1937 онд Karl Landsteiner болон Alexander Weiner нар бидний мэдэх  цусны ABO бүлэгээс өөр нэгэн шинэ бүлэг болох цусны “rhesus бүлэг/Rh факторыг нээн илрүүлжээ. Rh фактор нь цусны улаан эсийн гадаргуу дээр илэрдэг уураг ба өөрөөр D антиген ч гэж нэрлэдэг байна.

Бид генетикийн мэдээллээ эцэг эхээсээ нэн тэнцүү өвлөн авдаг шиг хүний биед агуулагдах хоёр Rh факторын генийн нэг нь эхээс нөгөө нь эцгээс удамшина. Тиймээс хэн нэгэн хүн Rh () /Rh Rh/ цустай бол түүний эцэг /Rh+ Rh эсвэл Rh Rh/ эх /Rh+ Rh эсвэл Rh Rh/ нь тус бүр багадаа нэг Rh() гентэй гэсэн үг юм. Харин эцэг эхийн Rh факторын генүүд бүгд (+) /эцэг Rh+ Rh+, эх Rh+ Rh+/ бол Rh () цусны бүлэгтэй хүүхэд бүрэлдэх боломжгүй юм.

Тиймээс цусанд Rh уураг илэрвэл тухайн хүнийг Rh (+)/Rh+ Rh эсвэл Rh+ Rh+/ харин илрэхгүй бол Rh (-)/Rh Rh/ цусны бүлэгтэй гэж үзэх ба Rh (+) цусны бүлэг нь хамгийн түгээмэл (дэлхийн хүн амын ~94%-д) тохиолддог.

Rh (+) цустай хүнд Rh (+) болон Rh () донорын аль алинаас нь цус сэлбэж болдог бол Rh () цустай хүнд зөвхөн Rh () донороос цус сэлбэнэ. Учир нь Rh () цустай хүний улаан эсийн гадаргуу дээр Rh фактор байхгүй тул Rh (+) донорын улаан эсийг харийн биет гэж үзэн дархлааны систем донорын улаан эс рүү довтолж хариу урвал үзүүлдэг. Үүний дүнд улаан эсүүд задарч, бүлэн үүсгэн жижиг судаснуудыг бөглөснөөр амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдах аюултай.

Rh (-) цусны бүлэгтэй байх нь ямар нэг өвчин эмгэг биш ба эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй. Гэвч Rh уураг нь жирэмслэлтэд нөлөөлж болно. Хэрэв жирэмсэн ээж Rh (-) цусны бүлэгтэй харин ураг нь Rh (+) цусны бүлэгтэй буюу Rh үл тохироо үүссэн тохиолдолд тусгай хяналт эмчилгээ шаардлагатай. Тиймээс жирэмсний хяналтын эхэн үед ээжүүдэд цусны бүлэг болон Rh фактор тодорхойлох шинжилгээ өгөхийг зөвлөдөг.

Яагаад цусны  Rh (Rhesus) факторын шинжилгээг хийдэг вэ?

Жирэмслэлтийн үед хэрэв ээж нь Rh (-) харин ураг Rh (+) тохиолдолд эрсдэл үүсэж болно. Ихэвчлэн эхийн болон ургийн цус хоорондоо холилддоггүй боловч жирэмсэн үедээ хэвлийн гэмтэл авах, цус алдах эсвэл төрөх үед эх-ургийн цус бага хэмжээгээр холилдож болно. Rh үл тохироо үүссэн тохиолдолд эх-ургийн цус холилдвол эхийн биед Rh эсрэгбие гэх уураг нийлэгжиж эхэлнэ. Хүний биеийн дархлаа тогтолцоо гаднын биетийг устгахын тулд эсрэгбиеийг нийлэгжүүлдэг.

            Эхний жирэмслэлтийн үед дээр дурдсан эсрэгбиеүүд ямар нэгэн хүчтэй хариу урвал үзүүлэхгүй боловч гол асуудал нь дараагийн жирэмслэлт юм. Учир нь Rh (-) эхийн дараагийн жирэмслэлтээр ураг Rh (+) байвал Rh эсрэгбиеүүд илүү мэдрэг болсон байх ба ихсээр нэвтрэн ургийн улаан эсийг гаднын биет гэж үзэн гэмтээж, задалж эхэлдэг. Үүний улмаас ургийн биед явагдах улаан эсийн гэмтэл нь улаан эсийг нөхөж үйлдвэрлэх хурдаас нь түргэн явагдаж, цус задрах эмгэгийг үүсгэнэ.

            Тиймээс Rh (-) эхийн 2 дахь жирэмслэлтээс эхлэн  эхний 3 сар, 28 дахь 7 хоног, төрөх үе тус бүрд Rh эсрэгбие илрүүлэх цусны шинжилгээ авна. Энэ шинжилгээ нь эхийн биед  Rh эсрэгбие байгаа эсэхийг тодорхойлно. Rh эсрэгбие хараахан нийлэгжиж эхлээгүй бол ихэвчлэн anti-Rh иммуноглобулиний тариаг хийнэ. Аnti-Rh иммуноглобулин нь жирэмслэлтийн үед Rh эсрэгбие үүсэхээс сэргийлж, ургийн биед цус задрах эмэгг үүсэхээс сэргийлнэ.

            Хэрэв Rh (-) эхийн анхны төрөлтийн хүүхэд Rh (+) цустай бол эх нь төрсний дараа богино хугацаанд Аnti-Rh иммуноглобулинийг дахин тариулна. Харин Rh (-) цустай бол ямар нэгэн нэмэлт эмчилгээ шаардлагагүй.

Rh (-) цустай эхийн хүүхэд эцэгийн генээс хамааран Rh (-) эсвэл Rh (+)-ийн аль нь ч байж болно. Тиймээс эх-ургийн цус холилдох магадлалтай дараах тохиолдлуудын үед Аnti-Rh иммуноглобулинийг зөвлөдөг. Үүнд:

  • Зулбалт
  • Үр хөндөлт
  • Умайн гаднах жирэмслэлт — үр тогтсон өндгөн эс умайн гадна (ихэвчлэн фаллопын гуурс) байрлалд бэхлэгдэх.
  • Умайд үүссэн хоргүй хавдар авахуулсан үед
  • Aмниоцентез — ургийг хүрээлэн хамгаалж байдаг шингэнээс шинжилгээ авах
  • Chorionic villus sampling -Хорионы цэлмэнгээс шинжилгээ авах
  • Кордиоцентез— Ургийн хүйн цуснаас шинжилгээ авах
  • Жирэмслэлтийн үед цус алдах
  • Жирэмслэлтийн үед хэвлийн гэмтэл авах
  • Төрөлтөөс өмнө буруу байрлалтай ургийн байрлал засах
  • Төрөлт

Хэрэв шинжилгээгээр эхийн биед аль хэдийн эсрэгбие үүсээд эхэлсэн бол Аnti-Rh иммуноглобулин эмчилгээ үр дүн өгөхгүй. Тиймээс ургийг сайтар хяналтад байлган, жирэмслэлтийн үед урагт хүйгээр цус сэлбэх эсвэл төрсний дөнгөж дараа нярайд цус сэлбэлт хийх шаардлагатай.

 Эхийн

Rh фактор

Эцгийн Rh фактор Хүүхдийн Rh фактор Урьдчилан сэргийлэх арга хэмжээ
Rh эерэг Rh эерэг Rh эерэг Шаардлагагүй
Rh сөрөг Rh сөрөг Rh сөрөг Шаардлагагүй
Rh эерэг Rh сөрөг Rh эерэг эсвэл Rh сөрөг Шаардлагагүй
Rh сөрөг Rh эерэг Rh эерэг эсвэл Rh сөрөг Аnti-Rh иммуноглобулин

Орчуулж бэлтгэсэн: АУХ, ЭШТЛ-ийн ЭШДаА М.Батхишиг

Хянасан: ЭШТЛ-ийн эрхлэгч, АУ-ны доктор С.Мөнхбаяр

Эх сурвалж:

  1. https://www.mayoclinic.org/tests-procedures/rh-factor/about/pac-20394960
  2. britannica.com
  3. https://my.clevelandclinic.org/health/diseases/21053-rh-factor/diagnosis-and-tests