Бэлтгэсэн: АУ-ны магистр Т.Балжинням, ЭША,

Эрдэм шинжилгээний төв лаборатори, АУХ

Хянасан. АУ-ны доктор С.Мөнхбаяр, секторын эрхлэгч,

Эрдэм шинжилгээний төв лаборатори, АУХ

Covid-19 халдвар 2020 оны 4 сарын 3-ны байдлаар дэлхийн 207 оронд нийт 1,015,466 тохиолдол бүртгэгдээд байна. Корона вирусийн шалтгаант уг халдварыг илрүүлэх стандарт аргачлал нь эмнэлзүйн шинж тэмдэг, цусны ерөнхий шинжилгээ, цээжний рентген зураг, бодит хугацааны полимеразын гинжин урвалын шинжилгээ буюу RT-PCR боловч уг халдварыг эрт оношлох, далд тээгчдийг илрүүлэх, халдварын үе шатыг мэдэхэд цаг хугацаа хэмнэсэн, эдийн засгийн хувьд хямд өртөг бүхий хурдавчилсан тестийн шинжилгээг нэвтрүүлэх нь эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйл ажилгаанд ихээхэн ач холбогдолтой юм. Халдвар авсан хүний биед корона вирусийн эсрэг өвөрмөц IgM, IgG эсрэгбие илэрдэг бөгөөд эдгээр эсрэгбиеүүд нь халдварын үе шатыг тодорхойлох, далд тээгч, халдварын эдгэрлийг илэрхийлэх дархлааны үзүүлэлт болдог.

IgM эсрэгбие нь халдварын эхний үед (халдвар авсаны дараах 3-6 хоногт илэрдэг) илэрч халдварын эсрэг нөлөө үзүүлдэг бөгөөд өвчтөний цусанд илрэх нь шинэ халдварыг илтгэдэг бол IgG нь халдварын идэвхтэй үе (халдвар авсаны дараах 8 дахь хоногоос илэрдэг) шатанд нийлэгжин илэрч цаашид хүний цусанд хадгалагдан үлддэг тул халдварын хожуу үе, эдгэрсэн болон шинж тэмдэг багатай халдваруудыг илтгэх гол маркер болдог. Хурдавчилсан тестийн шинжилгээнд хүний цус, ийлдэс, сийвэн, өндөгний цусанд корона вирусийн бүтцийн уураг болох N (nucleocapsid) болон S (Spike) уургийн эсрэг үүссэн өвөрмөц IgM болон IgG эсрэгбиеүүдийг илрүүлэх замаар халдварыг тодорхойлдог. Түргэвчилсэн тестийн шинжилгээнд IgM дангаар илрэх нь халдварын эрт үеийг заах бол IgM болон IgG хамт илрэх нь халдварын идэвхтэй үеийг тодорхойлно. IgG дангаар илрэх нь халдварын хожуу үе эсвэл өмнө нь халдвар авч байсныг илтгэх дархлааны үзүүлэлт болдог (Зураг 1).

Түргэвчилсэн оношлуураар IgM болон IgG-ийг бага хэмжээний цусанд бонгино хугацаанд (ойролцоогоор 5-15 минут), нэг дор олон хүнийг  оношлох боломжтой байдаг нь RT-PCR шинжилгээнээс цаг хугацаа болон эдийн засгийн хувьд давуу талтай байдаг. (Зураг 2)

J Med Virol сэтгүүлд 2020 оны 2 сарын 27 нийтлэгдсэн Zhengtu  Li нарын БНХАУ-ын судлаачдын бүтээлд БНХАУ-ын 8 эмнэлгээс RT-PCR-ийн шинжилгээгээр баталгаажуулсан нийт 397 (128 сөрөг, 279 эерэг) сорьцонд шинжилгээ хийхэд хурдавчилсан шинжилгээний аргын мэдрэг чанар 88.66% өвөрмөц чанар 90.63%-тай байна.

Халдварыг өндөгний болон венийн цус, ийлдэс, сийвэнгийн дээжинд харьцуулж үзэхэд аль ч дээжинд халдварын илрүүлэлт өндөр байжээ.

SARS-CoV-2 үед  IgM, IgG эсрэгбиеийг хавсарсан илрүүлэх түргэвчилсэн арга нь IgM болон IgG-ийг дангаар илрүүлэх аргаас ач холбогдол өндөртэй, өвчний тээгч, шинж тэмдэггүй болон шинж тэмдэг илэрсэн өвчтөнд оношийг батлах оношлогооны чухал арга байж болохоор байна. 

Эх сурвалж:

 https://www.human.de/fileadmin/content/flyer/en/20200330_Flyer_Covid-19_Rapid_Tests.pdf?fbclid=IwAR09FMbCzUgPpd3RnVOiEmhlEmW74GzfPLUn1lIzRAz25MeDkEb2c4TOCT8

https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/?term=covid-19+rapid+test+Ig

https://www.worldometers.info/coronavirus/

https://www.mohs.mn/