба өвөрмөц шинж тэмдэг (халуурах, ядрах, бамбай булчирхай эмзэглэлтэй болж томрох), лабораторийн шинжилгээ (эритроцитийн тунах хурд, С-урвалжит уураг, чөлөөт Т4 ихсэх, TSH буурах) болон дүрс оношилгооны шинжилгээгээр оношилно. Бамбай булчирхайн хэт авиан шинжилгээнд тархмал гетероген эхо ойлт бүхий хэсэг газрын эхо ойлт буурсан хэсэгтэй, допплер сигнал хэвийн эсвэл буурсан байх бөгөөд гревсийн өвчний үед судасжилт ихэссэн байдгаараа ялгаатай байна. ББЦҮ нь Ковид-19 халдварт өвчнөөр эмнэлэгт хэвтсэн олон өвчтөнд тохиолдсон байна. Ангиотензин хувиргагч энзим 2 (ACE 2) хэмээх рецептор SARS-CoV-2 вирус эсэд нэвтрэн ороход ашиглагддаг бөгөөд бамбай булчирхайн фолликуляр эсүүдэд экспресслэгддэг учир бамбай булчирхайн фолликуляр эсүүд нь боломжит бай эрхтэн болох юм. Тиймээс SARS-CoV-2 вирусийн эсрэг вакцин болон өдөөгч тун хийлгэх байдал эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмнэлзүйд бамбай булчирхайн цочмогдуу үрэвсэл үүсэх боломжтойг уг нийтлэлээр илэрхийлэхийг зорьсон болно.

Зураг 1. Бамбай булчирхайн истмусийн түвшинд авсан хэт авиан шинжилгээний хөндлөн байрлалтай зураг

Тайлбар: Бамбай булчирхай бага зэрэг томорч, эхо ойлт буурсан, гетероген шинжтэй ба судасжилт ихсээгүй байгаа нь бамбай булчирхайн цочмогдуу үрэвслийг илтгэж байна.

ББЦҮ бусад халдварын гаралтай бамбай булчирхайн үрэвсэл, Гревсийн тиреотоксикоз, олон зангилаат хорт бахуу зэрэг бамбай булчирхайн бусад эмгэгтэй андуурагдаж болох юм. Бамбай булчирхайн хэт авиан шинжилгээг гипертиреозийн үед хийнэ. Иод агуулсан тодосгогчтой шинжилгээг аль болох хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй бөгөөд тиреотоксикоз үүсгэх магадлалтай байна. Дундаас хүнд зэргийн шинж тэмдэг бүхий ББЦҮ-тэй хүмүүст Америкийн бамбай булчирхайн холбооны удирдамжийн дагуу ҮЭСББ болон глюкокортикоид эмчилгээг хавсарч хэрэглэнэ (преднизон 40мг/өдөрт 1 -2 долоо хоног) гэж заасны дагуу манай тохиолдолд глюкокортикоид болон ҮЭСБ эмчилгээний дараагаар сайн үр дүн өгсөн.

Дүгнэлт

Чих хамар хоолойн эмч нар SARS-CoV-2 вирусийн халдвар эсвэл вакцинжуулалтын улмаас ББЦҮ өдөөгдөж болохыг санаж, оношилж, цаг алдалгүй эмчилгээг хийх хэрэгтэй. ҮЭСББ болон глюкокортикоид эмчилгээг цаг алдалгүй хийх нь системийн шинж тэмдгийг хурдан арилгах, өвчний үр дагавраас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: doi: 10.1016/j.amjoto.2021.103211

Мэдээлэл бэлтгэсэн: МСС-ын ЭША Э.Төгөлдөр

Хянасан: МСС-ын эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор Б.Чимэглхам