2019 оны 06 сарын 21-нд АУХ-ийн мэдрэл судлалын сектороос УБ хотын мэдрэл, өрхийн эмч нарт тархины харвалтын анхан шатны тусламжийг зөв зохион байгуулах, харвалтын дараах эмийн болон сэргээн засах эмчилгээ, хяналтыг хэрхэн зөв явуулах, жирэмсний үеийн тархины харвалтаас урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, дадлыг олгох зорилгоор “Тархины харвалтын оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн менежмент” сэдэвт 1 багц цагийн сургалтыг  Бишрэлт зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтыг АУХ-ын ЭНБД, АУ-ны доктор, дэд профессор Л.Тулгаа, Мэдрэл судлалын секторын эрхлэгч, АУ-ны доктор Б.Чимэглхам нар нээж үг хэлэв. Сургалт-семинарт УБ хотын мэдрэл, өрхийн 180 орчим эмч оролцов.

АУХ-ийн Мэдрэл судлалын секторын баг 2016-2018 оны хооронд ЭМЯ-ны захиалга, ШУТС-ын санхүүжилтээр “Тархины ишемийн харвалтын клиник-эпидемиологийн шинж байдал, онцлог (эмнэлзүйн дэд хэвшинжүүд, эрсдэлт хүчин зүйлс, эмгэг жам, эмчилгээний орчин үеийн зарчим)” сэдэвт  захиалгат төслөөс гарсан үр дүнг түгээх ажлын хүрээнд дээрх сургалтыг зохион байгуулсан. Дараах үр дүнг эмч мэргэжилтнүүдэд илтгэж танилцуулав. Үүнд:

  1. Тархины цус хомсрох харвалтын (ТЦХоХ) эрсдэлт хүчин зүйлсийг тогтоосон дүн
  2. ТЦХоХ-ын үеийн плазмын уургийн төвшин ба оношилгооны ач холбогдол
  3. ТЦХоХ-ын шалтгаан эмнэлзүйн дэд хэвшинжийг СиСиЭс ангиллаар тодорхойлсон дүн
  4. ТЦХоХ-ын хяналт эмчилгээний дүн 

Мэдрэл судлалын секторын эрхлэгч, АУ-ны доктор Б.Чимэглхам тархины харвалтаас шалтгаалсан өвчлөл, нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтын үзүүлэлтээр Монгол улс дэлхийн улс орнуудын дунд эхний байранд байсаар байгаа бөгөөд энэ өвчинтэй тэмцэх ажлыг зөвхөн мэдрэлийн эмч нар бус өрхийн болон бусад мэргэжлийн эмч нар тодорхой мэдлэгтэй байж, хамтран хийх нь зүйтэйг телевизийн мэдээнд өгсөн ярилцлагандаа онцоллоо.