American Headache Society (AHS) Annual Meeting 2020: Abstract 829749, presented June 13, 2020.
Толгойн анхдагч өвдөлтийн нэг хэлбэр мигренийн жирэмслэлтийн төлөвлөгөөнд хэрхэн нөлөөлдөг талаарх хийсэн судалгааны талаар мэдээлэл хүргэж байна.
Мигрень эмэгтэйчүүдийн хүүхэдтэй болох шийдвэрт ихээхэн нөлөөлдөг болохыг шинээр хийгдсэн судалгаа харууллаа. 600 гаруй эмэгтэй оролцсон, олон төвт судалгаанаар мигреньтэй оролцогчдын дунд нас залуу, сарын тэмдгийн мигреньтэй, эсвэл архаг мигреньтэй эмэгтэйчүүд жирэмслэхгүй байх шийдвэрийг илүү гаргадгийг илрүүлжээ.
Өмнөх ажиглалтын судалгаагаар жирэмслэлтийн үед мигрень ихэвчлэн сайжирдаг болохыг тогтоосон байдаг боловч жирэмслэлтээс зайлсхийсэн мигреньтэй эмэгтэйчүүд жирэмслэлтийн үед мигрень нь улам хүндрэх эсвэл жирэмслэлтийг хүндрүүлдэг гэдэгт итгэдэг байсан байна.
“Мигренийн улмаас жирэмслэлтээс сэргийлсэн эмэгтэйчүүдэд мигрень хүүхэд өсгөхөд хүндрэл учруулж болзошгүй, ууж байгаа эм нь ургийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөх, жирэмсний үед эсвэл дараа тэдний мигрень хүндрэнэ гэж хамгийн их санаа зовдог нь ихээхэн холбоотой байсан” гэж Майо эмнэлгийн зочин эрдэмтэн, энэ судалгааны судлаач, доктор Ритаро Ишии хэвлэлийн ярилцлагад хэлжээ.
Энэхүү судалгааны үр дүнг Америкийн толгой өвдөлтийн нийгэмлэгийн (AHS) 2020 оны хурал дээр танилцуулсан. COVID-19 цар тахлын улмаас 2020 онд уг уулзалтыг цахим хэлбэрээр явуулсан юм. Энэ хурлаар жирэмслэлтийг төлөвлөхөд мигренийн нөлөөг судалсан судалгаа ховор байгааг судлаачид тэмдэглэжээ. Мөн энэ асуудлыг тусгасан цөөн хэдэн судалгаануудад жирэмслэлтийн ирээдүйн төлөвлөгөөнөөс илүүтэй эмэгтэйчүүдийн гэр бүл төлөвлөлтийн өмнөх шийдвэр, туршлагад чиглэсэн байсан хэмээжээ.
Энэхүү судалгааны судлаачид мигрень эмэгтэйчүүдийн жирэмслэлтийн төлөвлөлтөд хэрхэн нөлөөлдгийг судлахын тулд Америкийн Мигренийн Судалгааны Бүртгэл (ARMR)-ийн мэдээллийг ашиглан дүн шинжилгээ хийсэн байна. Америкийн Мигрений Сангаас байгуулагдсан энэ бүртгэл мигрень ба бусад толгойн өвдөлттэй хүмүүсийн эмнэлзүйн мэдээллийг олон төвөөс цуглуулдаг. Толгой өвдөлтийн олон улсын ангилал-3 шалгуурын дагуу мигрень онош батлагдсан эмэгтэйчүүдийг дээрх судалгаанд хамруулсан байна. Бүх оролцогчид судалгааны асуулгын хуудсыг 2016 оны 2-р сараас 2019 оны 9-р сарын хооронд бөглөсөн. Судлаачид гурвалсан мэдрэлийн шалтгаант толгой өвдөлт, толгойн хоёрдогч өвдөлт, гавал тархины мэдрүүлийн өвдөлттэй невропати болон нүүрний мэдрүүлийн бусад өвдөлт, бусад толгой өвдөлттэй хүмүүсийг хассан. Тэд мигреньтэй 895 эмэгтэйг ялган авснаас 607 нь жирэмслэлтийн талаарх асуултыг бөглөсөн байна.
Эдгээр оролцогчдын дунд 121 эмэгтэй (19.9%) “Мигрень жирэмслэхгүй байх шийдвэр гаргах хүчин зүйл болсон” гэж илэрхийлсэн. Энэ бүлгийн 70 оролцогч (11.6%) “Мигрень нь хүүхэд төрүүлэхгүй байх шийдвэр гаргахад чухал хүчин зүйл гэж мэдэгдсэн бол 8.4% нь мигрень зарим талаараа нөлөөлнө” гэж хариулжээ. Үлдсэн (479) эмэгтэйчүүд “Мигрень нь жирэмслэлт төлөвлөхөд нөлөөлөхгүй” гэж хариулсан.
Бүлгүүдийн хооронд арьс өнгө, гэрлэлтийн байдал, ажил эрхлэлт, орлогын үзүүлэлтээр ялгаа илрээгүй. “Нийгэм эдийн засгийн ялгаа жирэмслэлт төлөвлөлтөд мигренийн өвдөлтийн давтамж, сарын тэмдэгийн шалгаант мигренийн сэдрэл өгдөг байх зэрэг мигрень өвөрмөц шинж чанараас бага нөлөөтэй байгааг энэ үр дүн харууллаа” гэж судлаачид тэмдэглэжээ.
Жирэмслэхээс зайлс хийсэн мигреньтэй эмэгтэйчүүд нөгөө бүлэгтэй харьцуулахад цөөн хүүхэдтэй байна. Жирэмслэлтээс зайлс хийх шийдвэр гаргасан эмэгтэйчүүдийн 60% нь хүүхэдгүй, 72% нь мигреньтэй болсноос хойш жирэмслээгүй байна. Жирэмслэх төлөвлөлтөд мигрень нөлөөлөхгүй гэж хариулсан бүлгийн эмэгтэйчүүд жирэмслэлтээс зайлсхийсэн бүлэгтэй харьцуулахад илүү архаг мигреньтэй (81.8% ба 70.2%) байсан байна. Тэдэнд мөн сарын тэмдгийн мигрень сэдрэл илүү (4.1% ба 1%) байжээ. Түүнчлэн мигренээс шалтгаалж жирэмслэхгүй байхаар шийдсэн эмэгтэйчүүд илүү залуу, дунджаар 37.5 настай байв.(37.5 ба 47.2 нас) 3 сард толгой өвдөлттэй байсан хоногийн тоо жирэмслэлтээс зайлсхийсэн эмэгтэйчүүдэд 53.9, нөгөө бүлэгт 42.5 байсан байна.
Мигренийн шалтгаант хөдөлмөрийн чадвар алдалтын үнэлгээний оноо нөгөө бүлэгтэй харьцуулахад (91.7) жирэмслэлтээс зайлс хийсэн эмэгтэйчүүдэд өндөр (132.5) байсан нь илүү хүнд алдалттай байгааг харуулж байна. Жирэмслэлтээс зайлсхийсэн эмэгтэйчүүдэд сэтгэл гутрал илүү (48.8 %) байв. Мөн “Өвчтний эрүүл мэндийн үнэлгээ- 4” асуумжийн дундаж оноо жирэмслэлтээс зайлсхийсэн эмэгтэйчүүдэд өндөр (4.0 ба 3.1) байсан нь сэтгэл гутрал, сэтгэл түгшил илүү байгааг илтгэж байна. Тэдний 72.5% нь жирэмслэлтийн үед мигрень нь бүр муудна гэдэгт итгэдэг бол 68.3% нь мигрень жирэмслэлтийг маш хэцүү болгон гэдэгт итгэдэг гэж хариулжээ. “Мигрень амьдралын олон асуудалд тухайлбал хүүхэдтэй болох төлөвлөгөөнд бодит дарамт болдгийг эмч нар мэддэг байх хэрэгтэй байна” гэж судалгааны гол судлаач Иший хэллээ.
“Жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүдэд эмч нар жирэмслэлтийн үеийн мигрений явц, эмчилгээ, мигрений нөлөө, жирэмслэлтийн үр дүнд үзүүлэх мигрений эмчилгээний нөлөө зэргийн талаар мэдлэг олгох хэрэгтэй” гэж тэрээр нэмж хэллээ.
Орчуулан бэлтгэсэн: Анагаах ухааны хүрээлэн, Мэдрэл судлалын сектор, ЭША М.Мандахнар
Хянасан : Мэдрэл судлалын секторын эрхлэгч, АУ-ны доктор Б.Чимэглхам
Эх сурвалж: https://www.medscape.com/viewarticle/933237?src=sapfe#vp_2
Recent Comments