Дэлхий дахинд Ковид-19 цар тахлын одоогийн байдал, түүний эмнэлзүй, эмчилгээний талаар өргөн хүрээнд ихээхэн судлан бичиж, ярьж байна. Цаашид намар, өвөл ханиад-томууны улирлын үед хэрхэн бэлдэх нь анхаарал татаж байна. Манай улсад ч нэн тулгамдсан асуудал болж байгаа тул дараах мэдэгдлийг орчуулан хүргэж байна.
ДЭМБ-ын Европын бүсийн захирал, доктор Ханс Анри П (2020-06-18, Копенгаген, Дани)-ийн мэдэгдэл:
НАМАРТ БЭЛТГЭХ НЬ ДЭМБ-ЫН ЕВРОП ДАХЬ БҮСИЙН ТАМГЫН ГАЗРЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ БОЛЖ БАЙНА.
Би илтгэлээ COVID-19 цар тахлын одоогийн байдлын товч тоймоор эхэлж байна.
Энэхүү вируст халдварын улмаас дэлхий даяар бараг хагас сая хүний амь нас эрсдэж бидний хувьд ихээхэн эмгэнэлийг авчирлаа.
Дэлхий даяар батлагдсан халдварын тоо найман саяас давжээ. Ковид-19 халдварын нийт тохиолдлын 31%, дэлхийн хэмжээнд нас барсан хүмүүсийн 43% -ийг Европын улс орнууд эзэлж байна.
Зарим улс оронд хэдэн долоо хоногийн турш халдварын тоо буурснаас хойш ч Европын бүсийн хэмжээнд шинэ тохиолдлын өвчлөл өдөрт дунджаар 17-20 мянган тохиолдол илэрч тогтвортой өндөр түвшинд байна. Бүс нутгийн хэмжээнд хэд хэдэн оронд өвчлөл байнга ажиглагдаж байгаа бол Хойд Македони, Армени, Азербайжан, Узбекистан, Израиль зэрэг оронд тохиолдлын тоо нэмэгдэж байна.
Өнгөрсөн сард нийт өвчлөлийн түвшин эрс нэмэгдсэн ба ялангуяа Европын орнуудын тоо 6 байснаа 21 орноор нэмэгджээ.
COVID-19 халдварын тархалт олон оронд одоо ч идэвхтэй шатандаа явж байна. Хорио цээрийн дараа хэвийн амьдралаа сэргээж, дахин бүтээж байх нь зайлшгүй чухал боловч халдвар авсан хүмүүсийг илрүүлэх, холбоо барих, боломжтой, идэвхтэй тандалтын системийг бий болгоход төрийн эрх бүхий байгууллага шаардлагатай бүхий л нөөц, хүчин чармайлтыг гаргах нь чухал хэвээр байна.
Бидэнд аюултай байдал, түгшүүр хэвээр байна. Хэд хэдэн улсад хорио цээрийн дараа сургуулиудыг нээсний улмаас орон нутгийн дотоод халдварын тохиолдлууд гарч, энэ нь бид сонор сэрэмжтэй байж, хязгаарлалтыг арилгахдаа анхааралтай байх хэрэгтэй гэдгийг анхааруулсаар байна.
Би давтан хэлэхэд: Бүх орнуудад эрсдэл өндөр хэвээр байна.
Цар тахлын тархалт хүмүүсийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд янз бүрийн байдлаар нөлөөлөх талаар би сэтгүүлчдийн олон асуултанд хариулсан. Бидний авсан мэдээлэл нь анхаарал татах асуудал хэвээр байгаа юм.
Цар тахал нь 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудын ихэнхийг хэрэгжүүлэхэд заналхийлж байна. Европын орнуудад цар тахал өвчний улмаас халдварт бус өвчний үйлчилгээ тасалдсан гэж мэдээлж байсан. Артерийн гипертензийн өвчтэй хүмүүст үзүүлэх үйлчилгээний 66%, чихрийн шижин, түүний хүндрэлтэй хүмүүст үзүүлэх үйлчилгээний 58% нь хэсэгчлэн эсвэл бүрэн тасалдсан байна. Нидерландад хорт хавдрын оношилгоо 25% буурсан; хорт хавдрын шинжилгээний хөтөлбөрийг хэд хэдэн оронд түр зогсоосон байна.
Испанид зүрх судасны тасгийн миокардийн шигдээсийг эмчлэх тохиолдол цар тахлын тархалтын өмнөх үеийнхээс 40% буурсан байна. Мөн сүрьеэгийн илрүүлэлт 60 хувиар буурснаар эмчилгээ эхлэх хугацаа хожимдож, энэ өвчнөөр нас баралт нэмэгдэж байгааг бид бас тогтоогоод байна. Зарим оронд дархлаажуулалтын үйлчилгээ зогссон байдаг. Бусад хэд хэдэн оронд Их Британид жишээ нь улаан бурхан, гахайн хавдар, улаанууд өвчний эсрэг вакцинжуулалт 4-р сарын дунд үеэс 20% -иар буурчээ.
Олон нийтэд үзүүлэх эдгээр тусламжийг хойшлуулж байгаа асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.
Дээрхи үйлчилгээг үзүүлж буй эрүүл мэндийн байгууллага, ажилтнууд болон халдварт бус өвчтэй хүмүүст цар тахлаас сэргийлэх аюулгүй орчинг бүрдүүлэхийн зэрэгцээ бусад амин чухал үйлчилгээнүүдийг яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна.
Та нарын ихэнх нь надаас юу хүлээж байгааг асууж байна.
Өдөр бүр бид Ковид-19 халдварын вирусын талаар илүү ихийг мэдэж, аюулгүй, үр дүнтэй эмчилгээ, вакциныг бий болгоход нэг алхам ойртох болно. Тиймээ, өчигдөр бид санамсаргүй байдлаар явуулсан судалгааны үр дүнгийн талаар олж мэдсэн бөгөөд энэ нь стероидын эмийн дексаметазоны бага тун нь өвчний хүнд хэлбэр бүхий өвчтөний нас баралтыг гуравны нэгээр бууруулж болохыг тогтоов.
Энэхүү мэдээ нь мэдэгдэхүйц ахиц дэвшлийг авчирч байгаа боловч бидний анхаарах гол зорилтуудыг шийдвэрлэхэд анхаарлаа сарниулахгүй байх ёстой. Ирээдүй бидэнд итгэл найдвар өгдөг, гэхдээ үүнтэй зэрэгцэн олон эрсдэл дагуулдаг.
Lancet сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа нь бас л сэтгэл түгшээсэн асуудал дагуулж байна: Дэлхийн хүн амын 22% буюу 1.7 тэрбум хүн нэг дагалдах өвчтэй амьдарч байгаа нь эдгээр хүмүүс COVID-19 халдвар авбал өвчний хүнд хэлбэрийг бий болгох өндөр эрсдэл үүсдэг.
Үүнээс гадна зуны дараа ханиадны улирал эхлэх болно. 2018–2019 онд ойролцоогоор 152,000 хүн ханиад, томуу өвчний улмаас нас баржээ. Гэсэн хэдий ч 65 ба түүнээс дээш насны хүмүүсийн гуравны нэг нь л ханиадны халдвар авсан байна. Ханиад томуу тусах өндөр эрсдэлтэй хүмүүс, эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулах нь эрүүл мэндийн системд үзүүлэх ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулдаг бөгөөд мөн COVID-19 өвчтэй хүмүүст ч тустай юм .
Иймээс намрын бэлтгэл нь ДЭМБ-ын Европ дахь Бүсийн Тамгын газрын тэргүүлэх чиглэл болжээ.
Эцэст нь хэлэхэд, би та бүхэнд дараах зүйлсийг уриалмаар байна.
Энэхүү хямралыг одоо болтол даван туулж чадаагүй байна. Нийтийн хорио цээр болон хүн хоорондын зайны хэмжүүр нь цар тахлыг бууруулах бага боловч боломжийг бидэнд олгосон.
Гэвч бид сургалт явуулах бүх боломжоо ашиглаж, яаралтай тусламжийн тогтолцоо болон төлөвлөсөн эрүүл мэндийн тогтолцооны аль алинд нь бэлэн байдлыг сайжруулах ёстой. Өөрөөр хэлбэл бид хамгийн сайн зүйлд найдах ёстой, гэхдээ улс орнууд, бүс нутаг, хотууд, хувь хүн бүр COVID-19-ийг бууруулах, багасгах магадлалтай хамгийн сайн зүйлд бэлтгэх хэрэгтэй. Бидний ажлын үр дүн одоо ямар арга хэмжээ авахаас хамаарна.
Анхаарал тавьсанд баярлалаа!
Орчуулж бэлтгэсэн: АУХ-ийн Мэдрэл судлалын секторын ЭШТА, АУ-ны доктор Я. Эрдэнэчимэг
Recent Comments