Martin S. Lipsky ба Man Hung
Шинэ коронавирүс (SARS-CoV-2) бүх насны хүмүүст халдварлан ялангуяа архаг өвчтэй өндөр настай эрчүүд илүүтэй өртөж байгаа талаарх тархварзүйн ажиглалтын дүнг одоог хүртэл тайлан мэдээнд тусгасан хэвээр байна. Эрчүүдэд илүү нөлөөлж болзошгүй гэсэн эхний мэдээлэл Хятадаас ирүүлсэн анхны тайланд гарсан байна (Chen, 2020). Түүнээс хойш бусад орнуудад ижил төстэй хандлага ажиглагдсаар ирсэн. Италид Ковид-19 өвчний шалтгаант 3200 нас баралтын тохиолдлын тайланд эрэгтэйчүүдийн нас баралтын түвшин бүх насны эмэгтэйчүүдийг бодвол харьцангуй өндөр байгаа бөгөөд нас баралтын 70 орчим хувийг эрэгтэйчүүд эзэлж байна (Onder, 2020) гэжээ. Өнөөдрийг хүртэлх мэдээллээр ихэнх улс орнууд нас баралтын харьцаанд эрэгтэйчүүдийн нас баралт харьцангуй их байгааг тайлагнаж байгаа бөгөөд Доминикан, Нидерланд, Дани, Филиппин зэрэг улсуудад хамгийн их ялгаатай байна (Global Health 5050, 2020).
Ковид-19 өвчний 2000-аас дээш тохиолдол бүртгэгдсэн АНУ-ын 26 мужийн хагас нь судалгааны өгөгдөлд хүйсийн ялгааг тооцоолон гаргасан нь дэлхий дахины мэдээтэй ойролцоо буюу Ковид -19-ийн улмаас эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 2 дахин илүүтэй нас барж байгааг мэдээлжээ (Bischof et al., 2020). Эмгэг төрүүлэгч коронавирүсээс үүдэлтэй өвчний үеийн хүйсийн ялгаа шинэ зүйл биш юм. 2002-2003 оны SARS ба 2012 оны MERS дэгдэлтийн аль алинд нь эрэгтэйчүүдийн нас баралтын түвшин өндөр байсан (Karlberg et al., 2004).
АНУ-ын Өвчний хяналт урьдчилан сэргийлэлтийн төвөөс Ковид-19-ийн шалтгаант эмнэлэгт хэвтэлт, нас баралтын үзүүлэлт арьс өнгө, угсаа гарлаар ялгаатай ба тухайлбал, Африк гаралтай америк, Латин эрчүүдэд цагаан арьстан, Ази эрэгтэйчүүдээс нас баралт илүүтэй байгааг мэдээлсэн. Ковид-19 ба арьс өнгөний хамаарлыг судалсан судалгаа хязгаарлагдмал байгаа ч нийгэм-хүн амзүй ба эмнэлзүйн үзүүлэлтийн ялгааг гол утга болгон судлахад арьс өнгө Ковид-19-ийн нас баралтад нөлөөлөх хүчин зүйл болохгүй байгааг тогтоожээ (Price-Haywood et al., 2020). Энэ нь тэдгээр эрэгтэйчүүдэд таргалалт, чихрийн шижин, артерийн хипертензийн өндөр тархалт болон Ковид-19-ийн оношилгоо эмчилгээний тусламж хүртээмж муу зэрэг нийгэм-эдийн засгийн хүчин зүйлс илүүтэй холбоотой байж болох талтай байна (Yancy, 2020).
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нас баралтын түвшин яагаад ялгаатай байгаа нь тодорхойгүй хэвээр байна. Санал болгож буй тайлбаруудад ангиотензин хувиргагч энзим-2 (ACE2) рецептор, дархлаа, даавар, хорт зуршил, хавсарсан халдвар, эршүүд байдалтай холбоотой нөлөөллийг багтаасан бөгөөд энэхүү тоймд эдгээр хүчин зүйлийг судалж, тус бүр нь Ковид-19 өвчинд хэрхэн нөлөөлж болох үндэслэлийг судлав.
Ковид-19 өвчинд нөлөөлөх боломжтой хүчин зүйлс
Ангиотензин хувиргагч энзим-2 (ACE2) рецептор
Ангиотензин хувиргагч энзим-2 (АХЭ2) рецепторууд эсийн гадаргуу дээр байрладаг ба ангиотензин II хэмээх уургийг зохицуулахад тусалдаг. Ангиотензин II нь цусны даралт ихэсгэн, үрэвслийг нэмэгдүүлж судасны дотор хана гэмтээх улмаар бусад эд эсэд гэмтэл учруулж болзошгүй байдаг. AХЭ-2 нь ангиотензин II уургийн нөлөөг саармагжуулан өөр молекулд шилжүүлэх үүрэг гүйцэтгэдэг.
Шинэ коронавирүс эзэн эсийн AХЭ-2 рецептортой холбогдож эсэд халдварлах үүд гарц бий болдог (Verdecchia et al., 2020). AХЭ-2 нь ихэвчлэн уушгины цулцан, гуурсан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн хучуур эс, мөгөөрсөн хоолойн шүүрлийн булчирхайд байрладаг тул SARS-CoV-2 вирүсийн халдварлах гол бай болдог. Судалгаанаас харахад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү AХЭ-2 рецептортой байдаг ба тэдний уушги, зүрхэнд илүү олон AХЭ-2 рецептор агуулагддаг тул эрэгтэй хүнд өвчин илүү хүнд явцтай байдгийг тогтоожээ (Cascella et al., 2020; Sama et al., 2020). Сонирхолтой нь нөхөн үржихүйн эрхтэнд AХЭ-2 рецепторын ялгаа байдаг бөгөөд төмсгөнд өндгөвчнөөс хамаагүй олон AХЭ-2 рецептор байдаг (Sharma et al., 2020).
Түүнчлэн, вирүс AХЭ-2 рецептортой холбогдоход рецепторын үрэвслийг дарангуйлах хэвийн үйл ажиллагааг саатуулдаг. Үрэвсэл өдөөх ба үрэвслийн эсрэг механизмын хоорондын тэнцвэргүй байдал нь эд, ялангуяа зүрх, уушгины гэмтлийг ихэсгэдэг. AХЭ-2 рецептор хүйсээр ялгаатай байдаг нь үрэвслийн зохицуулгад сөргөөр нөлөөлж, улмаар вирүс тогтвортой оршиж, эрэгтэй хүнд эд эрхтнийг гэмтээхүйц үрэвсэл үүсгэхэд хүргэдэг. Зарим нотолгооноос харахад AХЭ-2 АДИӨ, чихрийн шижин, зүрхний титэм судасны өвчтэй хүмүүст өндөр тодорхойлогддог бөгөөд эдгээр өвчин шинэ коронавирүсийн халдвар хавсарч тохиолдоход өвчин илүү хүнд явцтай, нас баралт өндөртэй байдаг (Sama et al., 2020).
Дархлаа тогтолцооны ялгаа
Дархлааны тогтолцооны ялгаатай байдал нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн шинэ коронавирүсийн халдварын дараах үр дүнгийн зөрүүг үүсгэдэг. Эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдтэй харьцуулбал төрөлхийн ба олдмол дархлааны хариу урвал харьцангуй илүү байх ба эмэгтэйчүүд эмгэг төрөгчийн эсрэг илүү хүчтэй хариу урвал үзүүлдэг (Araneo et al., 1991; Barrat et al., 1997; Roberts et al., 2001). Өмнөх судалгаагаар амьсгалын замын халдвар авсан эмэгтэйчүүдэд эмчилгээний үр дүн сайн байсан бол уушгины хатгалгаатай эрэгтэйчүүд эмнэлэгт илүү хүнд байдалтай ирдэг бөгөөд эмэгтэйчүүдтэй харьцуулахад уушгины хатгалгаагаар нас барах магадлал өндөр байдаг (Reade et al., 2009).
Томуугийн дэгдэлт, цар тахлын тархварзүйн судалгаанаас харахад эрэгтэйчүүдийн өвчлөл, нас баралт зарим насны эмэгтэйчүүдээс өндөр байгааг харуулж байна (Klein et al., 2012). Амьтны судалгаанд эр хүйсийн амьтдыг коронавирүсийн халдвараар халдварлуулахад дархлааны хариу урвал муу, уушгинд илүү их гэмтэл учруулж байсан байна (Вермиллион нар, 2018). SARS ба MERS коронавирүсийн дэгдэлтийн үед эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс сул хариу урвал үзүүлж байжээ. Байгалийн дархлааны хариу урвал эмэгтэйчүүдэд илүү байдгийг тайлбарлаж болох гол ялгаа нь эмэгтэйчүүдэд хоёр, эрчүүдэд нэг Х хромосом байдагтай холбоотой. X хромосом дархлаа ба дархлаа зохицуулгатай холбоотой хэд хэдэн чухал генийг агуулдаг бөгөөд энэ нь төрөлхийн ба олдмол дархлааны хүйс-өвөрмөц хариу урвалыг бүрдүүлэхэд оролцдог (Schurz et al., 2019). Хэдийгээр Х хромосомын идэвхгүйжүүлэлт эмэгтэй, эрэгтэй хүний дархлааны генийн экспрессийг тэнцвэржүүлэх боломжтой гэж үздэг ч X хромосом дээрх хэд хэдэн ген уг идэвхгүйжүүлэлтэд оролгүй улмаар эмэгтэйчүүдэд эдгээр генээр кодлогдсон илүү олон уураг үүсгэдэг байна. Гэхдээ эдгээр генийн идэвхижих механизм одоогоор тодорхойгүй хэвээр бөгөөд Х генийн идэвхижилт хүйс хоорондын дархлааны ялгааг тайлбарлах боломжтой.
Коронавирүсийн халдвартай холбоотой жишээ бол Толл төст рецептор 7 (TLR7) гэж нэрлэгддэг уургийг кодлох X хромосомын ген юм. TLR 7 нь вирүсийн дан гинжит РНХ-ийг таньж байгалийн дархлаа хариу урвалыг хянахад тусалдаг ба эмэгтэйчүүдэд уг рецептор илүү хэмжээгээр экспресслэгдэх тул SARS-CoV-2 вирүсийг хурдан таньж хариу урвал үзүүлэхэд хувь нэмэр оруулж болох талтай юм (Souyris et al., 2018).
Бэлгийн даавар
Бэлгийн даавар дархлаа тогтолцоонд тодорхой үүрэг гүйцэтгэх бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дархлааны чадамж ялгаатай байдгийг үүгээр тайлбарладаг. Дархлаа тогтолцоо вирүсийн халдварын эсрэг үзүүлэх хариу урвал болон үрэвслийн процессийг тэнцвэржүүлэхэд уг дааврууд тусалдаг. Ерөнхийдөө эр бэлгийн даавар тестостерон дархлаа дарангуйлдаг бол эм бэлгийн даавар эстроген дархлааны хариу урвалыг дэмжих хандлагатай байдаг (Klein et al., 2015). Гэсэн хэдий ч шинэ коронавирүсийн халдварын үед бэлгийн дааврын нөлөөг тайлбарлах нь нарийн төвөгтэй бөгөөд бүрэн судлагдаагүй байна.
Саяхан Германд хийсэн судалгаагаар шинэ коронавирүсийн халдвар авч хүндээр өвдсөн эрэгтэйчүүдэд тестостерон, дигидротестостерон дааврын дутагдал тодорхойлогдсон бөгөөд андроген даавар эрэгтэйчүүдийн вирүсийн эсрэг дархлааны хариу урвалд шаардлагатай байна гэж дүгнэжээ (Schroeder et al., 2020). Үүний эсрэгээр өөр нэг судалгаагаар түрүү булчирхайн эмгэгтэй өвчтнүүдэд андроген даавар дарангуйлах эмчилгээ хийхэд шинэ коронавирүсийн халдварын дараах үр дүн сайтай байсан болохыг тогтоожээ (Montopoli et al., 2020). Хүний эс рүү коронавирүс нэвтрэн ороход трансмембраны серин протеаза 2 (TMPRSS2) генээр кодлогддог эсийн гадаргуугийн серин протеаза фермент үндсэн үүрэгтэйг тогтоосон байдаг (Paoloni-Giacobino et al., 1997). TMPRSS2 нь уушгины эдэд агуулагдах андрогенийн зохицуулалттай ген бөгөөд тестостерон TMPRSS2 генийн экспрессийг нэмэгдүүлж улмаар эрэгтэй хүн SARS-CoV-2 вирүсийн хүнд халдварт өртөх магадлалыг нэмэгдүүлдэг гэж зарим эрдэмтэд таамаглаж байна (Montopoli et al., 2020). Энэхүү онолоор андроген дааврын дутагдал SARS-CoV-2 вирүсийн халдварыг хориглох болон халдварын хүндийн зэргийг бууруулдаг байж болохыг харуулж байна. Үүний эсрэгээр тестостерон дааврын хэмжээ бага байх нь хортой болохыг онолын зарим нотолгоо харуулж байгаа юм.
Ковид-19 өвчний үүсэл хөгжилд үрэвслийн цитокинууд гол үүрэг гүйцэтгэдэг. Халдвартай тэмцэхийн тулд хүчтэй дархлаа шаардагддаг боловч хяналтгүйгээр хариу үйлдэл үзүүлэх нь сөрөг нөлөөтэй байж болзошгүй юм. Хипогонадизм нь үрэвсэл өдөөгч цитокинууд ихсэхтэй холбоотой бөгөөд харин цитокины шуурганы улмаас Ковид-19 өвчин цаашид хүндрэх процессийг зохицуулахад тестостерон чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг хэд хэдэн судалгаа харуулж байна (Mohamad et al., 2019). Эстроген даавар дархлаа дэмждэг тул хүнд хэлбэрийн Ковид-19 өвчин эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаатай тохиолддог болохыг тайлбарлахын зэрэгцээ хамгаалах нөлөөтэй байж болох юм. Амьтан, хүн судлалын аль алиных нь нотолгоо энэ онолыг баталж байна. Эм хулгануудад хийсэн судалгаагаар эстроген SARS-CoV-2 вирүсийн репликацийг дарангуйлж, улмаар хулганыг халдвараас хамгаалдаг болохыг тогтоожээ (Robinson et al., 2014). Хулгануудад оофорэктоми, гистерэктоми хийж зохиомлоор эстроген дааврыг дарангуйлахад эм хулгана халдварын эсрэг хамгаалах чадвараа алдаж, эр хулганатай ижил нас баралтын түвшинтэй болсон байдаг (Channappanavar et al., 2017). Үүнээс үзэхэд эстероген даавар хамгаалах үүрэгтэй бөгөөд дархлааны тогтолцоог дэмжих нөлөөтэй байж болох магадлалтай байна. Эрэгтэй хүнд эстероген даавар өгч SARS-CoV-2 вирүсийн халдварын үр дүнд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалж байна.
Хэсэг судлаачид мөн шинэ коронавирүсийн халдварын үеийн дархлааны үйл ажиллагааг судалж, хавдар үхжлийн фактор (tumor necrosis factor), интерлейкин-6, интерлейкин-10, антитромбин III, фактор IX, плазминоген идэвхжүүлэгч хориглогч-1, Ди даймерийн түвшин эрэгтэй, эмэгтэй хүмүүст ач холбогдол бүхий ялгаатай тухайлбал, зарим тохиолдолд эрэгтэйчүүдэд бага, зарим тохиолдолд илүү өндөр байгааг тогтоожээ. Бэлгийн даавар нь эсийн болон молекулын түвшинд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дархлал чадамжид тодорхой нөлөө үзүүлдэг тул эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дархлаа ба үрэвслийн биомаркеруудын ялгаа тодорхойлогдоход гайхаад байх зүйл үгүй юм. Жишээ нь, эстрогений рецепторууд төрөлхийн ба олдмол дархлааны тогтолцооны ихэнх эсүүд болох Т эс, В эс, нейтрофил, макрофаг, дендрит эс ба NK эсүүдээс олддог бол андрогенийн рецепторууд Т ба В лимфоцитуудад тодорхойлогддог (Fish et.al, 2008). Дааврын өөр орчин SARS-CoV-2 вирүсийн халдварын үед эмгэг физиологийн үүрэг гүйцэтгэж, эндоген тестостерон SARS-CoV-2 вирүсийн халдвартай холбоотой илүү ноцтой хүндрэл гарах эрсдэлд эрчүүдийг оруулдаг гэж бусад судлаачид мөн таамаглаж байна (Salonia et al., 2020). Тестостероны олон талт үүрэг, ач холбогдлын цар хүрээг харгалзан үзэхэд тестостерон нь дархлааны системд зохицуулах үүрэгтэй оролцдог нь харагдаж байна. Ерөнхийдөө тестостерон нь дархлааны хариу урвалд хүч багатай оролцдог бол эстроген нь эмэгтэйчүүдэд дархлааны хүчтэй хариу урвал үзүүлэхэд оролцдог байна. Гэвч зарим тохиолдолд дархлааны хүчтэй хариу урвал нь дархлааны эмгэг үүсгэж үхлийн үр дагаварт хүргэж болзошгүй юм. Гэвч бэлгийн даавар шинэ коронавирүсийн халдварт хэрхэн эерэг, сөрөг нөлөө үзүүлдэг нь тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд цаашид судалж үзэх шаардлагатай байна. Бэлгийн дааврын үүргийг бүрэн тодорхойлсноор цаашид үр дүнтэй эмчилгээг бий болгоход чухал юм.
Эрүүл ахуй ба дадал зуршил
Эрүүл ахуй, дадал зуршлын ялгаа нь шинэ коронавирүсийн халдварын хүйсийн ялгаатай байдлыг мөн тайлбарлаж өгдөг. Эмэгтэйчүүд гараа эрэгтэйчүүдээс илүү их угаадаг болохыг судалгаа харуулж байгаа нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын шинэ коронавирүсийн халдварын ялгаа байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлж байна (Suen et al., 2019). Энэ тохиолдолд Ковид-19 өвчний өвчлөл болон нас баралтын ялгаа байх ёстой. Гэсэн хэдий ч Ковид-19 өвчний хүйсээр ялгаварласан датанаас авч үзэхэд эрэгтэй, эмэгтэй тохиолдлын тоонууд хоорондоо харьцуулж болохуйц байсан нь эрүүл ахуй, дадал зуршлын ялгаа эрэгтэй хүмүүст уг халдвараар нас барах магадлал 2 дахин их байгааг тайлбарлахгүй юм. Эрчүүдийн дунд тамхидалт өндөр байдаг нь хүйстэй холбоотой өвчлөлийн ялгааг үүсгэдэг гэж өмнө нь үздэг байсан. Тамхи татдаг хүмүүс амьсгалын замын халдвар авах эрсдэлтэй, ялангуяа тамхичид томуугаас болж нас барах эрсдэл өндөр байдаг. Хятад улсад өмнө нь хийсэн судалгаагаар тамхидалт нь Ковид-19 өвчний хүйсийн ялгааг үүсгэж байна гэж үздэг байсан хэдий ч сүүлийн судалгаануудад ингэж үзэхээ больсон байна (Cai, 2020; Zhang et al., 2020). Мета-анализ судалгаа хийж үзэхэд тамхи татах нь эрсдэлт хүчин зүйл биш болох нь тодорхойлогдсон бөгөөд харин эсрэгээрээ Францын эпидемиологийн мэдээллээр тамхи татдаг хүмүүс тамхи татдаггүй хүмүүсээс бага эрсдэлтэй байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан байна (Fontanet et al., 2020; Vardavas & Nikitara, 2020).
АНУ-д хийсэн судалгаануудад чихрийн шижин, уушгины архаг өвчин, зүрх судасны өвчин зэрэг суурь өвчтэй хүмүүст Ковид-19 өвчний хүнд хэлбэрт нэрвэгдэх илүү өндөр эрсдэлтэй байдаг нь тодорхойлогдсон (CDC, 2020). Өөр нэг боломжит тайлбар бол эрэгтэйчүүдэд таргалалт, цусны даралт ихсэх өвчин, чихрийн шижин, хорт хавдар, уушиг, зүрх судасны өвчин илүүтэй тохиолдох бөгөөд энэ нь Ковид-19 өвчин эрэгтэйчүүдэд хүнд явцтай явагддагтай холбоотой байдаг. Ихэнх судалгаанд эрэгтэйчүүд илүү өртөмтгий байх байдал ажиглагдсаар байгаа (Del Rio & Malani, 2020; Lawton, 2020) хэдий ч Нью Йорк хотод хийсэн нэгэн судалгаагаар хүйс Ковид-19 өвчний хүнд хэлбэр явагдах эсэхтэй хамааралгүй гэж үзсэн байдаг (Petrilli et al., 2020). Одоогийн байдлаар хүйсээр ангилсан өгөгдлүүд бүрэн бус байгаа (Shah et al., 2020) бөгөөд цаашид дэлгэрүүлж судлах шаардлагатай байна. Хятадад хийсэн судалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй Ковид-19 өвчтэй эрэгтэйчүүдэд бусад халдвар түүний дотор томуу, нян хавсран тохиолдох нь эмэгтэйчүүдийг бодвол илүү их тодорхойлогдсон бөгөөд бусад эмгэг төрүүлэгч бичил биетнийг тээх нь Ковид-19 өвчний хүндрэхэд нөлөөлж байж болзошгүйг харуулж байна (Li, Zhang, et al., 2020). Ерөнхийдөө эрэгтэйчүүд томуу, уушгины хатгалгааны эсрэг вакцинд хамрагдалт эмэгтэйчүүдээс доогуур байдаг бөгөөд энэ нь хавсарсан халдварын түвшин өндөр байхад нөлөөлж байна гэжээ (Bergman, 2017).
Эршүүд байдал (Masculinity)
Хүйс гэдэг нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн биологийн ялгааг тодорхойлдог зүйл бол харин жендер гэдэг нь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нийгмийн ялгаатай байдлыг тодорхойлон тэднийг эршүүд ба эмэгтэйлэг шинжээр хооронд нь ялгадаг байна (Short et al., 2013). Эршүүд шинж чанар нь эрүүл мэндийг тодорхойлогч нийгмийн хүчин зүйл (Lutfiyya et al., 2014) ба энэ нь эрэгтэйчүүдэд Ковид-19 шалтгаант нас баралтад нөлөөлж байж болзошгүй гэж үзжээ.
Хорт эршүүд байдал гэдэг нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх зан үйлтэй холбоотой соёлын хэм хэмжээг хэлдэг бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дутуу хийлгэх, хэтрүүлэн уух, тамхи татах зэрэг эрсдэлтэй зан үйл бүхий хүнийг хэлдэг байна. Эдгээр болон бусад эрүүл бус зан үйлүүд нь цусны даралт ихсэх өвчин, зүрх судасны өвчин болон Ковид-19 шалтгаант нас баралтад нөлөөлдөг. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь АНУ-д аль хэдийн нийгмийн эрүүл мэндийн асуудал болоод байгаа ба 9 сая гаруй насанд хүрсэн эрчүүд архины хэрэглээний эмгэгтэй болжээ (NIH, 2020). Архи нь физиологийн хувьд Ковид-19 өвчнийг олон янзаар хүндрүүлдэг, үүнд дархлаа ба амьсгалын тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг, хэтрүүлэн хэрэглэвэл уушгины хучуур эд эсийг гэмтээдэг байна (Boe et al., 2009). Архины хэт их хэрэглээ нь Ковид-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, нөхөн сэргээх зэрэгт сөргөөр нөлөөлж хүндрүүлснээр эрэгтэй хүнд уг халдвар нь хоруу чанар өндөртэй явагдах магадлалыг нэмэгдүүлнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс аль аль нь эмнэлгийн тусламж авахгүй хойшлуулсаар өвчний хүндрэлд нөлөөлж болох боловч уг хандлагыг эрчүүд эмэгтэйчүүдээс илүү гаргадаг байна (Mahalik et al., 2007). Ковид-19 өвчний эрт үеийн үр дүнтэй эмчилгээ байхгүй байгаа тул эмнэлгийн тусламж үйлчилгээг хожимдож авах нь уг өвчний тавиланд тодорхой нөлөөлөхгүй хэдий ч шинээр эмчилгээ гарч ирсний дараа асуудал болж магадгүй юм. Жишээлбэл, томуугийн вирүсийн эсрэг эмүүд өвчний эхэн үед хэрэглэхэд үр дүн сайтай байдаг (Papenburg et al., 2020). Хэрэв Ковид-19 өвчний эсрэг хэрэглэгдэх эмчилгээ нь дээрх эмчилгээтэй адил өвчний эхэн үед хэрэглэхэд үр дүнтэй байх тохиолдолд уг асуудал хүндрэл учруулж болох юм.
Ковид-19 өвчний нас баралттай шууд холбоогүй боловч онцгой байдлын үед үзүүлэх тусламжийг хойшлуулах нь шууд бус байдлаар цар тахлын үед хохирол учруулах талтай (Gilligan & Gologorsky, 2020; Rosenbaum, 2020). Ковид-19 цар тахлын үед амь насанд аюул учруулж болзошгүй бусад өвчин болох зүрхний өвчин, тархины харвалтын улмаас яаралтай тусламжийн тасагт ирэх хүмүүсийн тоо багасчээ (Masroor, 2020). Жишээлбэл, Калифорни, Массачусетс, Нью-Йорк хотын томоохон эмнэлгүүдэд зүрхний шигдээс болон зүрх судасны бусад цочмог өвчнөөр эмнэлэгт хэвтэлт 43%-50% буурсан гэж мэдээлсэн (Lange et al., 2020). Эрүүл мэндийн зан үйлийн байдал нь шалтгаан болж байж болох ч зүрх судасны өвчлөл богино хугацаанд буурах нь биологийн хувьд үндэслэлгүй юм.
Маск зүүхгүй байх нь эршүүд байдалтай холбоотой асуудал байж болох юм (Capraro & Barcelo, 2020). Судалгаанаас авч үзэхэд маск зүүх нь вирүсийн тархалтыг бууруулдаг, гэхдээ эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс маск бага зүүдэг болохыг баталж байна (Chu et al., 2020). Нийт 2459 хүний дунд явуулсан судалгаагаар маск зүүхээс зайлсхийсэн эрчүүд нүүрний маск нь тэднийг сул дорой харагдуулдаг хэмээн хариулжээ (Capraro & Barcelo, 2020). Маск зүүхийг эсэргүүцэгчид маск зүүхгүй байхыг эр зоригтой, эрсдэлтэй нүүр тулах зоригтой гэж үздэг бөгөөд маск зүүсэн хүмүүсийг хулчгар гэж хариулсан байна. Маск зүүхийг эсэргүүцэх нь шинэ зүйл биш бөгөөд 1918 оны томуугийн цартахлын үед эрчүүд маск зүүхдээ эмэгтэйчүүдээс илүү ятгуулах шаардлагатай тулгарч байжээ.
Учир холбогдол
Ковид-19 нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст яагаад өөр өөрөөр нөлөөлдөг болохыг ойлгох хэд хэдэн шалтгаан байдаг. Үүний нэг нь SARS-CoV-2 вирүсийн эмгэг физиологийг сайтар ойлгосноор, шинэ эмчилгээ бий болгох боломжтой болох юм. Эрэгтэйчүүдэд эстроген ба/эсвэл прогестерон, ангиотензин II рецептор хориглогч зэрэг эмүүдийг ашиглан шинэ эмчилгээний хувилбаруудыг судлах туршилтууд аль хэдийн хийгээд эхэлсэн байна (Healio, 2020; Sriram & Insel, 2020). TMPRSS2 генийн экспрессийн ялгаатай байдал нь ферментийн идэвхийг саатуулдаг эмүүд ашигтай байж болохыг харуулж байна. Вакцинжуулалтын стратеги боловсруулах, хэрэгжүүлэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дархлааны хариу урвалын ялгааг ихэвчлэн тооцож үздэггүй байна (Klein & Pekosz, 2014). Сүүлийн үед Ковид-19 өвчний эсрэг олон вакцинууд хоорондоо өрсөлдөж байгаа бөгөөд хүйсийн ялгаатай байдлыг бодолцож үзэх, хэрэв вакцин нь тухайн хүний хүйстэй тохирч байвал илүү үр дүн сайтай байж болох юм. Шинээр вакцинууд гарсаар байгаа ба эрэгтэй, эмэгтэй хүмүүст дархлаа тогтоохын тулд өөр өөр тун шаардлагатай байж болох юм. Эдгээр вакциныг нэгэн зэрэг их хэмжээгээр үйлдвэрлэж хүн бүрт хэрэглэх боломжгүй учир эмэгтэйчүүдэд арай бага тунгаар, вакцины үр дүнг алдалгүй хэрэглэж вакцины хүртээмжийг нэмэгдүүлж болох юм. Урьдчилан сэргийлэх болон эмчилгээний асуудалд вакцинаас гадна SARS-CoV-2 вирүс эрэгтэй, эмэгтэй хүмүүст хэрхэн өөрөөр нөлөөлдөг болохыг судалж тогтоосон байх хэрэгтэй.
Ковид-19 өвчний улмаас амьсгалын дэмжлэг авч буй хүмүүст хийсэн санамсаргүй түүвэрлэлт туршилт судалгаанд (RECOVERY) дексаметазон эмчилгээг хийхэд нас баралтыг бууруулж байна гэсэн үр дүн гарчээ (Rezaie, 2020). Өвчний энэ үе шатанд вирусийн репликациас илүүтэй дархлааны өөрчлөлт давамгайлж асуудалд хүргэж байна. Дексаметазоны үр нөлөө нь зөв тунг, зөв цагт, зөв өвчтөнд хэрхэн хэрэглэхээс хамаарна. Хүйс хамааралт дархлааны хариу урвалын ялгаатай холбоотойгоор эмчилгээний тун ба хэзээ хэрхэн хэрэглэх цаг хугацааг тухайн хүний хүйстэй тохируулан хэрэглэх шаардлагатай юм (Horby, 2020). Олон эрчүүд өөрсдийгөө шинэ коронавирүсийн халдварт өртөхгүй (Capraro & Barcelo, 2020) гэж үздэг бөгөөд энэ нь цар тахлын үед тэднийг өндөр эрсдэлд оруулдаг байна. Ковид-19-ийн улмаас нас барах эрсдлийн талаар эрэгтэйчүүдэд мэдлэг олгох нь эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд тусалж болох юм. Эрэгтэйчүүдэд үлгэр дуурайлал үзүүлж, эрүүл дадал зуршлыг төлөвшүүлж, маск зүүлгэж, Ковид-19 холбоотой тохиолдлуудыг хэлж ойлгуулах нь халдварын тархалтыг бууруулахад тусалж талтай. Эрэгтэйчүүд хувийн ариун цэвэр сахих, гараа угаах ач холбогдлыг үл тоомсорлох хандлагатай байдаг. Маск зүүж, гарын ариун цэврийг сахиж, эрүүл ахуйн дэглэмийг баримталснаар халдвар авах эрсдлийг бууруулах ач холбогдолтой байна.
Эцэст нь Ковид-19 өвчний эрсдэлт хүчин зүйлийн талаар илүү сайн ойлголттой байх нь шийдвэр гаргахад туслах, бодлого боловсруулагчдад мэдээлэх, нөөцийг хэрхэн хуваарилах талаархи төсөөллийг сайжруулахад ач холбогдолтой юм.
Дүгнэлт
Эмэгтэйчүүдтэй харьцуулахад шинэ коронавирүсийн халдвар авсан эрэгтэйчүүдэд өвчин хүндрэх, нас барах хэмжээ өндөр байдаг байна. Лаборатори, амьтны туршилт судалгаанаас авч үзэхэд эр хүйсийн амьтад шинэ коронавирүсийн халдварт янз бүрийн хариу урвал үзүүлдэг байна. Эдгээр үр дүн дээр үндэслэн шинэ эмчилгээний сонголтууд гарч ирсээр байна. Судалгааны хүйсээр ангилсан датаг цуглуулснаар яагаад эрэгтэйчүүд уг халдварт илүү хүндээр өртөж байгааг тодорхойлох ач холбогдолтой юм (Baker et al., 2020). Эдгээр ойлголтуудыг үндэслэн эрт оношлох, эрчимтэй шинжилгээнүүдийг хийх зэргээр эмчилгээний стратеги, нийгмийн эрүүл мэндийн бодлогыг чиглүүлэх нь эрэгтэйчүүдийн өвчлөл, нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой юм (Smith et al., 2020).
Орчуулсан: Д.Болормаа ЭША, мэдрэл судлалын сектор, Анагаах ухааны хүрээлэн
Хянасан: АУ-ны доктор Б.Чимэглхам эрхлэгч, мэдрэл судлалын сектор, Анагаах ухааны хүрээлэн
Эх сурвалж: Am J Mens Health. 2020 Sep-Oct; 14(5): 1557988320954021.
Published online 2020 Sep 16. doi: 10.1177/1557988320954021