Эмнэл зүйн тохиолдол

Эмэгтэй 47 настай, африк – кариб гаралтай иргэн, 2020 оны 3 дугаар сард “ myopericarditis” гэсэн урьдчилсан оноштой эмнэлэгт хэвтсэн.

Хэвтэх үеийн зовуурь: бие зарайна, цээжээр өвдөнө, амьсгаадана, хуурай ханиалгана.

Өвчний түүх: Зүрх судасны  эрсдэлт  хүчин зүйлгүй. 2017 онд хийсэн ангиографийн шинжилгээнд титэм судасны бөглөрөл илрээгүй.

Лабораторийн шинжилгээ:        

Тропонин: 225 болон 253 нг/л .

Хамар залгиурын арчидасны шинжилгээнд коронавирус эерэг.

Зүрхний цахилгаан бичлэг (зураг А): Синусийн тахикарди. Доод хажуугийн холболтод  ST сегмент  өргөгдсөн (concave infero-lateral ST elevation).

Цээжний хөндийн X-ray (зураг В): Уушгины нягтрал бага зэрэг ихэссэн, цусны эргэлтийн зогсонгишил шинж

Зүрхний хэт авиан шинжилгээ (Зураг C): Үнхэлцгийн хөндийд хамгийн өргөн хэсэгтэй 1,1 см тархмал шингэнтэй, зүрх шахагдсан шинжгүй, зүүн ховдлын үйл ажиллагаа хэвийн.

Үзлэгээр: Өвчтний халуун хэвийн 36.9С, артерийн даралт буурсан (80/50 мм.муб), зүрхний цохилт түргэссэн (110/мин).

Эмчилгээнд үр дүн өгөөгүй учир өвчтөнг эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн цусны эргэлтийг дэмжих эмчилгээ хийв. 

Давтан зүрхний хэт авиан шинжилгээ (Зураг D): Үнхэлцгийн шингэн хамгийн өргөн хэсэгтээ  2.0 см, зүрх шахагдах шинж илэрсэн. 

Өвчтний биеийн байдал огцом муудаж,  гемодинамик үзүүлэлтүүд тогтворгүй, мөн халдвар тараах эрсдэлийг харгалзан  зөөвөрлөж, X-ray хяналтад үнхэлцгийн хөндийг хатгалт хийх тохиромжгүй гэж үзэв. Улмаар эрчимт эмчилгээний тасагт зүрхний хэт авиан  хяналтан доор үнхэлцэгийг хатгаж нийт 540 мл шүүдэст шингэн соруулж авсан. Тус шингэнд Ковид-19 халдвар илрээгүй. Гемодинамик үзүүлэлтүүд нэн даруй сайжирсан.                                                                 

Ковид-19 халдварын үед илэрсэн зүрх шахагдах анхны тохиолдлыг танилцууулав. Ковид-19 халдвартай өвчтөн хүндрэх үед ялган оношилгоонд зүрх шахагдах тохиолдлыг сэжиглэж үзэх ёстой.

Эх сурвалж: https://doi.org/10.1093/eurheartj/ehaa253

Мэдээлэл бэлтгэсэн: Зүрх судасны мэс заслын сектор, ЭША Ө.Нацагдорж

Мэдээлэл хянасан: Зүрх судасны мэс заслын секторын эрхлэгч, АУ-ны доктор Б.Содгэрэл 

Зураг А. Зүрхний цахилгаан бичлэгт ST сегмент өргөгдсөн байв (concave infero-lateral ST elevation)

Зураг В. Уушигны нягтрал бага зэрэг ихэссэн, судасны зураглал баруун доод хэсгээр олширсон

Зураг С. Эхний зүрхний эхо-д үнхэлцэгт дунд зэргийн хэмжээний шингэнтэй байна

Зураг D. Давтан зүрхний эхо-д шингэний хэмжээ эрс нэмэгдсэн байна.