Ревматоид фактор (РФ)-ыг дархлааны В лимфоцит эсүүд нийлэгжүүлэх ба өөрийн IgG (иммуноглобулин G)-ийн эсрэг үүсэх эсрэгбие (Ig) юм. РФ-ын шинжилгээ нь цусанд агуулагдах РФ-ын хэмжээг тодорхойлдог.

Уг фактор нь зөвхөн ревматоид артритийн өвөрмөц фактор биш бөгөөд бусад аутоиммун эмгэгийн үед ч илэрдэг. Цусанд РФ-ын хэмжээ их байх нь ихэвчлэн ревматоид артрит, системийн чонон хөрвөс, холимог холбогч эдийн эмгэг, полимиоцитозит, дерматомиозит зэрэг системийн аутоиммун эмгэгүүдийн үед түгээмэл илэрнэ. Sjogren-ны хам шинж болон I, II төрлийн холимог криоглобулинеми (ихэвчлэн HCV хамааралт) эмгэгтэй өвчтөнд РФ-ын хэмжээ өндөр тодорхойлогддог.

Түүнчлэн РФ нь хэрэхийн бус эмгэгүүдийн үед буюу халдвар болон архаг өвчтэй хүний ийлдсэнд илэрч болно. Халдварын үед илрэх РФ-ын биеэс дархан бүрдлийг цэвэрлэх, эмгэг төрүүлэгчийн эсрэг өрнөх дархлааны хариу урвалыг дэмжих зэрэг үйлдлээс харахад ихэвчлэн хамгаалах үүрэгтэй байдаг. Тийм ч учраас ревматоид артритийн үед илрэх РФ-тай харьцуулахад түр зуурын шинжтэй, хор хөнөөл бага байдаг байна. Харин эрүүл хүмүүст РФ бага хэмжээгээр илэрч болох ба энэ нь ревматоид артритын үед илрэх хэмжээнээс бага байна.

Яагаад ревматоид факторын шинжилгээг хийдэг вэ?

РФ-ын шинжилгээ нь ревматоид артритийн оношилгоонд голчлон хэрэглэдэг бүлэг үзүүлэлтүүдийн нэг юм. Бусад үзүүлэлтэд:

  • Бөөмийн эсрэг-эсрэгбие Anti-nuclear antibody (ANA)
  • Цагираг цитрулинжсэн пептидийн эсрэг-эсрэгбие Anti-cyclic citrullinated peptide (anti-CCP) antibodies
  • С урвалж уураг C-reactive protein (CRP)
  • Эритроцитийн тунах хурд Erythrocyte sedimentation rate (ESR, or sed rate) багтана.

Түүнчлэн цусан дах РФ-ын хэмжээ нь эмч нарт өвчний нөхцөл байдалд тохирсон эмчилгээг сонгоход тус болдог байна. РФ-аар ревматоид артритийг оношлоход мэдрэг чанар 60-90%, өвөрмөц чанар 85% байдаг.

Зураг 1. Ревматоид артритийн үе дэх ревматоид факторын оролцоо

Тайлбар: РФ нь Т эс-хамааралт болон Т эс-үл хамааралт дархлааны үйлдлийг өдөөдөг. Макрофаг болон В эс нь антиген илчлэгч эс болж Т эсэд антигенийг илчилдэг. BCR: В эсийн рецефтор; TCR: T эсийн рецефтор; RF-PCs: Ревматойд фактор сийвэнт эс.

Зураг 2. Ревматоид факторын механизм

Тайлбар: Ихэвчлэн IgM нь ревматоид артритийн фактор болдог бөгөөд заримдаа IgG ба IgA нь мөн ревматоид артритын фактор болдог байна.

Үр дүн:

РФ-ын шинжилгээ эерэг гарах нь цусан дахь РФ-ын хэмжээ өндөр байгааг илтгэнэ. Цусан дахь РФ-ын хэмжээ өндөр байх нь аутоиммуны өвчин, ялангуяа ревматоид артриттай нягт холбоотой байдаг. Гэхдээ өөр хэд хэдэн өвчний үед ревматоид факторын хэмжээ нэмэгдэх боломжтой байдаг. Үүнд:

  • Хорт хавдар
  • Вирусийн архаг халдвар
  • Саркоидоз хэмээх уушгины үрэвсэлт өвчин (sarcoidosis)
  • Холимог холбогч эдийн өвчин
  • Sjogren-ийн хам шинж
  • Системийн чонон ярын үрэвсэл
  • Бөөрний өвчин
  • Цөсний гаралтай элэгний цирроз
  • Сүрьеэ
  • Лейкеми
  • Халдварт мононуклеоз

Зарим эрүүл хүмүүс ялангуяа ахимаг насны хүмүүст шалтгаан нь тодорхойгүй ревматоид факторын шинжилгээ эерэг гарч болдог. Мөн ревматоид артриттай зарим хүмүүсийн цусан дахь ревматоид факторын хэмжээ бага байдаг байна.

Орчуулж бэлтгэсэн: Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах Ухааны Хүрээлэн,

Эрдэм шинжилгээний төв лабораторийн ЭША-ууд

         Хянасан: ЭШТЛ-ийн эрхлэгч, АУ-ны доктор С.Мөнхбаяр

Эх сурвалж: Mayo clinic

https://www.mayoclinic.org/tests-procedures/rheumatoid-factor/about/pac-20384800?fbclid=IwAR1M6UOEiAdS2sMRQekwyBYQp8fn6eYRfw2vknP55bQrj0rovkwYgrQXzH4

Rheumatoid Factors: Clinical Applications (nih.gov)

Rheumatoid Factor (RF), Rheumatoid Arthritis Factor (RA factor) – Labpedia.net