Бэлтгэсэн: АУ-ны магистр Ө.Хулан, ЭША, АУ-ны магистр М.Халиун

Эрдэм шинжилгээний төв лаборатори, АУХ

Хянасан: АУ-ны доктор С.Мөнхбаяр, секторын эрхлэгч,

Эрдэм шинжилгээний төв лаборатори, АУХ

Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн эсрэг эмчилгээг яаралтай гаргах шаардлагатай байгаа бөгөөд Ковид 19 халдварыг эмчлэхийн тулд одоо ашиглаж байгаа вирусийн эсрэг эмийг давтан хийх боломжтой ба зарим вирусийн эсрэг эмийг эмнэлзүйд ашиглаад эхэлж байна. Харамсалтай нь коронавирусийг эмчлэх эм, вакцин одоогоор гараагүй байна. Моноклон эсрэгбие, олигонуклеотид дээр суурилсан эмчилгээ, пептид, интерферон эмчилгээ, вакцин, жижиг молекулын эм зэргийг Ковид- 19 шинээр гарч ирж буй халдварыг хянах, урьдчилан сэргийлэх зорилгоор нэвтрүүлэх боломжтой юм. Судлаачид ХДХВ (HIV), гепатит В вирус (HBV), гепатит С вирус (HCV), томуугийн вирусээс үүдэлтэй халдварын эсрэг эмчилгээнд ашигладаг эмийг коронавирусийн халдварын эсрэг ашиглах боломжтой эсэхэд анхаарлаа төвлөрүүлж байна.

Коронавирусийн хэв шинж  

Шинэ төрлийн коронавирус нь SARS гэгддэг амьсгалын замын хурц халдварт өвчний вирустэй төстэй ба энэхүү Ковид-19 -ийн геном нь бүтцийн бус уураг болох 3-химитрипсин төст протеаз, папаин төст протеаз, хеликаза, РНХ-аас хамааралтай РНХ полимераза, бүтцийн уураг болох спайк гликопротеин (spike glycoprotein) болон бусад  уургийг агуулдаг.

Зураг 1. Бета-коронавирусийн эсрэг эмийн боломжит хувилбарууд

 

Тайлбар: А. Ковид-19-ийн бүтцээс харахад эмийн бодисын бай болох боломжтой уураг кодолдог хэсгүүдтэй байна (GenBank reference ID: MN908947.3). 

Зураг 2. Тайлбар: Б. РНХ-хамааралтай РНХ полимеразад эмийн бодис холбогдох хэсгийг тодруулсан болно. Ковид-19-ийн РНХ-хамааралтай РНХ полимеразаг саатуулах боломжтой дөрвөн саатуулагчийн  химийн бүтцийг харуулав.

Дээр дурдсан дөрвөн бүтцийн бус уураг нь вирусийн амьдралын мөчлөгийн гол фермент бөгөөд харин спайк гликопротеин (spike glycoprotein) нь вирус-эсийн рецепторын харилцан үйлчлэлд зайлшгүй шаардлагатай байдаг байна.

Ковид-19 вирусийн боломжит эмийн хувилбарууд

Вирусд чиглэсэн хүчин зүйлс: Зөвшөөрөгдсөн нуклеотидын аналогиуд (фавипиравир, рибавирин-favipiravir and ribavirin) болон туршилтын шатанд буй нуклеотидын аналогиуд (ремдезивир, галидезивир-remdesivir and galidesivir) нь Ковид-19 вирусийн эсрэг боломжит хувилбарууд байж болох юм. Аденин эсвэл гуанины нуклеотидын аналоги хэлбэр нь РНХ-хамааралт РНХ полимеразын бай болон коронавирусийн РНХ нийлэгжлийг саатуулдаг. Фавипиравир (favipiravir T-705) гуанины аналоги нь томуу өвчний эсрэг эмчилгээнд зөвшөөрөгдсөн хувилбар ба шар чичрэг, чикунгуяа өвчин, норовирус (chikungunya, norovirus), энтеровирусийн РНХ полимераза хамааралт РНХ-г саатуулдаг бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар Ковид-19 вирусийн эсрэг идэвхитэй үр дүнтэй байгаа нь судлагдаж байна. Ковид-19 халдвартай өвчтөнүүдэд санамсаргүй түүврийн аргаар фавипиравир эмийг интерферон альфагаар нэмэгдүүлсэн мөн фавипиравир эмийг балоксавир марбоксилаар нэмэгдүүлсэн (томуу өвчний cap-dependent эндонуклеаза саатуулагч ) хэлбэрээр хэрэглэхэд үр дүнтэй байна гэж дүгнэжээ. Рибавирин нь гуанины уламжлал бөгөөд гепатит С вирус, амьсгалын замын синцитал вирусийн (SARS, MERS) эмчилгээнд хэрэглэхэд зөвшөөрөгдсөн хэдий ч өндөр тунгаар хэрэглэх үед анеми үүсгэх гаж нөлөөтэй байж магадгүй, мөн Ковид-19 вирусийн эсрэг үр нөлөөтэй эсэх нь хараахан тодорхойгүй байна. Эмийн химийн бүтэц болоод үйлдлийн механизмийн хувьд ремдизивир (Remdisivir) нь нуклеотидын аналоги буюу 1’-циано-холбоот аденозин нуклеотидэн бүтэцтэй молекул бөгөөд энэхүү аналоги нуклеотид нь вирус амьд эсийн дотор өсөн олшрох явцад түүний удамшлын гол материал болох РНХ  хувилагдан олширч эхлэх үед нь уг үйл ажиллагааг хариуцан явуулдаг вирусийн “РНХ хамааралт РНХ полимераз” энзимийн үйл ажиллагаанд шаардагдах энергийн үндсэн эх үүсвэр болсон гурван фосфорт аденин нуклеотидээс өрсөж тус энзимтэй холбогдсоноор “РНХ хамааралт РНХ полимераз” энзимийн үйл ажиллагааг хориглон зогсоож улмаар вирусийн РНХ-ийн цаашид уртсах үйл явцыг гацаах замаар вирусийн олшролтыг зогсоодог үйлдэлтэй. Удамшлын материал нь РНХ агуулсан олон төрлийн вирусуудын эсрэг бүтээгдсэн бодис юм. Харин ремдизивир хүний РНХ уртасгагч үндсэн энзим болох II төрлийн РНХ полимеразтай харилцан үйлчлэлцдэггүй бөгөөд ингэснээр хүний эсийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй байна. Мөн хүний дархлал хомсдолын вирусийн эргэх транскриптазаг саатуулагч болох нь батлагдсан байна. Энэ эм нь эсийн өсгөвөр, амьтны туршилт судалгаанд SARS, MERS халдварын вирусийн РНХ эсрэг үйлдэлтэй юм. Сүүлийн үеийн судалгаагаар ремдизивир нь Ковид-19 вирусийг саатуулдаг нь нийтлэгдсэн ба Америкт Ковид-19 вирусийн халдвартай өвчтөнүүдэд ремдизивирийг судсаар тарьсны дараа өвчтөнүүд мэдэгдэхүйц сайжирч хөл дээрээ боссон байна. Хоёрдахь үеийн туршилт нь 2020.02 сарын эхээр эхэлсэн бөгөөд ремдезивирийг судсаар (эхний өдөрт 200 мг, цаашид 9 өдрийн турш өдөрт 100 мг) тарьж үр дүнг хянаж явсан ба 2020 оны 4 сард үр дүнг тооцоолж дуусах юм. Галидезивир (Galidesivir) нь аденозиний аналоги бөгөөд гепатит С вирусийн эмчилгээнд саяхнаас харин шар чичрэг өвчний эсрэг үр дүнтэй мөн аюулгүй гэдэг нь эмнэлзүйн туршилтын эхний үе шатанд судлагдаад байна.

Протеаза (уураг задлагч) саатуулагчид буюу дисулфирам, лофинавир, ритонавир (disulfiram, lopinavir and ritonavir) зэрэг нь SARS болон MERS вирусийн халдварын эсрэг идэвхитэй нөлөө үзүүлж байна гэж нийтлэгдсэн байна. Дисулфирам нь архины хамааралт өвчний эмчилгээнд зөвшөөрөгдсөн бөгөөд эсийн өсгөвөрийн туршилтанд MERS, SARS вирусийн папайн-төст протеазаг саатуулагч болохыг тодорхойлоод байна. Гэсэн хэдий ч эмнэлзүйн туршилт ховор байгаа юм. Лофинавир, ринонавир нь эхэндээ SARS, MERS вирусийн 3-химотрипсин төст протеазаг саатуулдаг гэж таамаглаж байсан ба SARS вирусийн халдвартай өвчтөнүүдэд нээлттэй тохиолдлын бус эмнэлзүйн туршилтанд үр дүнтэй байгаа нь харагдаж эхэлсэн. Гэсэн хэдий ч хүний дархлал хомсдолын вирусийн протеазаг саатуулах,  Ковид-19 вирусийн папайн төст протеазаг саатуулдаг нь маргаантай байна. Спайк уураг нь мөн боломжит бай байж болох юм.

Эзэн эсэд чиглэсэн хүчин зүйлүүд:  Гепатит В вирус ба гепатит С вирусийн эмчилгээнд ашиглахад зөвшөөрөгдсөн интерферон (PEG-IFN) альфа-2а ба 2б-ийг 2019-nCoV-тай халдвартай өвчтөнүүдэд өвөрмөц бус вирусийн эсрэг хариу урвалыг өдөөхөд ашиглаж болох бөгөөд интерферон ба рибавирин агуулсан хослолыг гепатит С вирусийн эсрэг  турших гэх мэт интерфероны туршилтыг эхлүүлээд байна. Гэсэн хэдий ч PEG-IFN ба нуклеотидын нэгдэл нь Ковид-19 вирусийн эсрэг синергетик үйлдэлтэй эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж:

https://www.nature.com/articles/d41573-020-00016-0

ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC7097181/

Нэмэлт мэдээлэл:

https://media.nature.com/original/magazine-assets/d41573-020-00016-0/17663286