Б.Чимэглхам, АУ-ны доктор

АУХ-ийн Мэдрэл судлалын секторын эрхлэгч

Шинэ корона буюу SARS-CoV-2 (HCoV-2) вирусээр үүсгэгдсэн Ковид-19 (COVID-19, corona virus disease-19) өвчин анх БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод гарснаас хойш дэлхийн 160 гаруй оронд тархаж, саяхан ДЭМБ энэхүү өвчний цар тахал боллоо гэдгийг зарласан билээ.

Энэхүү тойм мэдээллээр амьсгалын замын хурц үрэвсэл үүсгэдэг, зоонозын гаралтай, Ковид-19 шинэ халдварт өвчин, түүний үүсгэгчийн талаар хийгдсэн голлох зарим судалгаануудыг нэгтгэн хүргэхийг зорьлоо.Вирусийн тухай товчхон.

Та бүхний мэддэгчлэн вирус бол эст бүтэцгүй, маш бичил амьд бие бөгөөд зөвхөн эсийн дотор шимэгчилж, эзэн эсийнхээ дотор өсөж үржих чадвартай байдаг. Одоогоор хүн ба амьтны 25 орчим овгийн 60 гаруй төрлийн вирус мэдэгдээд байна. Вирус нь хэмжээгээрээ      бактераас ойролцоогоор 1000 дахин жижиг буюу дунджаар 20-400 нм диаметртэй байдаг. Вирус нь үржихдээ эхлээд вирусийн бүрхүүл нь өөр эсийн гадаргууд бэхлэгдэж авна. Ингэхдээ вирус дурын эсүүд дээр очиж наалдаад байдаггүй, өөрийн онцлогоосоо хамаарч зөвхөн тодорхой эсүүд дээр наалддаг. Жишээ нь: томууны вирус нь салст бүрхүүл, ялангуяа мөгөөрсөн хоолойн салст бүрхүүлийн хучуур эсүүдэд, хомхойны вирус мэдрэлийн эс, ДОХ-ын вирус дархлааны эсүүдэд очиж бэхлэгддэг. Үүнийхээ дараа өөрийн генийн материалыг эзэн эсийн дотогш оруулна. Тэндээ вирусийн ДНХ, эсвэл РНХ нь эзэн эсийн фермент системийг өөртөө тохируулан өөрчлөнө. Ингэсний дараа эс нь өөрөө вирусийн уургийг шинээр үйлдвэрлэж эхэлдэг байна. Эзэн эсийн нуклеины хүчил болон уургийг ашиглан “угсрагдсан” шинэ вирусүүд нь эзэн эсийг үхэж задрахад цааш тархан шинэ шинэ эсүүдийг гэмтээдэг. Вирусээр үүсгэгддэг хамгийн түгээмэл халдваруудаас тоочвол: томуу, ДОХ, Улаан бурхан, гепатит гэх мэт юм.

Титэмт вирус.

Титэмт вирус (Coronavirus)-ийг анх 1937 онд ялгаж авсан бөгөөд тэдгээрийн зарим нь хүнд зарим нь тэмээ, муур, сарьсан багваахай зэрэг амьтдын биед халдварлаж өвчлүүлдэг. Тэдгээрийн ихэнх нь зөвхөн өөрийн өвөрмөц амьтанд халдварлаж амьдардаг. Хүний титэмт вирусийг анх 1960 онд ханиад туссан хүмүүсийн хамрын хөндийгөөс авч өсгөвөрлөсөн байна.  Хүн бүрийн амьдралынхаа аль нэг хугацаанд халдвар авдаг элбэг тохиолддог вирус юм. Титэмт вирусийн 4 том бүлэг, тухайлбал альфа, бета, делта, гамма байдгаас зөвхөн эхний 2 бүлгийн титэм вирус л хүнд халдварладаг. Эдгээр нь агаараар тархан халдварлах ба дэлхий даяар нийт ханиадны тохиолдлын 10-30%-ийг үүсгэдэг гэсэн судалгаа байна. Саяхныг хүртэл титэмт вирус зөвхөн амьсгалын дээд замын үрэвсэл үүсгэдэг, уушгины хатгалгаа үүсгэж хүндэрдэггүй гэж үздэг байсан бол 2002 онд Хятадын Гуанду мужид гарсан титэмт вирусийн (SARS-CoV-1) халдвар уушгины цочмог хатгалгаа үүсгэж дэлхийн 29 орны 8096 хүнд халдварлан тэдгээрийн 10% буюу 774 хүнийг үхэлд хүргэсэн гэсэн ДЭМБ-ын баримт байна. SARS-CoV-1 титэмт вирусийн гаралтай өвчлөлийг 2004 онд бүрэн зогсоосон боловч 2012 онд Дундад Азид тэмээнээс халдварлан өвчлөл үүсгэсэн MERS-CoV вирусийн тархалт одоо ч үргэлжлэн хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 27 орны 2494 хүнд халдварлан 858 хүний үхлийн шалтгаан болж ноцтой үр дагаварт хүргэсээр байна.

Хүний титэмт вирусийн 7 төрөл, тухайлбал, HCoV-229E, HCoV-OC43, HCoV-NL63, HCoV-HKU1, SARS-CoV (severe acute respiratory syndrome-амьсгалын цочмог хүнд хамшинж), MERS-CoV (Middle East respiratory syndrome-дундад Азийн амьсгалын хамшинж), SARS-CoV-2 буюу шинэ титэмт вирус одоогоор тогтоогдоод байна. Эдгээр вирус ханиадны вирусийн адил тархдаг учир дэлхий дахины нийгмийн эрүүл мэндийн онцгой асуудал болоод байна. Энэ вирустэй тэмцэхэд вирусийн геномийг судлах нь маш чухал байдаг. Титэмт вирус нь РНХ вирусийн том бүл бөгөөд ерөнхийдөө титэмт вирусийн геном 32 килобаз урттай, РНХ-ийн дан утаслаг байдаг. Титэмт вирус маш сайн өөрчлөгдөж, мутацид орох чадвартай, эерэг утаслагт РНХ вирус тул оношилгоо, эмчилгээний асуудал бэрхшээлтэй байдаг. Эрдэмтэд 2002 оны SARS-CoV вирусийн тээгч амьтан нь сарьсан багваахай байсан бөгөөд зэрлэг муурны төрлийн амьтнаас хүнд дамжсан болохыг илрүүлж,  вирусийн геномын дараалал бусад бүх тодорхойлогдсон титэмт вирусээс өөр байсныг тогтоосон нь халдварыг оношлох, эмчлэхэд маш чухал мэдээлэл болсон байна1.    

Шинэ титэмт вирусийн суурь судалгааны талаар

Өнгөрсөн оны 12 сарын 31-ний өдөр Хятадын удирдлагаас ДЭМБ-д шинэ корона вирусийн гаралтай хүнд халдварт өвчний тархалт дэгдсэн талаар мэдэгдсэн даруйд энэ чиглэлийн эрдэмтэд SARS, MERS вирусийн дэгдэлтийн үед хийгдсэн судалгаа, шинжилгээний ололтын ачаар Ковид-19 өвчний оношилгоо, эмчилгээ, вакцин судлан гаргах ажилд харьцангуй хурдацтай амжилт гаргаж байна. АНУ-ын Харшил ба халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд Ковид-19 өвчнийг үүсгэгч шинэ вирусийг илрүүлснээс хоёр долоо хоногийн дотор вирус эс рүү хэрхэн нэвтрэн ордгийг тогтоосон2. Шинэ титэмт вирус эс рүү хэрхэн нэвтрэн ордгийг судлан тогтоох нь вирусийн эсрэг эмчилгээ, вакцин бүтээхэд суурь судалгаа болно. Энэ чиглэлээр дэлхийн эрдэмтдийн баг олон судалгаа хийн нийтлүүлснээс А.Воллс нар SARS-CoV-2 вирус хүний биеийн эсэд ангиотензин хувиргагч энзим-2 (АХЭР2-ACE2) рецептортой маш хүчтэй холбогдох замаар нэвтрэн ордгийг илрүүлсэн3. Мөн SARS-CoV-1 вирусийн поликлон эсрэгбие энэ вирусийг эс рүү нэвтрэн орохыг саатуулдаг болохыг тогтоосон нь эмчилгээний чухал ач холбогдолтой байна.  

Үүний зэрэгцээ бүр нарийвчлан В.Тай нарын судлаачид SARS-CoV-2 вирусийн хадаас хэлбэрт уургийн (spike protein) рецепторт холбогдох хэсэг (RBD)-ийн АХЭР2-той холбогдох чадвар анхны титэм вирусээс маш өндөр болохыг тогтоон SARS-CoV-2 вирусийн хадаас уургийн рецепторт холбогдох хэсэгт чиглэсэн эмчилгээ, вакцин бүтээхийг зөвлөмж болгосон байна4.      

Хятадын эрдэмтэд шинэ титэмт вирусийн геномын дарааллыг яаралтай тогтоон дэлхий нийтийн судлаачдад мэдээллээ нээлттэй хүргэсэн. Энэхүү мэдээллийг ашиглан олон орны судлаачид, хүрээлэнгүүд SARS-CoV-2 вирусийн гарал үүсэл, хувирлын талаар олон нийтийн дунд яригдаж байгаа зарим таамаглалыг (вирусийг лабораторид хиймлээр гарган тараасан гэх мэт) шалгахаар судалгаа хийсэн байна5.

Эдгээр эрдэмтэд титэмт вирусийн гадаргууд орших хадаас хэлбэрийн уургийн генетикийн загварчлалыг ашиглан судалсан байна. Тухайлбал, хадаас уургийн 2 чухал хэсэгт анхаарлаа хандуулсан бөгөөд үүнд рецепторт холбогдох хэсэг (receptor-binding domain-RBD ) буюу эзэн эсийг барьж авч угсрагдах үүрэгтэй дэгээ хэлбэрийн уураг (S1 дэдхэсэг), эзэн эсийг нээх үүрэгтэй (the polybasic cleavage site) амсар хэлбэрийн уураг (S2 дэдхэсэг)  орно. Хадаас уургийн энэ амсар хэсэг болон түүний хажууд орших О-холбоот гликанууд бусад бета төрлийн титэмт вирусээс ихээхэн ялгаатай, өвөрмөц бүтэцтэй байсан байна.

Титэмт вирусийн байгалийн “бүтээгдэхүүн” болохыг батлахдаа Андерсен нар SARS-CoV-2 вирусийн хадаас уургийн бүтэц, АХЭР2-той холбогдох өвөрмөц чанараас үндэслэн нотолжээ. Андерсен “Хэрэв SARS-CoV-2 вирусийг хэн нэгэн лабораторид өвчин үүсгэх зорилгоор бүтээсэн байсан бол өмнө бидний мэддэг мэдлэгт (бусад ижил төрлийн титэм вирусийн мутацид орох чадвар) суурилан хадаас уургийн бүтцийг зохиох байсан. Харин энэ шинэ вирусийн хадаас уургийн бүтэц, үйл ажиллагаа ижил төстэй бусад вирусээс ихээхэн онцлогтой байгааг тогтоосон нь үүний баталгаа болно” гэжээ.  Тэд SARS-CoV-2 вирусийг “байгалийн бүтээгдэхүүн мөн” гэж дүгнэжээ5,6

Ковид-19 өвчний эмнэлзүйн зарим судалгаа. 

БНХАУ-ын Анагаах ухааны академийн Фэй Зоу тэргүүтэй эрдэмтэд олон төвт, эргэмж когорт судалгаагаар Ковид-19 өвчний улмаас хэвтэн эмчлүүлсэн 191 өвчтөнөөс тэдгээрийн 54 нь эмнэлэгт нас барсан мэдээлэлд анализ хийж эмнэлзүйн явц, нас баралтын эрсдэлт хүчин зүйлийг судлан тогтоосон судалгааны дүн Лансет сэтгүүлийн 2020 оны 3 сарын 9-ний өдрийн дугаарт хэвлэгдсэн байна7.  

Тэдний судалгаагаар Ковид-19 өвчний улмаас нас барсан тохиолдлуудын ихэнх нь өндөр настай, хавсарсан өвчтэй, сийвэнгийн Д-даймер уургийн хэмжээ ихэссэн байсан байна.

Тэд судалгаандаа Ковид-19 өвчний онош лабораторийн шинжилгээгээр батлагдан 2020 оны 2 сарын 1 хүртэлх хугацаанд Ухань хотын Жинюнтан эмнэлэг, Уханийн уушгины эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бүх насанд хүрэгчдийн мэдээллийг  хамруулжээ. Судлаачид эдгэрсэн болон нас барсан өвчтөнүүдийн хүн ам зүйн үзүүлэлт, эмнэлзүй, эмчилгээ, лабораторийн шинжилгээний үр дүнг харьцуулахад нийт өвчтөнүүдийн 48% (91) хавсарсан өвчтэй, үүний хамгийн элбэг нь АДИӨ (30%), ЧШ2ХШ (19%), зүрхний титэм судасны өвчин (8%) байжээ. Эмнэлэгт нас барах эрсдэлт хүчин зүйлд өндөр нас 1.1 дахин (OR 1.10, 95% CI, 1.03 – 1.17 насаар жил бүр нэмэгдэх нь), хэвтэх үеийн SOFA (Sequential Organ Failure Assessment-үжил хамааралт эрхтэн дутагдлын үнэлгээ) оноо өндөр байх нь 5.6 дахин (OR 5.65, 2.61 – 12.23; P < .0001), мөн хэвтэх үед Д-даймерийн хэмжээ 1 мкг/мл-ээс илүү байх зэрэг орж байгааг тогтоожээ.  Нас барсан тохиолдлуудад эдгэрсэн тохиолдлуудтай харьцуулахад амьсгалын дутагдал (98% ба 36%), үжил (100% ба 42%), хоёрдогч халдвар (50% ба 1%)-ын давтамж өндөр байсан байна. Судалгаанд хамрагдагсдын эдгэрсэн өвчтөнүүдийн дундаж нас 52, нас барсан өвчтөнүүдийн дундаж нас 69 байсан нь өндөр насны эрсдэлийг баталж байгаа бөгөөд энэ нь нас ахих тусам дархлааны тогтолцооны үйл ажиллагаа сулран, үрэвслийн процесс идэвхижиж эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа муудан, вирусийн халдварт өртөмхий болдгоор тайлбарлагдаж байна. Мөн өндөр настай өвчтөнүүд эмнэлэгт ирэх үедээ үжлийн шинж тэмдэгтэй, АДИӨ болон чихрийн шижин-2 өвчин хавсарсан, цусны бүлэгнэлтийн өөрчлөлттэй байсан нь олонтаа байсан байна.

Эмнэлзүйн шинжийн хувьд бүх өвчтөнд халууралт дунджаар 12, ханиалга 19 хоног (эдгэрсэн өвчтөнүүдийн 45% эмнэлгээс гарах үед ханиалгах шинж байсан), амьсгал давчдах шинж эдгэрсэн өвчтөнүүдэд дунджаар 13 хоног тус тус илэрч байсан бөгөөд нас барсан өвчтөнүүдэд амьсгал давчдах шинж арилаагүй байна.  

Вирусийн нууц үеийн хугацаа (viral shedding) эдгэрэгчдэд дунджаар 20 хоног (8-37 хоног) байсан бол нас барагчдад SARS-CoV-2 вирус эцсийн мөч хүртэл илэрсээр л байсан ба вирусийн эсрэг эмчилгээ энэ хугацааг богиносгохгүй байжээ. Вирусийн халдварын нууц үе урт байгааг тогтоосон нь тусгаарлах үйл ажиллагааг төлөвлөх, зохицуулах, вирусийн эсрэг эмчилгээний шийдвэр гаргах зэрэгт чухал ач холбогдолтой гэжээ. Энэхүү судалгаагаар өндөр настан, Ди-даймерийн хэмжээ ихсэх, SOFA оноо өндөр байх зэргийг эрт үед нь тодорхойлох нь тавилан муутай байж болзошгүй өвчтөнг илрүүлэхэд туслах юм гэж судлаачид дүгнэжээ7,8.

Үүний зэрэгцээ Ковид-19 өвчний вирус уушги руу АХЭР2-оор дамжин ордгийг тодорхойлсон нь АДИӨ болон шинэ титэмт вирусийн хоорондын хамаарлыг судлах нэн шаардлагатай байгааг судлаачид дурьджээ. Учир нь АДИӨ-тэй хүмүүс Ковид-19-өөр өвчлөхөд илүү хүнд явцтай байгаа нь насжилт, ерөнхий биеийн өвчлөлтэй хавсарч артерийн даралт ихсээд байна уу эсвэл АХЭР-2 Ковид-19 болон АД ихсэлтэд хоёуланд нөлөөтэй байна уу, хэрэв энд ямар нэг холбоо байгаа бол АХЭР-2 Ковид-19 өвчний өндөр эрсдэлтэй өвчтөнд эерэг эсвэл сөрөг нөлөөллийн алийг үзүүлэх вэ гэдэг нь судлаачдын анхаарлыг ихэд татаж байна9.

Ковид-19 өвчний эмчилгээний талаарх судалгаа. 

Амьсгалын замын цочмог хүнд халдвар үүсгэдэг шинэ вирусийн халдварын эсрэг эм, вакцины судалгааг дэлхийн олон орны эрдэмтэд зэрэгцэн маш идэвхитэй хийж байна. Тухайлбал АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн (ХХӨСҮХ)-ийн эрдэмтэд SARS-CoV-19 вирусийг эсэд нэвтрэн орохыг саатуулах, дархлааны системийн хариу урвалын хугацааг нэмэгдүүлэх, вирусийн репликацийг хориглох үйлдэлтэй шинэ эсрэгбие, вирусийн эсрэг эм, вакцин гарган авахаар маш олон судлагаа хийж байна гэж мэдээлсэн байна. Амьтны загвар ашиглан бусад титэмт вирусийн эсрэг үзүүлэх нөлөөг судлахад сайн үр дүнтэй байсан Ремдесивир (Remdesivir) эмийн шинэ вируст үзүүлэх нөлөөг судлах судалгаа, SARS-CoV-19 вирусийн эсрэг интерферон-бета, Лопинавир (Lopinavir буюу Kaletra), Ритонавир (Ritonavir) зэрэг эмийн үзүүлэх нөлөөг судалж байна.       

АНУ-ын ХХӨСҮХ-ийн Вакцины судалгааны төвийн эрдэмтэд титэмт вирусийн талаар судалгааны арвин туршлагатай бөгөөд тэд бусад академ, засгийн газрын агентлаг, компанийн судлаачидтай хамтран маш өргөн хүрээний хамтын ажиллагаагаар мессенжер РНХ-ийн вакцин бүтээх технологийг ашиглан SARS-CoV-2 вирусийн хадаас уургийг таньж үйлчлэх чадвартай вакцин гарган авахаар ажиллаж байна. Туршилтын вакцины эмнэлзүйн туршилт судалгаа ойрын сард эхлэнэ гэж мэдэгджээ.  Мөн ХХӨСҮХ-ийн зарим эрдэмтэд Оксфордын их сургуулийн судлаачидтай хамтран Ковид-19-ийн эсрэг шампанзе сармагчны аденовирусийн векторт вакцинийг судалж байгаа аж. Үүний зэрэгцээ SARS өвчний эсрэг гарган авсан вакцин энэ шинэ вируст нөлөөлөх эсэхийг судалж байна.      

АНУ-ын ХХӨСҮХ Ковид-19 өвчний үүсгэгчийг эс рүү нэвтрэн орох, халдвар үүсгэхээс сэргийлэх эсрэгбиед суурилсан эмнэлзүйн судалгааг санхүүжүүлж эндээс ихээхэн нааштай хариу хүлээж байгаа юм. Саяхан MERS өвчний эсрэг эмчилгээнд тэмээнээс гарган авсан SAB-301 эсрэгбиеийн эмнэлзүйн туршилт судалгааны 1-р үе шат дуусч эрүүл хүнд аюулгүй байгааг тогтоосон. Энэ туршилт судалгааны 2,3-р шатны судалгааг Саудын Арабын нэгдсэн улсын эрдэмтэдтэй хамтран хийж байгаа тухай мэдээлсэн байна.  
20-р зуунд титэмт вирусийн хүнд халдвар 3 удаа гарснаас энэ удаагийн шинэ өвчин цар тахлын хэмжээнд хүрч дэлхий нийтийг цочроож, эдийн засаг, нийгмийн хүнд байдалд оруулж байгаа ч шинжлэх ухааны хөгжил дэвшил, эрдэмтдийн нөр их шаргуу хөдөлмөрийн дүнд Ковид-19 өвчнийг устгах эм, эмчилгээг амжилттай бүтээх нь дамжиггүй билээ. 

Ашигласан материал

  1. Dr. Rodney Rohde, 2019 Novel Coronavirus (2019-nCoV) Update: Uncoating the Virus // https://asm.org/Articles/2020/January/2019-Novel-Coronavirus-2019-nCoV-Update-Uncoating. January 31,2020
  2. Coronaviruses // Official site of National Institute of Allergy and Infectious Diseases, https://www.niaid.nih.gov.  January 31,2020
  3. Walls et al., Structure, Function, and Antigenicity of the SARS-CoV-2 Spike Glycoprotein. Cell 180, 1–12. March 19, 2020, 2020 Elsevier Inc. https://doi.org/10.1016/j.cell.2020.02.058
  4. Tai, W., He, L., Zhang, X. et al. Characterization of the receptor-binding domain (RBD) of 2019 novel coronavirus: implication for development of RBD protein as a viral attachment inhibitor and vaccine. Cell Mol Immunol (2020). https://doi.org/10.1038/s41423-020-0400-4
  5. Scripps Research Institute. “COVID-19 coronavirus epidemic has a natural origin.” ScienceDaily. ScienceDaily, 17 March 2020. www.sciencedaily.com/releases/2020/03/200317175442.htm
  6. Kristian G. Andersen, Andrew Rambaut, W. Ian Lipkin, Edward C. Holmes, Robert F. Garry. The proximal origin of SARS-CoV-2. Nature Medicine, 2020; DOI: 10.1038/s41591-020-0820-9
  7. Fei Zhou et.al., Clinical course and risk factors for mortality of adult inpatients with COVID-19 in Wuhan, China: a retrospective cohort study. //www.theLancet.org; Published online March 9, 2020; https://doi.org/10.1016/S0140-6736(20)30566-3
  8. Ricki Lewis. Risk Factors for Death From COVID-19 Identified in Wuhan Patients. https://www.medscape.com/viewarticle/926504; March 9, 2020.
  9. Heather Boerner., Scientists Seek Answers to Hypertension–COVID-19 Link. https://www.medscape.com/viewarticle/926665?nlid=134450_5403&src=wnl_dne_200312_mscpedit&uac=177775MR&impID=2308630&faf=1; March 11, 2020.
  10. Developing Therapeutics and Vaccines for Coronaviruses // Official site of National Institute of Allergy and Infectious Diseases, https://www.niaid.nih.gov. February 13,2020