Бүслүүр үлд (могой яр) нь мэдрэлийн гаралтай өвдөлт бөгөөд халууралтаар эхэлж хэд хоногийн дараа арьсан дээр тууралт гардаг, хурц явцтай, вирусээр үүсгэгддэг арьсны өвчин юм. Хэн өвдөж болох вэ? Эрэгтэй эмэгтэй хүмүүст адил тохиолдох ба ямар ч насны хүмүүс өвчлөх боловч 10-с доош насны хүүхдэд цөөн тохиолддог. Салхинцэцэгтэй ижил төрлийн вирусээр үүсгэгддэг учир бага насны хүүхдүүд бүслүүр үлдээр өвчлөх нь бага, гол төлөв насанд хүрэгчид, 40-өөс дээш насны хүмүүс өвчлөх хандлагатай байдаг.

Шалтгаан: Энэ өвчнийг үүсгэгч нь арьс, мэдрэлийн зангилааг гэмтээдэг “Varicella zoster” хэмээх вирус бөгөөд энгийн герпес вирусийн бүлэгт багтдаг, салхинцэцэг өвчнийг үүсгэдэг вирус юм. Агаар дуслын замаар арьс салстад нэвтэрч орсон вирус нь хүний биеийн мэдрэлийн зангилаанд орж, идэвхигүй нуугдмал байдалтай болдог. Ингээд эрсдэлт хүчин зүйлсийн нөлөө болон дархлаа сулрах үед дахин идэвхжин мэдрэхүйн мэдрэлийн судал, арьс, салстыг өвчлүүлдэг.

Эмнэл зүйн онцлог: Байршлын хувьд ихэнхдээ хавирга хоорондын мэдрэл, гурвалсан мэдрэл, нүд, нүүр, гуя зэрэг мэдрэлийн судлыг дагаж гарна. Иймээс нэг буюу зэргэлдээх хэд хэдэн мэдрэлийн судлыг гэмтээдэг. Өвчний эхэн үед толгой өвдөх, бие сулрах, арьс загатнах, ирвэгнэх зэрэг урьдал шинж тэмдэг илэрнэ. Тухайн хэсгийн арьсан дээр хэд хоногийн дараа тууралт гардаг. Мэдрэхүйн мэдрэлийн ширхэгийг дагаж өвддөг учраас байршлын онцлогоос хамааран зүрхний өвчин, ходоод гэдэсний хямрал, хурц мухар олгойн үрэвсэл, эмэгтэйчүүдийн өвчин зэрэгтэй андуурч оношлогдож болдог. Тууралт гарах хугацаа байршлаас хамааран янз бүр байна. Гол зовиур нь биед төөнөх, халуу оргих, хатгаж байгаа мэт өвддөг.

Тууралтын онцлог: ⦁ Мэдрэхүйн мэдрэлийн ширхэгүүд гэмтсэн хэсгийн арьс хавагнаж улайна. ⦁ Улайж хавагнасан арьсан дээр бүлэг бүлгээрээ буюу бөөгнөрч байрласан шар будаа, вандуйн чинээ, хальс нь чинэрэлттэй, дотроо тунгалагдуу шингэн агуулсан, цэврүүнцэрүүд гарна. ⦁ Эхний 3-4 хоногт тууралт нэмэгдэж гарч болох бөгөөд цэврүүнцэрүүд доторх шингэн нь булингартаж идээтэй болдог. ⦁ Хэд хоногийн дараа цэврүүнцэрүүд хатаж, шаргал сааралдуу тав үүсч, тав нь унан ягаан толбо үүсч, удалгүй эрүүл арьсны өнгөтэй болдог. Харин үхжилт хэлбэрийн үед сорви үлддэг. Хөнгөн явцтай үедээ 1-3 долоо хоногт эдгэрнэ. Шархлаат, үхжилт хэлбэрийн үед өвчин сар гаруй үргэлжилж болно. Тууралт ихэвчлэн гардаг байрлал:

Эрсдэлт хүчин зүйл: Даарах, хүнд хэлбэрийн хордлого, химийн эмчилгээ, цусны өвчин, дархлаа дарангуйлах эм уух буюу хавдар, ХДХВ/ДОХ-ийн халдвар, халдварт өвчин, сэтгэл санааны хүнд цочрол, сэтгэлийн дарамт, хэт ядрах зэрэг нь өвчин үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүд юм.

Эмчилгээг хэрхэн хийх вэ? Энэ өвчний үед эмчилгээг цогцоор нь хийлгэх хэрэгтэй. Өвчний шалтгаан, арьсны гэмтэл, мэдрэлийн болон бусад эрхтэн тогтолцооны байдал зэргээс хамаарч эмчилгээг хийнэ. Гол төлөв вирусийн эсрэг, өвдөлт намдаах, тууралт арилсны дараа үүсэх мэдрэлийн өвдөлтөөс урьдчилан сэргийлэх эмчилгээг хийдэг. Өвчин хөнгөн хэлбэрийн бол эмчийн заавраар гэрийн нөхцөлд эмчилж болно. Мөн даарахгүй, эмийн тунг зааврын дагуу хэрэглэх, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, хорт зуршлаас зайлсхийх нь чухал.

Энэ өвчинд улирал нөлөөлөх эсэх Ерөнхийдөө намар, хаврын улиралд өвчлөл ихсэх хандлагатай. Бүслүүр үлд өвчнөөр өвчилсний дараа хүний биед дархлаа тогтдог учир дахин өвчилдөггүй. Харин биеийн дархлааг сулруулдаг хорт хавдар, цусны цагаан эсийн хавдар, ХДХВ/ДОХ-ийн халдварын үед дахин өвчилж болно.

Хүндрэл:   Бүслүүр үлдийн үед хэд хэдэн хүндрэл тохиолддог. Тухайлбал, үхжилт хэлбэр, өвчин эдгэрсний дараах удаан хугацааны өвдөлт, нүдний мэдрэлийн гэмтэл зэрэг. Үхжилт хэлбэр нь ихэвчлэн чихрийн шижин, ходоодны шархтай, дархлаа сул, настай хүмүүст тохиолддог. Энэ үед арьсан дээр цусархаг шингэн бүхий цэврүүнцэрүүд гарч, улмаар удаан эдгэрэхгүй гүнзгий шарх үүсч, эдгэрэхдээ сорви үлдээдэг. Энэ өвчин нь нүдний хараанд муугаар нөлөөлдөг. Нүдний мэдрэл гэмтсэнтэй холбоотой нүдний эвэрлэг, салст бүрхүүл, солонгон бүрхүүл гэмтэж хараа муудах цаашилбал сохрох аюултай.

Бэлтгэсэн: АУХ, ЭШТЛаборатори ЭША, арьсны эмч Б.Мөнхцэцэг