Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэнгийн Зүрх-судас судлалын секторын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Монгол улсын хүний гавъяат эмч, анагаах ухааны доктор, профессор Ц.Бадамсэд 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Монголын анагаах ухааны академийн шинэ гишүүнээр сонгогдлоо.
Судлаач Ц.Бадамсэд ном-30, эмхэтгэж хянан тохиолдуулсан ном-21, хянан тохиолдуулсан ном-9, эрдэм шинжилгээний өгүүлэл-181, эрдэм шинжилгээний илтгэл-570 (дотоодод-516, гадаадад-54), лекц-137, эмнэлзүйн ховор тохиолдол-29 хэвлүүлсэн.
Оюуны өмчийн газраас Монгол Улсын зохиогчийн эрхийн гэрчилгээ-1, шинэ бүтээлийн патент-2, оновчтой саналын гэрчилгээ-10, ашигтай загварын гэрчилгээ-15 авсан.
Тэрээр 1979 онд Дундговь аймгийн их эмчийн аварга салбарын эрхлэгч, 1985, 1986 оны НАХЯ-ны системийн аварга эмч, 1997 оны Шастины нэрэмжит клиникийн 3-р эмнэлгийн аварга эмч, 1997, 1999, 2002 ба 2017 оны Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах Ухааны Хүрээлэнгийн “”онцлох” ба “шилдэг” эрдэм шинжилгээний ажилтан, 2004 оны “шилдэг Радиологич”, 2007 онд ЭМШУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтын “шилдэг багш”, 2015 онд Монголын анагаах ухааны салбарын шилдэг судлаач тус тус болсон.
Ц.Бадамсэд нь олон мянган хүнд дүрс оношилгоо мэргэжлийн тусламж үзүүлж, оношлосон өндөр мэргэжлийн ур чадвартай эмч, дүрс оношилгооны чиглэлээр (рентген, хэт авиан, компьютерт томографи, ангиографи, соронзон резонанст томографи) судалгаа хийж, олон шинэ санаа, арга зүйг санаачлан эмнэлгийн практикт нэвтрүүлсэн, эрдмийн бүтээлүүд нь Монголын шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн бөгөөд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, бэхжүүлэхэд идэвхтэй оролцож, олон арван дүрс оношилгооны мэргэжлийн эмч нарыг бэлтгэхэд гар бие оролцон ажилладаг туршлагатай багш сурган хүмүүжүүлэгч юм.
Recent Comments