Pan L, et al. Clinical characteristics of COVID-19 patients with digestive symptoms in Hubei, China: a descriptive, cross-sectional, multicenter study. Am J Gastroenterol. 2020.

Орчуулсан: АУ-ны магистр Б.Өлзийсайхан, ЭША, АУХ

Хянасан: АУ-ны доктор Л.Тулгаа, ЭНБД, АУХ

Америкийн Гастроэнтерологийн сэтгүүлд дурьдсанаар COVID-19 өвчтэй хүмүүст хоол боловсруулах эрхтний зовиур түгээмэл тохиолдож байна.

Хоол боловсруулах замын зовиуртай өвчтөнүүд эмнэлэгт удаан хугацаагаар байсан бөгөөд шинж тэмдэггүй өвчтөнүүдтэй харьцуулахад өвчний тавилан илүү муу байжээ.

“Эмч нар хоол боловсруулах эрхтний шинж тэмдэг, тухайлбал, суулгалт нь COVID-19 өвчнийг илэрхийлэх шинж тэмдэг байж болзошгүй гэдгийг санаж, амьсгалын замын шинж тэмдэг илэрч эмнэлэгт өвчтөн ирэхийг хүлээхээс илүүтэй хоол боловсруулах эрхтний шинж тэмдэг илэрсэн өвчтөнийг COVID-19 өвчнөөр өвчилсөн хэмээн эрт таамаглах хэрэгтэй” гэж Бинжоу анагаах ухааны их сургуулийн эмнэлгийн амьсгалын болон хүнд эмчилгээний тэнхмийн доктор Лэй Пан болон БНХАУ-ын II анагаах ухааны төв ба клиникийн нэгдсэн эмнэлэгт байрлах насжилтын өвчин судлалын үндэсний клиник судалгааны баг бичсэн байна.

Пан болон түүний судалгааны багийнхан 2020 оны 1 сарын 18-наас 2 сарын 28-ны хооронд COVID-19 бүхий 204 өвчтөнийг хамруулан нэг агшингийн судалгааг хийж, эдгээр өвчтөнүүдийн лаборатори болон дүрс оношилгооны шинжилгээ, өвчний  түүхэнд дүн шинжилгээ хийжээ. Тэд оношийг баталгаажуулахын тулд RT-PCR шинжилгээг ашигласан. 2020 оны 3 сарын 5 хүртэл өвчтөнүүдийн мэдээллийг хянажээ.

Судалгааны 99 өвчтөнд (48.5%) хоол боловсруулах эрхтний шинж тэмдэг илэрч эмнэлэгт үзүүлэх болсон ба энэ нь гол зовиур байжээ. Хоол боловсруулах эрхтний шинж тэмдэггүй өвчтөнүүдтэй харьцуулахад шинж тэмдэг бүхий өвчтөнүүд эмнэлэгт удаан хугацаагаар хэвтсэн (7.3 хоног vs. 9 хоног) байна. Өвчтөнүүдэд илэрсэн хоол боловсруулах замын шинж тэмдгүүдийг авч үзвэл: хоолны дуршилгүй болох (83 тохиолдол), суулгалт (29 тохиолдол), бөөлжих (8 тохиолдол), хэвлийн өвдөлт (4 тохиолдол) зэрэг шинж тэмдгүүд байв. 7 тохиолдолд хоол боловсруулах эрхтний шинж тэмдэг илэрсэн боловч амьсгалын замын шинж тэмдэг илрээгүй. Мөн өвчин хүндрэхийн хирээр хоол боловсруулах замын шинж тэмдгүүд улам тодорч байв.

Хоол боловсруулах замын шинж тэмдэггүй өвчтөнүүдийг шинж тэмдэгтэй өвчтөнүүдтэй харьцуулахад эдгэрч, эмнэлгээс гарах магадлал өндөр (34.3% vs 60%) байжээ.

Энэ судалгаанд хамруулсан хүмүүсийн лабораторийн шинжилгээгээр элэгний гэмтэл төдийлөн илрээгүй.

“Өвчин хүндрэх тусам хоол боловсруулах эрхтний шинж тэмдгүүд улам тодорч байгааг манай судалгааны үр дүн харуулж байна. Энэхүү судалгаагаар хоол боловсруулах замын шинж тэмдэггүй өвчтөнүүд, шинж тэмдэгтэй өвчтөнүүдээс илүү хурдан эдгэрч, эмнэлгээс гарах магадлалтай байсан” гэж судлаачид бичжээ.

“Хоол боловсруулах эрхтний шинж тэмдгүүд нь вирүсийн ачаалал болон репликаци ходоод гэдэсний замд явагдаж буйг илэрхийлэх магадлалтай ба энэ нь өвчин улам хүндэрч буйн шинж” хэмээн таамаглаж байна гэжээ.

Өөр нэгэн таамаглал бол “уушгины бус шинж тэмдэгтэй өвчтөнүүд эмнэлгийн тусламж үйлчилгээг уушгины шинж тэмдэг бүхий өвчтөнүүдээс хожимдож авч байсан нь өвчний үе шатыг даамжруулж, эмчлэгдэх боломжийг бууруулж байна” гэжээ.

Эдгээр бүх таамаглалыг батлахын тулд цаашдын судалгаа зайлшгүй шаардлагатай байна.

Тодруулга: Энэхүү судалгааг хийхэд, Бээжин хотын байгалийн шинжлэх ухааны сан (CN, 7192197), Хятад улсын байгалийн шинжлэх ухааны үндэсний сан (CN, 81700490), Шандонг мужийн Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн комисс (CN, 2017WS366), Шандун мужийн Хятадын уламжлалт анагаах ухааны удирдлагын төлөвлөгөөний төсөл (CN, 2019-0503), Бинжоу анагаах ухааны их сургуулийн технологийн төлөвлөлтийн төсөл (CN, BY2017KJ30), ба Хубэй мужийн уушгины хатгалгааны яаралтай судалгааны сангуудаас (NO, 2020FCA014) санхүүгийн дэмжлэг авсан болно.

Мөн холбогдох линкийг хавсаргав. 

https://www.healio.com/gastroenterology/motility/news/online/%7Bbe83bd7b-e901-4f87-85d4-c1ae26ace2ac%7D/diarrhea-may-be-common-symptom-in-patients-with-covid-19