Хятадад Ковид-19 өвчний ид дэгдэлтийн үеэр ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүдийн нойргүйдлийн байдлыг тогтоох зорилгоор судалгаа хийсэн талаар онцолсон нийтлэлийг орчуулан хүргэж байна. Вирустэй хийх дайнд тэргүүн шугаманд зүтгэж байгаа эмч мэргэжилтнүүдийн сэтгэл санааны байдлыг өөр юутай ч зүйрлэхийн аргагүй.

2020 оны 4 сарын 24-ний өдрийн “Фронтиерс шинжлэх ухааны мэдээ” буланд Петр Режек шинжлэх ухааны сэтгүүлчийн нийтлүүлсэн нийтлэл хэвлэгдсэн байна.

“Ер нь стрессийн шалтгаант нойргүйдэл бол түр зуурын хэдэн өдөр үргэлжлээд намддаг. Гэхдээ Ковид-19 өвчний дэгдэлт удааширч үргэлжилвэл эмч мэргэжилтнүүдийн дундах нойргүйдэл архаг нойргүйдэлд шилжинэ” гэж тэрхүү судалгааны өгүүллийн зохиогчдын нэг, Хятадын Гуанжу мужийн Өмнөд анагаах ухааны их сургуулийн профессор Бин Жан хэлжээ. Энэхүү судалгааг 2020 оны 01 сарын 29-ний өдрөөс 2 сарын 3-ны өдрийн хооронд буюу Хятадад Ковид-19 өвчин ид дэгдсэн байх үед интернэтэд суурилсан (WeChat сүлжээг ашиглан) өөрөө бөглөх асуумж судалгааг ашиглан 1563 эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулан явуулжээ. Тэдгээр оролцогчдын 564 (36,1%) ажилтан нойргүйдэлтэй байгааг тогтоожээ. Судалгааны багийнхан “Бидний судалгааны дүн өмнөх 2002 онд SARS-Co-V-1 вирусээр үүсгэгдсэн амьсгалын цочмог халтай хамшинжийн үед хийсэн судалгааны дүнтэй нийцэж байна” гэж дүгнэжээ. Тухайлбал, өмнөх судалгаанд оролцогчдын 37% нойргүйдэлтэй байсан байна.  

Энэхүү судалгааны нойргүйдэлтэй бүлгийн оролцогчид хэвийн бүлгийн оролцогчидтой харьцуулахад сэтгэл гутралын маш өндөр үзүүлэлттэй (87.1% ба 31%) байсан ба ялангуяа нойргүйдлийн дунд (22.9% ба 2.8%) болон хүнд (16.7% ба 1.8%) зэргийн тохиолдлууд илүү байжээ.

Судалгааны багийнхан нойргүйдэлд нөлөөлж буй хүчин зүйлийг мөн илрүүлсэн байна. “Эмнэлгийн ажилтнуудын дундах халдвар хамгаалал, өвчний хяналтанд маш их итгэлгүй байх нь хамгийн чухал хүчин зүйл байна” гэж судлаачид тодорхойлжээ. Хэвийн бүлэгтэй харьцуулахад нойргүйдэлд өртсөн бүлгийн оролцогчдын дунд халдвараас хамгаалагдаж чадах эсэхэд маш итгэлгүй байх нь 3.3 дахин өндөр байна.

Боловсролын түвшин харьцангуй доогуур ажилтнууд нойргүйдэлд илүү өртөмхий байжээ. Судлаачдын олж тогтоосноор  дунд сургуулийн болон түүнээс доогуур түвшний боловсролтой эмнэлгийн ажилтнуудын дунд эмч нартай харьцуулахад 2.69 дахин эрсдэлтэй байсан байна. Тиймээс судлаачид боловсрол бага байх нь үр уршгаас шалтгаалах айдаст илүү автах талтай байгааг онцолжээ.

Дэлхий даяар нэг саяас илүү (судалгаа хэвлэгдэх үе) хүнд халдварласан шинэ коронавирус бол зөвхөн биемахбодын эрүүл мэндийн аюул биш юм. Нойргүйдэлд өртсөн эрүүл мэндийн салбарын ажилтнууд сэтгэл гутрал, сэтгэл түгшил, стрессийн шалтгаант сэтгэцийн гэмтэлд мөн илүү өртөмхий байгааг судалгааны үр дүн харуулж байна.

“Эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд ерөнхийдөө маш их стресстэй байна. Халдвартай өвчтөнүүдтэй ойроос харилцаж байгаа нь тэдэнд халдвар дамжих бүрэн боломжтой учраас тэд өөрсдийн гэр бүл, найз нөхдөд халдвар тараах вий гэж их санаа зовниж байгаатай холбоотой байна. Эмнэлгийн ажилтнууд халдварын голомтод хувийн хамгаалах хэрэгслийг бүрэн өмсөж доод тал нь 12 цагийн турш тайлахгүй ажиллаж, хэрэв тайлвал халдварт өртөх маш өндөр эрсдэлтэй учраас дундуур нь ямар нэг завсарлага авах ямар ч боломжгүй байдаг. Ийм аюултай нөхцөлд ажиллах нь оюун санаа, биемахбодын хувьд хүч тамиргүй болгож, маш их стресст ордог учраас эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн дунд нойргүйдэл их байна” гэж судлаачид дүгнэсэн байна.

Үүний зэрэгцээ энэхүү өгүүлэлд нойрны өвчнийг намжаах аргууд тухайлбал, нойрны эрүүл ахуйн боловсрол, тайвшруулах эмчилгээ, стимуляцийн хяналт, нойрны хязгаарлах болон танин мэдэхүйн эмчилгээ зэрэг нойргүйдлийн танин мэдэхүй-зан үйлийн эмчилгээ (Cognitive Behavioral Therapy for Insomnia)-ний аргазүйн талаар өндөр ач холбогдол өгч зөвлөмж болгожээ.    

Эцэст нь судлаачид “Ковид-19 өвчний дэгдэлтийн үед ялангуяа эмнэлгийн ажилтнууд нас барсан талаар албан ёсоор мэдээлэх, мэдээллийг шинэчлэн хүргэх үеэр дагах судалгаа хийж, эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн дундах нойргүйдлийн шинж тэмдгийн өөрчлөлтийг илүү нарийвчлан судлах шаардлагатай байна” гэж судалгааны багийн гишүүн Бин Жан профессор дараагийн судалгааныхаа зорилгыг тодорхойлжээ.

Орчуулсан: АУХ-ийн мэдрэлийн секторын эрхлэгч, АУ-ны доктор Б.Чимэглхам

Орчуулагчийн тайлбар:

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар Ковид-19 өвчний эсрэг хийх тэмцэлд эмч, эмнэлгийн ажилтнуудын амь үрэгдсэн тоо баримтыг нэгтгэсэн тодорхой судалгааны үр дүн хараахан үгүй боловч (халдвар намжаагүй байгаа учир эцсийн тоо гарах хугацаа болоогүй байгаа) улс орнууд эмч, мэргэжилтнүүд ихээр халдварт өртөн нас барж байгааг мэдээлж байна. Хятадын Эрүүл мэндийн үндэсний комиссын 2020 оны 2 сарын 24-ний өдрийн мэдээгээр халдвар авсан нийт 77262 тохиолдлын 3387 эмнэлгийн ажилтнууд байсны 23 нь нас барсны дундаж нас 55 (29-72 нас) гэж мэдээлсэн байна. Итали улсын мэдээгээр 2020 оны 4 сарын 3-ны байдлаар Ковид-19 өвчний улмаас 100 гаруй эмч, 30 гаруй сувилагч нас барсан гэж мэдээлжээ. Харин Англи улсад амь үрэгдсэн эмч нарын тоо 100 даваад байгаа бөгөөд Ковид-19 өвчний улмаас нас барсан эмч, эмнэлгийн ажилтнуудын мэдээллийг интернэтээр тодруулах, мэдээлэл авах ажил хийгдэж байна.

Аливаа өвчний үед эмч, сувилагч нар хамгийн тэргүүн эгнээнд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, өөрсдийн амь нас, эрүүл мэндээ үл хайхран зүтгэдэг нь аль ч улсад ялгаагүй билээ. Хувийн хамгаалах хэрэгсэл хангалтгүй үед эмч, мэргэжилтнүүд яалт ч үгүй “улаан гараараа” тулаанд орохоос өөр аргагүй болох нь гарцаагүй. Яагаад гэвэл тэд тангараг өргөсөн, өргөсөн тангарагтаа үүрд үнэнч зүтгэх хүмүүс. Ковид-19 аюулт тахлын үеэр амь үрэгдсэн мэргэжил нэгт нөхдөдөө гүн эмгэнэл илэрхийлье.

Эх сурвалж:

https://blog.frontiersin.org/2020/04/14/more-than-a-third-of-medical-staff-suffered-insomnia-during-the-covid-19-epidemic-in-china/?utm_source=fweb&utm_medium=fmain&utm_campaign=ba-cov-sci-hpfea-staff-insomnia-covid

Судалгааны үр дүнтэй танилцахыг хүсвэл:

Zhang Ch et.al., Survey of Insomnia and Related Social Psychological Factors Among Medical Staff Involved in the 2019 Novel Coronavirus Disease Outbreak. Front. Psychiatry, 14 April 2020 | https://doi.org/10.3389/fpsyt.2020.00306