Jin Young Ahn , Yujin Sohn , Su Hwan Lee , Yunsuk Cho , Jong Hoon Hyun , Yae Jee Baek , Su Jin Jeong , Jung Ho Kim , Nam Su Ku , Joon-Sup Yeom , Juhye Roh , Mi Young Ahn , Bum Sik Chin , Young Sam Kim , Hyukmin Lee ,
Dongeun Yong , Hyun Ok Kim , Sinyoung Kim , and Jun Yong Choi
- Department of Internal Medicine, Severance Hospital, Yonsei University College of Medicine, Seoul, Korea
- Department of Laboratory Medicine, Severance Hospital, Yonsei University College of Medicine, Seoul, Korea
- Department of Internal Medicine, Seoul Medical Center, Seoul, Korea
- Department of Internal Medicine, National Medical Center, Seoul, Korea
Accepted: Apr 2, 2020
Link: https://jkms.org/DOIx.php?id=10.3346/jkms.2020.35.e149
Хураангуй:
Амьсгалын замын цочмог дистресс хам шинж бүхий COVID-19 өвчний эмчилгээ хараахан бүрэн тогтоогдоогүй байна. Гэвч өмнө нь бусад шинээр гарч ирж буй вирүсийн халдварын үед өвчлөөд эдгэсэн хүний цусны сийвэнгээс гаргаж авсан эмчилгээ нь өвчтөний амьд үлдэх магадлалыг нэмэгдүүлж байсан билээ. Бид энэхүү судалгааны ажлаараа донорын цусны сийвэнг сэлбэх эмчилгээг хэрэглэсэн хоёр тохиолдлыг танилцуулж байна. Хоёр өвчтөн хоёулаа амьсгалын замын цочмог дистресс хам шинжтэй уушгины хатгалгаа оноштой байсан ба донорын цусны сийвэнг сэлбэх эмчилгээг системийн үйлчилгээтэй кортикостериод эмчилгээтэй хавсарч хийсний дараа нааштай үр дүн гарсан. Энэ нь БНСУ-д донорын цусны сийвэнг сэлбэх эмчилгээг COVID-19 өвчний үед ашигласан анхны тохиолдол байлаа.
Үндэслэл:
БНХАУ-ын Ухань хотод эхэлсэн амьсгалын замын цочмог дистресс хам шинж бүхий коронавирүс-2 (SARS-CoV-2) халдварын тархалт дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засгийн тулгамдсан асуудал болоод байна. ДЭМБ 2019 онд коронавирүсийн өвчлөлийн эрсдлийн үнэлгээг (COVID-19) дэлхийн хэмжээнд маш өндөр гэж зарласан ба эндэгдлийн тохиолдол хурдацтай нэмэгдэж байна. БНСУ-д 2020 оны 3 сарын 24 гэхэд нийт 9000 гаруй хүн халдвар авч, 126 хүн нас барав.
Вирүсийг эмчлэх тодорхой эмчилгээ хараахан тогтоогдоогүй байгаа бөгөөд үндсэн болон дэмжих эмчилгээг судалж байна. Шинээр гарч ирж буй вирүсийн халдварууд, түүний дотор SARS, MERS, Ebola вирүс болон шувууны ханиад зэрэг өвчнийг эмчлэхэд өмнө нь эдгээр өвчнөөр өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнгээс гаргаж авсан эмчилгээг хэрэглэснээр өвчтөнүүдийн амьд үлдэх магадлалыг уламжлалт эмчилгээнээс илүүтэйгээр нэмэгдүүлж чадна гэж үзэж байсан. Гэсэн хэдий ч COVID-19 өвчнийг донорын цусны сийвэнг сэлбэх эмчилгээгээр эмчлэхэд гарах үр нөлөө, аюулгүй байдал зэрэг нь тодорхойгүй байна.
Бид энэхүү судалгаагаараа хүнд хэлбэрийн амьсгалын замын цочмог дистресс хам шинж бүхий COVID-19 өвчтэй хоёр тохиолдлыг донорын цусны сийвэнг сэлбэж эмчилсэн тухайгаа танилцуулж байна. Энэ нь БНСУ-д донорын цусны сийвэнг сэлбэх эмчилгээг COVID-19 өвчний үед ашигласан анхны тохиолдол байлаа.
Тохиолдлын танилцуулга:
Тохиолдол 1.
71 настай эрэгтэй, орон нутгийн Эрүүл мэндийн төвд 2 сарын 22-ны өдөр халуурах, ханиалгах гэсэн шинж тэмдгүүд 12 хоногийн турш үргэлжилсэн гэсэн зовиуртай ирж rRT-PCR шинжилгээгээр COVID-19 гэж оношлогджээ. Тэрбээр орон нутгийн олон нийтийн эмнэлэгт хэвтсэн бөгөөд өдөрт нэг удаа 400 мг гидроксихлорохиныг ууж эхэлжээ.
Хэвтэж эмчлүүлснээс 2 дахь өдөр авсан цээжний рентген зурганд уушгины баруун доод хэсэгт бага зэргийн уушгины зураглал тодорсон нэвчдэст өөрчлөлт байсан бөгөөд лопинавир 400 мг, ритонавир 100 мг-аар өдөрт 2 удаа уулгасан. Нэмэлт эмчилгээг ийнхүү хийсэн боловч эмчилгээний 3 дахь өдраас өвчтөний хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдсэн тул өвчтөнийг дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлсэн.
Өвчтөн дараагийн шатлалын эмнэлэгт ирэх үед хамрын хөндийгөөр хүчилтөрөгчийн урсгалыг 4 л/мин-аар өгч байсан ба илэрхий диспнеа ажиглагдаагүй боловч амьсгалын тоо минутанд 30 байв. Цээжний рентген зурагт хоёр талын уушгины нэвчдэс хурдацтай нэмэгдэж байгаа зураглал ажиглагдсан. Цусны ерөнхий шинжилгээнд цагаан эсийн тоо (WBC) 3,53х103/µL, лимфопени 0.4х103/µL гарсан байв. С-реактив уураг (CRP)-59.7мг/л, лактат дегидрогеназа (LDH)-814IU/L хүртэл нэмэгдсэн байв. Биохимийн шинжилгээ, электролит болон цусны бүлэгнэлтийн шинжилгээнд аспартат трансаминаза бага зэрэг нэмэгдсэнээс өөр өөрчлөлт илрээгүй байсан. Интерлейкин-6 (IL-6)-ийн түвшин 101.3pg/ml болж нэмэгдсэн байв. Амьсгалын замын бусад вирүс болон бактерын халдвар PCR болон нянгийн өсгөвөрт илрээгүй.
Амьсгалын замын цочмог дистресс хам шинжийн удирдамжийн дагуу цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавьж амьсгалын аппаратанд өвчтөнг залгасан. Лопинавир/ритонавир, гидроксихлорохин, болон эмпирик антибиотик эмчилгээг тасралтгүй хийж байсан боловч хүчилтөрөгчийн дутагдал, халууралт болон цээжний рентген зурган дахь өөрчлөлтүүд хэвээр байв. Лабораторийн шинжилгээгээр CRP-172.6 мг/л, IL-6-208.2 pg/ml болж нэмэгдсэн.
Өвчний 9 дэх өдөр, хүнд хэлбэрийн амьсгалын замын цочмог дистресс хам шинжийн улмаас артерийн цусны хийн шинжилгээнд PaO2/FiO2 86 болсон учир метилпреднизолоныг судсаар өдөрт 1 мг/кг-аар тарьж эхэлсэн.
Өвчний 10 дах өдөр, өмнө нь COVID-19 өвчнөөр 21 хоногийн турш өвчлөөд эдгэрсэн 20 орчим насны эрэгтэй донороос цусны сийвэнг авсан. Донор эрэгтэй өмнө нь халуурах, ханиалгах, уушгины хатгалгаа гэх шинж тэмдгүүдтэй эмнэлэгт хандаж COVID-19 оношлогдон эмчлүүлж бүрэн эдгэрсэн ба цусны сийвэнгээ өгөх үед ямар нэгэн халдварын шинж тэмдэггүй байсан. Тэрээр цусны донор болох шалгууруудыг (нас, жин болон шууны венийн судасны хэмжээ) бүрэн хангасан байв. Мөн БНСУ-ын цусны менежментийн тухай хуулийг дагаж мөрдөх журамд тодорхойлсон аллогеник донорын шинжилгээг хийж цус сэлбэх боломжтой хэмээн тодорхойлсон. Донорын цуснаас сийвэнг ялгаж явахдаа Spectra Optia аpheresis (CMNC software; Spectra Optia IDL Tubing set; Terumo BCT, Lakewood, CO, USA) системээр хийж 500 мл сийвэн гаргаж авсан. Сийвэн дэх анти-SARS-CoV-2 IgG-эсрэгбиеийг ELISA (Novel Coronavirus COVID-19 IgG ELISA kit; Epitope Diagnostics, San Diego, CA, USA) шинжилгээгээр гаргаж авсан ба IG-ний оптик нягтралын (OD) харьцаа 0.586 байсан (cut-off утга-0.22).
Сийвэнг хоёр тун болгон хувааж, өвчтөнд 12 цагийн зайтайгаар хэрэглэв. Тун тус бүрийг 1 цагийн турш сэлбэсэн. Сийвэнг хэрэглэсний дараа ямар нэгэн сөрөг хариу урвал илрээгүй. Халуурах нь багасч, 11 дэх өдрөөс хойш хүчилтөрөгчийн хэрэгцээ буурсан. Өвчтөний биеийн байдал сайжирсан ба CRP ба IL-6 хэвийн түвшин 5.7 мг/л ба <1.5 pg/мл болж тус тус буурсан ба 18 дахь өдрөөс PaO2/FiO2 300 болж нэмэгдэв (Зураг 1). Цээжний рентген зургаар уушгины нэвчилтийн цаашдын нарийвчлалыг тогтоов (Зураг 2).
SARS-CoV-2 вирүсийг rRT-PCR дээр ORF1b генийн РНХ-аас хамааралтай РНХ полимеразийн бүсийг илрүүлэх аргаар хэмжив. Цусны сийвэнгийн эмчилгээ хийсний дараа, цусны эргэлтийн босго (Ct) нь 10 дах өдрийн хэмжээ болох 24.98-аас өвчний 20 дах өдөр 33.96 болж өөрчлөгдсөн (Зураг 1). SARS-CoV-2 вирүсийн шинжилгээ 26 өдрийн дараа сөрөг гарав. Одоогоор өвчтөн трахеостомийн мэс засал хийлгэсэн ба амьсгалын аппаратнаас нь салгасан.
Тохиолдол 2.
Цусны даралт ихсэх өвчтэй 67 настай эмэгтэй халуурах, булчин өвдөх шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандан 3 сарын 6-ны өдөр rRT-PCR-аар SARS-CoV-2 вирүс шинжлүүлэн COVID-19 гэж оношлогдсон. Оношлогдсоноос нэг өдрийн дараа өвчтөнийг орон нутгийн олон нийтийн эмнэлэгт хэвтүүлэн өдөрт хоёр удаа гидроксихлорокин 400 мг, лопинавир/ритонавир 400мг/100мг-аар мөн эмпирик антибиотик эмчилгээ хийж эхэлсэн ч өвчний 3 дах өдрөөс өвчтөний хүчилтөрөгчийн хэрэгцээ эрс нэмэгдэж, зүүн доод уушгины нэвчдэст сүүдэр улам даамжирч байгаатай холбогдуулан 3-р шатлалын эмнэлэгт шилжүүлсэн. Өвчтөн дараагийн шатлалын эмнэлэгт ирэх үед хамрын хөндийгөөр хүчилтөрөгчийн урсгалыг 4л/мин-аар авч байсан ба амьсгалын тоо минутанд 24 удаа, захын цусан дахь хүчилтөрөгчийн дүүрэлт 93% байсан. Цусны ерөнхий шинжилгээгээр лимфопени (0.7х103/µL), хөнгөн лейкоцитоз (12.67×103/µL) илэрсэн. CRP-131.1 мг/л, IL-6-474.7 pg/ml, LDH-344IU/L болж ихэссэн байв. Биохими, электролит, цусны коагуляцийн шинжилгээнд өөрчлөлт илрээгүй. Нянгийн өсгөвөр болон амьсгалын замын бусад вирүсийн PCR шинжилгээ сөрөг байсан. Өвчтөнд хүчилтөрөгч эмчилгээг өндөр тунгаар өгч байсан боловч хоёр талын уушгины нэвчдэсийн улмаас хүчилтөрөгчийн солилцоо муу хэвээр байсан тул цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавьж амьсгалын аппаратанд өвчний 4 дэх өдрөөс оруулсан. Метилпреднизолонийг өдөрт 0.5 мг/кг-аар тооцож судсаар тарьж эхлэв. Хэдий эмчилгээг цаг алдалгүй хийж байсан боловч өвчтөн өндөр халуурч, CRP-314 мг/л, цагаан эсийн тоо WBC-21.79х103/µL болж хурдацтай ихсэж, мөн лимфопени-0.5х103/µL илрэв. Хүнд хэлбэрийн амьсгалын замын цочмог дистресс хам шинжийн улмаас артерийн цусны хийн шинжилгээнд PaO2/FiO2 76 болов. Амьсгалын замын цочмог дистресс хам шинжийн удирдамжийн дагуу стероид эмчилгээ хийж эхлэхэд цээжний рентген зурганд уушгин дах нэвчдэст өөрчлөлтүүд болон хүчилтөрөгчийн хэрэгцээнд эерэг өөрчлөлт илрэв.
Өвчний 6 дах өдөр, COVID-19-өөр 18 хоногийн турш өвчлөөд эдгэрсэн 20-иод насны эрэгтэй донороос цусны сийвэнг авсан. Донор эрэгтэй анх халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрч уушгины хатгалгаагаар эмнэлэгт хандаж COVID-19 гэж оношлогдсон ба бүрэн эдгэрсэн байв. SARS-CoV-2 вирүсийн PCR шинжилгээг эмнэлгээс гарсны дараа хийхэд сөрөг байжээ. 1-р тохиолдлын адил донорт шаардлагатай шинжилгээг хийж цусны сийвэнг ялгаж авсан. IgG-ийн оптик нягтралын (OD)-ийн харьцаа 0.532 байсан бөгөөд цусны сийвэнг өвчтөнд 1-р тохиолдлын нэгэн адил хэрэглэсэн. Донорын цусны сийвэнг сэлбэх эмчилгээг хийх явцад ямар нэгэн гаж нөлөө илрээгүй. Лейкоцитоз ба лимфопени нь цусны сийвэнгийн эмчилгээний дараа арилав.
Өвчний 9-р өдөр, цээжний рентген зураг дээр хоёр талын уушгины нэвчдэст өөрчлөлтөнд эерэг өөрчлөлт гарч, PaO2/FiO2 хэмжээ 230 болж нэмэгдсэн. CRP ба IL-6-ийн түвшин мөн хэвийн хэмжээнд хүрсэн (Зураг 3, 4). SARS-CoV-2 нь rRT-PCR-аар тоолоход цусны эргэлтийн босго (Ct) өвчний 5 дахь өдөр 20.51 байснаас 9 дэх өдөр 36.33 болж өөрчлөгдсөн (Зураг 3). Өвчний 24 дах өдөр эдгэрч эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гарснаас 20 хоногийн дараа SARS-CoV-2 вирүс сөрөг гарсан.
Ёс зүйн мэдэгдэл
Энэхүү судалгааг Severance эмнэлгийн эрдэм шинжилгээний зөвлөлөөр (IRB № 4-2020-0076) баталж, оролцогчдод судалгааг тайлбарлан таниулсан зөвшөөрлийн хуудсан дээр гарын үсэг зуруулан зөвшөөрөл авсан. Өвчтөнүүдийн зургийг зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.
Хэлцэмж
Халдварт өвчнөөр өвчлөөд эдгэрсэн хүний цусны сийвэн сэлбэх эмчилгээний ач холбогдлын талаархи судалгаа XX зуунд эхэлсэн. Антибиотик, вирүсийн эсрэг эм болон вакцин эмчилгээ хөгжиж эхэлсэн нь анагаах ухааны хувьд маш том ололт амжилт болжээ. Цусны сийвэн сэлбэх эмчилгээ нь түгээмэл бус эмчилгээ боловч шинэ халдварт өвчний эсрэг өвөрмөц эмчилгээ байхгүй тохиолдолд чухал эмчилгээ хэвээр байсаар байх болно гэж үзсээр байна. Олон арван жилийн турш MERS-CoV, H1N15, H5N1, шувууны ханиад, ба SARS-CoV вирүст халдвар бүхий өвчтөнүүдэд цусны сийвэн сэлбэх эмчилгээ нь үр дүнтэй болох нь батлагдсан.
Цусны сийвэн сэлбэх эмчилгээний эмнэлзүйн үр нөлөөг үнэлэхээр тойм болон мета-анализ хийхэд нас баралтыг бууруулдаг болох нь тогтоогдсон байна. Энэ утгаараа цусны сийвэн сэлбэх эмчилгээг хүнд хэлбэрийн COVID-19 өвчний боломжит эмчилгээний сонголт хэмээн үзэж байна.
Манай судалгааны хоёр тохиолдол хоёул лопинавир/ритонавир ба гидроксихлорохин эмчилгээ хийлгэж байсан боловч амьсгалын замын цочмог дистресс хам шинжийн улмаас тогтмол халуурч, түргэн явцтай хүчилтөрөгчийн дутал, хоёр талын уушгины дэвшилтэт нэвчдэст өөрчлөлтүүд илэрч байсныг харж болно. Донорын цусны сийвэнг сэлбэх эмчилгээ хийсний дараа өвчтөнүүдийн хүчилтөрөгчийн солилцоо сайжирч, цээжний рентген шинжилгээнд уушгины үрэвслийн шинж тэмдэг багасаж, вирүсийн ачаалал буурсан байна. Судсаар метилпреднизолонийг дээрх хоёр тохиолдолд донорын цусны сийвэнг сэлбэх эмчилгээнээс өмнө хийж эхлүүлсэн. Бид кортикостеройдийг өвчний эхэн үеэс уламжлалт эмчилгээ болгон ашиглаагүй. Учир нь одоо баримталж буй COVID-19 өвчний удирдамжинд кортикостеройдийг уламжлалт эмчилгээгээр хэрэглэхгүй байхыг зөвлөж байгаа нь нас баралтыг бууруулахад түүний эмнэлзүйн үр дүнтэй нотолгоо дутагдаж байгаатай холбоотой юм. Гэсэн хэдий ч амьсгалын замын цочмог дистресс хам шинжийн улмаас өвчтөнүүдийн биеийн байдал хурдан муудсан тул бид кортикостеройд эмчилгээг эхлэхээр шийдсэн. Метилпреднизолон эмчилгээг донорын цусны сийвэнг сэлбэх эмчилгээг эхлэхээс нэг өдрийн (1-р өвчтөн), хоёр хоногийн (2-р өвчтөн) өмнө тус тус эхлүүлсэн. Цуврал лабораторийн болон хүчилтөрөгчийн параметрүүдийн сайжралууд кортикостеройд эмчилгээ хийсний дараа маш хурдан илэрсэн тэр бүү хэл энэхүү сайжралууд донорын цусны сийвэнг сэлбэх эмчилгээг эхлэхээс өмнө ажиглагдаж эхэлсэн. Амьсгалын замын цочмог дистресс хам шинж нь цитокиний дайрлага болон вирүсийн халдварлагдсан эзэн биеийн дархлааны хариу урвалын улмаас үүсдэг. COVID-19 өвчнөөр нас барсан өвчтөнүүдийн задлан шинжилгээнд уушгины цулцангийн тархмал экссудат нэвчдэст өөрчлөлт илэрсэн нь MERS болон SARS-ийн үед тодорхойлогдсон үрэвсэлтэй маш төстэй байсан. Онолын хувьд, системийн үйлчилгээтэй кортикостеройдууд үрэвслийн хариу урвалаас болж үүсдэг уушгины хэт эвдрэлийг арилгах үүрэгтэй байж болно. COVID-19 өвчний улмаас нас барсан хүмүүсийн дунд хийсэн амьсгалын замын цочмог дистресс хам шинж ба эрсдэлт хүчин зүйлсийн талаар гарсан судалгааны ажлын өгүүлэлд метилпреднизолон эмчилгээ нь амьсгалын замын цочмог дистресс хам шинжтэй өвчтөнүүдийн үхлийн эрсдлийг бууруулахад ач холбогдолтой гэжээ. Гэсэн хэдий ч кортикостеройд нь зайлшгүй шаардлагатай дархлааны хариу урвал болон вирүсийн клеарансийг дарангуйлж эсрэгбиеийн боловсруулалт хойшлогддог.
Кортикостероид эмчилгээ эерэг үр нөлөө үзүүлэхэд донорын цусны сийвэнг сэлбэх эмчилгээ нөлөөлдөг байж болзошгүй юм. Донорын цусны сийвэн дэх эсрэг биетүүд нь вирүсийг дарангуйлдаг. Амьтан дээр хийсэн судалгаагаар идэвхигүйжүүлсэн эсрэг бие нь ерөнхий хамгаалалтын үүргийг хангахаас гадна вирүсийн эзэн биеийн дархлааны хариу урвалыг идэвхижүүлж вирүсийн халдвар устах хүртэл эсрэг биеийн титрийг өндөр түвшинд хангах боломжтой гэсэн үр дүн гарчээ.
Үүнээс гадна, in vivo орчинд хийсэн судалгаагаар эсрэг биеийг саармагжуулах үр нөлөө нь зөвхөн вирүсийн клеарансаар хязгаарлагдахгүй бөгөөд халдвартай эсийн клеарансийг хурдасгадаг болохыг тогтоосон болно.
Манай судалгааны хоёр тохиолдолд Ct утгаар вирүсийн ачааллыг үнэлсэн ба донорын цусны сийвэнг сэлбэх эмчилгээ хийж эхлэхээс өмнө Ct утга нэмэгдэх хандлагатай байсан бол эмчилгээг хийж эхэлмэгц буурсаныг харуулсан.
Үрэвслийн маркер болон хүчилтөрөгчийн солилцоо сайжралтад кортикостеройд эмчилгээ нөлөөлсөн байх магадлалтай боловч SARS-CoV-2 вирүсийн ачаалал буурсан нь донорын цусны сийвэнг сэлбэх эмчилгээний үр нөлөө хэмээн үзэж байна.
Донорын цусны сийвэнг сэлбэх эмчилгээг 1-р өвчтөнд шинж тэмдэг илэрснээс хойш 22 хоногийн дараа, 2-р өвчтөнд 7 хоногийн дараа хэрэглэсэн. Эдгээр хоёр өвчтөн хоёулаа өвчний эхний үе шатандаа байгаагүй тул вирүсийн ачаалал буурч байгаа нь донорын цусны сийвэнг сэлбэх эмчилгээтэй эсвэл COVID-19-ийн байгалийн эмгэг жамтай холбоотой гэдгийг нарийн тодорхойлоход хэцүү байв.
COVID-19 өвчний вирүсийн кинетик судлалын бусад судалгаагаар ихэнх өвчтөнүүдийн вирүсийн титр 7-10 хоногийн дараа аяндаа буурдаг болохыг тэмдэглэж байна. Гэсэн хэдий ч Liu нарын судлаачдын судалснаар, COVID-19-ийн улмаас эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх шаардлагатай хүнд өвчтнүүдийн вирүсийн титр удаан хугацаанд өндөр байжээ. Бидний судалгааны хоёр тохиолдол хоёулаа хүнд хэлбэрийн амьсгалын замын цочмог дистресс хам шинж бүхий өвчтөнүүд байсан ба донорын цусны сийвэнг сэлбэх эмчилгээ хийх үед халдвар илэрч эхэлсэн өдрөөс үл хамааран вирүсийн ачаалал өндөр байсан.
2-р өвчтөнд эхний өдрөөс эхлэн лимфопени илэрсэн бөгөөд энэ нь кортикостероид хэрэглэсний дараа эмнэлзүйн шинж тэмдэг сайжирсаны дараа ч үргэлжилсэн хэвээр байсан. Донорын цусны сийвэнг сэлбэх эмчилгээ хийж эхэлмэгц лимфоцитын тоо нэн даруй хэвийн хэмжээнд (0.52х103/µL-ээс 1.21х103/µL хүртэл) хүрч, өвчтөн эдгэрэх хүртэл хэвийн хэмжээгээ хадгалсан хэвээр байсан. Өөр судалгаануудад хамрагдсан хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа болон амьсгалын замын цочмог дистресс хам шинж бүхий COVID-19 өвчтөнүүдэд лимфопени мөн ажиглагдсан байна.
Зарим судлаачид SARS-CoV-2 халдварын эсрэг дархлаа тогтоход лимфоцитын тоог тасралтгүй, аажмаар нэмэгдүүлэх шаардлагатай байж болох юм хэмээн таамаглаж байсан. SARS-ийн үед өвчтөнүүдэд лимфопени өвчний эхэн үед үүсч, эдгэрэх үе хүртэл үргэлжилдэг байв. Эдгээр нь 2-р өвчтөнд донорын цусны сийвэнг сэлбэх эмчилгээ хийсний дараа ажиглагдсан лимфоцитийн тоо болон эмнэлзүйд гарсан эерэг өөрчлөлтүүдтэй нийцэж байв.
Бид цусны донорын сийвэнгээс саармагжуулсан эсрэг биеийн титрийг үнэлж чадаагүй. Өндөр эсэргүүцэлтэй эсрэг биеийн титр бүхий сийвэнг хүнд хэлбэрийн халдвараар өвчилж эдгэрсэн өвчтөнүүдээс авах боломжтой байдаг. Цусны сийвэнг эмчилгээнд хэрэглэхийн тулд саармагжуулалтын тестийг зохих донор эсвэл сийвэнг үнэлэх оновчтой шинжилгээ гэж зөвлөж байна. Гэсэн хэдий ч зарим судалгаагаар ELISA шинжилгээгээр IgG тодорхойлох нь MERS-ийн үед үр нөлөөтэй байсан ба энэ нь цусны сийвэнгийн донорыг үнэлэх тохирох скрининг туршилт байж болох юм гэж дурьджээ. Бидний судалгааны цусны доноруудын хувьд COVID-19-ийн улмаас үүссэн хоёр талын уушгины хатгалгааг эмчлүүлж эдгэрсэн хүмүүс байсан ба хоёулаа SARS-CoV-2-ийн ELISA IgG тестэнд эерэг үр дүнг үзүүлсэн.
Том хэмжээний эмнэлзүйн туршилт хийгээгүйгээс шалтгаалан шинжлэх ухааны нотолгоо хангалтгүй байна. Мөн өвчтөн бүрт хийсэн эсрэг биетүүдийн тоог стандартчилаагүй болно. Нэмж дурьдахад, донорын цусны сийвэнг сэлбэх эмчилгээг вирүсийн эсрэг эм болон стероидуудтай хавсарч хийсэн нь эмчилгээний үр дүнг үнэлэхэд хүндрэл учруулсан.
Бидний тохиолдол хязгаарлалттай байсан ч COVID-19 халдварт өвчнөөр өвчилж эдгэрсэн өвчтөнүүдийн цусны сийвэнг сэлбэх эмчилгээ нь өвчтөнд ямар нэгэн илэрхий сөрөг нөлөө үзүүлэхгүй эмчилгээний нэмэлт сонголт болж магадгүй юм хэмээн дүгнэж байна. COVID-19 өвчний үед системийн үйлчилгээтэй кортикостеройд хэрэглэх нь үрэвслийг багасгадаг бол донорын цусны сийвэнг сэлбэх эмчилгээ хийх нь вирүсийн ачааллыг бууруулдаг гэж үзэж байна.
Донорын цусны сийвэнг сэлбэх эмчилгээнд сул талууд байсаар байгаа бөгөөд дараа дараагийн судалгаанд үүнийг судлах шаардлага гарч ирж байна.
Эх сурвалж: https://jkms.org/DOIx.php?id=10.3346/jkms.2020.35.e149
Орчуулсан: Б.Өлзийсайхан (НЭМ-ийн магистр), ЭША, АУХ
Хянасан: Л.Тулгаа (Ph.D), ЭНБД, АУХ
Recent Comments