Мэдээллийг орчуулж бэлтгэсэн: МСС-ийн ЭША М.Үүрийнтуяа
Хянасан: МСС-ийн эрхлэгч, АУ-ны доктор Б.Чимэглхам
Одоог хүртэл үргэлжилж буй Ковид-19 цар тахлын үед SARS-CoV-2 халдвараас хамгаалах вакцин гаргах нь нийгмийн эрүүл мэндийн хувьд чухал асуудал юм. 2021 оны 2 сарын байдлаар SARS-CoV-2 вирүсийн эсрэг мРНХ технологид суурилан гаргаж авсан 2 төрлийн вакцинд Америкийн хүнс, эмийн холбооны яаралтай шугамаар хэрэглэх зөвшөөрөл олгосон. Аюулгүй байдлын мэдээлэл итгэл төрүүлэхүйц байгаа ч плацебо бүлгийг вакцин хийлгэсэн бүлэгтэй харьцуулахад дээрх 2 вакцины эмнэлзүйн III шатны судалгаанд нүүрний захын мэдрэлийн саа (Беллийн саа)-ны тохиолдлууд илэрсэн.
Энэхүү тайлбар нь 3 зорилготой юм. (1) Ковид, томуу зэрэг бусад амьсгалын замын халдваруудын эсрэг вакцинжуулалт ба Беллийн сааны холбоо хамаарлыг судалсан судалгаануудыг товч дүгнэх; (2) Холбоо хамаарлын цаадах биологийн механизмыг тайлбарлах; (3) SARS-CoV-2 вирүсийн эсрэг вакцины судалгааны аюулгүй байдлын мэдээллийн статистик, тархвар зүйн баримтыг дүгнэх.
Томуугийн вирус ба Беллын саагийн холбоо хамаарлыг өргөн хүрээнд судалсныг дорх хүснэгтээр харуулав.
Вакцины урвалыг аутоиммуний урвалтай холбоотой гэх онолд вакцины антиген эзэн молекулыг дуурайх эсвэл унтаа байдалтай аутореактив Т эсийг хөндлөнгөөс идэвхжүүлэх боломжтой гэж үзжээ. Гэхдээ энэ онолыг дэмжих судалгаа хомс байдаг. SARS-CoV-2 вирүсийн эсрэг дээрх 2 вакцин харийн нэмэлт адьювант агуулаагүй хэдий ч АНУ-ын Хүнс эмийн холбооны вакцин, бусад биологийн нэгдлийн зөвлөл болон спонсорын (Файзер) эрдэмтдийн хурлаар вакцин нь анхдагч дархлааны урвалыг мРНХ болон липидын хавсарсан нөлөөллөөр интерфероныг нийлэгжүүлэн идэвхжүүлэх боломжтойг дурджээ. Тийм төрлийн интерфероны нийлэгжил захын тэвчилийг түр хугацаанд алдагдуулах боломжтой бөгөөд энэхүү таамгийг ашиглан хэд хэдэн эмнэлзүйн тохиолдлуудыг тайлбарлах боломжой болсон.2000-2001 онд хийсэн судалгаагаар хамрын идэвхгүйжүүлсэн вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд Беллийн саа өвчин нэмэгдсэн дүн байдаг байна. Энэхүү вакцинд Е.coli бактерийн дулаанд мэдрэг токсинийг салстын адьювантаар ашигласан бөгөөд энэ нь мэдрэлийн эсэд ретроград замаар хүрдэг тул дулаанд мэдрэг токсин VII хос мэдрүүлд нөлөөлөх боломжтой. Улирлын томуугийн вакцин ба H1N1 томуугийн моновалент вакциныг тарьж хэрэглэсэн тохиолдлуудад Беллийн саа үүсэх нь илүү байсан хэдий ч томуугийн вакцины тарилга, Беллийн саагийн холбоо хамаарал судалгаануудад төдийлөн дурдагдаагүй. Менингококкын вакциныг томуу, хүний хөхөнцөр вирус, сахуу-татран-хөхүүл ханиадны вакцинтай хавсарган хэрэглэхэд Беллийн саатай тодорхой хэмжээний хамааралтай гарсан судалгаа байжээ. Менингококкын вакциныг бусад вакцинуудтай хавсарган талаас илүү оролцогчдод хийсэн өөр нэг судалгаагаар ач холбогдол бүхий эрсдэл ажиглагдаагүй байна. Бусад төрлийн вакцинуудад ч Беллийн саатай статистик ач холбогдол бүхий холбоо хамаарал илрээгүй.
SARS-CoV-2 вирүсийн эсрэг вакцины судалгаанд дээр дурдагдсан аюулгүй байдлын мэдээллийн статистик болон тархвар зүйн хэсгүүдийг авч үзэх шаардлагатай гэж үзэж байна. Файзер-Биоинтек болон Модернагийн вакцины талаарх олон нийтэд нээлттэй мэдээллээс үзэхэд судалгааны хяналтын бүлэгтэй харьцуулахад вакцин хэрэглэсэн бүлэгт Беллийн сааны тохиолдол илүү байсан. 40000 хүн хамрагдсан вакцины үр дүнгийн судалгаанаас үзэхэд вакцины бүлэгт Беллийн саа 7, хяналтын бүлэгт 1 тохиолдол илэрсэн нь вакцин Беллийн саатай холбоо хамааралтай байж болох (р=0.07) юм.
Мэдээллийн хэрэгслээр “Файзер-Биоинтек, Модернагийн вакцины судалгааны оролцогчдод илэрсэн Беллийн саа нь хүн амд илэрч байгаа ердийн тохиолдлуудтай дүйцэхүйц юм” гэж мэдээлсэн байна. Файзер-Биоинтекийн вакцины судалгаанд хийсэн Хүнс эмийн холбооны тайланд вакцин хийлгэсэн бүлэгт илэрсэн Беллийн сааны давтамж хүн амд илрэх ердийн давтамжтай ижил гэж дүгнэсэн ч Модерна вакцины судалгаанд хийсэн дараагийн тайландаа Хүнс эмийн холбоо дээрх мэдэгдлээ хассан байсан. Беллийн сааны тохиолдлын давтамж 100000 хүн амд 15-30 хүн-жил байдаг. Гэхдээ судалгаанд оролцсон 40000 хүнийг 2 сар судалгаанд хамруулсан учраас судалгаанд оролцсон хүмүүсийг жилийн туршид байна гэж үзвэл 6700 хүн-жилд Беллийн саагийн 1-2 тохиолдол илрэх болно. Тиймээс вакцины судалгаанд хамрагдсан Беллийн саагийн тохиолдол ердийн хүн амтай харьцуулахад 3.5-7 дахин их байна. Үүнээс дүгнэхэд олон нийтэд хүргэж буй тархвар зүйн судалгааны тайлан илэрч болохуйц эрсдлийг буруу мэдээллэж байна гэж үзэж байна.
Эцэст нь дүгнэхэд, вакцины аюулгүй байдлыг бататгах зорилгоор идэвхтэй, идэвхгүй судалгааны тогтолцоотой болох асуудал чухал юм. мРНХ вакцины үед Беллийн саа үүсэх холбоо хамаарлыг цаашид судлах зайлшгүй хэрэгцээтэй ч Беллийн саа нь ихэвчлэн эмчлэгддэг учраас коронавирүсийн мРНХ вакцин нь нийгмийн эрүүл мэндэд ихээхэн ашиг тустайг дурьдах хэрэгтэй.
Эх сурвалж: Al Ozonoff, Etsuro Nanishi, Ofer Levy. Bell’s palsy and SARS-CoV-2 vaccines. Lancet/Infection. February 24, 2021 https://doi.org/10.1016/S1473-3099(21)00076-1
Recent Comments