Удиртгал:

2019 оны 12-р сарын 31-нд ДЭМБ-с Хятадын Ухань хотын амьтны гаралтай бүтээгдэхүүн борлуулдаг захтай холбоотой, шалтгаан нь үл мэдэгдэх уушгины хатгалгааны 27 тохиолдлыг мэдээлсэн. Харин 2020 оны 1-р сарын 7-нд уушгины хатгалгааны шалтгааныг SARS-CoV-2 буюу COVID-19 өвчнийг үүсгэгч хэмээн тодорхойлж, ДЭМБ 1-р сарын 30-нд дэлхий даяар сэрэмжлүүлэг зарласан билээ.

            Уг халдварын эсрэг өвөрмөц эмчилгээ одоогоор бий болоогүй хэдий ч хүн амын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, өвчтөнүүдийг тусгаарлах болон эмнэлгийн хяналт үзлэгийг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч байна. COVID-19 нь халдвар авсан хүн бүрд өөрөөр нөлөөлж байгаа бөгөөд өвчтөнүүдэд шинж тэмдэг өргөн хүрээнд илэрч, хүндрэлийн зэрэг ч мөн ялгаатай байна. Нас, хүйс, суурь өвчин зэрэг хүчин зүйлс нь уг халдварыг хүндрүүлэх цаашлаад амь насанд хүрэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа боловч ямар нэгэн эрсдэлт хүчин зүйлс тодорхойлогдоогүй хирнээ халдварын ноцтой хүндрэлээс болж зовж байгаа олон хүмүүс байгаа юм. 60-с доош насны, эрсдэлт хүчин зүйлийн илрэлгүй хүмүүсийн 10-15% нь COVID-19-т дундаас хүнд зэргийн хариу урвал үзүүлж байна. COVID-19 нь вирүсийн гаралтай ба хүнд тохиолдлуудын үед бактерийн хавсарсан халдвар (Superinfection) үүсэх нь магадгүй хатгалгаа, амьсгалын замын цочмог дистресс хам шинж (ARDS-Acute Distress Respirаtory syndrome) зэрэг хүндрэлүүдийг үүсгэдэг байж болзошгүй юм. Энэхүү тойм өгүүлэлд амны хөндийн бактерийн ачаалал өндөр байх болон SARS-CoV-2-ын халдварын дараах хүндрэл хоорондын хамаарал, амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах нь  COVID-19-ийн хүндрэл үүсэх эрсдэлийг хэрхэн бууруулж болох талаар судалжээ.

COVID-19-ийн шинж тэмдэг

            Халуурах (98.6%), ядарч сульдах (69.6%), хуурай ханиалгах (59.4%), булчин өвдөх (34.8%), хоолой өвдөх (17.4%) зэрэг COVID-19 эмнэлзүйн шинж тэмдэг нь өвчний нууц үе буюу ойролцоогоор 5.2  өдрийн дараагаар илэрдэг. Мөн SARS-CoV болон MERS-CoV-тэй харьцуулахад суулгалт нь COVID-19-ийг ялгах гол шинж тэмдэг болж байна.

Zhou нарын энэ онд хийсэн тандалт судалгаагаар COVID-19-ийн халдварын хүндрэлийн зэрэг, нас барах эрсдэл болон нас баралтын төвшний бууралт нь эрсдэлт хүчин зүйлсээс ихээхэн шалтгаалдаг гэж үзжээ. Эдгээр эрсдэлт хүчин зүйлсэд нас ( 69-c дээш насны), хүйс (уг халдвараар нас  барагсдын 70% нь эрэгтэйчүүд)   мөн архаг хууч өвчтэй (48%: үүнээс цусны даралт ихсэх 30%, чихрийн шижин 19%, зүрхний эмгэг 8%) зэрэг багтсан байна. 4-р сард Европт хийсэн судалгаагаар COVID-19-ийн эрсдэлт хүчин зүйлсэд таргалалтыг нэмж оруулсан ба эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлэгчдийн (47.6%)  БЖИ 30-с дээш байв.

Түүнчлэн халдварын үед илэрч буй гол хүндрэлүүдэд цус бүлэгнэлт, уушгины хатгалгаа, сепсис, септик шок, болон амьсгалын замын цочмог дистресс хам шинж (ARDS) багтжээ. Зарим тохиолдолд дархлааны системийн зохицуулаг алдагдан үрэвслийн урьтал цитокинуудыг (TNF, IL-6, IL-1β) хэт их хэмжээгээр ялгаруулж “цитокины шуургыг” үүсгэж улмаар өвчтөний судасны нэвчимтгий чанарыг нэмэгдүүлснээр, олон эрхтний тэр дундаа зүрх, бөөрний дутагдал үүсэхэд хүргэдэг байна.

Уушгинд хатгалгаа тархахад цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ буурч, өвчтөн амьсгалын аппаратын тусламжтайгаар амьсгалах шаардлагатай болдог ба үүнээс үүдэн онош нь уушгины хатгалгаанаас ARDS гэсэн онош уруу шилждэг. Хятад улсад хүндээр өвдөн, хэвтэн эмчлүүлж байсан 201 хүний 41.8%-д нь ARDS үүсэж, эдгээр өвчтөнүүдийн 52.4% нь амьсгалын дутагдлын улмаас нас барсан нь ARDS-ийг өвчтөнүүдийн нас баралтын гол шалтгаан болгож байна. Энэ нь Итали улсын COVID-19 халдвартай хүмүүсийн өвчлөлийн байдлаар батлагдсан бөгөөд  уг халдварын шалтгаанаар үүссэн хүндрэлүүдийн 96.5%  нь ARDS байв.

Үүнээс үзэхэд COVID-19 өвчнөөс илүүтэйгээр халдварын дараах хүндрэлээс шалтгаалан нас барах нь их байгааг харуулж байна. Мөн SARS-CoV болон  MERS-CoV халдварын үеийн нас баралтын нэг том шалтгаан нь ARDS байсан.

Хэлцэмж

Хэдийгээр нас, хүйс, хавсарсан халдвар зэрэг нь өвчин хүндрэх цаашлаад, нас баралтын төвшинг нэмэгдүүлэх эрсдэлт хүчин зүйлс боловч ямар нэгэн эрсдэлт хүчин зүйлийн илрэлгүй, харьцангуй залуу, эрүүл хүмүүсийн дунд ч гэсэн COVID-19-ийн хүнд хэлбэрийн тохиолдол олон байгаа ажээ. Харин зарим өвчтөнүүдэд үнэрлэх мэдрэмж буурахаас өөр шинж тэмдэг илрээгүй байна. Тиймээс яагаад уг халдвараар өвчилсөн хүмүүсийн биеийн  байдал харилцан адилгүй байгаа вэ? гэсэн асуултад бүрэн хариулах боломжгүй юм.

1918 оны томуугийн тахал, 2009 оны H1N1 вирүсийн тахлын түүхээс харахад вирүсийн гаралтай амьсгалын замын халдварын үед өвчтөнд давхар бактерийн халдвар үүсэх нь түгээмэл бөгөөд энэ нь өвчин улам хүндрэх, нас баралтыг нэмэгдүүлэх шалтгаан болдог байна.  Амьсгалын замын эмгэгийн хүндрэлийн зэрэгт хавсарсан халдвар чухал нөлөөтэй нь батлагдсан хэдий ч халдварын дэгдэлтийн үед сайтар судлагддаггүй байна. Учир нь хавсарсан халдварыг оношлоход хүндрэлтэй байдаг.

Корона вирүсийн бусад омгууд амьсгалын замын эпитель эсэд Стрептококкын холбогдолтыг нэмэгдүүлж, хатгалгаа болон үрэвслийн шалтгаант уушгины эдийн гэмтэл зэрэг хүндрэлийг үүсгэснээр амьсгалын замаас бактери гадагшлах явцыг дарангуйлдаг гэж үзжээ.

Zheng нарын судалгаагаар COVID-19-р хөнгөн болон хүнд өвдсөн өвчтөнүүдийн мөхлөгт эсийн хэмжээг харьцуулахад хүндээр өвдсөн өвчтөнүүдэд нейтрофил эсийн хэмжээ маш их харин лимфоцит эсийн хэмжээ харьцангуй бага байсан. Вирүсийн халдварын үед нейтрофил эсийн тоо ихсэх нь хэвийн бус үзэгдэл боловч бактерийн халдварын үед түгээмэл тохиолддог өөрчлөлт юм. Энэ нь Zheng нарыг COVID-19 халдварын үед бактерийн хавсарсан халдвар элбэг тохиолддог гэж сэжиглэхэд хүргэсэн байна. Вирүсийн халдвараас сэргийлэх үндсэн хамгаалалт болох лимфоцит эсийн тоо хэт бага байгаа нь эсүүдийн үйл ажиллагаа туйлдсан эсвэл бактерийн хавсарсан халдвар анх үүссэн вирүсийн халдварыг даван гарсан байж болох юм. Zhou нарын судалгаанд хүнд хэлбэрийн COVID-19-р нас барсан өвчтөнүүдийн 50%-д нь бактерийн хоёрдогч халдвар илэрсэн гэж дурдагдсанаар дээрх таамаглалын магадлалыг нэмэгдүүлжээ.

Франц улсад хийгдсэн судалгаагаар гидрохлорокин (вирүсийн эсрэг), азитромицин (бактерийн эсрэг)-ны хавсарсан эмчилгээ хийгдсэнээс 6 хоногийн дараа өвчтөнүүд 100% эдгэрсэн (вирүсийн халдвар) байна (Зураг.1). Харин гидрохлорокин дангаар хэрэглэсэн өвчтөнүүдийн 57.1%, хяналтын бүлгийн 12.5% нь эдгэрчээ. Гидроксихлорокины эмчилгээ маргаантай байгаа хэдий ч дээрх тохиолдолд эмчилгээний төвшинг 42.9%-аар нэмэгдүүлснийг харахад антибиотик нь эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэйг харуулж байна. Түүнчлэн өөр хэд хэдэн COVID-19-ийн судалгаанд вирүсийн эсрэг эмийг бактерийн эсрэг эмтэй хамт хэрэглэх нь илүү үр дүнтэйг харуулжээ.

Зураг. 1 COVID-19 халдвартай өвчтөнүүдэд хийгдсэн эмчилгээний үр дүн.

Gautret P, Lagier J-C, Parola P et al., Hydroxychloroquine and azithromycin as a treatment of COVID-19: results of an open-label non-randomized clinical trial, Int J Antimicrob Agents, 2020, Elsevier23

Амны хөндий ба амьсгалын зам

Уушги нь амны хөндийтэй адил комменсал, симбиотик, эмгэг төрүүлэгч бактериудын экологийн нэгдлийг агуулдаг. Амны хөндий болон уушгины хооронд бактерийн нүүдэл, устгал тогтмол явагдсанаар бичил биетний хэвийн тархалтыг нөхцөлдүүлдэг. Уушгинд оршдог хэвийн бичил биетнүүд нь уушгины эдийг хамгаалах, дархлааны болон гомеостазын чухал үүрэгтэй юм. Уушги нь хүчилтөрөгчөөр баялаг ба бактерийн өсөлтийг дарангуйлах үйлдэлд нөлөөлдөг, липидийн найрлага бүхий гадаргуугийн идэвхт бодис (сурфактант) агуулдаг.  Дээрх тэнцвэржүүлэх механизм нь өвчин эмгэгийн үед эрс өөрчлөгдөж уушгинд микроб хэт их үржин, эдийн гэмтэл үүсгэдэг байна.

            Амны хөндийн эмгэгүүдийн ( P. gingivalis, F. nucleatum, P. intermedia) үед үүсэх шүүрэл амьсгалын замд орох эсвэл агаар дуслын замаар бичил биетэн нэвтэрснээр амьсгалын доод замын халдвар үүсдэг байна. Периодонтит болон шүд цооролт нь амны хөндийн бичил биетний тэнцвэргүй байдлаас үүсдэг хамгийн түгээмэл тохиолдох эмгэгүүд юм. IL-1 and TNF зэрэг цитокинууд нь амны хөндийн өвчилсөн эдээс шүүрлийн хамт ялгаран, шүлстэй нийлснээр уушгины үрэвсэл, халдварыг үүсгэх боломжтой (Зураг. 2). Тиймээс амны хөндийн ариун цэврийг хангалтгүй сахих нь уушги болон амны хөндий хооронд бактериуд харилцан нэвтрэх, амьсгалын замын халдвар тэр дундаа вирүсийн халдварын дараах бактерийн халдварын хүндрэл үүсэх зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Зураг. 2  Амны хөндийд орших бактериуд нь шүлстэй нийлэн амьсгалын доод зам уруу орж, амьсгалын замын халдвар үүсгэх, хүндрүүлэх боломжтой юм.

Scannapieco F A, Role of Oral Bacteria in Respiratory Infection, J Periodontol, 1999, John Wiley and Sons.

            Архаг периодонтит эмгэгтэй 49400 өвчтөнд 12 жил эмчилгээ, үзлэг хийсний дүнд уушгины хатгалгааны нийт тохиолдол илэрхий (p <0.001) буурчээ. Амны хөндийн ариун цэврийг сайтар сахих нь өвчтөнүүд тэр дундаа 70-с дээш насны хүмүүст амьсгалын замын халдвараас сэргийлэхэд тустай юм. Амны хөндий нь аманд үржин амьдрах чадвартай 700 гаруй төрлийн бактери, вирүс, мөөгөнцрийг агуулдаг ба үндсэн бичил биетнүүдэд  P. intermedia, S. mutans, F. nucleatum, P. gingivalis ордог байна.

Амны хөндийн бичил биетнүүд амьсгалын замын халдвар хэрхэн үүсгэдгийг тайлбарласан хэд хэдэн механизм байдаг. Үүнд:

  1. Амны хөндийн бичил биетэн уушгинд нэвтрэх
  2. Периодонтик эмгэгийн үед  үүсэх энзимүүд салстын гадаргууг өөрчлөн амьсгалын замын эмгэг төрүүлэгчдийн үржил болон эсэд холбогдох боломжийг нэмэгдүүлэх
  3. Периодонтик эмгэгийн үед үүсэх энзимүүд шүдийг бичил биетнээс хамгаалах өнгөрийг (Salivary pellicle) устган салстын гадаргуугаас бичил биетэн цэвэрлэгдэх явцыг саатуулах
  4. Периодонтик эмгэгийн үед үүсэх цитокинууд амьсгалын замын эпитель эсэд нөлөөлж, халдвар үүсэх боломжийг нэмэгдүүлэх

Амны хөндийн биофилмд агуулагдах бичил биетнүүд нэн түрүүнд амьсгалын замд орох аюултай ба уушгины хатгалгаа, сепсис үүсгэх эрсдэлтэй юм. Чихрийн шижин, даралт ихсэлт, зүрх судасны эмгэгүүд нь F. nucleatum, P. intermedia and P. gingivalis болон периодонтик эмгэгийн явцтай хамааралтай байдаг. Периодонтик эмгэгийн үед үрэвслийн медиаторууд цусаар тархах, хучуур эд мэдрэгших нь системийн үрэвслийг нэмэгдүүлж, агаарын урсгалыг бууруулдаг. Энэ үед элгэнд IL-6 зэрэг үрэвслийн цочмог үеийн уургууд үүсэж үрэвслийн процессыг улам даамжруулдаг. СOVID-19-ийн халдвартай өвчтөнүүдэд дээрхтэй адил системийн үрэвсэл илэрч, IL-6, IL-2, IL-10, TNF, C реактив уургийн хэмжээ өндөр гарчээ.

            Nagaoka нарын судалгаанд уушгины хатгалгаа үүсэхэд периодонтик эмгэг үүсэгч бактериуд ( F. nucleatum, P. gingivalis and P. intermedia) хэрхэн нөлөөлж байгааг судлахад P. intermedia нь амны хөндийн бактерийн ачаалал өндөр өвчтөнүүдэд хүнд хэлбэрийн хатгалгаа үүсгэж байжээ.

Япон улсад хийгдсэн санамсаргүй түүврийн судалгаагаар 417 өвчтөнд хооллох бүрийн дараагаар амны хөндийн цэвэрлэгээ хийн, хяналтын бүлэгтэй харьцуулан судлахад уушгины хатгалгааны тохиолдол туршилтын бүлэгт 11% харин хяналтын бүлэгт 19% байв. Мөн хяналтын бүлэгт хатгалгааны дараах нас баралтын төвшин бараг хоёр дахин их ажиглагджээ. Судлаачид амны хөндийн арчилгааг сайжруулах нь эрчимт эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдэд амьсгалын аппаратын хэрэглээнээс үүдэлтэй хатгалгааны тохиолдлыг илэрхий бууруулна гэж үзэж байна.

Дүгнэлт

            Covid-19-ийн хэлбэр хүнд байх тусмаа уушгины хатгалгаа, сепсис, септик шок болон амьсгалын дутагдал үүсгэх, үхэлд хүргэх эрсдэл нэмэгдэж байдаг. Covid-19 халдварын явц, халдварын зэрэг, хүндрэл үүсэх эсэх нь өвчтөний дархлааны хариу урвалд нөлөөлдөг эзэн биеийн болон вирүсийн олон хүчин зүйлсээс шалтгаалдаг. Covid-19 халдвар бүхий өвчтөнүүдийн 80%-д нь шинж тэмдэг хөнгөн илэрч,  20%-д нь нейтрофил, лимфоцит эсийн харьцаа, бактерийн ачаалал, үрэвслийн маркер тус тус өндөр хэмжээнд  илрэн, халдвар хүнд хэлбэрт шилжсэн байна.

Энэхүү судалгаанд COVID-19 халдварын талаар илүү сайн ойлголттой болохын тулд Covid-19-ийн хүндрэл болон амны хөндийн хэвийн бичил биетний хоорондын холбоо хамаарлыг судлах шаардлагатай гэж үзжээ. Түүнчлэн COVID-19 хүндрэх, нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг дөрвөн гол суурь эмгэгүүд нь амны хөндийн биофилмийн өөрчлөлт болон периодонтик эмгэгүүдтэй мөн холбоотой байгаа нь дээрх шаардлагыг үүсгэж байна.

 Эх сурвалж : https://www.nature.com/articles/s41415-020-1747-8#:~:text=Bacteria%20present%20in%20patients%20with,reducing%20the%20risk%20of%20complications.

Орчуулж бэлтгэсэн: Анагаах ухааны хүрээлэн, Эрдэм шинжилгээний төв лаборатори

Хянасан: ЭШТЛ-ийн эрхлэгч, АУ-ны доктор С.Мөнхбаяр