Nature Reviews Clinical Oncology (2020)

Нийтлэгдсэн огноо: 2020.04.07

SARS-CoV-2 вирүст COVID-19 өвчин нь амьсгалын цочмог дистресс хам шинж үүсгэн улмаар өвчтөнг үхэлд ч хүргэж болно. Одоогийн байдлаар 60 ба түүнээс дээш насныхан, мөн дархлаа дарангуйлагдсан хүмүүс COVID-19 өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлт бүлэгт хамаарагдаж байгаа бол хавдартай өвчтөнүүдийн эрсдлийг хэрхэн үнэлж дүгнэх нь тодорхойгүй байна. Гэхдээ энэ талаар хэд хэдэн судалгааны мэдээлэл гарч эхлээд байна.

Ухань их сургуулийн Жонгнан эмнэлгийн цацраг туяа болон хавдар судлалын тасагт хэвтэж эмчлүүлж байсан 1254 өвчтөнүүдийн 12 (0.79%) нь COVID-19 өвчилсөн байсан бөгөөд энэ хугацаанд Ухань хотын нийт хүн амын 0.37% нь (OR 2.31, 95% CI 1.89–3.02) энэхүү өвчнөөр өвчилсөн байжээ. Энэ нь хавдартай өвчтөнүүд COVID-19 өвчнөөр илүү өвчлөх хандлагатайг харуулж байна. Мөн тус судалгаанд жижиг эсийн бус гаралтай уушгины хорт хавдартай 60 ба түүнээс дээш настай өвчтөнүүд COVID-19 өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй гэж дурьджээ (4.3% vs. 1.8% жижиг эсийн бус гаралтай уушгины хорт хавдартай өвчтөнүүдэд).

Өөр нэгэн судалгаагаар, хавдартай хүмүүст COVID-19 өвчний хүнд хэлбэр тохиолддог гэжээ. Ухань мужийн 3 эмнэлгийн нэг эмнэлэгт COVID-19 өвчний улмаас хандсан өвчтөнүүдийн мэдээлэл дээр ретроспектив дүн шинжилгээ хийхэд хавдар оношлогдсон 28 өвчтөн COVID-19 өвчний улмаас тус эмнэлэгт хөл хорионд орж эмнэлгийн тусламж үйлчилгээ авжээ. Эдгээр 28 өвчтөний 10 (35.7%) нь төгсгөлийн үедээ буюу IV үе шатны хавдартай байсан бол нийт өвчтөнүүдийн 7 (25%) нь уушгины хорт хавдартай байжээ. 2020.02.26-нд нийт өвчтөнүүдийн 15 буюу 53.6%-д нь эмнэлзүйн хүнд шинж тэмдгүүд илэрч сэхээн амьдруулах тасагт шилжин амьсгалын аппарат залгуулсан бол, 10 буюу 35.7% нь амь насанд аюултай байдалд орж, 8 буюу 28.6% нь нас баржээ. Нас барсан хүмүүсийн 5 нь буюу талаас илүү хувь нь амьсгалын цочмог дистресс хам шинжийн улмаас нас барсан бол үлдсэн хүмүүсийн нас баралтын шалтгаан нь уушгины бөглөрөл, үжлийн шок, болон зүрхний цочмог шигдээс байжээ.

COVID-19 оношлогдсон хавдартай өвчтөнүүд сүүлийн 14 хоногт хавдрын эсрэг өвөрмөц болон мэс заслын эмчилгээ хийлгэсэн (HR 4.1, 95% CI 1.09–15.32; p=0.037) болон уушгины КТГ-ийн шинжилгээгээр уушгин дээр нэг төрлийн бус үүсгэвэр ажиглагдах нь (HR 5.44, 95% CI 1.50–19.75; p= 0.010) эмнэлзүйн хүнд шинж тэмдгүүд илрэхэд нөлөөлж байжээ.

БНХАУ-ын 575 эмнэлэгт оношлогдсон нийт 2007 тохиолдлын мэдээлэл дээр дүн шинжилгээ хийсэн кохорт судалгаагаар, COVID-19 өвчин хавсарсан хорт хавдартай 18 өвчтөн COVID-19 өвчний хүнд хэлбэрээр (39% 8%; p=0.0003) өвчилсөн байсан ба COVID-19 өвчин оношлогдохоос нэг сарын өмнө хавдрын эсрэг хими эмчилгээ болон мэс засал хийлгэсэн байх нь хүнд хэлбэрийн COVID-19 тохиолдох эрсдлийг улам нэмэгдүүлжээ (OR 5.34, 95% CI 1.80–16.18; p=0.0026).

Хамрагдсан хүний тоо бага, хяналтын хугацаа хязгаарлагдмал байсан зэрэг сул талууд эдгээр судалгаануудад байгаа хэдий ч эдгээр мэдээлэл нь COVID-19 цар тахлын үед хорт хавдартай өвчтөнүүдэд хэрхэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх талаар эхний мэдээллийг өгч байгаагаараа давуу талтай юм.

Цаашид хорт хавдартай өвчтөнүүд COVID-19 өвчний ихэвчлэн хүнд хэлбэрээр өвчилж байгааг үндэслэн хавдар судлаач эмч нар, хавдрын эсрэг эмчилгээ хийх болон дараагийн хяналтыг төлөвлөхдөө COVID-19 өвчний эрдслийг тооцоолж аль болох тэнцвэртэй шийдвэр гаргах хэрэгтэй цаг үе ирээд байна.

Эх сурвалж: https://www.nature.com/articles/s41571-020-0366-2

Орчуулсан: Б.Өлзийсайхан, ЭША, АУХ

Хянасан: Л.Тулгаа (Ph.D), ЭНБД, АУХ