Мэндэлсний 100 жилийн ойд 

1918 оны шороон морин жил Төв аймгийн Баянзүрх сумын нутагт ан гөрөө, газар тариалан эрхэлдэг буриад Намсрайн гэр бүлд нэгэн нуган үр мэндэлсэнд ихэд билэгшээж номонд нэвтрэх зам мөрийг бодоод “очир баригч сахиусан тэнгэр”-ийн барилдлагатай Шагдарсүрэн нэр хайрлажээ. Хүүхдүүдийн төрүүлсэн эх насан эцэслэсэн тул эцэг Намсрай амьдрахуйн эрхээр 5 настай том хүү Зэсэнжав, 3 настай бага хүү Шагдарсүрэнгийн хамт Да хүрээний Амгаланбаатар хотыг зорьж, нутаг нэгт Түндэвийнхийг барааджээ. Эднийх олон хүүхэдтэй, өлзий буян дэлгэрсэн, ээлтэй сайхан айл хэмээн олон түмэн хэлцдэг тул “Хүн болгож аваарай” гэж хэлээд хүүгээ үлдээсэн түүхтэй. Төрсөн эцэг Намсрай 3-4 сарын дараа хүүхдүүдээ эргэж ирэхэд Шагдарсүрэн хүү нь “… би олон ах, эгчтэйгээ энэ гэртээ байна. Энэ манайх” гэж хэлээд үлдэж, харин ах Зэсэнжав аавыгаа дагаад буцжээ. Өсгөсөн эх З.Буяндэлгэр 8 нас хүрсэн хүүгээ 1926 онд Амгалангийн бага сургуульд Намсрай овгоор бүртгүүлэх гэхэд Шагдарсүрэн хүү уурлаж уйлахад учрыг лавлавал “Би Түндэвийн хүүхэд биз дээ гэжээ. Гэтэл Түндэвийн эхнэр З.Буяндэлгэр гуай “… чи  эцэгтэй хүн, Намсрайн хүүхэд” гэвэл “… би тантай хамт хууль бүртгэлийн газар (тэр үеийн зарга мэдүүлэх буюу олны хэлдгээр шанзодба Бадамдоржийн газар) очно хэмээн уйлж Түндэв нэрээр овоглох сонголтоо өөрөө хийсэн байдаг. Тийнхүү хожмын нэрт эрдэмтэн, багш Түндэвийн Шагдарсүрэн Наймаа хотын Амгалангийн бага сургуульд орж, оюун ухаан, зөн билгийн мэлмийгээ нээх их замналаа эхэлжээ.                                     

Төрөлхийн цовоо, сэргэлэн Т.Шагдарсүрэн Амгалангийн орос бага сургуульд гадаад хэлний суурьтай болсны ачаар 1934-1938 онд Буриадын Улаан-Үүд хотод Рабфакт (ажилчны факальтетад) суралцаж, улмаар 1942 онд Омск хотын Анагаах Ухааны Дээд Сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн байна.

Тэр үед эмч ховор байсан цаг чадварлаг сэхээтэн Т.Шагдарсүрэнг 1942 оноос Налайх, Дундговь аймагт томилж, дараа нь Улаанбаатар хотын улсын төв эмнэлэгт шилжүүлсэн байна. Тэрбээр 1944 онд гүйлсэн булчирхай авах мэс заслын эмчилгээг анх удаа гардан хийж манай улсад чих хамар хоолойн салбар ухаан хөгжих эхийг тавьсан байдаг. Түүнийг 1945-1948 онд Эрүүлийг Хамгаалах яамны орлогч сайд бөгөөд Улсын ариун цэврийг шалган байцаах ерөнхий газрын даргаар томилон ажиллуулснаар хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл ахуйн шаардлагыг дээшлүүлэх, гоц болон нийгмийн халдварт өвчинтэй тэмцэх ажилд ханцуй шамлан оржээ. Мөн үүрэгт ажлынхаа хажуугаар Японы квантуны армиас олзлогдсон олон мянган хүнийг Сэлэнгийн Улаан-Эрэгт хүлээн авч, эмнэлгийн тусламжийн арга хэмжээг зохион байгуулж, Улаанбаатар хотын хойд хэсэг, Чингэлтэй уулын Дамбадаржаагийн аманд тэдэнд зориулсан эмнэлгийг нээн ажиллуулсан байна.

Т.Шагдарсүрэн 1948-1952 онд ЗХУ-д аспирантурт суралцаж, “Нэг талын идээт үрэвслийн үед хоёр талын гүйлсэн булчирхайг авах асуудалд” нэг сэдэвт бүтээлээр эрдмийн зэрэг амжилттай хамгаалж, монголын анагаах ухааны түүхнээ мөнхөд дуурсагдах анхны эрдэмтэн болжээ. Багштай хамт аспирантурт суралцаж байсан, өнөөгийн Байгалийн Шинжлэх Ухааны Оросын академи (РАЕН)-ийн Хүний Морфологийн хүрээлэнгийн академич асан профессор А.Г.Бабаева дурсахдаа: “…он был очень умный, очень грамотный, очень интеллектный, крайне целеустремлённый и до того талантливый аспирант …” (монг. …тэр бол гаргуун ухаантай, гүн боловсролтой, нэн оюунлаг, тууштай хөдөлмөрч, үгээр хэлэхийн аргагүй авъяаслаг судлаач байсан юм…) гэж билээ. 

Авъяаслаг залуу эрдэмтэн Т.Шагдарсүрэн 1952 оноос МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн Чих хамар хоолойн тэнхимийн эрхлэгчээр, 1953 оноос Мэс заслын тэнхимийн анхны монгол эрхлэгчээр томилогдон 1982 он хүртэл тасралтгүй 30 жил ажиллаж өрнийн анагаах ухааны хүчирхэг эрдмийг эх орондоо нутагшуулж, мянга мянган өвчтөний амь насыг аюулт өвчнөөс аварч, дахин төрөхүйн аз жаргалыг эдлүүлэхийн сацуу оюунлаг сурган хүмүүжүүлэгч болохоо харуулж олон эрдэмтэн багш нарыг төрүүлжээ.

Т.Шагдарсүрэн багштан 1955-1957 онд Их Сургуулийн Хүн эмнэлгийн факультетийн орлогч декан үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэж байсны дээр 1968 оноос мэс заслын бүх салбарыг мэргэжлийн гурван тэнхим болгон зохион байгуулж нэрт эрдэмтэн багш, профессор В.Ичинхорлоо, П.Долгор, Б.Гоош нарыг шинээр байгуулсан тэнхимийн эрхлэгчээр томилжээ.

Нэрт эрдэмтэн Т.Шагдарсүрэн багштан 1955-1956 онд цээжний хөндий мэс заслын тасгийг 25 ортой нээж, энэ тасаг нь эхний өдрөөсөө эхлэн манай оронд тохиолддог улаан хоолойн хорт хавдрыг мэс заслаар эмчлэх асуудалд голлон анхаарч байв. Энэ тасагт ходоод, улаан хоолойн хавдартай 149 хүн хэвтсэнээс 54 нь ходоодны, үлдсэн 97 нь улаан хоолойн өмөн хавдартай хэмээн бүртгэгдсэн байдаг. Тийнхүү  багшийн санаачлан байгуулсан тасаг хорт хавдартай өвчтөнд анх удаа мэс засал хийсэн бөгөөд хавдар судлалын тусламжийг өргөжүүлэн Цацраг туяа эмнэлэг нэртэй бие даасан эмчилгээ, сэргийлэлт, сувилгааны төв болгон хөгжүүлэх эхлэлийг тавьжээ. Уг төвийг 1961 оноос багшийн хамтран зүтгэгч, хүний гавъяат эмч П.Сагарайжав, 1967 оноос манай орны шилдэг мэс засалчдын нэг  АШУ-ны доктор Б.Доржготов нар удирдаж ирснийг залгамж халаа залуучууд нь нэр төртэй үргэлжлүүлж явна.

Т.Шагдарсүрэн багштан цээжний хөндий мэс заслын тасагт шавь нарынхаа хамт улаан хоолой, уушгинд хийх мэс заслын арга техникийг хөгжүүлэн төгөлдөржүүлж байхдаа зүрхний мэс засал хийх бэлтгэлээ хангаж, 1957 онд зүрхнээс зүү авах, 1958 онд зүрхний артерийн битүүрээгүй цоргыг боох, 1960 онд уушги тайрах болон зүрхний хоёр хавтаст хавхлагын нарийслыг тэлэх, 1961 онд зүрхнээс бэтэг авах, 1965 онд хатуурч зүрхээ дарсан үнхэлцэг хальсыг хэсэгчлэн хуулж авах болон судас залгах нарийн төвөгтэй мэс заслын ажилбаруудыг эх орныхоо нөхцөлд нутагшуулжээ.

            Академич Т.Шагдарсүрэнгийн санаачлага, идэвхтэй оролцоотойгоор 1967 онд мэс засалч, мэдээгүйжүүлэг-сэхээн амьдруулагч, цусны зохиомол эргэлтийн мэргэжилтэн, биохимич, багаж техникийн инженер, кардиологич, рентген, дүрс оношилгооны эмч зэрэг мэргэжлийн 9 хүнтэй хамтлаг бүрдүүлж, Москва хотын А.Н.Бакулевын нэрэмжит зүрх-судасны мэс заслын эрдэм шинжилгээний хүрээлэнд 4 сар дадлага хийж мэргэжил дээшлүүлэн, оношилгоо, эмчилгээ, хяналтын нэн шаардлагатай, орчин үеийн нарийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж тэр цаг үеийн үзэл суртал, дотоод яамны хатуу хяналт саадыг зориглон сөрж гуравдагч орноос захиалж эхэлсэн байна. Тухайлбал, цусны зохиомол эргэлтийн МН-77 аппаратыг Швед улсын АГА фирмээс, НЕХ-500 аппаратыг Япон улсын Мера фирмээс, АИК-5 аппаратыг ЗХУ-аас авч 1969 онд зүрхний мэс заслын тасаг байгуулж, өөрийн орондоо зүрхний мэс заслын тусламж үзүүлэх боломжийг бүрдүүлжээ.

Т.Шагдарсүрэн багштанд “Цээжний хөндий болон зүрх судасны мэс заслыг боловсронгуй болгох нь” сэдвээр туурвисан цуврал бүтээлийг үндэслэн 1972 онд шинжлэх ухааны докторын зэрэг олгосноос гадна 1981 онд өөрийн шавь С.Загдаа, Ё.Бодьхүү, Ж.Моондой, Ц.Бундан, Р.Пүрэв нарын хамт БНМАУ-ын төрийн шагнал хүртсэн байна.

            Алслагдсан орон нутагт мэс заслын нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх асуудал багшийн нэг мөрөөдөл байв. Энэ гэгээн хүслээ биелүүлэх зорилгоор зүрх судасны мэс засалчидтайгаа хамт 1979 онд Говь-Алтай аймагт зүрхний төрөлхийн гажигтай 4 өвчтөнд мэс засал хийсэн үеэс эхлэн Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг 10 гаруй аймаг, хотыг хамарсан 16 удаагийн явалтаар 102 өвчтөнд зүрхний төрөлхийн болон олдмол гажгийн мэс заслыг хийжээ.

            Багшийн мэс заслын өмнөх хором, төвлөрлийн үйл хөдлөл нь хачирхалтай санагддаг байв. Багш өрөөнөөсөө гүйх шахам гарч, больницийн гадаах цэцэрлэгт хүрээлэнд хүрч, хэдэнтээ гүнзгий амьсгаа авч тайвшраад, арван хуруугаа зүрхний хэмнэлээр хөдөлгөж нүдээ аньдаг байсан юм. Одоо бодоход тэр нь өвчтөний онош, биеийн онцлог, гарч болох хүндрэлийг нэг бүрчлэн нүдэндээ буулгаж, мэс заслын төлөвлөгөөг (план операций) санаандаа урьдчилан боловсруулж, оюун мэдлэг, ур чадвар, онгод увидас бүхнээ төвлөрүүлж байсных буйзаа. Тэгснээ халааснаасаа “Хар морьт” тамхиа гаргаж шуналтайяа хэд сороод тайван алхсаар мэс засалдаа ороод явчихдаг байсан.

            Анагаах ухааны боловсролын салбар, нийгмийн эрүүл мэндийн салбар, хүн амд үзүүлэх эмчлэн сэргийлэх тусламж, нарийн мэргэжлийн мэс заслын тусламж үйлчилгээний салбарын хөгжлийг эрчимтэй өрнүүлэхийн зэрэгцээ академич Т.Шагдарсүрэн багштан манай орны анагаах ухааны эрдэм судлал, туршин шинжлэлийн ухааны салбарт томоохон хувь нэмэр оруулсан билээ. Багшийн санаачлага зүтгэлээр 1961 онд Анагаах Ухааны Хүрээлэн байгуулж, захирлаар нь томилжээ. Уг хүрээлэнг Хүүхэд эмэгтэйчүүд, Мэс засал, Дотор, Хоол судлал, Халдварт, Нийгмийн эрүүл мэнд гэсэн 6 сектор, ардын эмнэлгийн 1 лабораторитой байгуулж, хүн амын эрүүл мэндийг төлөвлөгөөтэй судлах болсон байна. Захирал академич Т.Шагдарсүрэн багш Анагаах Ухааны Хүрээлэнг үйлс бүтээлээ эхэлсэн цагаас нь анагаахын мэргэдийн оюуны бүтээмжийн арвин уурхай, судалгаа, шинжилгээ, бүтээл туурвилын ширгэшгүй ундрага, үндэсний эрдэмт хүмүүс, номын садан нарыг төрүүлдэг хүчирхэг өлгий болгон төлөвшүүлжээ.  

Т.Шагдарсүрэн багш 1975-1977 онд Улсын нэгдсэн 2-р тусгай эмнэлгийн даргаар хавсран ажиллахдаа эмнэлгийн гол барилгын их засварыг дуусган бариулж, эмнэлгүүдийн дотроос анх удаа хоёр талын харилцаа бүхий дотоод сүлжээний богино долгионы төхөөрөмжийг тасаг хэсгүүдийн хооронд суурьлуулсан ба түргэн тусламжийн машины тоог эрс нэмэгдүүлж чадсан юм.

Профессор Т.Шагдарсүрэн багштан 1963 онд “Хронические холециститы” бүтээлээ В.Горбенкотой хамт, 1970 онд “Зүрхний төрөлхийн гажгууд” номоо С.Загдаатай хамт, 1972 онд “Зүрхний зарим гажиг, тэдгээрийн онош эмчилгээ” бүтээлээ дагнан, 1978 онд “Мэс заслын өвчин” гарын авлагаа Ж.Моондойтой хамт, 1980 онд “Уушигны мэс заслын зарим өвчин” номоо Х.Долгормаатай хамт, 1984 онд “Мэс заслын өвчин” сурах бичгээ багш нартайгаа хамт туурвиж хэвлүүлсэн нь оюутан, эмч нарын судлах зүйл, тулгуур мэдлэгийн эх сурвалж, ширээний ном болжээ. Мөн “Хорт хавдар өвчнөөс сэргийлэх тухай” бүтээл (1961), АУДС-ийн “Эрдэм Шинжилгээний бичиг” (1962), “Анагаах Ухааны Эрдэм Шинжилгээний бичиг” (1962-1970) цуврал бүтээлүүдийг хянан тохиолдуулж хэвлүүлснээс гадна нийт иргэд, хүн амын эрүүл мэндийн боловсролд зориулан өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сонин сэтгүүлд “Зүрх эрүүл бол бие эрүүл” (1972) зэрэг олон өгүүлэл  нийтлүүлсэн байна.  ЗХУ, БНАГУ, Польш, Куба, Югослав, Англи, Итали зэрэг улс оронд зохион байгуулсан дэлхий дахины хурал зөвлөгөөнд уригдан оролцож эрдэм шинжилгээний 100 гаруй илтгэл хэлэлцүүлж, өгүүлэл бичиж хэвлүүлсний зэрэгцээ ЗХУ-ын мэс засалчдын нийгэмлэгийн хүндэт гишүүний эрхэмсэг цол хэргэм хүртэж манай гаригийн зүг, цаг бүрт нэр алдраа дуурсгасан эрдэмтэн болсон юм. 

            Т.Шагдарсүрэн багштаны эрдмийн бүтээлүүд, туршин шинжилгээний ажлын үр дүн, шинжлэх ухааны онол, таамаглал, анагаах ухааны хөгжилд оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй агаад түүнд 1961 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич цол, 1975 онд БНМАУ-ын хүний гавьяат эмч цол тус тус хүртээсэн ба БНМАУ-ын АИХ-ын депутатаар 3 удаа сонгогдож төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, Сүхбаатарын одон, ойн медалиудаар шагнуулсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч  байлаа.

            Анагаах ухааны салбарт Т.Шагдарсүрэн багштаны оруулсан хувь нэмэр, нөр их хөдөлмөрийг үнэлж, 1998 онд түүний 80 насны ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн Газрын 35 тоот тогтоолоор Анагаах Ухааны Хүрээлэнг академич Түндэвийн Шагдарсүрэнгийн нэрэмжит болгон дурсгалыг нь мөнхжүүлсэн билээ.

         Академич Т.Шагдарсүрэн багштан цэцэн цэлмэг оюун ухаантай, авъяас билиг төгөлдөр, цаг ямагт шинийг санаачлан эрэлхийлэх увидастай, монголын өрнийн анагаах ухааны ерөнхий болон чээжний хөндийн мэс заслын салбар, зүрхний мэс заслын салбарыг үндэслэгч, нэг насны амьдралаа хүн ардынхаа амь нас эрүүл мэнд, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө зориулсан билээ.

Эмнэлгийн найман бурхны хутагийг нэгэн биедээ шингээж төрсөн, эгнэшгүй ачтан, “Зууны Манлай Эмч” өргөмжит, суут хүмүүн Академич Т.Шагдарсүрэн багшийнхаа алдрыг үеийн үед мөнхжүүлж, говийн есөн үеийн их оточ нарын залгамж, гавьяат эмч, зохиолч, яруу найрагч, Х.Цэрэндоржийн сэрэмсэрийн үр, оюуны охь, бясалгын дээж, сонсохуйн чимэг, эгшиглэнт аялгуу, яруу сайхны халил, сэтгэлийн туйл болсон найраг юугаар үлгэрлэн буяны ерөөл өргөж, зул хөгжөөн, чин сэтгэлийн гүн үнэнээс хүндэтгэн залбирч тэргүүнээ мэхийе.

                                      “Мөргөлийн Дуулал”

Зүүдний цагаан совин бурханд хүрч тайтгарнам

Зүрхний гэгээн залбирал бусдын мөрийг ариутгана

Нойрондоо амгаланг үзэж сэрүүндээ хязгааргүйг төсөөлөн

Номын мөрөөс үнэнийг эрсэн сэтгэлийн гүнээс бурхдад мөргөе

Эмнэлгийн найман бурханд мөргөе эмийн шидэт өвсөнд мөргөе

Эмчийн дээд багш дор мөргөе эцэслүүлж зовлонг арилгагсдад мөргөе

Өршөөлийн дээд нигүүлсэнт Шагжтува бурханд мөргөе

Гаслан зовлон хяслан эмгэгийг гал адил хуйхлан ариусгагч

Гадаад амин оронг бадраагч Манал бурхан дор мөргөе

Хэрүүл хараалын бузрыг хийсгэн хэний ч юуны ч эрхэнд орохын

Хэмжээгүй аюулыг гүйцэд дарагч Чойжамц бурханд мөргөе

Буруу үзэл бодлыг үл үүсгэж Бухимдуу сэтгэлийг уужруулан

Билэг оршихуйг ариусгахын шидэт Чойдогжамц бурханд мөргөе

Өнгөрсөн нүглийн хар мөр өнөөг зовоохын шалтгааныг тонилгогч

Өнө хойчид зөв оршихуйн гэрэлт зул Няман мичиг бурханд мөргөе

Аянга цахилгаан аюул ослын Арван хар гамшгаас зайлуулагч

Аугаа билгүүн хүчит Сэрсэн Дэмид бурханд мөргөе

Авч төрсөн төрөөд олсон алин бээр тэр өвчнийг

Арилган төгс илааржуулагч Ринчиндаваа бурханд мөргөе

Таван мэдрэхүйг хөгжөөн Таг дүлийрч сохрохоос зайлуулагч

Тарни номын нэн хүчит Цанлаг Яндаг бурханд мөргөе

Аршааны дусал тоолон мөргөе

Аврал үзүүлэгч бүхэнд мөргөе

Анагаах эрдэм дор мөргөе

Ачит багш Шагдарсүрэн дор мөргөе.

Анагаах Ухааны доктор, профессор,

Элжигэн эртсүүд овогт

Н.Мөнхтүвшин

Анагаах Ухааны доктор, дэд профессор

Л.Галсумъяа

Анагаах Ухааны магистр

Б.Батчимэг

Ашигласан бүтээл:

  1. Батсүх Т, Володя Я, Дагданбазар Б. “Энэрхүйн эрдэм дэлгэрүүлснийг багцалсан шашдир” Улаанбаатар хот, 2009 он,-110х.
  2. Бямбаа Р.” Гуугүй бурхад” Улаанбаатар хот, 2005 он, х.73-78
  3. Жамбалдорж С, Сонинтогос Э. “Нэрт монгол хүмүүсийн намтарын ойлголт” Улаанбаатар хот, 2000 он, х.299.
  4. Жамбалдорж Я. “Анагаах ухааны танин мэдэхүйн толь” Улаанбаатар, 2009,
  5. Зүрх судасны эмгэг судлалын тулгамдсан асуудлууд. Академич Т.Шагдарсүрэнгийн мэндэлсний 80 нас, зүрх судасны мэс засалч үүсч хөгжсөний 40 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн хураангуй. Ред.зөвлөл: Ц.Мухар, М.Амбага, Д.Баасанжав, Н.Мөнхтүвшин, Д.Цэгээнжав. Улаанбаатар хот, 1998 он, 116х.
  6. Олон улсын бурхадын өлгий /эмхэтгэсэн Н.Даваацэрэн/ Улаанбаатар, 2004 он.
  7. ЭМШУИС-ийн архивын баримт бичиг /1961-1982/
  8. н.Хүрэлбаатар “Бурхадын сархад “дурсамж” цуврал, нэгдүгээр боть. Улаанбаатар хот, 2009он.-474 х.
  9. Б.Дагданбазар “Монголын Анагаахын Мэргэд” XVIII боть 2013 он.
  10. Эрдмийн их хүрээлэн 45 жил, 2006 он.
  11. Эрдмийн их чуулган-50 жил.
  12. Цахим эх сурвалж: http://www.lomonosov-fund.ru/enc/ru/encyclopedia:0132772